Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2091

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/00704 дүгээр шийдвэртэй

              

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч "ХХХХХ" ТӨҮГ-т холбогдох

 

Барилгын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2 980 148.17 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                      ХХХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                        ХХХХХ  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                        Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ тайлбарлахдаа:

ХХХХХ Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газарт 2003 оны 3 дугаар сарын 31-ний өдөр №66 тоот тушаалаар Барилгын тасгийн дарга инженерээр 2003 оны 4 дугаар сарын 1-ний өдрөөс жинхлэн томилогдон 13 жил тасралтгүй ажилласан юм. Нэхэмжлэгч тус байгууллагад ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Миний ажлын амжилтыг байгууллагын зүгээс үнэлж Тэргүүний барилгачин, Ойн медаль, байгууллагын шилдэг ажилтан шалгаруулж шагнаж байсан. 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тус байгууллагын даргын №А/36 тоот тушаал гарч Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байна. Дээрх ажлаас чөлөөлсөн тушаалаар тус байгууллагын Нийтлэг үйлчилгээний хэлтсийн 20 гаруй ажилтнуудыг нэг дор ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар 1 сарын өмнө мэдэгдэх хуудас гардуулахгүйгээр ажлаас чөлөөлсөн юм. Тус байгууллага нь 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн "Өдрийн сонин"-ы №125(5390) дугаарт "барилгын инженер, цахилгаанчин" зэрэг мэргэжлээр хүмүүсийг ажилд авах зар гаргасан байна. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2 980 148.17 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"ХХХХХ" ТӨҮГ нь Засгийн газрын 2012 онь 9 дүгээр сарын 22-ны 46 дугаар тогтоолоор Улсын төсөвт үйлдвэрийн газар байсан бөгөөд нийт 175 ажилтан, албан хаагчидтай байсан. 2014 онд Улсын их хурлаас хэмнэлтийн горимд шилжихээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний 501 дүгээр тогтоолын 7 дахь заалтаар "ХХХХХ" ТӨҮГ-г аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулсан. Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний 28 дугаар тогтоолоор тус газрын дүрмийг баталсан. Дүрмийн 1.4-д зааснаар байгууллагын үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр санхүүжүүлж байхаар зохицуулсан. Эдгээр тогтоол гарсан даруйд ажил олгогчийн зүгээс тус газар нь аж ахуйн тооцоотой буюу өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болж байгаа, үүнтэй холбоотойгоор бүтэц өөрчлөгдөх болон орон тоо хасагдах тухай нийт ажилчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтад зааснаар "ХХХХХ" ТӨҮГ-ыг өөрчлөх, дүрмийг батлах эрх нь Засгийн газарт хадгалагдах ба бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдах талаар мэдэгдэл өгснөөс хойш "ХХХХХ" ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг эцэслэн батлахгүй байсаар 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сангийн сайдын 189 дүгээр тушаалаар бүтэц батлагдсан. Тушаал батлагдсан даруйд хэрэгжих ёстой бөгөөд цаашид нэхэмжлэгчийн хуучин ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон. Иймд "ХХХХХ" ТӨҮГ-ын даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний А/36 дугаар тушаалаар ажилтнуудыг ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчөөгүй. Барилгын засвар, үйлчилгээ зэрэг "ХХХХХ" ТӨҮГ-ын хуучин хэрэгжүүлж байсан чиг үүргийг байгууллагын үндсэн бүтцээс хасаж, харин шаардлагатай тохиолдолд гэрээгээр гаднаас үйлчилгээ авч байхаар тус газрын дүрэмд заасан тул бид хуучин ажиллаж байсан хүмүүсээ эн тэргүүнд ажил, орлоготой байлгах үүднээс цаашид гэрээгээр ажиллах боломжтой эсэхийг асуухад бүгд татгалзсан. Нэгэнт хуучин ажилчид маань гэрээгээр хамтран ажиллахгүй тул бид барилгын ажилчдыг ажилд авах тухай зар сонинд нийтлүүлсэн. Гэхдээ эдгээр ажилчид нь байгууллагын орон тооны үндсэн ажилчин биш харин тодорхой хугацаагаар ажил гүйцэтгэх гэрээгээр үйлчилгээ үзүүлж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХХ-ыг хариуцагч "ХХХХХ" ТӨҮГ-ын барилгын инженерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч "ХХХХХ" ТӨҮГ-с ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 197 057.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХХХ-д олгож, нэхэмжлэгч "ХХХХХ" ТӨҮГ-т нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХХХ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч "ХХХХХ" ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 66 103 төгрөгийг гаргуулж улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ХХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бодитой, хэрэгт хамааралтай байдлаар үнэлсэнгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2016 оны 5 дугаар сарын 26-ны Өдрийн сонинд нийтлүүлсэн зар өгсөн байх тул хариуцагчийн барилгын инженерийн орон тоо хасагдсан гэх тайлбар үндэслэлгүй байна" гэжээ. Энэхүү зард үндэслэн байгууллагын бүтцийг тодорхойлох боломжгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримт, тухайлбал Сангийн сайдын 2016 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн 189 дүгээр тушаалаар батлагдсан ХХХХХ ТӨҮГ-ын бүтцийг нотлох баримтаар үнэлж шийдвэрт тусгасангүй. Монгол улсын Засгийн газрын тухай хууль болоод Дипломат байгууллагын Үйлчилгээг эрхлэх газрын дүрэмд зааснаар ямар нэгэн сонинд нийтлүүлсэн зараар байгууллагын бүтцийг батлах биш харин тухайн эрхэлсэн сайдын тушаалаар байгууллагын бүтэц батлагдахаар хэм хэмжээ тогтоосон. Дээрх 189 дүгээр тушаалд барилгын инженерийн орон тоо байхгүй бөгөөд хуучин орон тооноос энэ ажлын байр нь хасагдсан юм. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэх хуудас гардуулаагүй гэжээ. Хэрэгт авагдсан мэдэгдэх хуудаст н.Туул гэх хүний гарын үсэг байдаг ба 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр нийт ажилчдад мэдэгдэх хуудас гардуулах үед ХХХХХ нь ажилдаа ирээгүй байсан ба утсаар холбогдоход ХХХХ-д өгчих би дараа нь авъя гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр гардуулсан мэдэгдэх хуудсыг аваагүй гэж маргаагүй бөгөөд маргасан үндэслэл нь гагцхүү 2016 оны 5 дугаар сарын 19-ний тушаалаас 1 сарын өмнө мэдэгдээгүй гэж хариуцагчийг буруутгадаг. Монгол улсын Засгийн газрын тухай хуулиар Засгийн газрын шийдвэр нь тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хэрэгжихээр хуульчилсан. Сангийн сайдын бүтэц баталсан 189 дүгээр тушаал нь гарсан өдрөөсөө хэрэгжих хэм хэмжээний акт юм. Хариуцагч байгууллагын хувьд бүтэц хэзээ эцэслэн батлагдахыг мэдэхгүй бөгөөд ажилтнуудынхаа эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдэгдэх хуудсыг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр нийт ажилтанд гардуулсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэх нь өрөөсгөл юм. ХХХХХ-ийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг баримтлах боломж байсан эсэх талаар ХХХХ-ын өмнө эрхэлж байсан албан тушаал нь Барилгын инженер ба энэ нь тухайн үеийн бүтцээр Хяналтын инженерийн удирдлага дор ажилладаг, албан тушаалын зэрэглэлээр хяналтын инженерээс 2 зэрэглэл доогуур албан тушаал юм. Үүнийг дагаад цалингийн сүлжээ ч бага байсан. Энэ тохиолдолд ХХХХ-ыг шинэ бүтцэд батлагдсан 1 Хяналтын инженерийн орон тоонд ажилд авах эрх зүйн боломж байхгүй болно. Дээрх үндэслэлийг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү. Давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн харилцаатай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан байна. 

 

Нэхэмжлэгч ХХХХХ хариуцагч “ХХХХХ” ТӨҮГ-т холбогдуулан барилгын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 2 980 148.17 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.

 

Ажил олгогч “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/36 тоот тушаалаар ХХХХХ-ыг ажлаас нь халсан байх бөгөөд уг тушаалдаа  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугар зүйлийн 42.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг баримталжээ./хэргийн 8 дугаар тал/                                                                                                                                                                                           Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “…Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолын 7 дахь заалтаар “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ыг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулсан, үүнтэй холбоотойгоор бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдсан” гэсэн тайлбарыг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” улсын төсөвт үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгож, 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоолоор дүрмийг батлан, уг дүрмийн 7.3-т үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаын саналыг харгалзан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэж заасан байна.  /хэргийн 25 дугаар тал/

 

Дүрмийн дээрх заалтын дагуу Сангийн сайдын 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 189 дүгээр тушаалаар “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын бүтэц, орон тоог тогтоосон байна. /хэргийн 29 дүгээр тал/

Монгол улсын сангийн сайдын 2016 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн 189 тоот тушаалаар “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын 2016 оны эдийн засгийн зорилтот түвшинг, зохион байгуулалтын бүтцийг баталсан байх бөгөөд Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/55 тоот тушаалаар ажил албан тушаалын жагсаалтыг баталжээ.  /хэргийн 23 дугаар тал/

 

Мөн “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирлын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/36 тоот тушаалаар ажилтгуудыг ажлаас чөлөөлж, ажилд эгүүлэн томилох тухай тушаал гарсан байна. /хэргийн 9-10 дугаар тал/

 

Ажил олгогч байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах эрх нээлттэй байгаа болно.

 

Харин ажил олгогч нь ажилтан ХХХХХ-ыг ажлаас халсныхаа дараа 2016 оны 5 дугаар сарын 26-ны “Өдрийн сонин”-ны 125 дугаарын 16 дугаар нүүрт барилгын инженерийн ажлын байранд ажилтан авах тухай зар гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагч байгууллагын барилгын инженерийн орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм. /хэргийн 38 дугаар тал/

 

Түүнчлэн ажил олгогч нь ажилтанд орон тоо хасагдсан гэх мэдэгдлийг гардуулсан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байгаа бөгөөд хариуцагч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан журмыг хэрэгжүүлээгүй хууль зөрчжээ.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ.

 

                  Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар “…ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцож ажилгүй байсан хугацаанд бодож нийт 3 197 057 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болсон байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэрүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр  сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/00704 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгч ХХХХХ-ын заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 103 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ,ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

                       

                                          ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА                                                                                                                                              

Ц.ИЧИНХОРЛОО