Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 359

 

 

 

 

 

  2020         03          03                                      2020/ШЦТ/359

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа,

          Улсын яллагч Д.Уянга,

          Хохирогч Ш.Чинбат,

          Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн П.Бд холбогдох 1906 06149 2395 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

М Улсын иргэн, Сэлэнгэ аймагт 1991 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Этүгэн сургуулийн эм зүйчийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 3 эгч, дүү нарын хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин 2 дугаар баг, Техникчдийн 1 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 21/б байрны 6 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 876 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, М овогт Пгийн Б /РД: /,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          П.Б нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайж” нэртэй зочид буудалд Ш.Чинбаттай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Чинбатын өгсөн: “Шүүгдэгчийн мэдүүлэг худал, надад байнга худлаа ярьдаг. Би энэ хүнд тусалъя гэж бодсон. Нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг,

Цагдаагийн байгууллагад хохирогч Ш.Чинбатын гаргасан гомдол /хх.3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Чинбатын өгсөн: “... би 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өөрийн танил П.Б гэх эмэгтэйн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Тайж зочид буудалд орсон, тэр хугацаанд тус эмэгтэй согтчихоод намайг маажин, хүзүү нүүрээр хазаж, муухай орилоод л байсан, би “боль” гэж хэлсэн ч “намайг аллаа, зодлоо, энэ намайг зодох гээд байна” гэх мэтээр хашгираад намайг зодож би аргагүй байдалд цагдаад дуудсан. Хүзүү, нүүр, дух, гар, хөл, чих гээд ер нь бүх л бие хумсны сорви болсон байгаа...” гэх мэдүүлэг /хх.4-8/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12430 дугаартай:

“1. Ш.Чинбатын биед дух, зүүн шанаа, зүүн хацрын төвгөр, хацар, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, хүзүү, баруун шуу, ар нуруу, зүүн гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Чинбат миний өмсөж байсан хуучин шинэвтэр бүх хувцаснуудыг явалддаг хүүхэндээ өгсөн байхаар нь би уурлаад цээж баруун шуу, ар нуруу зүүн гуя хэсгийг маажсан, нүүр хэсгийг маажсан, би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Чинбатын хохирлыг барагдуулахаад бид харилцан тохиролцсон...” гэх мэдүүлэг /хх.48-51/,

П.Бгийн түр оршин суугчийн тодорхойлолт /хх.38/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх.39/,

Эрүүгийн хариуцлага хүлээсэн болон иргэний үнэмлэхний лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар /хх.55-62/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          П.Б нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тайж” нэртэй зочид буудалд Ш.Чинбаттай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Цагдаагийн байгууллагад хохирогч Ш.Чинбатын гаргасан гомдол /хх.3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Чинбатын өгсөн: “... би 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өөрийн танил П.Б гэх эмэгтэйн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Тайж зочид буудалд орсон, тэр хугацаанд тус эмэгтэй согтчихоод намайг маажин, хүзүү нүүрээр хазаж, муухай орилоод л байсан... Хүзүү, нүүр, дух, гар, хөл, чих гээд ер нь бүх л бие хумсны сорви болсон байгаа...” гэх мэдүүлэг /хх.4-8/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12430 дугаартай:

“1. Ш.Чинбатын биед дух, зүүн шанаа, зүүн хацрын төвгөр, хацар, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, хүзүү, баруун шуу, ар нуруу, зүүн гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Чинбат миний өмсөж байсан хуучин шинэвтэр бүх хувцаснуудыг явалддаг хүүхэндээ өгсөн байхаар нь би уурлаад цээж баруун шуу, ар нуруу зүүн гуя хэсгийг маажсан, нүүр хэсгийг маажсан...” гэх мэдүүлэг /хх.48-51/,

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Бгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар П.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Ш.Чинбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд П.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          П.Бгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Хохирогч Ш.Чинбат нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгэдгч П.Бг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          П.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.           

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ П.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          П.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 876 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Бд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байх боловч шүүгдэгч уг ялыг биелүүлээгүй гэх бөгөөд тухайн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон эсэх, мөн шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч биелүүлсэн эсэх, улмаар тус ялыг хорих ялаар солих эсэх нь тодорхойгүй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

          Гэвч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 45 дугаартай магадлалаар энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасан байх тул дээр дурдсан зарим асуудлыг анхан шатны шүүхээр шийдвэрлэх боломжгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж тус тус заажээ.

          Хэрэв П.Бд энэ шийгэх тогтоолоор оногдуулсан ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэвэл хялбаршуулсан журмаар шүүхэд хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн прокурорын саналын хүрээнээс хэтэрсэн хүнд ял оногдуулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах юм.

          Шүүгдэгч П.Бд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. М овогт Пгийн Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, П.Бд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

          4. П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Чинбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР