Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 21

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Т.Мандахнаран,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа,

шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

нарийн бичгийн даргаар Б.Буянхишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Баатархүүгийн Б.Н, Бэсүүд овогт Хүрэлчулууны Х.Д нарт холбогдох 1902000000239 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ технологийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 29 дүгээр гудамжны 14 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт Баатархүүгийн Б.Н /РД- УМ92031111/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ өвөөгийн хамт Хан-Уул дүүргийн 15-р хороо, Гэгээнтэн хотхоны102 дугаар байрны 6-12 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бэсүүд овогт Хүрэлчулууны Х.Д /РД- УК91062456/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Б.Н, Х.Д нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Н,  X.Х.Д нар нь  гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Сөгнөгөрийн голын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан "дельта 9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай, тухайн үедээ 36 килограмм жинтэй /одоо хадгалагдаж байгаа нь 17.752 грамм/, "Өвс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 71-90 УБН улсын дугаартай “Тоёота Премио” маркийн автомашинд хадгалсан,

Мөн Б.Н нь өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандал Овоогийн 29 дүгээр гудамжны 14 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан "Дельта 9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай, 72 грамм жинтэй, "Өвс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Мөн Х.Д нь өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн хотхоны 102 дугаар байрны 06-12 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан "Дельта 9 тетрагидроканнабинол"-ын агууламжтай, 0.8 грамм жинтэй, "Өвс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан тус тус гэмт хийсэн болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н, Х.Д нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "Х.Д бид хоёр ярилцаж байгаад өвс түүхээр болж 2019 оны 9 дүгээр сарын 04-ний оройн 22 цагийн үед манай хадам аавын эзэмшлийн 7190 УБН улсын дугаартай, тоёота премио маркийн машинтай Сөгнөгөрийн голруу явсан. Тухайн газарт шөнийн 02 цагийн үед очсон. Тэр газар нь голын дэргэд, уултай, өвстэй газар байсан. Бид хоёр очоод хартал өвс маш их хэмжээгээр ургасан байхаар нь машиндаа авч явсан ногоон өнгийн шуудайнуудыг гаргаж ирээд өвсөө түүж уг шуудайнуудад хийсэн бөгөөд нийтдээ 6 шуудай өвс түүгээд машиндаа хийгээд түүсэн өвснөөсөө хамтдаа татчихаад Сөгнөгөрийн голоос 2019 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнийн 04 цагийн үед гарч Улаанбаатар хот руу явж байгаад Гүнтийн орчимд замын цагдаад дохиулж зогссон. ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-80х/,

Шүүгдэгч Х.Дий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Б.Н бид хоёр хоорондоо ярилцаж байгаад өвс түүхээр болоод өдрөө тохироод 2019 оны 9 дүгээр сарын 04-ний оройн 21 цагийн үед ... уулзаад бид хоёр Б.Нгийн унаж явсан тоёото премио маркийн машинтай Сөгнөгөрийн гол руу явсан. ... Бидний очсон газар буюу зэлүүд газарт, голын дэргэд маш их өвс ургаж байхаар нь бид хоёр тэнд машинаа зогсоогоод өвснөөс түүгээд авч явж байсан ногоон өнгийн уутнуудад хийсэн. Нийтдээ бид хоёр 6 уут өвс түүгээд машины багажинд хийгээд үүр цайгаагүй байх үед буцаад Улаанбаатар хот руу явсан. ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-87х/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн "Чингэлтэй дүүргийн 19-р хороо Өвөр гүнтийн пост дээр 7190-УБН улсын дугаартай toyota premio маркын тээврийн хэрэгсэл ертөнцийн урд зүг рүү харуулсан байна. ... Уг тээврийн хэрэгслийн багаж хэсэгт үзлэг хийхэд ногоон өнгийн шуудайнд ургамал хийсэн байдалтай байв. Уг багажинд байх 6 уут ургамал чийгтэй нойтон, уг 6 уут ургамлын гадна ногоон өнгийн хоосон шуудай 6 шуудай байв. Уг ургамлыг ... жин дээр хэллэхэд 36 кг жинтэй байв. ..." гэсэн тэмдэглэл /хх-ийн 5-7х/,

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11х/,

хэргийн газарт үзлэг хийсэн "... Б.Нгийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, 29-ийн 14 тоот хаягтай айлд үзлэг хийлээ. ... Байшин нь үүдэндээ жижиг амбаартай байна. Уг амбаараар ороход баруун талд хаалга байсныг онгойлгоход дотор нь эд зүйл хураасан жижиг амбаар байх ба үүдэн хэсэгт шаргал марлаар ороосон хатсан өвс мэт зүйл байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа. ..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-17х/,

хэргийн газарт үзлэг хийсэн "Хүрэлчулууны Х.Д нь бусадтай хамтарч мансууруулах бодис хадгалсан хэрэгт түүний оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн хотхоны 102-12 тоотод үзлэг хийлээ. ... жижиг унтлагын өрөө байх ба өрөөн дотор ... шүүгээний дээд талын нүдэнд хүрэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон 3 ширхэг асаагуур байсныг хураан авлаа. Шүүгээний дээд талаасаа 2 дахь нүдэнд шар өнгийн төмөр бутлагч, өвсний үйрмэг зэрэг зүйлсийг хураан авав. ... Шкафны нүдэнд байх цэнхэр өнгийн жижиг уутанд 3 ширхэг хуйлсан мөнгөн дэвсгэрт байсныг эд мөрийн баримтаар хураан авав. ..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22х/,

Шинжээчийн 4945 дугаартай "... Шинжилгээнд ирүүлсэн "Х.Д 09.05" гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол ЯНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно." гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-44х/,

Шинжээчийн 4934 дугаартай "... Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан ууттай ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно." гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-47х/,

Шинжээчийн 4921 дугаартай "Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "1" гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, "2" гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, "3" гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, "4" гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, "5" гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, "6" гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс делта 9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн жагсаалтанд багтдаг болно. ..." гэсэн дүгнэлт , гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-53х/,

Шинжээчийн 4985 дугаартай "Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "3" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн асаагуур, шар өнгийн асаагуур, цагаан өнгийн асаагуур, "5" гэсэн хаягтай шар өнгийн төмөр cap, "2" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан АС8413710 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, АН4321353 гэсэн сери дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт, АН3911789 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт, "4" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс делта 9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн жагсаалтанд багтдаг болно. ..." гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-59х/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 1121 дугаартай "... Б.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Б.Н нь Каннабисын хортой үр дагавар өгөхүйд хэрэглээтэй байна." гэсэн дүгнэлт /хх-ийн 220-221х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1123 дугаартай "... Х.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Х.Д нь Каннабисын хортой үр дагавар өгөхүйд хэрэглээтэй байна." гэсэн дүгнэлт /хх-ийн 216-218х/,

эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 25х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Н, Х.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн, бүлэглэж мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2 удаагийн үйлдлээр хадгалсан гэмт үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үгнэв.

 

Шүүгдэгч Б.Н, Х.Д нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг түүсэн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо адил зэргийг харгалзан тус бүр 1 жил 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг гэм буруугаа хүлээж буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлуудыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа аравтын 1 ширхэг /АН3911789/, хорьтын 1 ширхэг /АН4321353/, тавьтын 1 ширхэг /АС8413710/ мөнгөн дэвсгэрт зэрэг нь  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлэхийг, 

мөн эд мөрийн баримтаар хураан авсан 6 шуудай буюу нийтдээ 17.752 грамм жинтэй өвс, 72 грамм жинтэй, цайвар өнгийн даавуун уутанд боосон өвс мэт зүйлс, шар өнгийн төмөр бутлагч, цагаан, шар, ногоон өнгийн 3 ширхэг асаагуур, өвсний үйрмэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Олхонууд овогт Баатархүүгийн Б.Н, Бэсүүд овогт Хүрэлчулууны Х.Д нарыг бүлэглэн, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Нд 1 /нэг/ жил 8 /найм/ сар, Х.Дд 1 /нэг/ жил 8 /найм/ сар тус тус хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Б.Н, Х.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийг тус тус журамлан Б.Нгийн цагдан хоригдсон нийт 19 /арван ес/ хоног, Х.Дий цагдан хоригдсон нийт 19 /арван ес/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Б.Н, Х.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Б.Н, Х.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа аравтын 1 ширхэг /АН3911789/, хорьтын 1 ширхэг /АН4321353/, тавьтын 1 ширхэг /АС8413710/ мөнгөн дэвсгэрт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлэхийг, 

мөн эд мөрийн баримтаар хураан авсан 6 шуудай буюу нийтдээ 17.752 грамм жинтэй өвс, 72 грамм жинтэй, цайвар өнгийн даавуун уутанд боосон өвс мэт зүйлс, шар өнгийн төмөр бутлагч, цагаан, шар, ногоон өнгийн 3 ширхэг асаагуур, өвсний үйрмэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Н, Х.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ