Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00442

 

С.Лгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 156/ШШ2017/00537 дугаар шийдвэр,

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 226/МА2017/00026 дугаар магадлалтай,

С.Лгийн нэхэмжлэлтэй

Д.Хд холбогдох

24 905 700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Лгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ байхад Д.Х утсаар ярьж гадаадаас бараа ирж байгаа. Би суманд байдаг болохоор чиний хаягийг өгье гэж хэлсэн. Фэйсбүүк чатаар ирж байгаа барааныхаа зургийг явуулсан. Ингээд 5 хоногийн дараа бараа маань Тайландын гааль дээр саатаад байна. Гаалийн татвар төлөх болоод байна. Найздаа мөнгө олж өгөөч, гаалийн татвар төлчихвөл шууд ирнэ гэсэн. Хүүтэй мөнгө ч хамаагүй олж өгөөч гэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Г.Байгалмаа, Н.Мөнхзул, Ю.Гангансайхан, Б.Энхцэцэг, Г.Гантөгс, С.Хадбаатар, Г.Болортунгалаг, Б.Эрдэнэбулган зэрэг нэр бүхий иргэдээс хүүтэй мөнгө зээлж, хаяг руу шилжүүлсэн болно. Барааны дотор бэлэн мөнгө байгаа, бараа ирэхээр хүмүүсийн мөнгийг өгчихнө чи санаа зоволтгүй гэж байнга итгэл төрүүлж байсан. Энэ мэтээр би Д.Хгийн үгэнд итгэж, нийт 7 удаа мөнгө шилжүүлсэн боловч бараа ирээгүй. Надаар зээлүүлсэн мөнгөө одоо болтол өгөөгүй. Иймд зээлсэн мөнгөө тухайн хүмүүст өгөөгүй өдий хүрч байна. 2017 оны 04 дүгээр сард Цагдаагийн байгууллагын эдийн засгийн хэлтэст хандаж өргөдөл гаргаж Д.Хгаас мөнгө гаргуулж өгөхийг хүссэн. Цагдаагийн байгууллагаас Д.Хг шалгаж удаа дараа тайлбар авч байсан. Д.Х өгсөн тайлбартаа бүх зүйл үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч, мөнгийг төлнө гэх тайлбараа өгсөн. Иймд Д.Хгаас 15 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа 9 105 700 төгрөгөөр нэмэгдүүлж , нийт 24 905 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Л нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х бид 2 бол байнга харьцаатай, найзууд байсан юм. Анх Д.Х надаас эмнэлэгт хэвтэж байна гэдгийг англиар бичээд өг гэж хэлэхэд нь би бичээд явуулсан. Мөн 2016 оны 8 дугаар сард чухал ажил байна, хаана байна гэж хэлж байсан. Харин маргааш нь намайг ажил дээрээ байхад утсаар, би нэг гадаад хүнтэй фэйсбүүкээр танилцаад харьцаж байгаа, надад мөнгө явуулъя гээд байна. Эхлээд надад 50000 фунт өгье гэхээр нь би 40000 фунт авъя гэж хэлсэн. Дансаа явуул гэхээр нь их хэмжээний мөнгийг банкаар авахаасаа айгаад явуулсангүй. Харин илгээмжээр авахаар боллоо. Манай Бэрхийн уурхайн холбооны хүн их хэл амтай, жижигхэн газар учраас хов жив болно. Чи аймагт байдаг юм чинь чиний хаягийг өгөөд авъя гэж надтай ярихад нь би хаягаа бичиж өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд гадаадаас ирж байгаа зүйлүүдийнхээ зургийг авч над руу явуулсан. Дараа нь Скай-экспресс гэдэг компаниас и-мэйл ирсэн байна, мөнгө нэхсэн байна. Чи үүнийг орчуулаад өгөөч гэж хэлсэн. И-мэйлийг орчуулахад бараа Тайландын гааль дээр саатаад байгаа, гаалийн татварыг төлвөл барааг гэрт чинь хүргэнэ гэсэн байсан. Д.Х харин яаж мөнгө олох вэ? Энийг нь төлөөд бараагаа авчихмаар байна. Чамд мөнгө олдох уу гэхээр нь би хүнээс асууж үзье гэж хэлэхэд мөнгө олж өгвөл найзыгаа шагнана гэж хэлж байсан. Энэ үеэр анх цалингийн зээлээ төлөөгүй болохоор зээл нэхэгдээд, хэцүү байна гэж хэлэхээр нь би ажлынхаа газрын тогооч эгчээс мөнгө асуухад 800 000 төгрөг байна, 1 сарын 20 хувийн хүүтэйгээр өгнө гэж хэлсэн. Түүнийг нь Д.Хд хэлэхэд хүү яахав ээ, 1 сар ч хүрэхгүй хугацаанд буцаагаад өгнө шүү дээ. 790 000 төгрөгийг нь шилжүүлээд, чи 10 000 төгрөгийг нь ав. Хүнээс мөнгө хайхад чамд хэрэг болно гэж хэлэхэд нь 790 000 төгрөгийг нь шилжүүлээд, 10 000 төгрөгийг нь авсан. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1200 долларыг 2 хүнээс авч, тухайн гадаад хүн рүү явуулсан. Намайг чи аймагт байгаа учраас тэр хүн рүү шилжүүлчих гээд надад дансны дугаарыг нь явуулсан. Мөнгөө явуулсныхаа дараа надад хэлээрэй гэхээр нь би 18 цагийн өмнө нөгөө хүн рүү нь мөнгийг нь шилжүүлээд, баримтыг нь Д.Хгийн чат-руу зургийг нь дараад явуулсан. Үүнээс хойш ирэх бараа нь ирэхгүй, гаалийн татвар, дайврын хөлс, бичиг баримтын мөнгө, шилжүүлгийн төлбөр гээд нийт 7 удаа мөнгө нэхсэний дагуу би шилжүүлж байсан. Д.Хд хэнээс хэдэн төгрөг авч байснаа байнга хэлдэг байсан. 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлсэн 5 590 000 төгрөгийг бол би Д.Хд хэлэхгүй шилжүүлсэн юм. Д.Х нь ...мөнгө л орж байвал хүү хамаагүй ээ, чи чадна, чи болгоно, чамд мөнгө олдохгүй юу, зохицуулахыг бодолдоо, найз нь чадах бүхнийг хийнэ, найз нь чамд тусална... гэх мэт мессэж болон чатыг над руу утсаар болон фэйсбүүк чат руу байнга явуулдаг байсан. Өөрөө мөнгө ол гэж хэлэхэд урд нь хүнээс мөнгө аваад хугацаа хэтрүүлсэн учраас надад мөнгө олдохгүй байна гэж байсан. Анх надад би чамд 5000 фунт буюу 10 000 000 төгрөгийг өгнө, түүнээс илүүг өгч чадахгүй" гэж хэлж байсан. Миний нөхөр хүнд өвчтэй, сард нэг удаа эмнэлэгт хэвтдэг учраас би цалингийн зээлээ дарахын тулд энэ мөнгийг нь олоод өгье гэж бодоод, мөнгө олж өгсөн. Харин сүүлд нь удаа дараа мөнгө олж өгөөд байхад, чи их ажил нугалж өгсөн учраас би чамд 6500 фунт болгож өгье гэж хэлсэн. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2600 доллар буюу монгол мөнгөөр 6 487 000 төгрөгийг найзаасаа зээлээд мөн өмнөх дансаар нь явуулсан. 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 800 доллар буюу монгол мөнгөөр 1 988 000 төгрөгийг ажлын газрын хүнээсээ зээлдэж мөн л дээрх хаягаар явуулсан. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2200 доллар буюу монгол мөнгөөр 5 456 000 төгрөгийг өөрийн дүү Хадбаатараар хүнээс зээлдүүлээд, Д.Хгийн өгсөн дансанд нь шилжүүлсэн. Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 900 доллар буюу 2 239 200 төгрөгийг бэр эгч Гантөгсөөс зээлдэж дараагийн өгсөн хаяг руу нь явуулсан. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 2250 доллар буюу монгол мөнгөөр 5 530 500 төгрөгийг найз Болортунгалагаас зээлдэж мөн өгсөн хаягийн дагуу шилжүүлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 2250 доллар буюу 5 499 000 төгрөгийг хадам ахаасаа зээлдэж, сүүлийн өгсөн хаяг руу нь шилжүүлсэн. Гэхдээ 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 2250 долларыг би өөрөө Д.Хд хэлэхгүйгээр шилжүүлсэн. Харин бусад мөнгийг бол бид хоёр хоёулаа ярилцаж байгаад шилжүүлсэн. Нийт 7 удаагийн үйлдлээр 12200 доллар буюу монгол мөнгөөр 30 199 700 төгрөгийг явуулсан. Гэхдээ монгол мөнгийг доллар болгож шилжүүлж байсан учраас доллар нь өдөр бүр өөр өөр ханштай байсан. Ингээд ирнэ гэсэн бараа нь ирэхгүйн улмаас хүмүүс мөнгөө нэхээд их хэцүү байдалтай байсан. Гэр ирж юм хураана, цагдаад өгнө гэдэг байсан. Одоогоор 4 хүн шүүхэд намайг өгсөн байгаа. 4 хүн мөнгөө нэхээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очсон байгаа. Тийм учраас би Цагдаагийн байгууллагад хандсан. Харин Д.Х Цагдаагийн байгууллагад 2 удаа ирж тайлбар өгсөн. Тайлбартаа ...би найздаа хандан энэ барааг авчихмаар байна, мөнгө зээлдээч гэхэд манай найз С.Л надад мөнгө зээлдэж авч өгөөд, данс руу шилжүүлсэн. Харин бараа маань ирэхгүй Тайланд, Малайз улсын банкнууд дээр гацсан учраас С.Л найзын маань хүнээс зээлдэж авсан мөнгө нэхэгдээд хэцүү байгаа, миний зүгээс зээлдсэн мөнгөө төлж барагдуулах гээд хөөцөлдөж байгаа, нэг их удахгүй төлж барагдуулах санаатай байгаа... гэх тайлбаруудыг өгсөн байгаа юм. Мөн ...Би өөрийн эхлүүлсэн хэрэгтээ гэмшиж байна. Найзыгаа ийм зүйлийг эхлүүлчихээд зүгээр хаяхгүй, 6 сард багтааж талыг нь барагдуулна... гэсэн мэдүүлгийг өгсөн. Д.Х нь нөхөр болох Мөнхжаргалдаа гадаад хүнтэй харьцаад мөнгө авах болсон талаараа хэлээгүй байсан. Харин С.Лгийн найз мөнгө явуулж байгаа, С.Л надад мөнгө өгөх гэж байгаа гэж ойлгуулсан байсан. Нөхөр Мөнхжаргал нь Цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа миний эхнэр Д.Х нь хүнээс мөнгө зээлдэж аваад уг мөнгөө С.Л, Д.Х нар хоорондоо ярилцаж байгаад гадаад руу явуулсан гэж байсан. Надад бол өөр мэдэх зүйл байхгүй... гэж хэлсэн байсан. Би өөрөө оролцсон болохоо хүлээн зөвшөөрөөд нийт 30 199 700 төгрөгийг Д.Хгийн мөнгийг хувааж төлнө гэсэн хүсэлтийн дагуу хувааж төлөхөөр тохиролцсон байгаа. Цагдаагийн байгууллагаас биднийг ямар нэгэн байдлаар ятгасан зүйл байхгүй. Д.Х өөрөө тайлбартаа хувааж төлье гэж тохиролцсон. Найз нөхөд, хамаатан садан учраас би өөрөө бас өгнө гэж тохиролцсон. Одоогийн байдлаар 10 гаруй сая төгрөгийг өөрөө зээл аваад, аав ээжээрээ тэтгэврийн зээл авахуулаад, янз бүрийн байдлаар төлчихсөн байгаа. Одоо болтол миний дансыг хаасан хэцүү байдалтай байна. Д.Х бол би мөнгөтэй болох гээд ажил хөөцөлдөж байгаа, машин байраа барьцаалах гэж байгаа, газрын ажил судлаж байгаа. Энэ маань бүтвэл би төлөх гээд байгаа гэж хэлэхийг нь хүлээж, итгэсээр байгаад би өдийг хүрсэн. Одоог хүртэл төлөхгүй байсан учраас би 15 сая төгрөг дээр өөрийнх нь данс руу шилжүүлсэн 800 000 төгрөгийг нэмж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин Д.Х нь над руу 1.000.000 төгрөгийг 6 сарын сүүлээр шилжүүлсэн. Д.Хгийн нөхрийнх нь дүү бөө хүн байдаг. Д.Х өөрөө бөөд үзүүлээд их ховор онгод орсон, би өвөөд хэлсэн, өвөө бүтнэ гэж хэлсэн, өнөөдөр данс руу орчих байх, би итгэж байна, өөр хүнээр үзүүлсэн, жаахан саад байна, бүтэх юм байна гэж хэлсэн, найз нь энэ байдлаас ямар ч байсан гаргана гэх мэтийн зүйл байнга бичиж, ярьдаг байсан. Мөн өөрөө байнга чат бичээд, намайг нөгөө гадаад хүн рүү ингэж явуул, тэгж явуул гэдэг байсан. Эхлээд гадаа хүнтэйгээ чат-аар харьцдаг байж байгаад, дараа нь вибэр гэх программ утсандаа суулгаад харилцдаг болсон. Тэр гадаад хүнийг нь Жон Герард гэдэг юм. Д.Х нь гадаад хүнтэйгээ google translate гэдэг программаар гадаад үгээ орчуулаад, яг л монголоор харилцаж байгаа юм шиг ярилцдаг байсан. Бичсэн зүйлүүдээ над руу явуулаад, орчуулаад өгөөч гэж хэлж байсан болох нь фэйсбүүк чат-д байгаа. Хүмүүс мөнгөө нэхээд байна гэхээр эхлээд болно, бүтнэ гээд байсан бол сүүлдээ чи өөрөө шуналдаа хөтлөгдөөд ийм байдалд хүрч байна, надаар оролдоод байвал хачин болно шүү, аятайхан байгаарай гээд уурлаад байдаг болсон. Миний хувьд би хамт олныхоо дунд нэр хүндтэй байсан учраас тэр олон хүн надад итгээд мөнгө зээлдүүлж байсан. Би 2017 оны 01 дүгээр сараас өдийг хүртэл хүмүүст элдвээр доромжлуулаад сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохироод явж байна. Д.Х намайг 3 удаа Бэрх тосгон руу дуудаад, өвөө чамайг хэнгэргийн дуу сонс гэсэн гэж хэлээд эхний удаа Д.Х өөрөө надад зардлын мөнгө явуулсан. Дараагийн 2 удаа Бэрх тосгон руу явахдаа би өөрөө мөнгөө гаргаж очиж байсан. Энэ хугацаанд мөнгө авсан зарим хүмүүс маань хүү авч байсан. Мөн цалингийн зээлийн хүү гэж 1 300 000 төгрөг төлж байсан. Ингээд би нийт 7 удаа мөнгө шилжүүлсэн 24 905 700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжилсэн үнийн дүнд хамгийн сүүлд өөрийнхөө шилжүүлсэн 5 499 000 төгрөгийг хассан байгаа. Мөн Д.Хгийн өөрийнх нь данс руу шилжүүлж байсан 1 205 000 төгрөгөөс над руу явуулсан 1 000 000 төгрөгийг хасаад, 205 000 төгрөг үлдсэн. Иймд Д.Хгаас 24 905 700 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх Д.Х нь Жон гэдэг хүнтэй харьцаж байгаа, мөнгө өгвөл шагнал олгоно гэж хэлсэн учраас би мөнгө олж өгсөн. Анх 5000 фунт буюу монгол мөнгөөр 10 сая орчим төгрөгөөр шагнана гэж байсан. Сүүлдээ мөнгө явуулаад байхаар их ажил нугалж байгаа учраас шагнал болгож 6500 фунт өгье гэж хэлсэн. Гадаад руу шилжүүлсэн мөнгөний 1200 доллар нь цэвэрлэгээний мөнгө Тайландын гааль, 2600 доллар нь бараа дотор их хэмжээний мөнгө илэрсэн учраас гаалийн татвар /Тайландын гааль/, 800 доллар тээврийн хөлс/ Тайландын гааль/, 2200 доллар нь бичиг баримтын төлбөр /Малайзын гааль/, 900 доллар нь Жон өөрөө бараагаа авахын тулд Малайз руу очих болсон байна гээд авсан /малайзын гааль/, 2250 доллар нь шилжүүлэг хийхэд кодны төлбөр /Малайзын банк/, 2250 доллар нь Малайзаас Монгол руу мөнгө шилжүүлэхэд шаардлагатай банк хоорондын шилжүүлгийн төлбөр гэж авсан. Ингээд нийт 12 200 доллар болсон гэжээ.

Хариуцагч Д.Х нь шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 1 дүгээр сарын 7-нд гэртээ байхад Д.Х утасдаад гадаадаас бараа ирж байгаа. Би суманд байдаг болохоор чиний хаягийг өгье гэсэн. Мөн 5 хоногийн дараа бараа Тайландын гааль дээр саатаад гаалийн татвар төлөх хэрэгтэй болоод байна. Хүүтэй ч хамаагүй мөнгө гэсэн. Бараа ирэнгүүт хүмүүсийн мөнгийг өгнө, чи санаа зоволтгүй гэж байнга итгэл төрүүлж хэлсэн" гэж худал зүйл бичжээ. Хууль, шүүхийн өмнө үнэн зөвөөр мэдүүлэх ёстой атал намайг итгэл төрүүлэхээр худал хэлж мөнгө зээлдэж авсан мэтээр бичсэнийг гайхаж байна. Д.Х нь надтай ойрын төрөл садангийн холбоотой, мөн нэг ангийн найзууд юм. Би түүнээс нэхэмжлэлд дурдсан 15 800 000 төгрөгийг зээлдэж аваагүй. Харин 790 000 (долоон зуун ерэн мянга) төгрөгийг өөрийнхөө цалингийн зээлийг төлөх гэж авсан. Ингэхдээ хүүтэй зээлдэх гэрээ бичгээр байгуулаагүй, утсаар ярилцаж байгаад над руу шилжүүлсэн. Би энэ авсан мөнгөө 06 дугаар сарын сүүлээр 1 000 000 төгрөг болгож түүний нөхөр Шижирхүүгийн данс руу шилжүүлсэн, 790 000 төгрөгөөс өөр мөнгө зээлдэж аваагүй болно. Одоо би С.Лд өгөх өр төлбөр байхгүй. 2017 оны 1 дүгээр сарын 13-наас 4 дүгээр сарын 04-ний хооронд нэр бүхий 8 хүнээс мөнгө төгрөгзээлдэж өгсөн хаяг руу нь шилжүүлсэн, нийт 7 удаа мөнгө шилжүүлсэн гэж нэхэмжлэлдээ дурджээ. 2017 оны 1дүгээр сарын эхээр Бэрх тосгоны эмнэлэгт намайг хүүхдээ сахиад хэвтэж байхад миний фэйсбүүк хаяг руу гадаад нэртэй хүнээс чат мессэж хэд хэдэн удаа ирсэн. Тэгэхээр нь миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэд С.Лг англи хэл мэддэг болохоор нь мессеж ирээд байна, би хэлийг нь ойлгохгүй юм гэхэд С.Л мессэжийг нь над руу явуул гэхээр нь явуулахад надад орчуулаад буцааж явуулж байсан. Ирсэн мессэжийн нь утга чамтай найзлахыг хүсч байна. Хэн нэгэнд туслах хүсэлтэй байна гэсэн утгатай байна гэсэн. Тэгээд С.Лтэй энэ ямар учиртай талаар ярилцаж байхад С.Л зарим нэг гадаад хүн хүнд туслая гэсэн сэтгэлтэй байдаг юм, чи харьцаад үз гэхээр нь би и-мэйл хаягаа өгсөн. Тэгтэл 2017 оны 1 дүгээр сарын 9-нд мессэж ирснийг орчуулахад Скай экспрэсс гэдэг хүргэлтийн компаниар илгээмж явуулсан. Энэ линкээр ...кодоор нэвтэрч ороод илгээмжээ шалгаарай гээд код илгээсэн байсан. Илгээсэн хүн нь Gerard Jhon гэж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 13-нд таны бараа гаалийн татвар төлөх шаардлагатай гэсэн и-мэйл ирээд мөнгө нэхсэн байсан. Тэр нь монгол төгрөгөөр 3 сая гаруй төгрөг болж байсан. Би хэл мэдэхгүй тул энэ бүхнийг С.Л орчуулаад нэхсэн мөнгийг нь төлбөл бараа ирэх юм байна. Хүүтэй мөнгө зээлдүүлдэг хүмүүсээс мөнгө авч шилжүүлнэ гээд гадаад хүний өгсөн данс руу нь өөрөө л сайн дураараа мөнгө шилжүүлсэн. Би хүмүүсээс мөнгө зээлдэж аваад шилжүүл гэж огт ятгаж хэлээгүй. Харин ч тэр гадаад хүний ирүүлсэн мессежинд итгэж ядаж гайхаж байхад С.Л өөрөө итгэлтэй байсан. С.Лг хэдэн хүнээс хэдэн төгрөг зээлдэж аваад хэдэн удаа гадаад руу шилжүүлсэн талаар би сайн мэдэхгүй. Иймд гадаад хүний данс руу С.Л өөрөө сайн дураар мөнгө шилжүүлсэн. Би шилжүүл гэж ятгаагүй атал надаас мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 01 дүгээр сарын эхээр С.Лгээс эмнэлэгт хэвтэж байна гэдгийг юу гэж бичдэг юм бэ гэж асуухад надад орчуулж өгсөн нь үнэн. Анх надад фэйсбүүк-ээр гадаад хүнээс чат ирсэн юм. Харин би С.Лгээс гадаад хүн ямар байдаг вэ гэхэд С.Л нь гадаад хүмүүс хүнд туслах сонирхолтой байдаг. Юу ч гэсэн харилцаад үзээч гэж хэлсэн. Мөн 2017 оны 1 дүгээр сарын эхээр тухайн гадаад хүн хүргэх компаниар хүүхдэд чинь бяцхан бэлэг явуулах гэсэн юм гэж хэлсэн. Явуулсан бараанд нь юу байгаа талаар С.Л хүрэн дугтуй, бугуйн цаг гэх мэт зүйлийг явуулсан байна гэдгийг орчуулж өгөөд, миний найз ч ёстой гарч өгч дээ гэж чат бичиж байсан. Мөн чатад энэ бараа Скай Экспресс гэдэг хүргэх компаниар ирж байгаа юм байна. Кодоор шалгаж үз гээд код ирсэн. Шалгаж үзэхэд С.Лд хаяглагдсан бараа харагдаж байсан. Ингээд гааль дээрээс цэвэрлэгээний төлбөр гэж мөнгө төл гэсэн байна гэдгийг С.Л над руу чатаар хэлсэн. С.Л хүүтэй мөнгө зээлдэж, энэ барааг авъя гэж хэлсэн гээд байна. Би ийм зүйлийг яриагүй. С.Л өөрөө хүнээс мөнгө зээлдэж авч явуулсан. Би хөдөө байдаг байсан учраас С.Л union pay гэдэг гадаадын гуйвуулгаар мөнгийг шилжүүлдэг байсан. Гааль дээр гацлаа, цэвэрлээний мөнгө, татвар гэх мэт мөнгийг байнга нэхдэг байсан. Тэр болгоныг төлчихнө гэж бодож явуулж байсан. 2017 оны 02 дугаар сард би байгууллагынхаа цасны баяр дээр байхад С.Л залгаад Жон гэх хүнээс и-мэйл ирсэн гэж хэлсэн. Тухайн и-мэйлд ...хүргэлтийн компаниар явуулсан бараа Малайз улсын гааль дээр гацчихлаа. Энэ удаа 50 000 фунтыг данс руу чинь шилжүүлье. Үлдсэн мөнгийг Монголд өгнө гээд Асайт континотид гэдэг компанид С.Лгийн нэр дээр данс нээгээд мөнгө байршууллаа гэхээр нь дансыг нь шалгахад мөнгө байна гэж С.Л хэлж байсан. Тухайн данснаас нь С.Лгийн Хаан банкны данс руу мөнгийг явуулсан. Тухайн өдөртөө мөнгө нь ороогүй байсан. Улс хоорондын шилжүүлэг учраас 24 цагийн дотор дансанд орно гээд байсан боловч орохгүй байсан. Гадаад банкны дансны үлдэгдлийг шалгахад үлдэгдэлгүй болсон байсан. Гэтэл код хийх ёстой байсан юм билээ. Банкнаас асуухад кодны төлбөр гэж 2 удаа мөнгө нэхэмжилсэн байсан. Би сүүлдээ эргэлзэж эхлээд С.Лд яагаад төгрөгийн данс руу доллар шилжүүлээд байгаа юм бэ, чи долларыг төгрөг болгож “mnt” болгож шилжүүлэх ёстой байсан юм биш үү гэж хэлсэн. Мөнгө шилжүүлэх асуудлыг С.Л өөрөө бүгдийг нь хийсэн. Би С.Лг мөнгө шилжүүл, мөнгө ол гэж ятгаж, сэнхрүүлсэн зүйл байгаагүй. С.Л намайг google translate гэдэг аппликэйшн татаж аваад Жон гэдэг хүнтэй харилцдаг байсан гэж ярьж байна. С.Л өөрөө намайг google translate гэдэг аппликэйшн татаж аваад харьц гэж хэлж байсан. Жон гэдэг хүнтэй С.Л миний и-мэйл хаягийг хийгээд өөрөө харилцдаг байсан. Би нэг удаа хаягаараа орсон чинь намайг фэйсбүүкээсээ блок хийсэн байсан. Ингээд олон удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн. Би энэ мөнгийг хувьдаа авч хэрэглээгүй. Хувьдаа авч хэрэглэсэн мөнгө гэвэл цалингийн зээл гэж 790.000 төгрөг авсан. Миний данс руу 5000, 10000 төгрөгөөр шилжүүлж байсан нь дансны хуулгаар харагдаж байгаа. Бөө гээд яриад байгаа нь манай дүү удган хүүхэн байдаг юм. Бид нар өөрсдөө шүтэх үедээ шүтдэг байсан. Намайг чи сайн асуу, лавла, өвөө бүтнэ гэж хэлсэн шүү дээ, чи асуу гэж надад хэлж байсан. С.Л өөрөө ч гэсэн итгэдэг байсан. Би бол чи заавал итгэх ёстой, мөнгө олж явуул гэж ятгаж байгаагүй. Миний данснаас С.Лгийн данс руу 70000 шилжүүлж байсан нь миний дансны хуулгаар харагдаж байгаа. Тэр 70000 төгрөгийг бас нэхэмжилж байгаа мөнгөнөөс нь хасуулна гэж бодож байна. Би бол энэ мөнгийг хувьдаа авч хэрэглээгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 156/ШШ2017/00537 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Д.Хгаас 12 555 350 /арван хоёр сая таван зуун тавин таван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Лд олгож, нэхэмжлэлээс үлдэх 12 350 350/ арван хоёр сая гурван зуун тавин мянга гурван зуун тавь/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч С.Лгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 397 591 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Хгаас 215 836 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Хгийн ХААН банк, ХАС банк, Төрийн банкин дахь харилцах данс болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг 24 905 700 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнд зогсоосон 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1558 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 226/МА2017/00026 дугаар магадлалаар Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 537 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1.2.3 дахь заалтуудыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан С.Лгийн Д.Хгаас 24 905 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч С.Лгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 397591 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 216 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Л хяналтын гомдолдоо: Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 сарын 28-ны өдрийн 226/МА2017/00026 дугаартай магадлалыг 2017 оны 12 сарын 08-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Д.Х нь анх надруу яриад гадаадаас бараа ирж байгаа, би суманд байдаг болохоор чиний хаягийг өгье гэсэн. Хэд хоногийн дараа фэйсбүүк чатаар ирж байгаа барааныхаа зургийг явуулсан. Дараа нь ирж байгаа бараа маань Тайландын гааль дээр саатаад гаалийн татвар төлөх болоод байна. Найздаа мөнгө олж өгөөч. Гаалийн татвар төлчихвөл шууд ирнэ. Хүүтэй ч хамаагүй гэж байнга утсаар ярьж гуйгаад байхаар нь 2017 оны 01 сарын 13-ны өдрөөс 2017 оны 04 сарын 04-ний өдрийн хооронд нэр бүхий иргэдээс хүүтэй мөнгө зээлж, Д.Х руу өөр рүү нь явуулах гэтэл -Чи аймгийн төвд байгаа юм чинь наад хаяг руугаа шилжүүлчих гээд фэйсбүүк чатаар хаяг явуулсны дагуу би тэр хаягруу явуулж шилжүүлсэн мөнгөний баримтыг өөрлүү нь явуулж байсан. Мөнгө олох бүрдээ хэнээс хэдэн төгрөгийг хэд хоногийн хугацаатай, хэдэн хувийн хүүтэй авснаа тухай бүр мэдэгдэж ярьж байсан. Харин Д.Х нь бараа ирэнгүүт хүмүүсийн мөнгийг хүүтэй нь өгчихнө санаа зоволтгүй, их ажил нугаллаа найзыгаа шагнана гэж мөнгө амлаж байсан. Иймд эхлээд Д.Хгийн хүсэлтийн дагуу явуулж байсан бол харин сүүлдээ хүмүүсийн мөнгийг авч өгөхийн тулд хамтран ажилласан. Ингээд бараа нь ирэхгүй хүмүүсийн мөнгийг өгч чадахгүй болсон. 2017 оны 04 сард Хэнтий аймгийн Цагдаагийн Эдийн засгийн хэлтэст өргөдөл гаргаж шалгаж өгөхийг хүссэн болно. Д.Х нь цагдаагийн байгууллагад 2 ч удаа ирж тайлбар өгсөн. Өгсөн тайлбартаа надаар мөнгө олуулж дансанд хийлгэсэн, энэ бүхнийг бид хоёр ярилцаж хамт хийсэн учраас бүх мөнгөний талыг нь төлье гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Д.Х өгнө гэсэн мөнгөө өгөхгүй болохоор нь би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч нь одоо бүх зүйлийг үгүйсгэж байгаа. Гэвч Д.Х худлаа ярьж байгаа болон тухайн үед бид хоёрын хооронд болсон бүх зүйл бидний фэйсбүүк чатанд хийсэн үзлэгээр илэрхий болсон. Гэтэл Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад манай талаас фэйсбүүк чатанд хийсэн үзлэгийг нотлох баримтаар шинжлэн судалсаар байтал нотлох баримтын хэмжээнд үнэлсэнгүй. Би анх шүүхэд нэхэмжпэл гаргахдаа энэ үйл явдал Д.Х бид хоёрын аль алиных нь оролцоо байсан гэдгээ хүлээн зөвшөөрч гадаад руу явуулсан мөнгөний талыг нь нэхэмжилсэн. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсний учир нь Д.Х нь энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгэж байсан учраас нэмэгдүүлсэн болно. Гэвч би өөрийн зүгээс хамтарч оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг нь Давж заалдах гомдолдоо “...гэсэн нь нэхэмжлэгч хариуцагч нар хэн гэдэг гүйцэтгүүлэгчийн өмнө ямар үүрэг хамтран хүлээсэн гэж үзэж ямар баримтыг үндэслэж ийнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй” гэжээ. Гэтэл хариуцагч Д.Х бид хоёр тодорхой зорилгыг биелүүлэхийн тулд /Жон Герард гэгч гадаад хүний явуулсан гэх мөнгийг авахын тулд/ ярилцаж тохиролцож хамтран ажилласан нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, Д.Х бид хоёрын хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй гэж Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т заасны дагуу ...тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж хариуцагч Д.Хгаас 12350350 төгрөгийг гаргуулахаар заасан Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Гэтэл Давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан үзэхдээ Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлүүдийн талаар огт дурьдаагүй. Хариуцагч Д.Хг нэхэмжлэгчийн хувийн мөнгө болох 205000 төгрөгийг нэмж төлөхийг Анхан шатны шүүхийн шийдвэрт нарийн тодорхой тусгаж өгсөн байтал үүнийг Давж заалдах шатны шүүх ойлгомжгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөхгүй байна. Иймд Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Л нь хариуцагч Д.Хгаас 24 905 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагчаас 12 355 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцээгүй байна. Зохигчийн хооронд мөнгө шилжүүлэх, зээлдэгч мөнгийг буцааж төлөх эрх, үүрэг үүссэн байдал хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй бөгөөд давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний харилцаа үүсээгүй талаар зөв дүгнэлт хийсэн атлаа бусдад мөнгө шилжүүлсэн бодит үйл баримтыг дүгнээгүй орхисон нь алдаатай болжээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл хэн аль нь фейсбүүк, чатаар гадаадын иргэнтэй  тусламж авах зорилгоор харьцаж, илгээмжийг нь авахын тулд нийт 12200 доллар буюу 30 199 700 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс 5 590 000 төгрөгийг С.Л нь дангаараа, 24 700 700 төгрөгийг Д.Хтай хамтран тохирч шилжүүлсэн боловч илгээмж нь ирээгүй эрсдэл учирчээ. 

Хариуцагч Д.Х нь С.Лтэй харилцан тохиролцсны үндсэн дээр, тодорхой мэдээллийг нэхэмжлэгчид өгснөөр 24 700 700 төгрөгийг шилжүүлэх шийдвэр гаргасан, уг мөнгөний тал хувийг хариуцахаар тохирсон нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн мөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй болно. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтын дагуу хариуцагчаас 12 555 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 226/МА2017/00026 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 156/ШШ2017/00537 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад”...242 дугаар зүйлийн 242.11, 281 дүгээр зүйлийн 281.1...” гэснийг “...492 дугаар зүйлийн 492.1.1...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 216 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА