Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 89

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч П.Ариунболд, шүүгч Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч  С.Солонго,

иргэдийн төлөөлөгч С.Түвшинтайван,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр, Н.Мандах

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Соёлбат, түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Буурлууд овогт Оросын О.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1911023230959 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд, хөгжим урлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо 3-35 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 272 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 cap хорих ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Буурлууд овогт Оросын О.Б, /РД: ЗП87051511/

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн шөнө 03 цаг 10 минутын орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг "Хобби" төвийн барилгын 2 давхарын 8 тоот өрөөнд амь хохирогч Д.Сансарбаттай хамт архидан согтуурч байх явцадаа "морин хуурийн толгойг сонин хийсэн байна" гэж амь хохирогчийг хэлсний улмаас хоорондоо маргалдаж, улмаар амь хохирогчийг цохиж, бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл учруулан алсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хутгыг нь аваад цохиогүй юм. Надад хутгаа өгөхгүй болохоор нь би цохисон юм гэв.

шүүгдэгч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед байх би өөрийн ажлын байр болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо "Хобби" төвийн 2 давхрын 8 тоот өрөөнд ирээд, гутлаа авчихаад хэсэг ажлаа хийж сууж байгаад гарсан юм. Тэгээд тэндээс гараад Хангай хотхонд байх талийгаач Сансарбатын ажлын байран дээр очсон. Намайг очих үед 15 цаг өнгөрч байсан. Тэрээр намайг очиход унтаад байж байсан. Тэрээр намайг очих үед "хэдэн өдөр шоудсан үхэх гэж байна" гэж хэлээд байж байсан. Тэгээд тэрээр шар тайлаад өгөөч гэхээр нь би ажлын хажуугын дэлгүүрээс 2.5 литр хэмжээтэй Нийслэл пиво авч хувааж уусан. Тэгээд 18 цагт би хүнд хөгжим өгөх байсан болохоор ажил руугаа явах гэтэл тэрээр хамт явъя гээд манай ажил дээр хамт ирсэн юм. Ирэх замдаа манай ажлын эсрэг талын 73-р хотхоны хойшоо харсан цагаан өнгийн дэлгүүрээс 2 ширхэг 2.5 литр хэмжээтэй нийслэл пиво аваад манай ажлынөрөөнд орсон. Тэгээд манай өрөөнд нөгөө авсан юмаа хувааж сууж байгаад ярилцаж байтал манай дээд талын давхрын зураач Баттулгыг таньдаг гээд хамт түүний өрөөнд түүнийг дуудаж, өрөөндөө оруулж ирсэн. Тэгээд бид 3 хамт юмаа хувааж ууж байх явцдаа би өөрийн танил дүү зураглаач Баттулгыг бас дуудсан юм. Тэгээд тэр ирээд бид 4 хамт сууж байгаад пиво дуусахын өмнөхөн зураглаач Баттулга дахин 2 ширхэг 2.5 литр хэмжээтэй пиво авчирсан, ямар нэртэй пиво байсныг нь санахгүй байна. Тэгээд ууж сууж байхад зураач Баттулга намайг үгээр доромжлоод морины толгойг ингэж хийнэ гэж юу байдаг юм гээд байхаар нь бид 2 жоохон муудалцсан, зодолдсон зүйл болоогүй. Ингээд хэсэг хугацааны дараа зураглаач Баттулга, зураач Баттулга нар гараад явсан. Харин Сансарбат бид 2 үлдсэн. Тэгээд байж байтал Сансарбат гарч караоке орох уу гээд, гарах гэж байтал нээрээ л сонин толгой хийсэн байна шүү гэхээр нь, наадах чинь дуусаагүй байгаа дууссаных нь даараа гоочлох зүйл байвал гоочлооч гээд бид 2 хоорондоо үг зөрөлдөж эхэлсэн. Тэгээд үг зөрөөд маргалдаж байтал Сансарбат ширээн дээр байсан сийлбэрийн хутгыг гартаа барьж аваад миний нүдийг сохолчихно шүү гээд миний дух руу хатгасан. Би бол буриад хүн учраас хутгалж чадна шүү гэж хэлсэн. Тэгээд чичээд байхаар нь хутгыг нь авах гээд хоорондоо барьцалдсан. Тэгээд хутгыг нь гарнаас нь салгаж аваад өөрийн баруун гараар түүний баруун нүдний хэсэгт нэг удаа цохисон. Тэгсэн чинь тэрээр цохиулаад арагшаагаа саваад шалан дээр уначихсан. Тэгэхээр нь би нэг их зүйл бодолгүй ойр орчимд байсан хутга, мэс болон багаж хэрэгслүүдийг хураагаад цаад өрөөнд байх ажлын ширээн дээр аваачиж тавьсан. Тэгээд эргээд ортол Сансарбатын хамарнаас цус гарчихсан, дээшээ харчихсан унасан байрлалаараа хэвээрээ хэвтэж байсан. Тэгэхээр нь би өөрийн ажлын байран дээр байсан саарал өнгийн цамцаар түүний хамарны цусыг арчаад түүнийг босгоод суулгах гэтэл тэрээр надад "би жоохон хэвтэж байгаад босно" гэхээр нь босгоогүй юм. Тэгээд би муудалцсан уур сайн гарахгүй болохоор нь тайвшрах санаатай цааш өрөөнд орж тамхи татсан. Тэгээд тамхи татаад 5 минут орчимын дараа эргэж ороод түүнийг дахин дуудаад түүнийг босгох гэтэл хөдөлгөөнгүй, амьсгалахгүй байсан юм. Тэгэхээр нь би өөрийн таньдаг цагдаа Даариймаа болон өөр бусад хүмүүс рүү залгаж ярьхад бүгдээрээ надад "эмнэлэг, цагдаа дууд" гэж хэлсэн. Тухайн үед сандарсан байсан болохоор тэд нар луу залгасан юм" гэх мэдүүлэг /1хх-ийн 91-94х/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Соёлбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Ахынхаа амь насыг алдсанд маш их гомдолтой байна, одоогийн байдлаар түүнийг оршуулахад гарсан зардалыг нэхэмжилж байна. Ойролцоогоор 10,000,000 орчим төгрөгний зардал гарсан байгаа" гэх мэдүүлэг /1хх-ийн 54-55х/,

гэрч Д.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө 08 цагаас эхлэн дууны клипны зураг авалт хийсэн. Тэгээд 14 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад их засаг их сургуулийн хажууд найзынхаа гэрт очоод хоол идээд байж байтал миний хуурай ах О.Б над руу чат бичээд дугаараа өгчих гэсэн. Би утасны дугаараа өгөхөд над руу залгаад юу байна ажил төрөл сайнуу ах нь шинэ газар урлангаа оруулсан ирж сонирхохгүй юм уу гэсэн. Тэгэхээр нь би дөхөж очоод залгая гэсэн. О.Б ах надад "Хобби" центрийн 2 давхарт 8 тоот өрөөнд ороод ир гэж хэлсэн. Тэгээд би өрөөнд нь орсон чинь О.Б ахаас гадна 2 хүн байсан. Тэр гурав нэг том пиво ууж дуусгасан байсан бөгөөд хоёр дахь пиво нь талдаа орж байсан.

Тэгээд би Баттулга болон Бори гэх хоёр хүнтэй танилцсан. Тэгээд би 8 тоот өрөөний цаана байрлах амралтын өрөөнд орж гитар авч 2 удаа дуулж өгсөн. Тэгээд байж байтал гаднаас нэг хүн орж ирээд нэг домбор засуулсан гээд аваад гараад явсан. Гэтэл Бори гэдэг ах надад 10,000 төгрөг өгөөд дэлгүүр ороод нэг пиво аваад ир гэсэн. Тэгэхээр нь мөнгийг нь авч гараад замын эсрэг талд байрлах дэлгүүрээс 2 ширхэг том Сэнгүр пиво авч ирсэн. Тэгээд орж ирээд тэр гуравт нэг нэг аяга пиво хийж өгсөн. Гэтэл Бори ах надад нэг хийж өгөхөөр нь би тэрийг нь уусан. Гэтэл О.Б ах Баттулга гээд нэг хүнтэй маргалдаад байсан. Тэр хоёр нойл ороод хаалгыг нь түгжээд маргалдаж зодолдож байгаа юм шиг чанга чимээ гаргаад байсан. Тэгээд Бори гэдэг ах хаалгыг нь нүдээд та 2 боль гэсэн удалгүй гараад ирсэн. Удалгүй миний утас дугарч өдөр зураг авалттай байсан хүмүүс залгаад намайг дуудаад би гарсан. Утсаар ярьчихаад би О.Б ахад өдөр зураг авалттай байсан хүмүүс над руу залгаад дуудаад байна, би явлаа гээд О.Б ахад 10,000 төгрөг өгчөөд гарсан. Намайг гарах үед 21 цаг орчим болж байсан" гэх мэдүүлэг /1хх-ийн 63х/,

гэрч М.Дулмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "нэг залуу 8 тоот өрөө орно ундаа, пиво оруулж өгөх гэсэн юм" гэж хэлсэн. Тэгээд тэр залуу 30-40 минуутын дараа гарахдаа 3 хүн байгаа шүү гэж хэлээд гараад явсан. Тэгээд нэг их удалгүй байж байтал мөн гаднаас 8 тоот өрөө рүү орно гээд орсон" гэх мэдүүлэг /1хх-ийн 70-71х/,

гэрч Ч.Дайриймаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "О.Б нь урьд шөнө 2019 оны 9 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 02 цаг 10 минутанд миний утас руу залгаад манай урлан дээр манай найз ирээд архи уусан тэгээд манай найз уначихлаа унтаж байгаа юм болов уу, гэсэн чинь үгүй л юм шиг байна, би цагдаагийн хэд гэдэг дугаар луу дуудлага өгөх билээ гэж асуухаар нь чи цагдаагийн 102 гэсэн дугаарын утсанд дуудлага өг гэж хэлээд утсаа салгачихсан" гэх мэдүүлэг /1хх-ийн 72х/,

гэрч Ц.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2019 оны 9 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө би гэртээ байж байхад 02 цагийн орчим миний 9983-7224 гэсэн дугаар луу маань манай хүү О.Б өөрийнхөө 9668-1216 гэсэн дугаараас над руу залгаад "Уйлаад байсан" би тэгэхээр нь яасан юм бэ, гэж асуухад юм хариулахгүй, уучлаараи гээд, хүү нь яагаачгүи гээд байсан гэх мэдүүлэг,

гэрч П.Оросын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Би 2019 оны 9 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө эхнэр Ц.Даваасүрэнтэй хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 4 дүгээр гудамж 5-460 тоотод буюу гэртээ 23 цагийн үед унтах гээд байж байхад П.О.Б өөрийнхөө гар утасны дугаараас манай эхнэрийн 86870696 гэх дугаарын утас руу залгаад "...Би хүн алчихлаа, архи уучихсан байна, хайртай шүү танд" гээд орилоод байсан гэсэн" гэх мэдүүлэг /1хх-ийн 75х/,

гэрч Ч.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2019 оны 9 сарын 03-ны өдрийн 15-16 цагийн үед байх Сансараа, О.Б нар манай ажлын өрөөнд надтай уулзахаар ирсэн. Тэгээд тухайн үед намайг хүнд үйлчилж байсан болохоор тэр 2 буцаад яваад өгсөн. Миний ажил 17 цагийн үед тарж би доошоо бууж 8 тоот буюу О.Бын өрөөнд орсон юм. Тэгээд намайг ороход Сансараа, О.Б 2 хамт архи, согтууруулах ундаа уусан болотой пиво авчихсан түүнийгээ уугаад сууж байсан. Тэгээд намайг орсны дараа тэр О.Бын танил дүү гэх Баттулга гэх залуу миний араас орж ирсэн. Тэгээд намайг орж ирэхэд 2.5 литр хэмжээтэй нэг пивоны сав хоосон, 2.5 литр хэмжээтэй пивоноос тал нь үлдсэн байсан юм. Тэгээд миний араас орж ирсэн Батулга гэх залуу гэх залуу эргэж гараад 2 ширхэг 2.5 литр хэмжээтэй пиво авч орж ирсэн түүнийг бид 4 хувааж уусан. Тэгээд хэзээ гэдгийг нь санахгүй байна, нэг мэдхэд шөнө болсон байсан, намайг О.Б бие засах өрөө рүү оръё гэж дуудаадз дагуулаад орсон. Бие засах өрөөнд дагуулаад орсон. Бие засах өрөөнд оронгуутаа О.Б нь хаалгыг дотор талаас нь түгжээд миний фудволкоор миний хоолойг боосон, тэгэнгүүт нь би арай хийж түүний гарыг тавиулаад цээжрүү нь толгойг нь тулж түлхсээр түүнийг унагаад 2 хөлийг нь биеийнхээ 2 талаар гарагж бариад зууралдаж байтал тэрээр өөрөө "одоо болъё" гэхээр нь би түүнийг тавьсан. Би түүнийг огт цохиогүй, учир нь тэрээр хиймэл шүдтэй учраас цохьчих юм бол сүүлзд нь цагдаа, сэргийлэх, төлбөр тооцоо гээд заваарч өгөх юм байна гээд тэсээд гар хөдөлгөөгүй юм. О.Быг тухайн үещд яагаад тийм үйлдэл гаргасныг ойлгоогүй, гэхдээ тэрээр ер нь надад дургүй байдаг юм. тухайн үед О.Б нь намайг боож фудволк урсныхаа дараа нэг цагаан өнгийн фудволкыг өмс гэж өгөхөөр нь би өмсөөгүй юм, учир нв тухайн үед надад цамц байсан юм. Тэгээд салсны дараа О.Б над руу агсраад "чи муу уран бүтээлч биш" гэх мэтээр доромжлоод байсан, нэг их удалгүй Баттулга гэх залуу гараад явчихсан юм. Тэгээд О.Б болихгүй хэл амаар доромжлоод уурлаад, бухимдаад байхаар нь би гараад явчихсан юм. Би хэрэв явахгүй бол дахиж муудалцаж брьцалдаа, сүүлдээ зодоон болоод асуудал болох байх гэж бодоод, түүнээс зайлсхийгээд Сансараад баяртай гэж хэлээд гараад явсан. Би ажлаасаа гарахдаа байрны эзэн Оюун болон жижүүр ах нартай тааралдсан юм. Оюун эгч намайг түрээсээ төлөч гэж хэлж байсан юм. Тэгээд ойролцоогоор 08 цаг 30 минутын үед гэртээ харьсан байсан, тухайн үед би өөрийгөө ямар эрт ирсэн юм бэ, гэж бодож байсан юм" гэх мэдүүлэг /1хх-ийн 80-81х/,

гэрч А.Ууганбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр О.Бын ажлын багаж болох үртэс сорогч төхөөрөмж нь надад байсан юм. Тэгээд машиндаа аваад гадуур явж байгаад 21 цагийн үед О.Б луу залгаад "чи ажил дээрээ байна уу, байвал үртэс сорогчыг чинь оруулаад өгье гэж хэлтэл тэрээр "би ажил дээрээ байна гэж хэлсэн". Тэгэхээр нь 21 цаг 40 минутын үед би түүний Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо "Хобби" төвийн 2 давхрын 8 тоот ажлын байран дээр очсон юм. Намайг очих үед түүний өрөөнд О.Б болон талийгаач Д.Сансарбат нар хоёулхнаа пиво уугаад сууж байсан. Тэгээд төхөөрөмжийг нь өгчихөөд гарах гэтэл намайг хамт суугаад пиво уугаач гэхээр нь би "бэлтгэл тараад явж байна, одоо суух боломж алга байна" гэж хэлсэн. Тэгсэн чинь О.Б надад "чи хамт суухгүй юм бол дэлгүүр лүү гараад пиво авч ирээд өгөөч гээд надад мөнгө өгсөн юм. гэгэхээр нь тэндээс нь гараад яг харалдаа зүүн талд буюу замын эсрэг талд хотхон дотор байх дэлгүүрээс үнээ буюу 2.5 литр хэмжээтэй 1 савтай пиво худалдан авч ирж өгсөн. Одоо ямар нэртэй пиво байсныг санахгүй байна. Тэгээд авч ирж өгөчихөөд гарах гэтэл хамт жоохон сууж байгаад яваач гэхээр нь би өөрөө уухгүй, пиво аягалж өгч 1 цаг орчим сууж байгаад тэр хоёрт хэлэлгүй нууцаар гараад явчихсан юм. Тэгээд би шууд гэртээ харьсан. 2 хоногийн дараагаас байх Д.Сансарбатыг нас барсан гэж цагдаагаас надад хэлж байсан юм" гэх мэдүүлэг /1хх-ийн 87х/,

2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1930 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгмийн шинжлгээ", "Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын баруун чамархай яс цөмөрч, дагзны яс, зүүн чамархай ясны ар хэсэг хүрч үргэлжилсэн далд хугарал, тархины баруун талбөмбөлөгийн чамархай хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа /50мл/, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, чамархай, дагзны хэсэгт тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, зулай хэсгийн тархины эдийн няцрал, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, баруун дух, чамархай, дагзны хуйх, баруун чамархайн булчинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зүсэгдсэн шарх, цус хуралт, дух, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, шанаа, баруун чих, цээж, баруун мөр, зүүн сарвуунд өнгөц зүсэгдсэн шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

Талийгаачийн цусанд 3,5 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтыг харуулж байна. Ходоодны агууламжинд хорт бодис болон эмийн бодис илрээгүй, шээсэнд мансуурах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

Талийгаач нь оношид бичигдсэн гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. гэх дүгнэлт /1хх-ийн 94-99х/

Шинжээч Т.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Д.Сансарбатын биед гавал тархины битүү гэмтэл чамархай хэсэгт цөмөрсөн хугаралтай учраас унахад үүсэх боломжгүй гэмтэл юм. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл юм. Д.Сансарбатын шилэн хүзүүний ар хэсэгт үүссэн зүсэгдсэн шарх үхэлд хүргэхгүй, дангаараа хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл байсан" гэх мэдүүлэг, /1хх-ийн 80-81х/

2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст иргэн О.Баас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл, /1хх-ийн 4х/,

2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо "Хобби" төвийн 2 давхрын 8 тоот өрөөнд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 5-13х/,

2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо "Хобби" төвийн 2 давхрын 8 тоот өрөөнд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-ийн 15-18х/,

2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн "Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл" /1хх-ийн 19-22х/,

2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт", /1хх-ийн 28-32х/,

2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “гap утсанд хийсэн тэмдэглэл", /1хх-ийн 40-46х/,

2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн "Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл" /1хх-ийн 47-50х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

   

Иймд шүүгдэгч О.Быг өөрийн найз болох амь хохиргч Д.Сансарбаттай хамт архидан согтуурч байх явцдаа үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдан улмаар амь хохирогчийг цохиж бие махбодид нь гавал тархины битүү гэмтэл учруулан алсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Соёлбат нь шүүхийн хэлэлцүүлэгт нийт 10.491.940 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар амь хохирогчийн буяны ажил, зан үйлийн зардалд нийт 10.491.940 төгрөг зарцуулагдсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч О.Баас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Соёлбатад олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч О.Бт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан хувийн байдлыг тус тус харгалзан үзэж 10 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шаргал өнгийн резин гэртэй, ягаан өнгийн “LUNA” гэх бичиглэлтэй гар утас /гэрний дотор талд Мобиком ХХК-ний лого бүхий сим карттай/ 1 ширхэг нь О.Бын гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байсан, түүний эзэмшлийн эд зүйл болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу дээрхи эд зүйлд үзлэг хийж тэмдэглэл хийн хэрэгт ач холбогдол бүхий хэсгүүдийн баримтжуулан хавтас хэрэгт авагдсан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц О.Бт буцаан олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буурлууд овогт Оросын О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар О.Бын цагдан хоригдсон нийт 143 /нэг зуун дөчин гурав/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан шүүгдэгч О.Баас нийт 10.491.940 /арван сая дөрвөн зуун ерэн нэг мянга есөн зуун дөчин/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Соёлбат /РД: СБ87052416/-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шаргал өнгийн резин гэртэй, ягаан өнгийн “LUNA” гэх бичиглэлтэй гар утас /гэрний дотор талд Мобиком ХХК-ний лого бүхий сим карттай/ 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц О.Бт буцаан олгосугай.   

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТГЭРЭЛ

                                         

     ШҮҮГЧИД                                 П.АРИУНБОЛД

 

                                                                       Ё.ЦОГТЗАНДАН