Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 775

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А” ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хэнтий аймгийн *** сумын нутаг дахь *** дугаартай  ашиглалтын талбайд хийгдэх нөхөн сэргээлтийн ажлын “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”, “Менежментийн төлөвлөгөө”-г батлахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч ,  нэхэмжлэ++чийн өмгөөлөгч Я.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б , нарийн бичгийн даргаар Д.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч  2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл буюу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Ашигт малтмалын Газрын 1997 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн  шийдвэрээр ***“” ХХК-ийн ашиглалтын талбайд хайгуул, олборлолтын ажиллагаа хийж, нөөцийг бүрэн ашиглаж дууссан юм. “А” ХХК нь 2014 оны  03 дугаар сард “Эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх” үйл ажиллагаа эрхлэх эрхийг 3 жилийн хугацаатайгаар авсан бөгөөд энэхүү эрхийн хүрээнд нөхөн сэргээлтийн ажил хийх зорилгоор тусгай зөвшөөрлийн талбайг 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ашигт малтмалын газраас шилжүүлэн авсан юм. 

Байгаль орчны нөхөн сэргээлт хийхийн тулд санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардлагатай тул “***” ХХК-ийн ашиглалт, олборлолтын үед гарсан овоолгын алтны нөөцийг тодорхойлон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулан, алтны үүсмэл ордыг ашиглах “Ашиглалтын төлөвлөгөөг” батлуулан үйл ажиллагаа эхлэх байсан боловч Байгаль орчин, аялал жуулчлалын  яамнаас тухайн талбайг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн координатад давхацсан гэсэн үндэслэлээр “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”, “Менежментийн төлөвлөгөө”-г батлаагүй юм. 

Хязгаарлалтын бүсэд сөрөг нөлөөгүйгээр хөрс ургамлын нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулж болно гэж заасны дагуу бид нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм. Тийм учраас бид нарийвчилсан төлөвлөгөө батлуулж, өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 

           Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Б  2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс хайрга чулуу авах, мод, зэв шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газар зам тавих мэтээр байгалийн төлөв байдлыг өөрчлөхийг хориглоно” гэж заасан. 

Бид нөхөн сэргээлтийн ажиллагаа хийхийн тул газар ухахгүй, харин ухсан газарт булах гэж байгаа. Бидний үйл ажиллагаа энэхүү хуулийн заалт нь хоорондоо өөр юм. Бидний зүгээс хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлж ажиллах гэж байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хийх гэж байгаа. Үүнд хуулиар хориглосон зүйл байхгүй. Байгаль орчин, ачлал жуулчлалын яамнаас ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй гэсэн тайлбарыг өгч байна. Тэгэхээр энэ нь цэвэр хардлагын шинжтэй асуудал болоод байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

          Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б  2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** дугаартай ашиглалтын талбай нь *** байгалийн нөөц газрын хилийн заагтай бүтэн давхцалтай байгаа. Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан зөрчилтэй байгаа учраас нарийвчилсан төлөвлөгөөг батлах боломжгүй. 

Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс ашиглалт явуулах боломжтой гэж үзсэн. Тийм учраас давхцлыг арилгах, эсхүл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулсны дараа нөхөн сэргээлт хийх эрх нээлттэй байгаа гэв. 

ҮНДЭСЛЭХ нь 

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Хэнтий аймгийн *** сумын нутаг дахь *** дугаартай ашиглалтын талбайд  хийгдэх нөхөн сэргээлтийн ажлын “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”, “Менежментийн төлөвлөгөө”-г батлахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгуулах” гэж тодорхойлжээ.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. 

          “А” ХХК нь Хэнтий аймгийн *** сумын нутаг дахь *** нэртэй 218.81 гектар талбай бүхий *** тоот “***” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 410 дугаар шийдвэрээр шилжүүлж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан *** тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралт, Ашигт малтмалын газрын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай” 410 дугаар шийдвэр, 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” ***, тусгай зөвшөөрөл шилжүүлэх үйлчилгээний хөлс төлсөн баримт, өргөдөл, тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн мэдээлэл ба “Уурхайн тоног төхөөрөмж худалдан авах гэрээ”, “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ” зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх ба энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж, зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно” гэснийг зөрчөөгүй байна.

            “А” ХХК нь “***” ХХК-ийн ашиглалт, олборлолтын  үед гарсан овоолгын алтны нөөцийг тодорхойлон, алтны үүсмэл ордыг ашиглаж нөхөн сэргээлтийг үйл ажиллагаа явуулах зорилготойгоор тус ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авчээ. Үүсмэл орд, түүнийг ашиглах гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д “...“Үүсмэл орд” гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолго”-ыг, 4.1.28-д “... “Үүсмэл орд ашиглах” гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа”-г хэлэх бөгөөд нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5-д “Энэ хуулийн 39.1.1-д заасны дагуу боловсруулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ” “Менежментийн  төлөвлөгөө”-г хүргүүлжээ.

           “***” ХХК нь *** дугаартай тусгай зөвшөөрлийг 2014 онд талбайн нөөц дууссан боловч  цаашид хог хаягдлыг  ашиглан нөхөн сэргээлт хийх зорилгоор “А” ХХК-д шилжүүлсэн нь Ашигт малтмалын газрын  Кадастрын хэлтэст /хуучин нэрээр/ гаргасан хүсэлт, *** дугаартай  тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэх өргөдөлтэй танилцах хуудасны Ерөнхий мэдээлэл хэсэгт “... олборлолтын үйл ажиллагаа явуулаад дууссан бөгөөд  одоо нөхөн сэргээлтийн ажил хийгдэх шаардлагатай  байгааг тодорхойлсон”  байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт гэсэн хэсэг, Тэмдэглэл хэсгийн нөөцийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний  “... тохойн булгийн алтны шороон орд, нөөцийг ашиглаад дууссан”, хэлтсийн даргын дүгнэлт “... улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн нөөц дууссан” гэсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

        Улсын Их Хурлын 1998 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 28 дугаар тогтоолын 1.2 дахь хэсгийн заалтаар “А” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газрыг  Тосон-Хулстайн байгалийн нөөц газарт авчээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Байгалийн тодорхой хэв шинж, аль нэгэн нөөц, баялгийг хамгаалах, хадгалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн нөөц газар гэнэ” гэж заасан байна.           

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн лавлагаагаар *** дугаартай тусгай зөвшөөрөл бүхий газар нь Улсын тусгай хамгаалалттай газар /*** БНГ/-н хилийн заагтай бүтэн давхцалтай  болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ үйл баримт дээр талууд маргадаггүй.

           “***” ХХК нь 1997-2014 оны хооронд *** дугаартай тусгай зөвшөөрлийг ашиглаж, нөөц нь дууссан тул тус газарт нөхөн сэргээлт хийлгэхээр нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй “А” ХХК-д шилжүүлжээ. 

            Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 39.1.5, 39.1.7.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж зааснаар хариуцагч нь “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”, “Менежментийн төлөвлөгөө”-г батлахаар заасан байна.

            Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчээс ирүүлсэн “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”, “Менежментийн төлөвлөгөө”-г Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг баримтлан батлахаас татгалзжээ.

            Хариуцагч нь “***” ХХК-иас ирүүлсэн “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”, “Менежментийн төлөвлөгөө”-г үндэслэж 1997-2014 он хүртэл буюу тус газрын нөөцийг дуустал үйл ажиллагааг нь хориглоогүй байснаас үзэхэд Улсын Их Хурлын 1998 оны 28 дугаар тогтоолыг анхнаасаа хэрэгжүүлж ажиллаагүй,  байгалийн нөөц газарт ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрч, холбогдох зөвшөөрлүүдийг олгож байсан болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

             Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг дагаж мөрдөлгүйгээр 1997-2014 онуудад тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал эрх хайх, ашиглаж, олборлох үйл ажиллагааг явуулж, тус газрын нөөцийг дуусган хүлээлгэж өгсөн байх тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр  зүйлийн 11.2-д “Хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх” зорилгоор хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж болно гэж зааснаар “А” ХХК-г тус газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах үүргийг нь биелүүлэх нь зүйд нийцнэ гэж дүгнэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.5, 39.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хэнтий аймгийн *** сумын нутаг дахь *** дугаартай ашиглалтын талбайд хийгдэх нөхөн сэргээлтийн ажлын “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ”, “Менежментийн төлөвлөгөө”-г батлахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгасугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 ШҮҮГЧ                 Д.ЧАНЦАЛНЯМ