Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 28

 

Л.Ш-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2017/0087/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                             

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   Л.Ш  

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           П.Ган-Очир

           Нарийн бичгийн дарга                             Ц.Мичидмаа нарыг оролцуулан

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолтой Л.Ш-т холбогдох 201706000132 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ..., урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, ..., Б овогт Л-ын Ш.

Шүүгдэгч Л.Ш нь 2017 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Харлагийн гол” гэх газраас иргэн Х.Эрдэнэдэлгэрийн 1 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор:

Б овогт Л-ын Ш-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Л.Ш-ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Л.Ш-т энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 6 /зургаа/ сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар  шүүгдэгч Л.Ш-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Л.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Л.Ш-ын эзэмшлийн ... улсын дугаартай, саарал өнгийн “Соната-5” маркийн тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр лантуу, хутга тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтын хувийг хэрэгт хавсаргахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст /шүүгчийн туслах Б.Цогзолмаад/ даалгаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ш-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ялыг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир давж заалдах гомдолдоо: “...Л.Ш нь өөрийн үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хүлээн мэдүүлдэг. Хохирол, төлбөрөө төлсөн ба хохирогч гомдол саналгүй гэдэг юм. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн /шинэчилэн найруулга/ хуулийг хэрэглэх боломжтой байхад хуучин хуулиар шийдсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг гомдлын дагуу хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Ш нь 2017 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Харлагийн гол” гэх газраас иргэн Х.Э-ийн нэг тооны үхрийг өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Соната-5 маркийн автомашин ашиглан хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Л.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар ялтай байх хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир “... шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлдэг ... хохирол төлбөрөө төлсөн, хохирогч нь гомдол саналгүй гэдэг... Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүх Л.Ш-т 2002 оны Эрүүгийн хуульд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь: 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “…хорих ялын заримыг нэмж нэгтгэх…” гэх зохицуулалт тусгагдаагүй бөгөөд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

Шүүгдэгч нь Л.Ш нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн /хх 19, 89/ байх тул түүний өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасанчлан түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эд мөрийн баримтын нэрийг буруу бичсэн, эд мөрийн баримтыг шийдвэрлэх талаар заасан хуулийн заалтыг тодорхой бичээгүй байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөн, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “…2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ш-ыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “… 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр лантуу...” гэснийг “...21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр алх ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “…3 /гурав/ жилийн…” гэснийг  “…1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын …” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очирын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ё.БЯМБАЦЭРЭН

                  ШҮҮГЧИД                                                              С.ЦЭЦЭГМАА       

                                                                                           С.УРАНЧИМЭГ