Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 401

 

 

 

 

 

   2020       03          06                                      2020/ШЦТ/401

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Хохирогч Г.Батсүх, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар /ҮД:0582/,

Шүүгдэгч О.С, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг /ҮД:1866/,

Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч С.Одгариг /ҮД:0704/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.С, Б.П нарт холбогдох 1906 04344 2095 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймагт 2000 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Бизнесийн удирдлагын 2 дугаар дамжааны оюутан, Баянгол дүүргийн 13 дугаар хороо 52 дугаар байрны 704 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Оийн С /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Сан” дээд сургуулийн Банк  санхүүгийн 2 дугаар дамжааны оюутан, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 20 дугаар байрны 420 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Д овогт Бгийн П /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.П, О.С нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны орчим Г.Батсүхийн хоолойг нь боож илээр хүч хэрэглэн довтолж гар утсыг нь хууль бусаар авч бусдад 200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Сийн өгсөн: “Би орой 23 цагийн үед аав, ээж хоёроос машиныг нь таксинд явна гэж гуйж авч гарсан. Тэгээд Пыг ажлаас нь аваад бид 2 өглөөний 5 цаг хүртэл таксидсан. Бид нар өглөө болтол таксидаад 28.000 төгрөг хийчээд амрах гээд ундаа, идэх юм авахаар ТҮЦ хайгаад явж байсан. 100 айлын автобусны буудал дээр зогсоод онгорхой ТҮЦ хайгаад юм яриад явж байхад хохирогч Батсүх Пыг мөрлөсөн. Тэгээд Батсүх, П 2 маргалдахаар нь би салгаад “Ахаа та одоо ингээд явчих аа бид 2 асуудал хүсэхгүй байна, уучлаарай” гэж хэлээд Батсүхээс салсан. 100 айлын автобусны буудал дээр ТҮЦ байгаагүй учраас бид 2 дахиад ТҮЦ хайж яваад Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн автобусны буудалд онгорхой ТҮЦ байхаар нь тэндээс ундаа, тамхи, бургер авсан. Намайг ТҮЦ-нээс гарч ирэх үед П Батсүхтэй юм ярьчихсан цаашаагаа явж байсан. Би машиныхаа хажууд байсан учраас “машинаа орхих уу, яах уу” гэж бодоод хараад байж байтал П Батсүх 2 цагдаагийн хэлтэс рүү дээшээ өгсдөг рүү явсан. Би машинаа түгжээд араас нь явж байхдаа харахад П Батсүх 2 маргалдаад барьцалдчихсан байх шиг байсан. Би энэ 2 зодолдох гэж байгаа юм байна гэж бодон очоод “болиоч ээ хөөе” гээд хохирогч Батсүхийг гараараа доош нь татахад Батсүх миний хөлөнд тээглээд унасан. Би тухайн үед зодолдохыг хүсээгүй учраас босоод “за за болъё” гэж бодоод байж байтал Батсүхээс 2 алхмын зайтай Пын утастай адилхан утас байсан. Би тухайн үед Паас “энэ чиний утас уу” гэхэд П “өө тийм юм шиг байна” гэсэн. Тэгээд би тэр утсыг аваад зогсож байтал булан тойроод 1 цагдаа гарч ирсэн. Батсүх тухайн үед босож ирснээ тэр цагдаа дээр очоод “энэ 2 залуу намайг дээрэмдчихлээ” гэж хэлсэн. Бид 2 Амар гэж байцаагчид “Ах аа бид 2 дээрэмдэх гээгүй. Би утсыг нь халаасандаа ч хийгээгүй барьчихсан зогсож байсан. Би энэ хүний утас гэдгийг нь Батсүхийг хүрч ирэнгүүт мэдлээ” гэж хэлсэн. Бид 2 өглөөний 6 цаг болох гэж байхад байцаагч дээр ирсэн. Батсүх болохоор өглөөний 6 цагийн үед бид 2-оос өмнө байцаалтаа өгчихөөд явж байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пын өгсөн: “07 дугаар сарын 22-ны өдөр би ажлаа тараад байж байхад С ирээд “2-уулаа таксинд явъя” гэж хэлсэн. Бид 2 таксинд явж байгаад 05 цагийн үед 100 айлын ТҮЦ дээр зогссон. Бид 2 эхний ТҮЦ ороход хаалттай, 2 дахь ТҮЦ ороход бас хаалттай байсан. Тэр үед Батсүх миний араас мөрлөөд Батсүх бид 2 муудалцсан. Тэгсэн чинь С уучлалт гуйгаад, би ч гэсэн уучлал гуйсан. Тэгээд гар бариад салсан. Батсүхээс салаад бид 2 явж байгаад  Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн тэнд ТҮЦ хайж зогссон. Тэр үед С дэлгүүр ороод би гадаа зогсож байгаад Батсүхтэй таарсан. Батсүх над руу “Энд юу хийж яваа юм” гээд жоохон уурласан. Тэнд цагдаагийн газар байсан учраас бид 2 “уучихсан юм уу, энэ тэр” гээд ярьж явсан. Гэхдээ архи ууя гэж яриагүй “та архи уучихсан юмуу” энэ тэр ойр зуурын юм яриад явж байгаад намайг түлхсэн чинь С намайг зодуулж байна гэж бодоод араас хүрээд ирсэн. Батсүх Сийн хөлөнд нь тээглээд уначих шиг болсон. 2 алхмын зайтай утас уначихсан байсан. С надаас “энэ чиний утас мөн үү” гэхээр нь би “миний утас байна” гэж хэлсэн. Би тэр үед шилгүй байсан учраас хальт харахад Галакси Самсунг А5 гэдэг утас миний утас шиг харагдсан. Тэгж байтал Батсүх цаашаа гүйгээд “Энэ 2 залуу намайг дээрэмдчихлээ” гэж цагдаа дагуулаад хүрч ирсэн. Тэр даруй нь Амар гэж цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Батсүхийн өгсөн: “07 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа тараад явж байхад манай ангийн хэдэн банди заал авъя гэж дуудаад би очсон. Тэгээд зааланд тоглож байгаад шагайгаа эвгүй болгосон. Бичилд найзынхаа машинд хамт юм уусан. Тэгээд машинд нь унтсан чинь даараад сэрсэн. Би мөнгө муутай байсан учраас тэндээс гараад алхсан. Би 3 дугаар сургуулийн тэнд явж байхдаа С, П хоёртой таарсан. Би тэр үед чихэвч зүүчихсэн явж байсан болохоор хүн мөрлөсөн гэдгээ ч мэдээгүй. Хойноос хүн ирээд юм ярих шиг болсон. Би чихэвчээ авсан чинь өөдөөс янз бүрийн юм яриад байсан. Тэгэхээр нь би урдаас нь уурласан чинь С ирээд надаас уучлалт гуйсан. Уучлалт гуйхаар нь гар барьчихаад цаашаа явсан. С, П 2 хажууд яваад байх шиг байсан. Би алхаж яваад Комьпютер техник менежментийн сургуулийн автобусны буудал дээр С, П хоёртой дахин таарсан. Тэр үед П надаас ирж гал асуусан. Тэгэхэд би дургүйг нь хүргэсэн юм шиг байна лээ. Би тухайн үед жоохон халаалттай байсан. П бид 2 юм яриад явж байсан чинь С араас хүрээд ирсэн. Би Птай муудалцаад байж байсан чинь С ирээд намайг татах шиг болсон. Тухайн үед миний хөл муу байсан учраас би өнхрөөд уначихсан. Би тэр үед утсаа үзсэн чинь миний утас байгаагүй. Тэгээд С, П хоёртой байн байн таараад байсан учраас энэ хоёрыг гэж бодоод хажууд цагдаа явж байхаар нь С, П хоёрыг бариад өгчихсөн. Би цагдаа дээр очиж мэдүүлэг өгөх үедээ согтуу байсан. Тэгээд ууртай байсан учраас юм нэмээд хэлчихсэн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Батсүхийн өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө би найз нарын хамтаар Бичил хороололд 3 ширхэг 2 литрийн том пиво 4-үүлээ уугаад 03:00 цагийн орчимд найзынхаасаа гарч алхаад явж байгаад 3 дугаар сургууль орчим би ганцаараа алхаад явж байтал үл таних залуу араас дуудаад хэрүүл маргаан өдөн булан руу дагуулж орох гээд байсан. Би тухайн үед халамцуу байсан зам дагуу алхаж явсан учир тухайн 2 залуугийн нэг нь надаас уучлалт гуйгаад салсан. Тэгээд би хамаатны ахынхаа гэрт очих гээд Цэргийн хотхоны орчимд явж байтал нөгөө 3 дугаар сургууль дээр таарсан 2 залуу араас ирж гал асуугаад “ганц юм ууя, сайхан танилцъя” гээд “манайд оръё” гээд булан руу дагуулахаар нь би “үгүй” гэж хэлээд буцах гэтэл нэг нь араас барин хавсарч унагаагаад халааснаас миний гар утсыг аваад зугатаасан...” гэх мэдүүлэг /хх.6-7/,

“Би тухайн өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон орчимд ганцаараа явж байх үед нэг залуу гарч ирсэн ба надаас гал асуусан ба би “надад гал байхгүй” гэсэн чинь нөгөө залуу нь араас гарч ирсэн бөгөөд муудалцаж байх хооронд нөгөө залуу нь ирсэн ба бид 3 ноцолдож байгаад би өндөр залуугийнх нь хөлөнд тээглэж газар унасан юм. Тэгээд тэр хоёр залуу яваад өгөхөөр нь би гэр лүүгээ буюу Цэргийн хотхоны 366 дуугаар байрны баруун талаар алхан явж байгаад халаасандаа гap утсаа үзтэл байхгүй болчихсон байсан бөгөөд “зодоон болсон газар унасан, эсхүл тэр хоёр залуу аваад явчихсан байна” гэж бодоод тэнд явж байсан эргүүлийн цагдаад би хэлсэн. Тэгээд эргүүлийн цагдааг дагуулж зодоон болсон газар очиход тэр хоёр залуу зогсож байсан бөгөөд цагдаа тэр хоёр залуугийн өндрийг нь нэгжиж үзэхэд миний гар утас гарч ирсэн. Би тухайн өдөр найзууд болох Рэнцээ, Аюушхүү нарын хамт 2,5 литрийн 8 ширхэг Сэнгүр хувааж уучихсан байсан бөгөөд нэлээд хэмжээгээр согтолттой байсан. Би  тухайн  үед тэр  залуучуудтай муудалцаж, зодолдсон бөгөөд миний утсыг авчихсан байхаар нь намайг дээрэмдэж байна гэж бодсон учраас цагдаад өмнөх мэдүүлэгтээ нэг залуу нь намайг хавсарч унагаад халаасанд байсан утсыг маань авч зугтсан гэж мэдүүлсэн юм. Миний биед гэмтэл учраагүй, халааснаас гap утас унасныг би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх.50/,

“... Би өмнө 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв ярьсан... Би 2019 оны 07 дугаар сарын 21-ний 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутэг дэвсгэрт байрлах Приус центрт байх ажил тарсан бөгөөд ажлаасаа гараад найзуудын хамт Баянбүрдэд зааланд тоглож байгаад 23 цагийн үед заалнаас гарсан. Тэгээд Бичил хороололд байх найз болох Үенчийн гэрт очсон бөгөөд найзууд болох Рэнцээ, Аюушхүү, Үенч нарын хамт 8 ширхэг 2.5 литрийн Сэнгүр пиво хувааж уусан бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 03 цагийн үед найз Үенчийн гэрээс Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Цэргийн хотхонд байрлах гэр лүүгээ харих гэж ганцаараа гарч явсан. Тэгээд хорооллоос мөнгө байгаагүй учир гэр лүүгээ алхаж явсан бөгөөд 3 дугаар сургуулийн орчимд би ганцаараа алхаад явж байтал /тухайн үед танихгүй байсан одоо таних учраас нэрээр нь ярина/ С, П 2 ард явж байсан бөгөөд нэг нь араас дуудсан ба /юу гэж хэлснийг санахгүй байна/ С гэх залуу нь хэрүүл өдөж байсан юм. Тухайн уед би бага зэрэг халамцуу явж байсан ба П надаас уучлалт гуйгаад бид 3 салцгаасан. 3 дугаар сургуулийн дэргэд С, П нар ямар нэг байдлаар цохиж зодсон зүйл байхгүй. Би цааш алхаад хамаатны ахын гэр болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны орчимд ирсэн ба С, П 2 дахин гараад ирсэн ба С нь түрүүлж миний дэргэд хүрч ирээд надаас гал асуусан, тухайн үед би тамхийг нь асааж өгсөн. Тэгтэл С нь “танайх энд байдаг юм уу” гэхэд нь “тиймээ, манайх энд байдаг юм” гэж хэлсэн. Тэгтэл С нь “тэгвэл 3-лаа танайд ганц юм хуваагаад ууя” гэхэд би татгалзсан. Тэгтэл С нь шууд намайг хавирч унагаасан бөгөөд халаасанд байсан утас авч гүйн яваад өгсөн. Харин намайг газар хэвтэж байх үед П нь баруун гараараа нүүрэн тус газар нэг алгадсан. Тэгээд би босоод араас нь утсаа авах гээд явсан ба 805-ын хажууд эргүүлийн цагдаатай таарсан бөгөөд тэр цагдаа ахад хандан “ахаа тэр 2 миний утсыг аваад явчихлаа” гэж хэлсэн. Тухайн цагдаа тэр 2-ыг дуудаад сайн дураараа миний гар утсыг гаргаж өгөхийг шаардахад С нь халааснаасаа миний утсыг гаргаж өгсөн... Би гар утсаа эргүүлээд авчихсан бөгөөд энэ 2 залууг өрөвдөөд байсан учир ингэж мэдүүлсэн юм. Тухайн үед би халамцуу явж байсан ба намайг хавирч унагаасан нь бол үнэн...” гэх мэдүүлэг /хх.99-100/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Амарын өгсөн: “... Би Эргүүл хамгаалалтын газар Шүүх шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хяналт шалгалтын ахлах офицерын ажил хйидэг юм. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 05 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрыг шалгаж дуусаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны орчимд явж байсан 20 орчим насны өөрийгөө Батсүх гэх залуу над руу ирсэн бөгөөд “ахаа тэр 2 залуу миний гар утсыг дээрэмдчихлээ” гэсэн ба би тэр залууг дуудсан бөгөөд 20 орчим насны 2 залуу байсан ба нэг нь арай өндөр биерхүү нөгөө нь жижиг намхан буржгар үстэй залуу байсан. Тэр 2 залуугаас нэрийг нь асуухад Оийн С, Бгийн П гэх бөгөөд сайн дураараа авсан утсаа гаргаж өгөхийг шаардахад өндөр залуу нь халааснаасаа утас гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.101-102/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.Сийн өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө найз Пын хамт Билгүүн гэх найзынхаа гэр лүү алхаж явтал Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт КТМС-н буудал дээр явж байх үед хохирогч Батсүх нь бид хоёрын хажуугаар зөрөхдөө манай найзыг мөрөлсөн бөгөөд манай найз П нь муудалцах гээд байхаар нь би уучлалт гуйн салгаад авч явсан юм. Тэгээд бид хоёр Баянзүрх 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны орчим явж байх үед Батсүхтэй ахин таарсан бөгөөд найз П түрүүлж очоод тэр залуутай муудалцаж байсан, тэгэхээр нь би “Чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд цамцнаас нь бариад автал тэр залуу намайг түлхэж байгаад газарт унаад өгсөн. Тэр үед П тэр залуугийн шилэн хүзүүнээс бариад “Хөөе чи босооч” гэсэн чинь тэр залуу босч яваад өгсөн бөгөөд бид гурав салцгаасан. Тэгээд тэр залуу ертөнцийн зүгээр хойшоогоо цэргийн хотхоны байрнууд руу алхан яваад өгсөн ба бид хоёр тамхи татах гээд зогсож байгаад газар луу харах үед гар утас байхаар нь П “Хөөе саяны залуу чинь гар утсаа хаячихаж байгаа юм биш үү” гэхээр нь би газраас аваад халаасандаа хийчихсэн. Тэр үед Батсүх нэг цагдаагийн хамт эргэж ирсэн бөгөөд би тэр залууд “Энэ чиний утас байна” гэж хэлээд гар утсыг нь өгчихсөн юм. Дээрэмдэх санаа зорилго байгаагүй... Тэгээд бид гурвыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр авчирсан... тэр залуугийн утас байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.40-41/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Пын өгсөн: “2019 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө найз Сийн хамт Билгүүн гэх найзынхаа гэр лүү алхаж явтал Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт КТМС-н буудал дээр явж байх үед нэг ул таних залуу бид хоёрын хажуугаар зөрөхдөө намайг мөрөлсөн бөгөөд тэгэхээр нь би “Чи яаж яваад байгаа юм гэсэн чинь” тэр залуу “яадаг юм” гээд бид хоёр маргалдаж байх хооронд С надад хандан “яах гээд байгаа юм бэ” гээд бид хоёр уучлалт гуйгаад гар бариад салсан юм. Тэгээд бид хоёр Баянзүрх 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны орчим явж байх үед тэр залуутай ахин таарсан бөгөөд би түрүүлж очоод тэр залуугаас гал асуусан чинь “байхгүй” гэж хэгжүүрхээд байсан, тэгэхээр нь С араас ирээд “Чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд цамцнаас нь бариад автал тэр залуу Сийг түлхэж байгаад газарт унаад өгсөн. Тэр үед би тэр залуугийн шилэн хүзүүнээс бариад “Хөөе чи босооч” гэсэн чинь тэр залуу босож яваад өгсөн бөгөөд бид гурав салцгаасан. Тэгээд тэр залуу ертөнцийн зүгээр хойшоогоо Цэргийн хотхоны байрнууд руу алхаж яваад өгсөн ба бид хоёр тамхи татах гээд зогсож байгаад газар луу харах үед гар утас байхаар нь би “Хөөе саяны залуу чинь гар утсаа хаячихаж байгаа юм биш үү” гэхээр нь С газраас аваад халаасандаа хийчихсэн. Тэр үед Батсүх нэг цагдаагийн хамт эргэж ирсэн бөгөөд манай найз С тэр залууд “Энэ чиний утас байна” гэж хэлээд гар утсыг гаргаж өгсөн юм. Бид хоёрт дээрэмдэх санаа зорилго байгаагүй. Тэгээд бид гурвыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр авчирсан. Тэр залуу намайг цохих гэж дайраад байхаар би нүүр лүү нь түлхсэн...” гэх мэдүүлэг /хх.46-47/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх.1/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.3/,

Цагдаагийн байгууллагад хохирогч Г.Батсүхийн гаргасан өргөдөл /хх.4/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх.8/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.9/,

“Дамно” ХХК-й 2019 оны 07 сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.31-32/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас хх.75-76/,

О.Сийн хувийн байдлын талаарх баримт /хх.95/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Б.П, О.С нар бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны орчим Г.Батсүхийг илээр хүч хэрэглэн довтолж гар утсыг нь хууль бусаар авч бусдад 200.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Батсүхийн өгсөн: “... Тэгээд би хамаатны ахынхаа гэрт очих гээд Цэргийн хотхоны орчимд явж байтал нөгөө 3 дугаар сургууль дээр таарсан 2 залуу араас ирж гал асуугаад “ганц юм ууя, сайхан танилцъя” гээд “манайд оръё” гээд булан руу дагуулахаар нь би “үгүй” гэж хэлээд буцах гэтэл нэг нь араас барин хавсарч унагаагаад халааснаас миний гар утсыг аваад зугатаасан...” гэх мэдүүлэг /хх.6-7/,

“... бид 3 ноцолдож байгаад би өндөр залуугийнх нь хөлөнд тээглэж газар унасан юм. Тэгээд тэр хоёр залуу яваад өгөхөөр нь би гэр лүүгээ буюу Цэргийн хотхоны 366 дуугаар байрны баруун талаар алхан явж байгаад халаасандаа гap утсаа үзтэл байхгүй болчихсон байсан бөгөөд “зодоон болсон газар унасан, эсхүл тэр хоёр залуу аваад явчихсан байна” гэж бодоод тэнд явж байсан эргүүлийн цагдаад би хэлсэн. Тэгээд эргүүлийн цагдааг дагуулж зодоон болсон газар очиход тэр хоёр залуу зогсож байсан бөгөөд цагдаа тэр хоёр залуугийн өндрийг нь нэгжиж үзэхэд миний гар утас гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх.50/,

 “... С нь түрүүлж миний дэргэд хүрч ирээд надаас гал асуусан, тухайн үед би тамхийг нь асааж өгсөн. Тэгтэл С нь “танайх энд байдаг юм уу” гэхэд нь “тиймээ, манайх энд байдаг юм” гэж хэлсэн. Тэгтэл С нь “тэгвэл 3-лаа танайд ганц юм хуваагаад ууя” гэхэд би татгалзсан. Тэгтэл С нь шууд намайг хавирч унагаасан бөгөөд халаасанд байсан утас авч гүйн яваад өгсөн. Харин намайг газар хэвтэж байх үед П нь баруун гараараа нүүрэн тус газар нэг алгадсан... Тухайн цагдаа тэр 2-ыг дуудаад сайн дураараа миний гар утсыг гаргаж өгөхийг шаардахад С нь халааснаасаа миний утсыг гаргаж өгсөн... Тухайн үед би халамцуу явж байсан ба намайг хавирч унагаасан нь бол үнэн...” гэх мэдүүлэг /хх.99-100/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Амарын өгсөн: “... Цэргийн хотхоны орчимд явж байсан 20 орчим насны өөрийгөө Батсүх гэх залуу над руу ирсэн бөгөөд “ахаа тэр 2 залуу миний гар утсыг дээрэмдчихлээ” гэсэн ба би тэр 2 залууг дуудсан бөгөөд 20 орчим насны 2 залуу байсан ба нэг нь арай өндөр биерхүү нөгөө нь жижиг намхан буржгар үстэй залуу байсан. Тэр 2 залуугаас нэрийг нь асуухад Оийн С, Бгийн П гэх бөгөөд сайн дураараа авсан утсаа гаргаж өгөхийг шаардахад өндөр залуу нь халааснаасаа утас гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.101-102/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.Сийн өгсөн: “... П түрүүлж очоод тэр залуутай муудалцаж байсан, тэгэхээр нь би “Чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд цамцнаас нь бариад автал тэр залуу намайг түлхэж байгаад газарт унаад өгсөн. Тэр үед П тэр залуугийн шилэн хүзүүнээс бариад “Хөөе чи босооч” гэсэн чинь тэр залуу босч яваад өгсөн бөгөөд бид гурав салцгаасан. Тэгээд тэр залуу ертөнцийн зүгээр хойшоогоо цэргийн хотхоны байрнууд руу алхан яваад өгсөн ба бид хоёр тамхи татах гээд зогсож байгаад газар луу харах үед гар утас байхаар нь П “Хөөе саяны залуу чинь гар утсаа хаячихаж байгаа юм биш үү” гэхээр нь би газраас аваад халаасандаа хийчихсэн. Тэр үед Батсүх нэг цагдаагийн хамт эргэж ирсэн бөгөөд би тэр залууд “Энэ чиний утас байна” гэж хэлээд гар утсыг нь өгчихсөн юм... тэр залуугийн утас байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.40-41/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Пын өгсөн: “... С араас ирээд “Чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд цамцнаас нь бариад автал тэр залуу Сийг түлхэж байгаад газарт унаад өгсөн. Тэр үед би тэр залуугийн шилэн хүзүүнээс бариад “Хөөе чи босооч” гэсэн чинь тэр залуу босож яваад өгсөн бөгөөд бид гурав салцгаасан. Тэгээд тэр залуу ертөнцийн зүгээр хойшоогоо Цэргийн хотхоны байрнууд руу алхаж яваад өгсөн ба бид хоёр тамхи татах гээд зогсож байгаад газар луу харах үед гар утас байхаар нь би “Хөөе саяны залуу чинь гар утсаа хаячихаж байгаа юм биш үү” гэхээр нь С газраас аваад халаасандаа хийчихсэн. Тэр үед Батсүх нэг цагдаагийн хамт эргэж ирсэн бөгөөд манай найз С тэр залууд “Энэ чиний утас байна” гэж хэлээд гар утсыг гаргаж өгсөн юм... Тэр залуу намайг цохих гэж дайраад байхаар би нүүр лүү нь түлхсэн...” гэх мэдүүлэг /хх.46-47/,

Цагдаагийн байгууллагад хохирогч Г.Батсүхийн гаргасан өргөдөл /хх.4/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх.8/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.9/,

“Дамно” ХХК-й 2019 оны 07 сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.31-32/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Сийн өгсөн: “... П Батсүх 2 маргалдаад барьцалдчихсан байх шиг байсан. Би “энэ 2 зодолдох гэж байгаа юм байна” гэж бодон очоод “болиоч ээ хөөе” гээд хохирогч Батсүхийг гараараа доош нь татахад Батсүх миний хөлөнд тээглээд унасан. Би тухайн үед зодолдохыг хүсээгүй учраас босоод “за за болъё” гэж бодоод байж байтал Батсүхээс 2 алхмын зайтай Пын утастай адилхан утас байсан. Би тухайн үед Паас “энэ чиний утас уу” гэхэд П “өө тийм юм шиг байна” гэсэн. Тэгээд би тэр утсыг аваад зогсож байтал булан тойроод 1 цагдаа гарч ирсэн. Батсүх тухайн үед босож ирснээ тэр цагдаа дээр очоод “энэ 2 залуу намайг дээрэмдчихлээ” гэж хэлсэн. Бид 2 Амар гэж байцаагчид “Ах аа бид 2 дээрэмдэх гээгүй. Би утсыг нь халаасандаа ч хийгээгүй барьчихсан зогсож байсан. Би энэ хүний утас гэдгийг нь Батсүхийг хүрч ирэнгүүт мэдлээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пын өгсөн: “... намайг түлхсэн чинь С намайг зодуулж байна гэж бодоод араас хүрээд ирсэн. Батсүх Сийн хөлөнд нь тээглээд уначих шиг болсон. 2 алхмын зайтай утас уначихсан байсан. С надаас “энэ чиний утас мөн үү” гэхээр нь би “миний утас байна” гэж хэлсэн. Би тэр үед шилгүй байсан учраас хальт харахад Галакси Самсунг А5 гэдэг утас миний утас шиг харагдсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Батсүхийн өгсөн: “... Би Птай муудалцаад байж байсан чинь С ирээд намайг татах шиг болсон. Тухайн үед миний хөл муу байсан учраас би өнхрөөд уначихсан. Би тэр үед утсаа үзсэн чинь миний утас байгаагүй. Тэгээд С, П хоёртой байн байн таараад байсан учраас энэ хоёрыг гэж бодоод хажууд цагдаа явж байхаар нь С, П хоёрыг бариад өгчихсөн... Тэгээд ууртай байсан учраас юм нэмээд хэлчихсэн...” гэх мэдүүлэг зэрэг нь өмнө дурдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Батсүхийн өгсөн мэдүүлгүүд нь хэргийн нөхцөл байдлын талаар харилцан зөрүүтэй байх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн өгсөн зарим мэдүүлэг /хх.6-7, 99-100/-ийг илүү үнэн зөв гэж үзсэн болно.

Б.П, О.С нарын санаа зорилго, сэдэлт, хувийн байдал зэргийг гүйцэд тогтоогоогүй, шүүгдэгч нарыг мөрдөгч, цагдаагийн ажилтан дарамталж байцаасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар мэтгэлзэн тайлбарлаж байх боловч шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, сэдэлтийг бүрэн тогтоосон байх бөгөөд шүүгдэгч нарыг мөрдөгч, цагдаагийн ажилтан дарамталж байцаасан, улмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.П, О.С нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцов.

Б.П, О.С нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Г.Батсүх нь гар утсаа буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Б.П, О.С нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.П, О.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.П, О.С нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П, О.С нарт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Б.П, О.С нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.

          Шүүгдэгч Б.П, О.С нарт ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нар хүсч байх боловч уг гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаж буй шүүгдэгч нарын хувийн байдал зэргээс үзэхэд дээрх хүсэлтүүдийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

          Б.П, О.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийг урьд нь цагдан хорьсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Оийн С, Д овогт Бгийн П нарыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П, О.С нарт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Б.П, О.С нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Б.П, О.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Б.П, О.С нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Батсүх нь гар утсаа буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.П, О.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                      С.ӨСӨХБАЯР