Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 732

 

 

 

 

 

 

 

 

 

 

С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Ч.Отгонсүрэн,

          Хохирогч Х.Б- өмгөөлөгч Г.Нацагдорж,

          Хохирогч М.Мөнхнаран,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 28ы өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.Б- өмгөөлөгч Г.Нацагдорж, хохирогч М.М нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С-д холбогдох эрүүгийн 2013 0100 0141 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С-  , 1970 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах орны Жирмийн аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот, Баянгол дүүргийн Анвей тойргийн 3 дугаар байрны 106 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /паспортын дугаар: ЕО5620947/,

 

БНХАУ-ын иргэн С-   нь шунахайн сэдэлтээр, удаа дараагийн давтан үйлдлээр:

- 2011 онд иргэн Х.Б-д “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 5 ширхэг “Норд бенз”загварын автомашиныг оруулан ирж хамтран ажиллана, урьдчилгаа мөнгө хэрэгтэй” хэмээн хэлж 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Шинэ төгрөг” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 150.000 юань буюу 32.460.000 төгрөгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь өөрийн дансанд шилжүүлэн авсан, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод 6.000.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 38.460.000 төгрөгийг итгэл эвдэх замаар залилан мэхэлсэн,

- 2014 оны 10 дугаар сард “Чингис” зочид буудлын үүдэнд Д.М-с “Амгалан дахь дулааны станцад ажил олж өгье, урьдчилгаанд мөнгө тушаах хэрэгтэй байна” хэмээн хэлж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

- 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэн А.Ц-с “Амгалан дулааны цахилгаан станцын сантехникийн ажил хийлгэнэ” хэмээн хэлж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

- 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ц.Ө-с “Амгалан цахилгаан станцын сантехникийн угсралтын ажилд хамтран хөрөнгө оруулалт хийж зарцуулна” хэмээн 2265 ам.доллар буюу 4.489.734 төгрөгийг залилан мэхэлсэн,

- 2015 оны 3 дугаар сард “Чингис” зочид буудлын гадаа иргэн Ц.А-с “Баянзүрх дүүрэгт баригдаж буй Амгалангийн дулааны цахилгаан станцад сантехник угсралтын ажил байна, авч өгөх тул батлан даалтын мөнгө өг” хэмээн хэлж итгүүлэн 4.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

- 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улсын их дэлгүүрийн зүүн талын автомашины зогсоол дээр Ж.Ж-с “Амгалангийн дулааны шугам сүлжээ, сантехникийг засаж шугам тавина, хамтран ажиллана” хэмээн хэлж 10.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

- 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Амгалан дулааны цахилгаан станцын гадаа иргэн М.М-с “Амгалангийн цахилгаан станц дахь барилгад будгийн ажил хийхэд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа 25.000.000 төгрөг болгож өгнө” хэмээн хуурч мэхлэх аргаар 20.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

- 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Чингис” зочид буудлын үүдэнд иргэн О.Б-с “Амгалан дахь цахилгаан станцад 160.000.000 төгрөгийн будгийн ажил олж өгнө” хэмээн хэлж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан мэхэлсэн,

- 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбарт иргэн М.Н-с “Амгалан дахь цахилгаан станцад будгийн ажил хийгээд 60.000.000 төгрөг болгож өгнө” хэмээн хэлж итгүүлэн 20.000.000 төгрөгийг залилан мэхэлж, бусдад нийт 138.449.734 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: С-  -ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос /С-д/-д 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож,

Прокуророос   /С-д/-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж,   /С-/-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар   /С-/-г 40.000 нэгж буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   /С-/-д шүүхээс оногдуулсан 40.000.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар   /С-/-д шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар   /С-/-ийн урьдчилан цагдан хоригдсон 542 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх нэгжээр тооцож, 130 нэгж буюу 8.130.000 төгрөгийг торгох ялаас хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн CD-R52X 2 ширхэг СD-г хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 12.000 юань буюу 3.674.280 төгрөг, мөн 740.000 төгрөгийг торгуулийн ялд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,   /С-/ нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хохирогч Х.Б- өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... БНХАУ-ны иргэн   /С-/-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд гаргасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолын 14 дүгээр хуудасны сүүлийн догол мөрт “Шүүхэд иргэн Т.Отгонсүрэн болон БНХАУ-ын иргэн   /С-/ түүний хохирогч ...Х.Б- нарын хүмүүс харилцан тохиролцож ...барагдуулах тухай хүсэлтийг харгалзан шүүгдэгч   /С-/-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ” гэсэн дүгнэлт хийж, торгох ял оноосныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байх тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

            1. Хохирогч Х.Б- нь БНХАУ-ын ирэн   /С-/ болон иргэн Т.Отгонсүрэн нартай ямар нэг байдлаар огт тохиролцоогүй тул хүсэлт гаргаагүй байхад хүсэлт гаргасан мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

            2. Х.Б-   /С-/ рүү ББСБ-аар дамжуулан 150.000 юань шилжүүлсэн ба уг мөнгөө эргүүлэн огт аваагүй байгаа. Мөн тэрээр 6.000.000 төгрөгөө ч эргүүлэн аваагүй байгаа.

            Тэгэхээр бусдад төлөх төлбөр байхад төлбөргүй гэсэн дүгнэлт хийсэн нь буруу юм. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож  өгнө үү ...” гэв.

 

            Хохирогч М.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... С-д би 20.000.000 төгрөг өгч залилуулсан. Анхан шатны шүүх С-г хохирогч нартай тохиролцсон гэх үндэслэлээр торгох ялаар шийтгэсэн нь намайг хохироод үлд гэсэнтэй адил гэж үзэж байна. С-гийн өмгөөлөгч нь надтай энэ талаар огт зөвлөлдөөгүй, тэгээд ч өмнө нь хуйвалдаж байсан Отгонсүрэнтэй холбоотой байрны асуудлыг хөндсөн энэ тохиролцоонд би орохгүй байсан. Иймд би өөрийн алдсан 20.000.000 төгрөгөө бодитой гаргуулан авч, тохиролцоо гэсэн худлаа үйлдлийг таслан зогсоохыг хүсэж байна ...” гэв.

 

            Прокурор Ч.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... БНХАУ-ын иргэн   /С-/-д холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж, хохирлын хэмжээг бүрэн тогтоож, яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн. Энэ хэрэгт хохирлын хэмжээг нэг мөр тогтоосон. Анх хохирогч Х.Б-   /С-/-д 150.000 юань шилжүүлсэн байдаг. Энэ нь тухайн өдрийн ханшаар 150.000 юань 32.460.000 төгрөг болсон. Үүнээс 32.000.000 төгрөгийг Номинцэцэгт хүлээлгэн өгсөн баримт 2 дугаар хавтаст хэргийг 69 дүгээр талд авагдсан. Одоогоор хохирлын тооцоогоор Х.Б-д 6.000.000 төгрөгийг, Номин-Эрдэнэд 460.000 төгрөгийг төлөхөөр тогтоогдсон. Харин шүүхийн шийтгэх тогтоолд Х.Бум-Эрдэнийг харилцан тохиролцоогүй байхад тохиролцсон гэж дүгнэн шийтгэх тогтоолд хохирлын хэмжээг дурдаагүй байна. Прокуророос шийтгэх тогтоолд 6.000.000 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн шийтгэх тогтоолын гэмт хэрэг үйлдсэн хэсэгт прокуророос 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн. Холбогдсон гэмт хэргийн талаар шийтгэх тогтоолд бичихдээ 2 хүний үйлдлийг дутуу бичиж, 2 хүнийг дахин мөрдөн байцаалтаар тогтоогдсон нөхцөл байдлын үнийн дүнг бууруулж бичсэн байна. Иймд үүнийг зөвтгүүлэх саналтай байна ...гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь заалтад зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх С-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэж байсан шүүгч хэргийг эцэслэн шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн ноцтой зөрчил гаргажээ.  

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэх асуудлыг зохицуулсан бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар хянан шийдвэрлэж, шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэж, прокурор, оролцогчид танилцуулахыг заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасан заалтыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүх, шүүх хуралдааныг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт явуулахаар товлосон шүүхийн тогтоол гарсан байхад, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, завсарлаад, хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн заалтыг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл шүүх, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж байгаа мэт боловч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлуудыг нэг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж хуульд заасан шүүх хуралдааны үе, шат дарааллыг зөрчсөн байна.

 

 Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэнээр шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хохирол төлөх талаар гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11.00 цаг хүртэл шүүх хуралдааныг завсарлуулсан байх бөгөөд шүүх хуралдааныг ямар хугацаагаар завсарлуулсан нь тодорхойгүй, шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэл нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөр бичигдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Х.Б- өмгөөлөгч Г.Нацагдорж “... шүүгдэгч С- болон иргэн Т.Отгонсүрэн нартай ямар нэгэн байдлаар тохиролцоогүй, хүсэлт гаргаагүй байхад хүсэлт гаргасан мэтээр дүгнэлт хийсэн ...” гэж, хохирогч М.Мөнхнаран “... тухайн гэрээг хараагүй, анх удаа харж байна, гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш ...” гэж тус тус тайлбарлаж байна.

 

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоно гэж заасан байхад 6 дугаар хавтаст хэргийн 183 дугаар талд авагдсан “хохирол төлж барагдуулах тухай гэрээ” гэх баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн хэлцэл мөн эсэхийг бодит байдлаар хянаж үзэлгүй дүгнэлт хийж, шийдвэрийн үндэслэл болгож шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж хэргийг шийдвэрлэснийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.  

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 11.9 дүгээр зүйлд тус тус зааснаар хохирогч нарт шийтгэх тогтоолыг хуулийн хугацаанд гардуулаагүй, хүргүүлэх ажиллагаа хийгдээгүй байгааг анхааруулж байна.

 

 Иймд анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан байх тул эдгээр зөрчлийг арилгаж, хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгчийг гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр С-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЮУНЧУЛУУН

 

                                      ШҮҮГЧИД                                                     Д.ОЧМАНДАХ

 

                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ