Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/71

 

 2020        01          23                                      2020/ШЦТ/71

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0042/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүгч Д.Дарьсүрэн,          Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Тулга, улсын яллагч С.Эрдэнэтуяа, хохирогч У.Батчулуун, иргэдийн төлөөлөгч Б.Банзрагч, шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн В танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аюур овогт Ц.Г-д холбогдох эрүүгийн 1909039861261 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1968 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Барилгын засалчин мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Голден будда” барилгын компанид хамгаалагчийн ажил эрхэлж байсан, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 27-682 тоотод оршин суудаг,

урьд Сүхбаатарын районы ардын шүүхийн 1988 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 84 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял,

-Сүхбаатар районы ардын шүүхийн 1989 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 200 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 3 cap 10 хоногийн хорих ял,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 1993 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 254 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,

-2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын Москва хотын Мещанский дүүргийн шүүхээр Оросын холбооны улсын Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн в зүйлээр 2 жилийн хугацаагаар хорих ял,

-  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Ц.Г /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27-685 тоотод байрлах махны төрөлжсөн дэлгүүрт хохирогч У.Батчулуунтай хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хохирогч У.Батчулууны зүүн дал, нурууны шулуун булчин зүүн доод хэсэг, зүүн гарын шуу болон цээжний баруун талын 9, 10 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү хутгалж буюу зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г мэдүүлэхдээ: “Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө ажлаасаа буусан юм. Манай ах надад Монгол гэр авч өгсөн тул гэрийнхээ хаяаг манаж байсан. Гэтэл Батчулуун ах шартаад үхэх гээд байна гэхээр нь 0.33 граммын Ерөөлт архи, хиам, иклер аваад бид Батчулуун ахын гэрт нь очсон. Удалгүй би гэртээ хариад билет, түрийвч байхгүй болсон байхаар нь Батчулуун ахын гэрт дахин очиж 80.000 төгрөг байхгүй байна гэж хэлэхэд битгий хуцаад бай гэж хэл амаар доромжлохоор нь мөнгийг маань өгчих гэж гуйсан. Батчулуун ах ширээнийхээ хойно сууж байсан бөгөөд ширээн дээр нь хутга байсан юм. Нэг мэдэхэд бид зодолдоод өөрийн мэдэлгүй хутгыг авсан байсан. Миний нүүрээр цус урссан байсныг санаж байна. Би эрүүлжүүлэгдээд сэрэхэд цагдаа нар чиний хутгалсан хүн чинь сэхээнд байгаа, амьдрах магадлал бага гэж хэлэхэд нь би маш их айгаад бүх үнэнээ мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тэнд надаас өөр хүн байгаагүй тул би л хутгалсан байх гэхдээ яаж хийснээ мэдэхгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үгээр тайлбарлаж чадахгүй байна. Болсон үйл явдлаа бүгдийг нь хэлсэн. Тиймээс хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би аль болох төлбөрийг нь төлнө. Би астам, даралттай, сүрьеэтэй болохоор хүнд ажил хийж болохгүй. Зохих ёстой хариуцлагаа хүлээнэ. Хүн бүхний толгойг илж болохгүй. Энэ улс маань хэцүүднэ. Батчулуун ахаа уучлаарай. Төлбөрийг чинь төлнө. Хутга байсан боловч яаж хутгалснаа би яагаад ч мэдэхгүй байна. Би үүрээд л гэр рүүгээ явсан. Би өөрөө хутгалуулснаа ч мэдээгүй” гэв.

Хохирогч У.Батчулуун мэдүүлэхдээ: Би тэр өдөр дэлгүүртээ өдөржингөө суусан. Батчулуун согтуу байсан. 3000 төгрөг өгөөч гэхээр нь би өгсөн. Биеэ хамгаалах гэж Ц.Г-тэй нилээн их зодолдсон. Чи миний амийг үлдээ гэж би энэнээс их гуйсан. Би хүнээс 80.000 төгрөг авах хүн биш. Би өөрөө дэлгүүртэй хүн. Ц.Г нь надад “...Би Монголын иргэн биш, Оросод авгай хүүхэдтэй, маргааш Орос явна, шоронд амьдарч байсан” гэх талаараа их ярьсан. Ц.Г манайд шөнө ирэхэд нь би уурласан байж болно. Би өдөржингөө наймаа хийгээд машин руу явах гэж байсан. Ц.Г-н архи дээр нь мөнгө нэмж өгөөд хамт архи уусан юм байх. Гэртээ очоод амьдарч чадахгүй байна. Айлаар дүү нарыхаар амьдарч байна. Эмчилгээний зардал болох бичиг баримтаа гаргаж өгсөн. Энэ мөнгийг өг. Дэлгүүрийн үйл ажиллагаа 23 хоног зогссон. Дэлгүүрийн хар данс байгаа. Хамгийн эхлээд эмнэлэгт гарсан зардлын мөнгийг өг. 1.350.000 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс Юра ахынх нь өгсөн 300.000 төгрөгийг хасаад, 1.050.000 төгрөгийг нэхэмжилж байна. Манай дэлгүүрийн үйл ажиллагаа 23 хоног зогссон 8.100.000 төгрөгийг авмаар байна. 1л 30 грамм цустай очсон, би эрүүл биетэй учир үхээгүй. Хэрэв үүнийг гаргаж өгвөл чамд аль болох гайгүй хандмаар байна. Эхлээд 1.350.000 төгрөгийг гаргуулж авмаар байна. Дэлгүүрийхийг бол дараа өгч болно. Манай дэлгүүр нэг өдөрт 368.000 төгрөгийн ашигтай ажилладаг” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс:

Хохирогч У.Батчулууны өгсөн: "...Дээж дэлгүүр рүү ороход зүс таних Ц.Г гэх залуу зогсож байсан, ингээд тэр залуу над руу хандаж 3000 төгрөг өгөөч архи авах гэсэн юм гээд шалаад байхаар нь би өгөөд дэлгүүрээс талх, ундаа аваад буцаад махны дэлгүүр болох гэр лүүгээ орсон. Би ороод байж байхад миний араас удалгүй орж ирсэн бөгөөд 0.33 литрийн “Ерөөл” гэх архи барьж орж ирээд тэр архийг задлаад надад нэг хийж өгөхөөр нь би нэг татаад одоо явлаа уухгүй гэж хэлэхэд Ц.Г уурлаад би шоронгийн шийдсэн хулгайч би орос явна, би Монголын иргэн биш, би Орост байгаа эхнэр 2 хүүхэд дээрээ очин вагоноор явна зардал хэрэгтэй байна гэж уурлаж ширээний доороос саванд байсан хутганаас аваад ална чамайг гэж дайраад би ноцолдож, намайг тэр залуу хутгалсан бөгөөд миний бие сульдаж ухаан балартсан нэг мэдэхэд Юрагийн гэрт миний хувцсыг тайлж байх шиг байсан тэгээд ухаан алдаад би эмнэлэгт хэвтэж байсан. ...Өмнө нь Ц.Г ерөөсөө орж ирж байгаагүй, хааяа манай дэлгүүрийн урдуур явж харагддаг. Бид хоёрын хооронд өр авлага, өс хонзон бол ёстой байхгүй. Би Ц.Г-г шоронд байсан атаман зангаа гаргах гэж хутга барьсан байх гэж бодож байна. Би өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна" гэх мэдүүлэг /хх-ийн 27-34 тал/,

Гэрч Б.Оюунцэцэгийн өгсөн: "...би 2019 оны 10 дугаар сарын 31-нд дэлгүүр дээрээ худалдагч хийж байсан. Орой 21 цаг өнгөрч байхад Батчулуун болон Ц.Г нар нь хамт орж ирээд 0.33 литрийн “Ерөөл” гэх архи авсан юм. Гаднаас орж ирэхдээ Ц.Г нь мөнгө барьсан байсан ба надад 4000 төгрөг өгөөд 200 гр Ерөөл өгчих гэхэд хажуугаас Батчулуун нэмээд 0.33 болгочих гээд мөнгө нэмж өгөөд 0.33 ерөөл нэг ундаатай авсан юм. Батчулуун 5000 төгрөг барьчихсан байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,

Гэрч Ц.Юрагийн өгсөн: "...Би cap өдрөө сайн санахгүй байна, шөнө унтаж байхад гаднаас 00:00 цаг өнгөрч байхад Батчулуун Ц.Г хоёр хоорондоо ноцолдоод цус болчихсон орж ирсэн. Тэгээд би сэрчихэж байгаа юм чинь босоод өөрийнхөө 96060537 дугаараас түргэн дуудсан. Тэр хооронд Ц.Г Батчулууныг 80.000 аваад гэртээ оруулж тавьсан гэж хэлсэн биз дээ чи гээд хэрэлдээд байсан. Хоёулаа согтуу байсан, Батчулуун лав "харина, дэлгүүр онгорхой байгаа" гээд хөл дээрээ тогтож чадахгүй байсан, Ц.Г бас адилхан согтуу байсан. Надад хаана архи уусан талаараа хэлээгүй. Батчулуун гаднаас цус болчихсон дээгүүрээ нүцгэн орж ирсэн тэгээд эмч оёход нь харахад баруун талын хавирганаас нь цус гарч байсан, өөр гэмтэл байсныг сандраад сайн анзаарч хараагүй. Надад Батчулуун танай дүү чинь намайг хутгалсан гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

Ц.Г-н сэжигтнээр өгсөн: "...Махны дэлгүүрт очиход Батчулуун орон дээрээ хэвтэж байсан бөгөөд би Батчулуун ахад хандаж миний мөнгө байхгүй байна танайд би хувцсаа тайлсан та миний мөнгийг өгчхөөч гэхэд би чиний мөнгийг аваагүй чи юу солиороод байгаа юм наад хавиараа хайгаач би чиний мөнгийг юу гэж авдаг юм надад мөнгө байна гэсэн бөгөөд бид хоёр маргалдаж би Батчулуун ахад хандаж та настай хүн байж миний мөнгийг өгчхөөч гэхэд би юу гэж чиний мөнгийг авдаг юм гэхээр нь би төмөр мах эвддэг ширээн дээр байсан хар иштэй дунд зэргийн хутгыг аваад та миний мөнгийг өг гээд айлгах гэтэл миний барьж байсан хутганаас булаацалдсан бөгөөд би зүүн гарын булчин орчим мөн дөл орчим нь нэг нэг удаа хатгаад бид хоёр ноцолдсон бөгөөд гэнэт миний хацар дагаж цус урссан Батчулуун ахын биеэс нь бас гараас нь цус гарахаар би юу хийчих вэ гээд айгаад би Батчулуун ахыг дагуулаад гэр лүүгээ явсан. Тэгээд гэрт очиход манай ах Юра байсан бөгөөд ах уурлаж чи хүн аллаа гэж хэлээд яаралтай түргэн тусламж дуудаад цагдаа нар ирж намайг эрүүлжүүлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/,

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өвчний түүхээр гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээний №13481 дугаартай шинжээчийн "У.Батчулууны биед нуруу цээжинд олон тооны шарх, элэг өрцөнд нэвтэрч хэвлийн хөндийд цус алдсан шарх, шархыг цэгцлэх мэс ажилбарын дараах байдал, баруун шуунд шарх зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтгаална." гэх дүгнэлт /хх-ийн 53 тал/,

Цэргийн төв эмнэлгийн 016258 тоот өвчний түүх /хх-ийн 91-108 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-17 тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

Шүүгдэгч Ц.Г нь согтуугаар 2019.10.31-ний шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27-685 тоотод байрлах махны төрөлжсөн дэлгүүрт хохирогч Уснийхиагийн Батчулууныг өөрөөс нь мөнгө хулгайлсан гэж худал сэрдсэн гэх шалтгаанаар хурц маргалдаж, улмаар хохирогчийг олон удаа хутгалан зүүн дал, нурууны шулуун булчингийн зүүн доод хэсэг, зүүн гарын шуу болон цээжний баруун талын  9, 10 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нь нэвтэрсэн гэмтэл шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн байх бөгөөд шүүгдэгч Ц.Г нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогч хэн алиных нь хувьд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлжээ.

Хэдийгээр шүүгдэгч Ц.Г нь би хэрхэн хутгалснаа санахгүй байна гэж байгаа ч хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Сувд-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: “хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хохирогчоор шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолд шинжээч гарын үсэг зураагүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Ц.Г-н биед гэмтэл учирсан байх боловч шинжээчийн дүгнэлт байдаггүй. Шинжээчийн дүгнэлт хийх тогоол гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчиж байна. Хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан эд мөрийн баримтаар тооцох прокурорын тогтоол байдаг. Хутгануудыг эд мөрийн баримтаар тооцож авсан байж хохирогчид шууд хүлээлгэн өгсөн нь нотлох баримтыг хангахгүй байна. Эд мөрийн баримтыг байхгүй болгосон байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг нотлоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж хэргийг прокурорт буцаана уу” гэсэн байх бөгөөд шүүх хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг заасан бөгөөд гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр гэмт, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, прокурорын тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд шүүгдэгч Ц.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.Г-г гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нь хохирол нөхөн төлж барагдуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулсан боловч шүүгдэгч Ц.Г нь уг хугацаанд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч У.Батчулуун нь эмчилгээний зардал 1.050.000 төгрөг, дэлгүүрийн олох ёстой байсан ашиг орлого гэж 8.100.000 нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримтаар нотлогдож буй 1.050.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-с гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 8.100.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хохирогч нь энэ хэмжээний ашиг орлого олох ёстой байсан гэх байдлаа нотлохгүй байх тул энэ нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар энэ нэхэмжлэлээ жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Мөн түүний энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Г-г зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Г-д 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Г-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг ял эдлэх  хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ц.Г-с 1.050.000 /нэг сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч У.Батчулуунд /РД: ХМ57112776/ олгож, хохирогчийн нэхэмжлэлээс үлдсэн 8.100.000 /найман сая нэг зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

6. Хохирогч У.Батчулуун нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах  болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ц.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР

                                                                   ШҮҮГЧИД                                    Д.ДАРЬСҮРЭН

                                                                                                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ