Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 537

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

156/2017/00439/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: .................... тоотод оршин суух, С.Л-ийн нэхэмжлэлтэй 
Хариуцагч: ........................ тоотод оршин суух, Д.Х-д холбогдох  
“24 905 700 /хорин дөрвөн сая есөн зуун таван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч Д.Х, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч С.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ байхад Д.Х утсаар ярьж гадаадаас бараа ирж байгаа. Би суманд байдаг болохоор чиний хаягийг өгье гэж хэлсэн. Фэйсбүүк чатаар ирж байгаа барааныхаа зургийг явуулсан. Ингээд 5 хоногийн дараа бараа маань Тайландын гааль дээр саатаад байна. Гаалийн татвар төлөх болоод байна. Найздаа мөнгө олж өгөөч, гаалийн татвар төлчихвөл шууд ирнэ гэсэн. Хүүтэй мөнгө ч хамаагүй олж өгөөч гэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Г.Байгалмаа, Н.Мөнхзул, Ю.Гангансайхан, Б.Энхцэцэг, Г.Гантөгс, С.Хадбаатар, Г.Болортунгалаг, Б.Эрдэнэбулган зэрэг нэр бүхий иргэдээс хүүтэй мөнгө зээлж, хаяг руу шилжүүлсэн болно. Барааны дотор бэлэн мөнгө байгаа, бараа ирэхээр хүмүүсийн мөнгийг өгчихнө чи санаа зоволтгүй гэж байнга илтгэл төрүүлж байсан. Энэ мэтээр би Д.Х-н үгэнд итгэж, нийт 7 удаа мөнгө шилжүүлсэн боловч бараа ирээгүй. Надаар зээлүүлсэн мөнгөө одоо болтол өгөөгүй. Иймд зээлсэн мөнгөө тухайн хүмүүст өгөөгүй өдий хүрч байна. 2017 оны 04 дүгээр сард Цагдаагийн байгууллагын эдийн засгийн  хэлтэст хандаж өргөдөл гаргаж Д.Х-с мөнгө гаргуулж өгөхийг хүссэн. Цагдаагийн байгууллагаас Д.Х-г шалгаж удаа дараа тайлбар авч байсан. Д.Х өгсөн тайлбартаа бүх зүйл үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч, мөнгийг төлнө гэх тайлбараа өгсөн. Иймд Д.Х-с 15 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа 9 105 700 төгрөгөөр нэмэгдүүлж , нийт 24 905 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч С.Л-нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х бид 2 бол байнга харьцаатай, найзууд байсан юм. Анх Х надаас “эмнэлэгт хэвтэж байна гэдгийг англиар бичээд өг” гэж хэлэхэд нь би бичээд явуулсан. Мөн 2016 оны 8 дугаар сард “чухал ажил байна, хаана байна” гэж хэлж байсан. Харин маргааш нь намайг ажил дээрээ байхад утсаар, “би нэг гадаад хүнтэй фэйсбүүкээр танилцаад харьцаж байгаа, надад мөнгө явуулъя гээд байна. Эхлээд надад 50000 фунт өгье гэхээр нь би 40000 фунт авъя гэж хэлсэн. Дансаа явуул гэхээр нь их хэмжээний мөнгийг банкаар авахаасаа айгаад явуулсангүй. Харин илгээмжээр авахаар боллоо. Манай Бэрхийн уурхайн холбооны хүн их хэл амтай, жижигхэн газар учраас хов жив болно. Чи аймагт байдаг юм чинь чиний хаягийг өгөөд авъя” гэж надтай ярихад нь би хаягаа бичиж өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд гадаадаас ирж байгаа зүйлүүдийнхээ зургийг авч над руу явуулсан. Дараа нь “Скай-экспресс гэдэг компаниас и-мэйл ирсэн байна, мөнгө нэхсэн байна. Чи үүнийг орчуулаад өгөөч” гэж хэлсэн. И-мэйлийг орчуулахад “бараа Тайландын гааль дээр саатаад байгаа, гаалийн татварыг төлвөл барааг гэрт чинь хүргэнэ” гэсэн байсан. Х харин “яаж мөнгө олох вэ? Энийг нь төлөөд бараагаа авчихмаар байна. Чамд мөнгө олдох уу” гэхээр нь би “хүнээс асууж үзье” гэж хэлэхэд “мөнгө олж өгвөл найзыгаа шагнана” гэж хэлж байсан. Энэ үеэр анх “цалингийн зээлээ төлөөгүй болохоор зээл нэхэгдээд, хэцүү байна” гэж хэлэхээр нь би ажлынхаа газрын тогооч эгчээс мөнгө асуухад “800 000 төгрөг байна, 1 сарын 20 хувийн хүүтэйгээр өгнө” гэж хэлсэн. Түүнийг нь Х-д хэлэхэд “хүү яахав ээ, 1 сар ч хүрэхгүй хугацаанд буцаагаад өгнө шүү дээ. 790 000 төгрөгийг нь шилжүүлээд, чи 10 000 төгрөгийг нь ав. Хүнээс мөнгө хайхад чамд хэрэг болно” гэж хэлэхэд нь 790 000 төгрөгийг нь шилжүүлээд, 10 000 төгрөгийг нь авсан. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1200 долларыг 2 хүнээс авч, тухайн гадаад хүн рүү явуулсан. Намайг “чи аймагт байгаа учраас тэр хүн рүү шилжүүлчих” гээд надад дансны дугаарыг нь явуулсан. “Мөнгөө явуулсныхаа дараа надад хэлээрэй” гэхээр нь би 18 цагийн өмнө нөгөө хүн рүү нь мөнгийг нь шилжүүлээд, баримтыг нь Х-гийн “чат”-руу зургийг нь дараад явуулсан. Үүнээс хойш ирэх бараа нь ирэхгүй, гаалийн татвар, дайврын хөлс, бичиг баримтын мөнгө, шилжүүлгийн төлбөр гээд нийт 7 удаа мөнгө нэхсэний дагуу би шилжүүлж байсан. Х-д хэнээс хэдэн төгрөг авч байснаа байнга хэлдэг байсан. 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлсэн 5 590 000 төгрөгийг бол би Х-д хэлэхгүй шилжүүлсэн юм. Х а нь “...мөнгө л орж байвал хүү хамаагүй ээ, чи чадна, чи болгоно, чамд мөнгө олдохгүй юу, зохицуулахыг бодолдоо, найз нь чадах бүхнийг хийнэ, найз нь чамд тусална...” гэх мэт мессэж болон чатыг над руу утсаар болон фэйсбүүк чат руу байнга явуулдаг байсан. “Өөрөө мөнгө ол” гэж хэлэхэд “урд нь хүнээс мөнгө аваад хугацаа хэтрүүлсэн учраас надад мөнгө олдохгүй байна” гэж байсан. Анх надад “би чамд 5000 фунт буюу 10 000 000 төгрөгийг өгнө, түүнээс илүүг өгч чадахгүй" гэж хэлж байсан. Миний нөхөр хүнд өвчтэй, сард нэг удаа эмнэлэгт хэвтдэг учраас би цалингийн зээлээ дарахын тулд энэ мөнгийг нь олоод өгье гэж бодоод, мөнгө олж өгсөн. Харин сүүлд нь удаа дараа мөнгө олж өгөөд байхад, “чи их ажил нугалж өгсөн учраас би чамд 6500 фунт болгож өгье” гэж хэлсэн. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2600 доллар буюу монгол мөнгөөр 6 487 000 төгрөгийг найзаасаа зээлээд мөн өмнөх дансаар нь явуулсан.  2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 800 доллар буюу монгол мөнгөөр 1 988 000 төгрөгийг ажлын газрын хүнээсээ зээлдэж мөн л дээрх хаягаар явуулсан. 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 2200 доллар буюу монгол мөнгөөр 5 456 000 төгрөгийг өөрийн дүү Хадбаатараар хүнээс зээлдүүлээд, Х-гийн өгсөн дансанд нь шилжүүлсэн. Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 900 доллар буюу 2 239 200 төгрөгийг бэр эгч Гантөгсөөс зээлдэж дараагийн өгсөн хаяг руу нь явуулсан. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 2250 доллар буюу монгол мөнгөөр 5 530 500 төгрөгийг найз Болортунгалагаас зээлдэж мөн өгсөн хаягийн дагуу шилжүүлсэн. 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 2250 доллар буюу 5 499 000 төгрөгийг хадам ахаасаа зээлдэж, сүүлийн өгсөн хаяг руу нь шилжүүлсэн. Гэхдээ 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 2250 долларыг би өөрөө Х-д хэлэхгүйгээр шилжүүлсэн. Харин бусад мөнгийг бол бид хоёр хоёулаа ярилцаж байгаад шилжүүлсэн. Нийт 7 удаагийн үйлдлээр 12200 доллар буюу монгол мөнгөөр 30 199 700 төгрөгийг явуулсан. Гэхдээ монгол мөнгийг доллар болгож шилжүүлж байсан учраас доллар нь өдөр бүр өөр өөр ханштай байсан. Ингээд ирнэ гэсэн бараа нь ирэхгүйн улмаас хүмүүс мөнгөө нэхээд их хэцүү байдалтай байсан. Гэр ирж юм хураана, цагдаад өгнө гэдэг байсан. Одоогоор 4 хүн шүүхэд намайг өгсөн байгаа. 4 хүн мөнгөө нэхээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очсон байгаа. Тийм учраас би Цагдаагийн байгууллагад хандсан. Харин Х Цагдаагийн байгууллагад 2 удаа ирж тайлбар өгсөн. Тайлбартаа “...би найздаа хандан энэ барааг авчихмаар байна, мөнгө зээлдээч гэхэд манай найз Лхагвасүрэн надад мөнгө зээлдэж авч өгөөд, данс руу шилжүүлсэн. Харин бараа маань ирэхгүй Тайланд, Малайз улсын банкнууд дээр гацсан учраас Лхагвасүрэн найзын маань хүнээс зээлдэж авсан мөнгө нэхэгдээд хэцүү байгаа, миний зүгээс зээлдсэн мөнгөө төлж барагдуулах гээд хөөцөлдөж байгаа, нэг их удахгүй төлж барагдуулах санаатай байгаа...” гэх тайлбаруудыг өгсөн байгаа юм. Мөн “...Би өөрийн эхлүүлсэн хэрэгтээ гэмшиж байна. Найзыгаа ийм зүйлийг эхлүүлчихээд зүгээр хаяхгүй, 6 сард багтааж талыг нь барагдуулна...” гэсэн мэдүүлгийг өгсөн. Х нь нөхөр болох Мөнхжаргалдаа гадаад хүнтэй харьцаад мөнгө авах болсон талаараа хэлээгүй байсан. Харин “Лх-гийн найз мөнгө явуулж байгаа, Л надад мөнгө өгөх гэж байгаа” гэж ойлгуулсан байсан. Нөхөр Мөнхжаргал нь Цагдаагийн байгууллагад  өгсөн тайлбартаа “миний эхнэр Хнь хүнээс мөнгө зээлдэж аваад уг мөнгөө Л, Х нар хоорондоо ярилцаж байгаад гадаад руу явуулсан гэж байсан. Надад бол өөр мэдэх зүйл байхгүй...” гэж хэлсэн байсан. Би өөрөө оролцсон болохоо хүлээн зөвшөөрөөд нийт 30 199 700 төгрөгийг Х-гийн “мөнгийг хувааж төлнө” гэсэн хүсэлтийн дагуу хувааж төлөхөөр тохиролцсон байгаа. Цагдаагийн байгууллагаас биднийг ямар нэгэн байдлаар ятгасан зүйл байхгүй. Х өөрөө тайлбартаа “хувааж төлье” гэж тохиролцсон. Найз нөхөд, хамаатан садан учраас би өөрөө бас өгнө гэж тохиролцсон. Одоогийн байдлаар 10 гаруй сая төгрөгийг өөрөө зээл аваад, аав ээжээрээ тэтгэврийн зээл авахуулаад, янз бүрийн байдлаар төлчихсөн байгаа. Одоо болтол миний дансыг хаасан хэцүү байдалтай байна. Х бол “би мөнгөтэй болох гээд ажил хөөцөлдөж байгаа, машин байраа барьцаалах гэж байгаа, газрын ажил судлаж байгаа. Энэ маань бүтвэл би төлөх гээд байгаа” гэж хэлэхийг нь хүлээж, итгэсээр байгаад би өдийг хүрсэн. Одоог хүртэл төлөхгүй байсан учраас би 15 сая төгрөг дээр өөрийнх нь данс руу шилжүүлсэн 800 000 төгрөгийг нэмж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин Х нь над руу 1.000.000 төгрөгийг 6 сарын сүүлээр шилжүүлсэн. Х-гийн нөхрийнх нь дүү бөө хүн байдаг. Х өөрөө бөөд үзүүлээд “их ховор онгод орсон, би өвөөд хэлсэн, өвөө бүтнэ гэж хэлсэн, өнөөдөр данс руу орчих байх, би итгэж байна, өөр хүнээр үзүүлсэн, жаахан саад байна, бүтэх юм байна гэж хэлсэн, найз нь энэ байдлаас ямар ч байсан гаргана” гэх мэтийн зүйл байнга бичиж, ярьдаг байсан. Мөн өөрөө байнга чат бичээд, намайг “нөгөө гадаад хүн рүү ингэж явуул, тэгж явуул” гэдэг байсан. Эхлээд гадаа хүнтэйгээ “чат”-аар харьцдаг байж байгаад, дараа нь “вибэр” гэх программ утсандаа суулгаад харилцдаг болсон. Тэр гадаад хүнийг нь “Жон Герард” гэдэг юм. Х нь гадаад хүнтэйгээ “google translate” гэдэг программаар гадаад үгээ орчуулаад, яг л монголоор харилцаж байгаа юм шиг ярилцдаг байсан. Бичсэн зүйлүүдээ над руу явуулаад, орчуулаад өгөөч гэж хэлж байсан болох нь “фэйсбүүк чат”-д байгаа. Хүмүүс мөнгөө нэхээд байна гэхээр эхлээд “болно, бүтнэ” гээд байсан бол сүүлдээ “чи өөрөө шуналдаа хөтлөгдөөд ийм байдалд хүрч байна, надаар оролдоод байвал хачин болно шүү, аятайхан байгаарай” гээд уурлаад байдаг болсон. Миний хувьд би хамт олныхоо дунд нэр хүндтэй байсан учраас тэр олон хүн надад итгээд мөнгө зээлдүүлж байсан. Би 2017 оны 01 дүгээр сараас өдийг хүртэл хүмүүст элдвээр доромжлуулаад сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохироод явж байна. Х намайг 3 удаа Бэрх тосгон руу дуудаад, “өвөө чамайг хэнгэргийн дуу сонс гэсэн” гэж хэлээд эхний удаа Х өөрөө надад зардлын мөнгө явуулсан. Дараагийн 2 удаа Бэрх тосгон руу явахдаа би өөрөө мөнгөө гаргаж очиж байсан. Энэ хугацаанд мөнгө авсан зарим хүмүүс маань хүү авч байсан. Мөн цалингийн зээлийн хүү гэж 1 300 000 төгрөг төлж байсан. Ингээд би нийт 7 удаа мөнгө шилжүүлсэн 24 905 700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжилсэн үнийн дүнд хамгийн сүүлд өөрийнхөө шилжүүлсэн 5 499 000 төгрөгийг хассан байгаа. Мөн Х-гийн өөрийнх нь данс руу шилжүүлж байсан 1 205 000 төгрөгөөс над руу явуулсан 1 000 000 төгрөгийг хасаад, 205 000 төгрөг үлдсэн. Иймд Х-гаас 24 905 700 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх Х нь Жон гэдэг хүнтэй харьцаж байгаа, мөнгө өгвөл шагнал олгоно гэж хэлсэн учраас би мөнгө олж өгсөн. Анх 5000 фунт буюу монгол мөнгөөр 10 сая орчим төгрөгөөр шагнана гэж байсан. Сүүлдээ мөнгө явуулаад байхаар их ажил нугалж байгаа учраас шагнал болгож 6500 фунт өгье гэж хэлсэн. Гадаад руу шилжүүлсэн мөнгөний 1200 доллар нь цэвэрлэгээний мөнгө Тайландын гааль, 2600 доллар нь бараа дотор их хэмжээний мөнгө илэрсэн учраас гаалийн татвар /Тайландын гааль/, 800 доллар тээврийн хөлс/ Тайландын гааль/, 2200 доллар нь бичиг баримтын төлбөр /Малайзын гааль/, 900 доллар нь Жон өөрөө бараагаа авахын тулд Малайз руу очих болсон байна гээд авсан /малайзын гааль/, 2250 доллар нь шилжүүлэг хийхэд кодны төлбөр /Малайзын банк/, 2250 доллар нь Малайзаас Монгол руу мөнгө шилжүүлэхэд шаардлагатай банк хоорондын шилжүүлгийн төлбөр гэж авсан. Ингээд нийт 12 200 доллар болсон гэв. 
Хариуцагч Д.Х нь шүүхэд гаргасан тайлбартаа: “2017 оны 1 дүгээр сарын 7-нд гэртээ байхад Д.Х утасдаад гадаадаас бараа ирж байгаа. Би суманд байдаг болохоор чиний хаягийг өгье гэсэн. Мөн 5 хоногийн дараа бараа Тайландын гааль дээр саатаад гаалийн татвар төлөх хэрэгтэй болоод байна. Хүүтэй ч хамаагүй мөнгө гэсэн. Бараа ирэнгүүт хүмүүсийн мөнгийг өгнө, чи санаа зоволтгүй гэж байнга итгэл төрүүлж хэлсэн" гэж худал зүйл бичжээ. Хууль, шүүхийн өмнө үнэн зөвөөр мэдүүлэх ёстой атал намайг итгэл төрүүлэхээр худал хэлж мөнгө зээлдэж авсан мэтээр бичсэнийг гайхаж байна. Д.Х нь надтай ойрын төрөл садангийн холбоотой, мөн нэг ангийн найзууд юм. Би түүнээс нэхэмжлэлд дурдсан 15 800 000 төгрөгийг зээлдэж аваагүй. Харин 790 000 (долоон зуун ерэн мянга) төгрөгийг өөрийнхөө цалингийн зээлийг төлөх гэж авсан. Ингэхдээ хүүтэй зээлдэх гэрээ бичгээр байгуулаагүй, утсаар ярилцаж байгаад над руу шилжүүлсэн. Би энэ авсан мөнгөө 06 дугаар сарын сүүлээр 1 000 000 төгрөг болгож түүний нөхөр Шижирхүүгийн данс руу шилжүүлсэн, 790 000 төгрөгөөс өөр мөнгө зээлдэж аваагүй болно. Одоо би С.Л-д өгөх өр төлбөр байхгүй. 2017 оны 1 дүгээр сарын 13-наас 4 дүгээр сарын 04-ний хооронд нэр бүхий 8 хүнээс мөнгө төгрөг зээлдэж өгсөн хаяг руу нь шилжүүлсэн, нийт 7 удаа мөнгө шилжүүлсэн гэж нэхэмжлэлдээ дурджээ. 2017 оны 1 дүгээр сарын эхээр Бэрх тосгоны эмнэлэгт намайг хүүхдээ сахиад хэвтэж байхад миний фэйсбүүк хаяг руу гадаад нэртэй хүнээс чат мессеж хэд хэдэн удаа ирсэн. Тэгэхээр нь миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэд С.Л-г англи хэл мэддэг болохоор нь мессеж ирээд байна, би хэлийг нь ойлгохгүй юм гэхэд С.Л мессежийг нь над руу явуул гэхээр нь явуулахад надад орчуулаад буцааж явуулж байсан. Ирсэн мессежийн нь утга “чамтай найзлахыг хүсч байна. Хэн нэгэнд туслах хүсэлтэй байна гэсэн утгатай байна гэсэн. Тэгээд С.Л-тэй энэ ямар учиртай талаар ярилцаж байхад С.Л зарим нэг гадаад хүн хүнд туслая гэсэн сэтгэлтэй байдаг юм, чи харьцаад үз гэхээр нь би и-мэйл хаягаа өгсөн. Тэгтэл 2017 оны 1 дүгээр сарын 9-нд мессеж ирснийг орчуулахад Скай экспрэсс гэдэг хүргэлтийн компаниар илгээмж явуулсан. Энэ линкээр ...кодоор нэвтэрч ороод илгээмжээ шалгаарай гээд код илгээсэн байсан. Илгээсэн хүн нь Gerard Jhon гэж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 13-нд таны бараа гаалийн татвар төлөх шаардлагатай гэсэн и-мэйл ирээд мөнгө нэхсэн байсан. Тэр нь монгол төгрөгөөр 3 сая гаруй төгрөг болж байсан. Би хэл мэдэхгүй тул энэ бүхнийг С.Л орчуулаад нэхсэн мөнгийг нь төлбөл бараа ирэх юм байна. Хүүтэй мөнгө зээлдүүлдэг хүмүүсээс мөнгө авч шилжүүлнэ гээд гадаад хүний өгсөн данс руу нь өөрөө л сайн дураараа мөнгө шилжүүлсэн. Би хүмүүсээс мөнгө зээлдэж аваад шилжүүл гэж огт ятгаж хэлээгүй. Харин ч тэр гадаад хүний ирүүлсэн мессежинд итгэж ядаж гайхаж байхад С.Л өөрөө итгэлтэй байсан. С.Л-г хэдэн хүнээс хэдэн төгрөг зээлдэж аваад хэдэн удаа гадаад руу шилжүүлсэн талаар би сайн мэдэхгүй. Иймд гадаад хүний данс руу С.Л өөрөө сайн дураар мөнгө шилжүүлсэн. Би шилжүүл гэж ятгаагүй атал надаас мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. /хх-ийн 23х/ 
Хариуцагч Д.Х нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 01 дүгээр сарын эхээр Л-ээс “эмнэлэгт хэвтэж байна гэдгийг юу гэж бичдэг юм бэ” гэж асуухад надад орчуулж өгсөн нь үнэн. Анх надад “фэйсбүүк”-ээр гадаад хүнээс “чат” ирсэн юм. Харин би Л-ээс “гадаад хүн ямар байдаг вэ” гэхэд Л-нь “гадаад хүмүүс хүнд туслах сонирхолтой байдаг. Юу ч гэсэн харилцаад үзээч” гэж хэлсэн. Мөн 2017 оны 1 дүгээр сарын эхээр тухайн гадаад хүн “хүргэх компаниар хүүхдэд чинь бяцхан бэлэг явуулах гэсэн юм” гэж хэлсэн. Явуулсан бараанд нь юу байгаа талаар Л “хүрэн дугтуй, бугуйн цаг гэх мэт зүйлийг явуулсан байна” гэдгийг орчуулж өгөөд, “миний найз ч ёстой гарч өгч дээ” гэж чат бичиж байсан. Мөн чатад энэ бараа “Скай Экспресс” гэдэг хүргэх компаниар ирж байгаа юм байна. Кодоор шалгаж үз гээд код ирсэн. Шалгаж үзэхэд Л-д хаяглагдсан бараа харагдаж байсан. Ингээд гааль дээрээс “цэвэрлэгээний төлбөр гэж мөнгө төл гэсэн байна” гэдгийг Л над руу чатаар хэлсэн. Л “хүүтэй мөнгө зээлдэж, энэ барааг авъя” гэж хэлсэн гээд байна. Би ийм зүйлийг яриагүй. Л өөрөө хүнээс мөнгө зээлдэж авч явуулсан. Би хөдөө байдаг байсан учраас Л “union pay” гэдэг гадаадын гуйвуулгаар мөнгийг шилжүүлдэг байсан. Гааль дээр гацлаа, цэвэрлээний мөнгө, татвар гэх мэт мөнгийг байнга нэхдэг байсан. Тэр болгоныг төлчихнө гэж бодож явуулж байсан. 2017 оны 02 дугаар сард би байгууллагынхаа цасны баяр дээр байхад Л залгаад Жон гэх хүнээс и-мэйл ирсэн гэж хэлсэн. Тухайн и-мэйлд “...хүргэлтийн компаниар явуулсан бараа Малайз улсын гааль дээр гацчихлаа. Энэ удаа 50 000 фунтыг данс руу чинь шилжүүлье. Үлдсэн мөнгийг Монголд өгнө” гээд “Асайт континотид” гэдэг компанид Л-н нэр дээр данс нээгээд мөнгө байршууллаа гэхээр нь дансыг нь шалгахад мөнгө байна гэж Л хэлж байсан. Тухайн данснаас нь Л-н Хаан банкны данс руу мөнгийг явуулсан. Тухайн өдөртөө мөнгө нь ороогүй байсан. Улс хоорондын шилжүүлэг учраас 24 цагийн дотор дансанд орно гээд байсан боловч орохгүй байсан. Гадаад банкны дансны үлдэгдлийг шалгахад үлдэгдэлгүй болсон байсан. Гэтэл код хийх ёстой байсан юм билээ. Банкнаас асуухад кодны төлбөр гэж 2 удаа мөнгө нэхэмжилсэн байсан. Би сүүлдээ эргэлзэж эхлээд Л-д яагаад төгрөгийн данс руу доллар шилжүүлээд байгаа юм бэ, чи долларыг төгрөг болгож “mnt” болгож шилжүүлэх ёстой байсан юм биш үү гэж хэлсэн. Мөнгө шилжүүлэх асуудлыг Л өөрөө бүгдийг нь хийсэн. Би Л-г “мөнгө шилжүүл, мөнгө ол” гэж ятгаж, сэнхрүүлсэн зүйл байгаагүй. Л намайг “google translate” гэдэг аппликэйшн татаж аваад Жон гэдэг хүнтэй харилцдаг байсан гэж ярьж байна. Л өөрөө намайг “google translate гэдэг аппликэйшн татаж аваад харьц гэж хэлж байсан. Жон гэдэг хүнтэй Л миний и-мэйл хаягийг хийгээд өөрөө харилцдаг байсан. Би нэг удаа хаягаараа орсон чинь намайг фэйсбүүкээсээ блок хийсэн байсан. Ингээд олон удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн. Би энэ мөнгийг хувьдаа авч хэрэглээгүй. Хувьдаа авч хэрэглэсэн мөнгө гэвэл цалингийн зээл гэж 790.000 төгрөг авсан. Миний данс руу 5000, 10000 төгрөгөөр шилжүүлж байсан нь дансны хуулгаар харагдаж байгаа. Бөө гээд яриад байгаа нь манай дүү удган хүүхэн байдаг юм. Бид нар өөрсдөө шүтэх үедээ шүтдэг байсан. Намайг “чи сайн асуу, лавла, өвөө бүтнэ гэж хэлсэн шүү дээ, чи асуу” гэж надад хэлж байсан. Л өөрөө ч гэсэн итгэдэг байсан. Би бол чи заавал итгэх ёстой, мөнгө олж явуул гэж ятгаж байгаагүй. Миний данснаас Л-н данс руу 70000 шилжүүлж байсан нь миний дансны хуулгаар харагдаж байгаа. Тэр 70000 төгрөгийг бас нэхэмжилж байгаа мөнгөнөөс нь хасуулна гэж бодож байна. Би бол энэ  мөнгийг хувьдаа авч хэрэглээгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.    

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зохигчдын хоорондоо харилцсан фэйсбүүк чатанд үзлэг хийсэн тэмдэглэл болон  хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Л нь хариуцагч Д.Х-д холбогдуулж Жон Герард гэгч гадаад хүнээс сайн санааны үүднээс ирэх мөнгөн тусламжийг хүлээн авахын тулд бусдаас зээлдэж авч долларт хөрвүүлэн гадаад улс руу шилжүүлсэн 24 700 700 төгрөг, хариуцагч Д.Х-н цалингийн зээл болон ахуйн хэрэглээнд нь өөрөөс зээлдүүлсэн 205 000 төгрөг, нийт 24 905 700 /хорин дөрвөн сая есөн зуун таван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 
Хариуцагч Д.Х-н хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх ба гадаад хүний данс руу С.Л өөрөө сайн дураар, мөнгө шилжүүлсэн, би шилжүүл гэж ятгаагүй, би илгээмж ирнэ гэдэгт эргэлзэж байсан, харин С.Л итгэлтэй байсан. Надаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна
Юуны өмнө зохигчид болох С.Л, Д.Х нар нь хоорондоо төрөл садангийн холбоотой үеэлүүд байх ба багаасаа найзалж, нөхөрлөсөн ойр дотны хүмүүс гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй юм.
Маргааны үйл баримтаас үзэхэд хариуцагч Д.Х нь 2017 оны 01 дүгээр сард интернэт фэйсбүүк хаягнаас өөрийнх нь Хонгортуяа Дугар фэйсбүүк хаяг руу Юнайтед Кингдом буюу Англи улсын иргэн Жон Герард гэж өөрийгөө танилцуулан, танилцах хүсэлт явуулсан хүнтэй цахимаар танилцан, цахимаар харилцах болж улмаар тэрхүү Жон Герард гэгчийн “чамтай танилцах хүсэлтэй байна”, “хэн нэгэнд тусламж үзүүлэх хүсэлтэй байна”, “чамд гар утас, цүнх, нөэтбүүк зэргийн бяцхан бэлэг илгээмжээр явууллаа”, “илгээмжин дотор дугтуйтай 50 000 фунт стерлинг явуулсан”, “Венесуэл улсад ажилтай байгаа учраас Тайланд, Малайз улс руу очиж саатуулагдсан илгээмжээ авч явуулж амжихгүй байна”  гэх зэрэг мессежинд итгэн уг гадаадын хүнээс илгээсэн гэх бэлэг, мөнгийг авахын тулд нэхэмжлэгч С.Л-тэй холбогдож түүний англи хэлний мэдлэгийг ашиглан, гадаад хүнтэй харьцаж байсан и-мэйлүүдийг орчуулуулах, улмаар Тайланд, Малайз зэрэг улсуудын хил гааль дээр “саатуулагдсан” гэх илгээмжийг чөлөөлүүлж авахын тулд С.Л-гээр бусдаас хүүтэй болон хүүгүй мөнгө их хэмжээгээр зээлдүүлж, мөнгийг долларт хөрвүүлэн солиулж, тэрхүү гадаад хүний өгсөн дансууд руу шилжүүлүүлж байсан байна.
Ингэхдээ хариуцагч Д.Х нь С.Л-д хөлс шан амлаж, гадаад хүнээс илгээмж ирвэл 5000 фунт стерлингийг өгнө, тэр нь гэхэд 15 000 000 төгрөг болно гэж, сүүлдээ их ажил нугаллаа 5000 фунт дээрээ нэмж 1500 фунт өгнө, хүмүүсээс зээлдсэн мөнгийг бүгдийг нь хүүтэй нь хамт төлж барагдуулна санаа зоволтгүй гэж, нэхэмжлэгч С.Л-гийн хувьд Д.Х-д гадаад хүнээс 150 000 000 төгрөгтэй дүйхүйц хэмжээний валют ирэх юм байна. Энэ тохиолдолд 50 000 000 төгрөгийг нь өгөх байх гэсэн хоорондын тохироо итгэлцлээр энэ асуудалд хандсан байх юм.
Өөрөөр хэлбэл “Жон Герард гэгч гадаад хүнээс сайн санааны үүднээс ирэх мөнгөн тусламж”-ийг хүлээн авахын тулд зохигчид нь бодит байдал дээр 2017 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар хүртэл үг хэл болон үйлдлээрээ нягт хамтран ажилласан болох нь зохигчдын тайлбар, мэдүүлгүүд, гадаад гуйвуулгын даалгаврын хуулгууд, С.Л болон Д.Х нарын хоорондоо харилцаж байсан фэйсбүүк чатанд үзлэг хийсэн тэмдэглэл, мөнгөн шилжүүлгийн баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эндээс дүгнэхэд зохигчид нь хэрэг дээрээ Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан:..хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүргийг бие биенийхээ өмнө хүлээсэн аман хэлцлийг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй юм.   
Нэхэмжлэгч С.Л нь хариуцагч Д.Х-тай ярилцаж тохиролцсоны дагуу бусдаас 3 000 000 төгрөг зээлдэж,  2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1200 долларыг Тайландын гааль дээр саатуулагдсан илгээмжинд төлөх цэвэрлэгээний мөнгө гэж, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бусдаас 6 487 000 төгрөгийг зээлдэж, 2600 долларыг Тайландын гааль дээр илгээсэн бараа дотор их хэмжээний мөнгө илэрсэн учраас төлөх гаалийн татвар гэж, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бусдаас 1 988 000 төгрөгийг зээлдэж, 800 долларыг Тайландын гаальд төлөх тээврийн хөлс гэж KASITHBK KASIKORN BANK8 MOO.10 PATTAYA.T NONGPRUE A. BANGLAMUNG CHONBURI 20150 TAILAND 388/338 ACCOUNT NUMBER 3302303097, NATTHANAPORN  BAMRUNGDEE хаягаар, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бусдаас 5 456 000 төгрөгийг зээлдэж, 2200 долларыг Малайзын гааль дээр төлөх бичиг баримтын төлбөр гэж CIMB BANK NUMBER 16, JALAN PJU 3/47 …SUNWAY DAMANSARA ..47810 PETAL JAYA SELANGOR, KUALA LAMPUR MALAYSIA, ACCOUNT NUMBER 7062664473 VINOTHAN A/L ABDUL MAJID хаягаар,  2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр бусдаас 2 239 200 төгрөгийг зээлдэж, 900 долларыг Жон Герард гэгч нь өөрөө Малайзын гааль руу очиж бараагаа авахад шаардагдах мөнгө гэж CIMB BANK NUMBER 16, JALAN PJU 3/47 …SUNWAY DAMANSARA ..47810 PETAL JAYA SELANGOR, KUALA LAMPUR MALAYSIA, ACCOUNT NUMBER 7062664473 ALIASWARY A/P THAYALAN хаягаар,  2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бусдаас 5 530 500 төгрөгийг зээлдэж, 2250 долларыг Малайзын банкнаас Монгол руу шилжүүлэг хийхэд төлөх кодны төлбөр гэж, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өөрөө дангаар /Д. Хонгортуяад хэлэлгүй/ бусдаас 5 499 000 төгрөгийг зээлдэж, 2250 долларыг Малайзаас Монгол руу банк хоорондын шилжүүлэг хийхэд төлөх төлбөр гэж CIMB BANK NUMBER 16, JALAN PJU 3/47 …SUNWAY DAMANSARA ..47810 PETAL JAYA SELANGOR, KUALA LAMPUR MALAYSIA, ACCOUNT NUMBER 7064420574 ESWARY A/P GUNASAGERAM хаягаар нийтдээ 7 удаагийн гадаад шилжүүлгээр 12 200 /арван хоёр мянга хоёр зуу/ доллар буюу 30 199 700 /гучин сая нэг зуун ерин есөн мянга долоон зуу/ төгрөгийг валютаар хөрвүүлэн гадаад гуйвуулга хийж шилжүүлсэн болох нь /гадаад гуйвуулгын даалгавар хх-ийн 6-11х/ тогтоогдож байна. 
Гэхдээ нэхэмжлэгч С.Л-гийн хувьд 2017 оны 04. Дүгээр сарын 04-ний өдөр Д.Х-д хэлэлгүйгээр өөрөө дангаар бусдаас мөнгө зээлдэж, 2250 долларыг Малайз улс руу гадаад гуйвуулга хийн шилжүүлсэн 5 499 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхгүй байна.
Хэдийгээр зохигчдыг улс, тив дамнасан зохион байгуулалттай, цахим залилангийн гэмт хэргийн хохирогчид болсон байна гэж дүгнэж болох хэдий ч Цагдаа, Прокурорын байгууллагаас энэхүү асуудлыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн /хх-ийн 12х прокурорын тогтоол/ байх ба одоо энэ асуудал нэгэнт эрүүгийн хэргийн журмаар шалгаж шийдвэрлэгдэх бололцоогүй болсон тул иргэний журмаар зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх бололцоотой гэж шүүх үзсэн билээ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгчдийн талаар тодорхой хуульчилжээ. Тус хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т: ..үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заажээ.
Эндээс тооцоход С.Л-гийн нэхэмжилсэн 24 700 700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тал хувь болох 12 350 350 төгрөгийг хариуцагч Д.Х төлөх нь зүйтэй байна. 
Түүнчлэн нэхэмжлэгчээс хариуцагч Д.Х-гийн цалингийн зээл болон ахуйн хэрэглээнд нь зориулж 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 1 205 000 төгрөгийг зээлдүүлж байсан болох нь хавтаст хэргийн 26-27 дугаар хуудсанд байх Д.Х-гийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч Д.Х-гийн зүгээс 1 000 000 төгрөгийг С.Л-д буцааж төлсөн болох нь хавтаст хэргийн 24 дүгээр хуудсанд байх мөнгөн шилжүүлгийн баримтаар мөн тогтоогдож байна.
Иймээс дээрх мөнгөний үлдэгдэл 205 000 төгрөгийг, урьд төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн 12 350 350 төгрөг дээр нэмж, нийт 12 555 350 /арван хоёр сая таван зуун тавин таван мянга гурван зуун тавь/ төгрөгийг хариуцагч Д.Х-гаас гаргуулж, нэхэмжлэгч С.Л-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12 350 350 /арван хоёр сая гурван зуун тавин мянга гурван зуун тавь/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч С.Л-гийн 24 905 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. 
Хэргийг дээрх байдлаар хянан шийдвэрлэж байгаа тул шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, хариуцагч Д.Х-гийн ХААН банк, ХАС банк, Төрийн банкин дахь харилцах данс болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг  24 905 700 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнд зогсоосон 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1558 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон    

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Д.Х-гаас 12 555 350 /арван хоёр сая таван зуун тавин таван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Л-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12 350 350 /арван хоёр сая гурван зуун тавин мянга гурван зуун тавь/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн  56.2-т зааснаар нэхэмжлэгч С.Л-гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 397 591 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х-гаас 215 836 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 
3. Хариуцагч Д.Х-гийн ХААН банк, ХАС банк, Төрийн банкин дахь харилцах данс болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг 24 905 700 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнд зогсоосон 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1558 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
  4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР