Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 270

 

 

 

 

 

    2020             3              5                                       2020/ДШМ/270

Б.Н, Х.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бямбадагва,  

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч  Ж.Энхтуяа,

шүүгдэгч Х.Дий өмгөөлөгч Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Н, Х.Д нарт холбогдох 1902000000239 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Олхонууд овгийн Б.Н, 1992 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд  боловсролтой, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 29 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УМ92031111/;

2. Бэсүүд овгийн Х.Д, 1991 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмэг эх, өвөг эцгийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн хотхоны 102 дугаар байрны 12 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УК91062456/;

Б.Н нь X.Дөлгөөнтэй гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Сөгнөгөрийн голын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 36 килограмм жинтэй, “Өвс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 71-90 УБН улсын дугаартай Тоёота Премио загварын автомашинд хадгалсан,

мөн өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 29 дүгээр гудамжны 14 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 72 грамм жинтэй, “Өвс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

Х.Д нь Б.Нтэй гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Сөгнөгөрийн голын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 36 килограмм жинтэй, “Өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 71-90 УБН улсын дугаартай Тоёота Премио загварын автомашинд хадгалсан,

мөн өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн хотхоны 102 дугаар байрны 6-12 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 0.8 грамм жинтэй, “Өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Нийслэлийн прокурорын газраас: Б.Н, Х.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Н, Х.Д нарыг бүлэглэн, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Нд 1 /нэг/ жил 8 /найм/ сар, Х.Дд 1 /нэг/ жил 8 /найм/ сар тус тус хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н, Х.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус журамлан Б.Нгийн цагдан хоригдсон нийт 19 /арван ес/ хоног, Х.Дий цагдан хоригдсон нийт 19 /арван ес/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Н, Х.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Н, Х.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа аравтын 1 ширхэг /АН3911789/, хорьтын 1 ширхэг /АН4321353/, тавьтын 1 ширхэг /АС8413710/ мөнгөн дэвсгэрт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлэхийг, мөн эд мөрийн баримтаар хураан авсан 6 шуудай буюу нийтдээ 17.752 грамм жинтэй өвс, 72 грамм жинтэй, цайвар өнгийн даавуун уутанд боосон өвс мэт зүйлс, шар өнгийн төмөр бутлагч, цагаан, шар, ногоон өнгийн 3 ширхэг асаагуур, өвсний үйрмэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч Б.Н, Х.Д нарт ял шийтгэл оногдуулахдаа тус бүр 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг гэм буруугаа хүлээж буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлуудыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв...” гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн...таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байна. Хэдийгээр шүүхээс хувийн байдлуудыг харгалзан үзэж, 1 жил 8 сарын хорих ялаар шийтгэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй.

Б.Н нь өөрийн гэм буруугийн үйлдлийнхээ талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаас гадна тэрээр тодорхой оршин суух хаягтай, бага насны хүүхэдтэй, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадах хувийн байдал, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэрэгт шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдалд бодитоор үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

Иймд Б.Нгийн урьд ял шийтгэгдэж байгаагүй, хувийн байдал, өөрийн үйлдлийн хор холбогдлыг ухамсарлан ойлгож, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, гэм буруугийн үйлдлээс бусдад төлөх төлбөргүй, өөр хэн нэгэн хүнд хор уршиг учруулаагүй зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэн тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдол дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Х.Дий өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Энхтуяа өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалтуудыг тусгасан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шаардлагыг хангаж байгаа тул шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжтой гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж, хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжийг олгосон байгаа боловч уг гэмт хэрэг нь нийгмийн хор аюул ихтэй, өөрт нь болон нийгэмд нөлөөлөх сөрөг үр дагавар ихтэй юм. Уг зүйлд 1-5 жилийн хорих ялтай. Шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс 1 жил 8 сарын хугацаатай хорих ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нар нь каннабис бодисын хамааралтай болох нь тогтоогдсон. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Н, Х.Д нарт холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.Н нь X.Дөлгөөнтэй гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Сөгнөгөрийн голын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 36 килограмм жинтэй, “Өвс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 71-90 УБН улсын дугаартай Тоёота Премио загварын автомашинд хадгалсан,

мөн өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 29 дүгээр гудамжны 14 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 72 грамм жинтэй, “Өвс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг,

Х.Д нь Б.Нтэй гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Сөгнөгөрийн голын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 36 килограмм жинтэй, “Өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 71-90 УБН улсын дугаартай Тоёота Премио загварын автомашинд хадгалсан,

мөн өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гэгээнтэн хотхоны 102 дугаар байрны 6-12 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, 0.8 грамм жинтэй, “Өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Б.Нгийн яллагдагчаар өгсөн “...Дөлгөөн бид хоёр ярилцаж байгаад өвс түүхээр болж, 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн оройн 22 цагийн үед манай хадам аавын эзэмшлийн 71-90 УБН улсын дугаартай, “Тоёота премио” загварын машинтай Сөгнөгөрийн гол руу явсан. Тэр газар нь голын дэргэд уултай, өвстэй газар байсан. Бид хоёрыг очоод хартал өвс маш их хэмжээгээр ургасан байхаар нь машиндаа авч явсан ногоон өнгийн шуудайнуудыг гаргаж ирээд өвсөө түүж, уг шуудайнуудад хийсэн бөгөөд нийтдээ 6 шуудай өвс түүгээд машиндаа хийгээд, түүсэн өвснөөсөө хамтдаа татчихаад Сөгнөгөрийн голоос 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-ны өдөр шилжих шөнө 04 цагийн үед гарч Улаанбаатар хот руу явж байгаад Гүнтийн орчимд замын цагдаад шалгуулсан. Түүсэн өвсийг цагдаа хараад “хар тамхи мөн үү” гэхэд нь би “зүгээр ногоо” гэж хэлсэн. Тэгтэл шалгаж үзээд дахин “каннибас мөн үү” гэхэд нь би “тийм” гэж хэлсэн. ...Өвс түүж, хэрэглэх санааг Дөлгөөн бид хоёр хоорондоо ярилцаж байгаад гаргасан.  ...” /1хх-79-80/,  

Х.Дий яллагдагчаар өгсөн “...Нямсүрэн бид хоёр өвс түүхээр болоод хоорондоо ярилцаж тохироод 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн оройн 21 цагийн үед Сөгнөгөрийн гол руу явсан. Тухайн газар модтой, голтой, уултай байсан. Бидний очсон газар голын дэргэд маш их өвс ургасан байхаар нь өвснөөс түүж, авч явсан ногоон өнгийн уутнуудад хийсэн. Нийтдээ бид хоёр 6 уут өвс түүгээд машины багажинд хийгээд үүр цайгаагүй байх үед буцаад хот руу явсан. Хот руу явж байх замдаа буюу Гүнт гэж нэрлэдэг газрын орчимд явж байхад замын цагдаа зогсоосон. Бид  хоёрыг шалгаад улмаар хураасан байсан өвсийг илрүүлснээр бид хоёр баригдсан. ...Хуйлсан мөнгөн дэвсгэртийг урьд өмнө өвсний тоос сорох гэж ашиглаж байсан. Бутлагч төмрөөр өвс буталдаг байсан. ...Илэрсэн бодисыг Сөгнөгөрийн гол дээр очоод Нямсүрэнгийн хамтаар хэрэглэсэн. ...” /1хх-86-87/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд “Х.Д 09.05” гэж хаягласан 50 мл орчим шээсийг хуванцар саванд хийн битүүмжлэн ирүүлсэн шээснээс тетрагидроканнабинол ТНС илэрсэн. ...” 4945 дугаартай дүгнэлт /1хх-39-40/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд “Б.Н 09.05” гэж хаягласан 70 мл орчим шээсийг хуванцар саванд хийн битүүмжлэн ирүүлсэн шээснээс тетрагидроканнабинол ТНС илэрсэн. ...” 4944 дугаартай дүгнэлт /1хх-42-43/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-44/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан ууттай ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн. ...” 4934 дугаартай дүгнэлт /1хх-45-46/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-47/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “3” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “4” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “5” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “6” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол илэрч байна. “1” гэсэн хаягтай ногоон өнгийн шуудайнд хийсэн ногоон өнгийн нойтон ургамал мэт зүйлийн хатаасны дараах жин 3658 грамм, “2” гэсэн хаягтай ногоон өнгийн шуудайнд хийсэн ногоон өнгийн нойтон ургамал мэт зүйлийн хатаасны дараах жин 1866 грамм, “3” гэсэн хаягтай ногоон өнгийн шуудайнд хийсэн ногоон өнгийн нойтон ургамал мэт зүйлийн хатаасны дараах жин 3905 грамм, “4” гэсэн хаягтай ногоон өнгийн шуудайнд хийсэн ногоон өнгийн нойтон ургамал мэт зүйлийн хатаасны дараах жин 3602 грамм , “5” гэсэн хаягтай ногоон өнгийн шуудайнд хийсэн ногоон өнгийн нойтон ургамал мэт зүйлийн хатаасны дараах жин 2396 грамм , “6” гэсэн хаягтай ногоон өнгийн шуудайнд хийсэн ногоон өнгийн нойтон ургамал мэт зүйлийн хатаасны дараах жин 2325 грамм байна. ...” 4921 дугаартай дүгнэлт /1хх-48-50/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-51-53/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн асаагуур, шар өнгийн асаагуур, цагаан өнгийн асаагуур, “5” гэсэн хаягтай шар өнгийн төмөр сав, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан АС8413710 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, АН4321353 гэсэн сери дугаартай 20-тын мөнгөн дэвсгэрт, АН3911789 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта 9 тетрагидроканнабинол илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,8051 байна. ...” 4985 дугаартай дүгнэлт /1хх-54-57/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-58-59/,

шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...Х.Д нь одоо Каннибасын хортой үр дагавар өгөхүйд хэрэглээтэй байна. Х.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. ...” 1123 дугаартай /1хх-216-218/,

шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...Б.Н нь одоо Каннибасын хортой үр дагавар өгөхүйд хэрэглээтэй байна. Б.Н нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. ...” 1121 дугаартай /1хх-220-221/ дүгнэлтүүд,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “...71-90 УБН улсын дугаартай “тоёота премио” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд ногоон өнгийн шуудайнд ургамал хийсэн байдалтай байна. 6 уут ургамал чийгтэй, нойтон, уг 6 уут ургамлын гадна ногоон өнгийн хоосон шуудай байв. Уг ургамлыг жин дээр хиллэх үед 36 килограмм жинтэй байв. ...” /1хх-5-7/, Х.Дий биед үзлэг хийж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “...ТНС буюу тетрагидроканнабинол илэрсэн. ...” /1хх-8-9/, Х.Нямсүрэнгийн биед үзлэг хийж, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “...ТНС буюу тетрагидроканнабинол илэрсэн гэсэн 1 хөндлөн зураас илэрч, энэ төрлийн бодис хэрэглэсэн болох нь тогтоогдов. ...” /1хх-10-11/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-12-13, 18-19, 14-17, 20-22/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-25/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Н, Х.Д нарыг бүлэглэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Н, Х.Д нарын мансууруулах төрлийн ургамлыг түүж бэлтгэсэн, мөн уг төрлийн бодисыг машиндаа болон гэртээ хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын хамтран гаргасан “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Н, Х.Д нарын биеэс болон эд зүйлсээс хураан авсан мансууруулах бодисын хэмжээ их байсан, мөн уг бодисын хэмжих жин үзлэгээр хураагдсан байгаа зэрэг нөхцөл байдлуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт оногдуулах хорих ялын хэмжээг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Иймд шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 2019/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

           

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

              ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

    ШҮҮГЧ                                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ