Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 662

 

 

 

 

 

 

 

 2020             05             21                                        2020/ДШМ/662                                                

О.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

            прокурор С.Солонго,

шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Соёлбат,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч П.Ариунболд, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б-ын давж заалдах гомдол болон түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр, Н.Мандах нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч О.Б-т холбогдох 1911023230959 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн О-ын Б, Улаанбаатар хотод 1987 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөгжим урладаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 0-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

О.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Хобби” төвийн 8 тоот ажлын өрөөндөө хамт архи ууж байсан Д.Сансарбатыг “морин хуурын толгойг онцгүй хийсэн байна” гэж хэлсний төлөө маргалдан зодож гавал тархины битүү гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 143 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Б-аас 10,491,940 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Соёлбатад олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “LUNA” загварын гар утас, сим карт зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц О.Б-т буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр найз Сансарбат намайг хэл амаар доромжлон хутга барьж дайрахад нь зугтах боломж байгаагүй учир аргагүйн эрхэнд биеэ хамгаалж цохиж хутгыг нь авсан. Хэрэв тэр хүний үйлдлийг зогсоохгүй байсан бол ямар гэмтэл авах, ямар байдалтай байхыг хэлж мэдэхгүй байна. Би цочирдсон байсан. Миний энэ байдлыг харгалзан ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр өөрчилж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, Н.Мандах нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Яллагдагч, хохирогч нар “Морин хуурын толгой сонин хийсэн” шалтгаанаар маргалдаагүй. Гэрч Баттулгын “Морин хуурын толгой сонин хийсэн” гэсэн үгийг яллах дүгнэлтэд бичсэн нь ойлгомжгүй байна. Энэ талаар өмгөөлөгчид хүсэлт гаргаж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн. Шүүх хүсэлтийг хүлээн авч гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээр болсон ч энэ тухай шийтгэх тогтоолд огт дүгнээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг болон өмгөөлөгчид өгч байгаа тайлбар, бусад нотлох баримтуудаас харахад хохирогч нь “Сийлбэрийн хутгаар яллагдагчийн нүдийг сохолно” гэж түүний дух хэсэгт хатгасан, мөн “би Буриад хүн учраас хутгална шүү” гэж түүн рүү дайрсан, үг үйлдлээр дарамталсан, сэтгэл санааны хувьд хүнд нөхцөл байдалд оруулсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. О.Б- нь өөрийгөө хамгаалахын тулд гадны дайралтыг няцаах зорилгоор хохирогчийг цохьсон. Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд хамааралтай шалтгаант холбоотой гэж үзэж байгаа тул О.Б-т холбогдох эрүүгийн 191102323 дугаартай хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд 1 дэх хэсэгт “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан” гэж заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10770 дугаартай дүгнэлтэд “О.Б-ын духанд шарх, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруу, баруун, зүүн тохой, баруун ташаанд зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба ирмэгтэй зүйлийн нэг удаагийн болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ” гэжээ. Яллагдагчийн биед учирсан гэмтэл нь амь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд хамааралтай байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Шийтгэх тогтоолд “Шүүгдэгч О.Б-т ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан хувийн байдлыг тус тус харгалзан үзэж 10 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв” гэжээ. Шүүх урьд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсныг үндэслэн ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан ч тухайн үйлдэлд хамаарах ялгүйд тооцох хугацаа өнгөрсөн, шинээр гэмт хэрэг үйлдсэн байгааг шүүх анхааралгүй хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шийтгэх тогтоолд заасан дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.4 дэх заалтад заасныг зөрчсөн тул хэргийн зүйлчлэлийг зөвтгөн, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна ...” гэжээ. 

Шүүгдэгч О.Б-ын өмгөөлөгч Ц.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гомдлын үндэслэлээ дэмжиж байна. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Амь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийг цохих үйлдэл хийсэн. Магадгүй О.Б- тэр хутгыг аваагүй бол амь хохирогчийн оронд байхыг үгүйсгэхгүй. Хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. О.Б- нь өмнөх хэрэгт оногдуулсан ялыг эдлээд дууссан, ялтай хугацаа өнгөрсөн. Харин өнөөдрийн хэлэлцэж байгаа энэ хэрэгт шинээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамаарч байгаа. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Соёлбат: “... Хэлэх тайлбар байхгүй ...” гэв.  

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... О.Б- нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон өөрийнх нь мэдүүлгээр бүрэн тогтоогдсон. Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэл байхгүй. О.Б- нь хэрэг явдлын талаар тодорхой ярьж мэдүүлж байсан. Иймд шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч О.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Хобби” төвийн 8 тоот ажлын өрөөндөө хамт архи ууж байсан Д.Сансарбатыг зодож гавал тархины битүү гэмтэл учруулан алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Ч.Баттулгын “... Бие засах өрөөнд Батбаяр хаалга түгжээд миний фудболкоор хоолой боосон. Би арай гэж тавиулаад цээжинд нь толгойгоо тулж түлхээд түүнийг унагаж хоёр хөлийг нь биеийнхээ хоёр талаар гаргаж бариад зууралдаж байтал тэр өөрөө “Одоо болъё” гэхээр нь тавьсан. Түүнийг огт цохиогүй ба тэр хиймэл шүдтэй болохоор нь дараа цагдаа, сэргийлэх гээд асуудал үүснэ гэж бодсон юм ... Батбаяр үргэлжлүүлээд хэл амаар доромжлоод уурлаж, бухимдаад байхаар нь би гараад явчихсан ... би ойролцоогоор 20 цагийн үед гэртээ харьсан ...” гэх /1-р хх 79-82/,

гэрч Д.Баттулгын “... ороход Батбаяр ахаас гадна 2 хүн байсан. Тэд том савтай шар айраг ууж дуусгаад хоёр дахь нь талдаа орсон байсан ... би Баттулга, Бори /Д.Сансарбарт/ гэх хүмүүстэй танилцсан. Бори ах 10,000 төгрөг өгөөд “Шар айраг аваад ир” гэсэн ...  Батбаяр ах Баттулга гэдэг хүнтэй маргалдаад ариун цэврийн өрөөнд орж хаалгаа цоожилсон. Дотор чанга дуугараад “Чи надад морин хуурын толгой яаж хийхийг заахгүй” гэж маргалдаад, зодолдож байх шиг чимээ гарсан. Бори ах хаалгыг нь нүдээд “Та хоёр боль” гэсэн чинь удалгүй гарч ирцгээсэн ... Баттулга гэдэг хүний фудболк урагдсан байсан ... намайг гарах үед 21 цаг болж байсан ...” гэх /1-р хх 63/,

гэрч А.Ууганбатын “... Намайг очиход О.Б-, талийгаач Д.Сансарбат нар шар айраг уугаад сууж байсан. Би шар айраг авчирч тэр хоёрт аягалж өгч байгаад 22 цаг 40 минутын орчимд хэлэлгүй нууцаар гараад явчихсан юм ...” гэх /1-р хх 87-88/,

гэрч М.Дулмаагийн “... 02 цагийн үед 8 тоот өрөөг түрээслэдэг залуу “Би цагдаа дуудчихлаа, манай найз ухаан алдаад уначихлаа” гэж хэлсэн ...” гэх /1-р хх 70-71/,

гэрч Ч.Дариймаагийн “... О.Б- 2019 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цаг 10 минутанд миний утас руу залгаад “Урлан дээр найз ирээд архи уусан, тэр уначихлаа, унтаж байгаа юм болов уу гэсэн үгүй юм шиг байна, би цагдаагийн хэд гэсэн дугаарт дуудлага өгөх үү” гэж асуусан ...” гэх /1-р хх 72/,

гэрч Ц.Даваасүрэнгийн “... 2019 оны 09 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн үед хүү О.Б- залгаад уйлаад “Уучлаарай, хүү нь яагаачгүй” гээд байсан ...” гэх /1-р хх 74/,

гэрч П.Оросын “... О.Б- эхнэрийн утас руу залгаад “Би хүн алчихлаа, архи уучихсан байна, хайртай шүү таньд” гээд орилоод байсан гэсэн ...” гэх /1-р хх 75/,

шүүгдэгч О.Б-ын яллагдагчаар өгсөн “... Сансарбат бид 2 үлдсэн ... караокед орохоор гарах гэж байтал Сансарбат миний морин хуурын толгойг хараад “Нээрээ л сонин толгой хийсэн байна шүү” гэхээр нь “Хийж дуусаагүй байгаа, дууссан хойно нь гоочлох зүйл байвал гоочил” гээд бид хоёр үг сөрж эхэлсэн. Маргалдаж байтал Сансарбат ширээн дээр байсан сийлбэрийн хутгыг аваад “Нүдийг чинь сохолно шүү” гээд дух руу хатгасан ... хутгыг нь авах гээд зууралдсан ... баруун гараараа түүний баруун нүдний дээд хэсэгт нэг удаа цохисон. Тэр цохиулаад арагш саваад шалан дээр уначихсан ...” /1-р хх 189-193/ гэх мэдүүлгүүд,

хохирогч Д.Сансарбат нь гавлын баруун чамархайн ясны цөмөрч, дагзны яс, зүүн чамархайн ясны ар хэсэг хүрч үргэлжилсэн далд хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн чамархайн хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, чамархай, дагзны хэсэгт тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, зулай хэсгийн тархины эдийн няцрал, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, баруун дух, чамархай, дагзны хуйх, баруун чамархайн булчинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зүсэгдсэн шарх, цус хуралт, дух, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, шанаа, баруун чих, цээж, баруун мөр, зүүн сарвуунд өнгөц зүсэгдсэн шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдсон ба талийгаач эдгээр гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон шинжээчийн 1930 тоот дүгнэлт /1-р хх 94-96/,

шинжээч эмч Т.Сэлэнгийн “... чамархай хэсэгт цөмөрсөн хугаралтай учраас унахад үүсэх боломжгүй гэмтэл юм. Хатуу, мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой ... шилэн хүзүүний ар хэсэгт үүссэн зүсэгдсэн шарх үхэлд хүргэхгүй ...” /1-р хх 101-102/ гэх мэдүүлэг, 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 5-13, 1-р хх 15-18/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 19-22/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 28-32/,

гар утсанд хийсэн тэмдэглэл /1-р хх 40-46/,

шүүгдэгч О.Б-ын гар утасны камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 47-50/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

“Хобби” төвийн 8 тоот өрөөнд гэмт хэрэг гарахын өмнө хохирогч, шүүгдэгч нараас гадна гэрч Ч.Баттулга, Д.Баттулга, А.Ууганбат нар байжээ. Тэдгээр гэрчүүд шүүгдэгч О.Б- нь согтуурхаж гэрч Ч.Баттулгатай бие засах өрөөнд тодорхой шалтгаангүйгээр зодоон өдүүлсэн ба уг зодооны дараа уурлаж, бухимдан агсарч байсан тухай болон хохирогч Д.Сансарбат хэрүүл маргаанд оролцоогүй, хэвийн байдалтай байсан тухай мэдүүлсэн байна.

Түүнчлэн хохирогч Д.Сансарбатын хувийн зан чанарын талаар гэрч Д.Сайнтуяа, Э.Амартүвшин нар “... уур уцааргүй, уурлаж байхыг хараагүй, бусадтай эвтэй найртай, даруу төлөв зантай ...” хэмээн тодорхойлжээ. /1-р хх 78, 84/  

Цогцост хийсэн гадна үзлэгээр “... баруун чамархайн дээд хэсэгт 11х8,5 см хөхөлбөр цус хуралттай, баруун нүдний дээд зовхи хавдсан, цус хуралттай, шилэн хүзүүнд баруун дээрээс зүүн доош байрлалтай 6 см урт, мурийсан зах ирмэг тэгш 0,3 см гүн шарх ...” болон бусад зулгаралт, цус хуралт бүхий шарх, Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр “... гавлын баруун чамархайн ясны цөмөрч, дагзны яс, зүүн чамархайн ясны ар хэсэг хүрч үргэлжилсэн далд хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн чамархайн хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, чамархай, дагзны хэсэгт тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагзны хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, зулай хэсгийн тархины эдийн няцрал, бага тархины аалзан хальсны доорх голомтлог цус харвалт ...” бүхий гэмтлүүд тогтоогдсон бол шүүгдэгч О.Б-ын биед хийсэн үзлэгээр хамар бага зэрэг хавдсан, баруун гарын булчингийн ар, баруун, зүүн тохой зулгарсан, зүүн дал орчимд цус хурсан, баруун гарын долоовор, дунд үенүүд зүсэгдсэн шархтай, шинжээчийн дүгнэлтээр духанд шарх, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл тогтоогджээ.

Дээрх хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч О.Б-ын эх Ц.Даваасүрэн, эцэг П.Орос нарын “... 02 цагийн үед хүү О.Б- залгаад уйлаад “Уучлаарай, би хүн алчихлаа ...” гэж ярьсан ...” талаарх /1-р хх 74, 75/ мэдүүлгүүдийг давхар баталж байх тул шүүгдэгч О.Б-ын хохирогчид гавал тархины битүү гэмтэл учруулан алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжтэй гэж үзлээ.

Хохирогч, шүүгдэгч нарын хувийн зан чанар, бусадтай харилцах харилцаа, гэмт хэрэг гарах үед хэн алиных нь биеэ авч явсан байдал, шүүгдэгчийн гар утасны камерын бичлэгт үзлэг хийсэн “... хохирогч хурхирч буй чимээ гаргаж байв. Энэ хооронд хамт байсан Оросын Батбаяр “Балай хар гөлөг, хөөе, хөөе, сэрэг, хөөе” гэж хэлээд инээж, “Энэ бол яалт ч үгүй худлаа унталт” гэж хэлснээр бичлэг дууссан ...” гэсэн тэмдэглэл, хохирогч, шүүгдэгч нарт учирсан гэмтлүүд, үүссэн хүчин зүйлс зэргээс дүгнэлт хийхэд хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, эсхүл хохирогчийн аюултай довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял шийтгэж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцжээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн “... хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр, Н.Мандах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.ДАРЬСҮРЭН

 

                                     ШҮҮГЧ                                                              Н.БАТСАЙХАН

                       ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН