Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 345

 

 

 

 

 

                

  2020             3              24                                          2020/ДШМ/345

 

 

Ц.Г-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,                             

шүүгдэгч Ц.Г,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүгч Д.Дарьсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Гын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1909039861261 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Аюур овгийн Цэрэндэжидийн Г, 1968 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, “....” барилгын компанид хамгаалагчийн ажил эрхэлж байсан, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, Бэлхийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.................../,

Сүхбаатарын районы ардын шүүхийн 1988 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 84 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатарын районы ардын шүүхийн 1989 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 200 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатарын районы ардын шүүхийн 1991 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 146 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1992 оны 12 дугаар сарын 9-ны өдөр 7 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1993 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 254 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Оросын Холбооны Улсын Москва хотын Мещанский дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Оросын Холбооны Улсын Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн В-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

 

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27-685 тоотод байрлах махны дэлгүүрт хохирогч У.Батчулуунтай хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар зэвсэг хэрэглэн У.Батчулууны зүүн дал, нурууны шулуун булчин зүүн доод хэсэг, зүүн гарын шуу болон цээжний баруун талын 9, 10 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Аюур овгийн Цэрэндэжидийн Гыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Гад 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Ц.Гад оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний энэ хэрэгт урьд цагдан хоригдсон 83 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ц.Гаас 1.050.000 төгрөгийг гаргуулж хохирогч У.Батчулуунд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс үлдсэн 8.100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч У.Батчулуун нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Г гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хохирогч У.Батчулуун ах бид хоёр хамт тэдний махны дэлгүүрт архи уусан бөгөөд тэр дэлгүүрт түрүүвчтэй мөнгөө орхисноо санаад би буцаад очсон. Түрүүвчин дотор цалингийн үлдэгдэл болох 80.000 төгрөг, автобусны карт байсан. У.Батчулуун ахад хандаж миний мөнгөтэй түрүүвч алга. “Энд түрүүн үлдээсэн” гэж хэлтэл “би чиний мөнгийг аваагүй, чи юу солиороод байгаа юм, би чиний мөнгийг юу гэж авдаг юм, би дэлгүүртэй хүн, надад мөнгө байна. Чам шиг шоронгийн гуйлгачин биш” гэх зэргээр доромжлон над руу дайрахаар нь би ширээн дээр ил байсан хутгыг авч айлгах зорилгоор барьж байтал миний барьсан хутганаас булаацалдсан бөгөөд бид хоёр ноцолдох үед миний хацар, хөл хутганд зүсэгдсэн байсан. У.Батчулуун ахын биенээс цус гарахаар нь би юу хийчих вэ гэж айгаад цус гарч байгаа газар нь цамцаар боогоод гэртээ авч ороод түргэн тусламж, цагдаа дуудсан. Мөн миний цусны бүлэг өмднөөс илэрсэн байдаг.

Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож маш их гэмшиж байна. Мөн хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээрээ маргаагүй, ийм төрлийн гэмт хэрэгт анх удаа холбогдсон. Хохирогч У.Батчулуун ахад учруулсан төлбөрөө бүрэн гүйцэт төлж барагдуулах, эмнэлэг цагдаа өөрөө дуудсан, миний эрүүл мэндийн байдал зэрэг хувийн байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан заалтуудыг тус тус журамлуулахаар хүсэж байна. Анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөрдөн байцаах, шинжээчийн дүгнэлт, прокурорын шатанд дутуу дулимаг, маш их зүйлийг анхааралгүй орхигдуулсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлоогүй гэж ойлгож байна. Тиймээс хэргийг дахин сайтар тал бүрээс нь хянан үзэж миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр надад оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас минь багасгаж хасаж өгнө үү” гэв.

 

            Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Гад гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шүүх эмнэлгийн шинжээч томилсон тогтоол үйлдсэн боловч шүүгдэгч өөрөө үзүүлэхээс татгалзсан. Энэ талаар дурдсан шинжээч томилсон тогтоол хавтас хэрэгт авагдсан байдаг. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдааны явцад хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, 5 хоногийн завсарлага авсан боловч 1.050.000 төгрөгийг төлж барагдуулаагүй. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн ах “эмчилгээний зардалдаа хэрэглээрэй” гэж 350.000 төгрөгийг төлсөн. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Иймд, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх хуралдаанаар түүний гэм бурууг хэлэлцэж оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Гад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27-685 тоотод байрлах махны дэлгүүрт хохирогч У.Батчулуунтай хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар хутга хэрэглэж У.Батчулууны зүүн дал, нурууны шулуун булчин зүүн доод хэсэг, зүүн гарын шуу болон цээжний баруун талын 9, 10 дугаар хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрсэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч У.Батчулууны: “Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед “Дээж” дэлгүүрт ороход зүс таних Г гэх залуу зогсож байсан. Тэр залуу над руу хандаж “3000 төгрөг өгөөч архи авах гэсэн юм” гээд байхаар нь би өгөөд дэлгүүрээс талх, ундаа аваад өөрийн ажиллуулдаг махны дэлгүүр болох гэр лүүгээ орсон. Би ороод байж байхад миний араас удалгүй Г орж ирсэн. ...Г “би бол шоронгийн хулгайч, би Орос явна, надад вагоны зардал хэрэгтэй байна” гэж над руу уурлаж, ширээний доор саванд байсан хутганаас аваад ална гэж дайрсан. Бид ноцолдож намайг тэр залуу хутгалсан бөгөөд миний бие сульдаж ухаан балартсан, би нэг сэрэхэд Юрагийн гэрт миний хувцсыг тайлж байх шиг байсан. Тэгээд ухаан балартаж нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан. ...” /хх 30-32/,

гэрч Б.Оюунцэцэгийн “...би 2019 оны 10 дугаар сарын 31-ний 21 цаг орчим дэлгүүр дээрээ худалдагч хийж байх үед Батчулуун болон Г нар хамт орж ирээд 0.33 литрийн “Ерөөл” архи авсан. ...” /хх 40-41/,

гэрч Ц.Юрагийн “...Би сар, өдрөө сайн санахгүй байна, 00 цагийн үед намайг шөнө унтаж байхад Батчулуун, Г хоёр хоорондоо ноцолдоод цус болчихсон орж ирсэн. Би сэрээд өөрийн 96060537 дугаараас түргэн тусламж дуудсан. ...Батчулуун надад “танай дүү намайг хутгалсан” гэж хэлсэн. ...” /хх 42-43/,

гэрч Д.Наранбилэгийн “...над руу Юра гэгч залгаад “танай нөхөр чинь согтуу, хүнд хутгалуулчихсан байна” гэхээр нь Баачка /Батчулуун/-гийн гэр лүү такси бариад очиход Баачка /Батчулуун/-г түргэн тусламжийн тэрэг Цэргийн төв эмнэлэг рүү аваад явсан байсан. Цэргийн төв эмнэлэг дээр ирэхэд Баачка /Батчулуун/ халамцуу асуусан асуултанд хариулж чадахгүй байсан. ...” /хх 35-36/,

гэрч Д.Отгонжаргалын “Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажил дээрээ байж байхад манай аавтай хамт амьдардаг Наранбилэг гэх эгч залгаад “танай аав чинь хүнд хутгалуулсан гэж байна, Юра гэх найзындаа байгаа юм шиг байна” гэсэн. ...Би Цагдаагийн газар дуудлага өгөөд яаралтай Цэргийн төв эмнэлэг дээр очиход манай аав байсан бөгөөд би юу болсон талаар асуухад “ зүгээр байхад намайг хутгалчихлаа” гээд уйлаад байсан. ...” /хх 38-39/, гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “У.Батчулууны биед нуруу цээжинд олон тооны шарх, элэг, өрцөнд нэвтэрч хэвлийн хөндийд цус алдсан шарх, шархыг цэгцлэх мэс ажилбарын дараахь байдал, баруун шуунд шарх зэрэг гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтгаална.” гэсэн 13481 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 53/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-17/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 19-21/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 22/, Цэргийн төв эмнэлгийн өвчний түүх /хх 91-109/, эмчилгээний төлбөрийн баримтууд /хх 178-182/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Гыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, шүүгдэгч Ц.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.4 дэх заалтад заасан төрөл хэмжээний дотор 5 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Гын “...надад оногдуулсан хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж болно гэж хуульчилсан байна.

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Гын өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнийн гаргасан “хохирол төлж барагдуулах шаардлагатай байх тул шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангаж, 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд шүүх хуралдааныг завсарлуулсан байхад шүүгдэгч Ц.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогч У.Батчулуунд нөхөн төлж барагдуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

Түүнчлэн хэргийн материалыг судлан үзэхэд, хохирогч, гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13481 дугаартай дүгнэлтүүд зэргээр хохирогч У.Батчулууны биед учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч Ц.Гын зэвсэг хэрэглэсний улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүдийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                   

 

               ШҮҮГЧ                                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                

               ШҮҮГЧ                                                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ