Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 154

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч С.Солонго,

хохирогч Г.Гэрэлчимэг, Г.Нандинчимэг нар, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батбаяр,

шүүгдэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жаргалсайханы Ж.Жөд холбогдох эрүүгийн 1911013881245 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын мэргэжилтэй, Магус ХХК-ний захирал, Баянгол дүүргийн 4 хороо Голден парк 107-120 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 02 cap хорих ял,

-2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 517 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 05 жил 06 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Жаргалсайханы Ж.Ж /РД- УХ82071816/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Ж.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Ж нь "Америк улсаас автомашин оруулж ирж зарна" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний хугацаанд Чингэлтэй дүүргийн 1 болон 2 дугаар хорооны дэвсгэрт хохирогч Г.Гэрэлчимэгээс нийт 57.731.000 төгрөгийг, мөн хохирогч Г.Нандинчимэгээс 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд Чингэлтэй дүүргийн 1 болон 2 дугаар хорооны дэвсгэрт нийт 47.994.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5064875361 дугаартай дансаар шилжүүлэн авч залилж бусдад нийт 105.725.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Ж.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр өгсөн: "миний бие Гэрэлчимэг гэх эмэгтэйг таних бөгөөд уг эмэгтэйтээ анх 2011-2012 онд санагдаж байна АНУ-аас машин оруулж ирж, түүнд зарж өгч танилцаж байсан юм. Ингээд Гэрэлчимэг гэх эмэгтэйтээ фэйсфүүк хаягаар найз болж байсан бөгөөд үүнээс хойш нэг их харилцаад байдаггүй байсан. Ингээд 7 жил шахуу харилцаагүй байж байгаад 2018 оны өвөл 11 сард санагдаж байна би Гэрэлчимэг рүү фэйсфүүк цахим хаягаар чат бичиж эхэлсэн бөгөөд шинэ жил дөхөж байгаа учир АНУ-д машин хямдардаг учраас би Гэрэлчимэгт "та дахиж машин худалдаж аваа юу?, Үнэ нь хямдарсан байгаа" гэж хэлж байсан бөгөөд Гэрэлчимэг нь надаас өмнө нь машин худалдаж авч байсан. Учраас надад "машиныг чинь сонирхоё, таалагдвал худалдаж авъя гэж хэлсэн. Ингээд би АНУ-ын авто трейдрер нэртэй цахим хаяг руу орж, машинуудын үнийг судлаж байгаа Лексус-ар-экс 350 маркийн цагаан өнгөтэй машин хямдарсан байгааг олж харсан бөгөөд уг машины зураг үнэ, болон бусад мэдээллийг Гэрэлчимэгийн чатаар явуулж байсан. 2018 оны 12 дугаар сарын 26-нд гэрээ хийж, хараахан машинаа захиалаагүй дансанд мөнгө байж байсан. Үүнээс хойш 01 дүгээр сард гэрээний нөхцөлд зааснаар Гэрэлчимэгээс мөнгөө цувуулан өөрийн 5064878361 дугаарын дансаар шилжүүлэн авч байсан бөгөөд тухайн үед Гэрэлчимэг нь надад "би дүү эмэгтэйд бас машин хямдхан худалдаж авчихмаар байна" гэж хэлсэн. Миний бие Гэрэлчимэг болон Нандинчимэг нараас үлдэгдэл мөнгөнүүдээ гэрээний дагуу цувуулан дансаар шилжүүлэн авч байсан. Эхэндээ уг мөнгө бүхэлдээ миний 5064878361 дугаарын дансанд байсан бөгөөд тухайн үед миний бие тэр 2-ын машин дээр нэмж дахин нэг машин авах санаа төрөөд данснаасаа авч интернэт орчинд мөрийтэй тоглоом тоглож, зарим хэсгээр нь хувийн хэрэгцээгээ зулгуулж буюу Хятад руу очиж мөрийтэй тоглоод хожигдоод дуусгасан. Ингээд миний уг мөнгө өгсөнөө гэсэн бодол талаар болж, Гэрэлчимэг, Нандинчимэг нарын мөнгөний ихэнхи хэсгийг Хятад улсад байхдаа мөрийтэй тоглоомонд алдаж дуусгасан. Миний хувьд би өөрийн гэм буруугаа хүлээж байна. Миний буруу тооцоо, бодлоос болж Гэрэлчимэг Нандинчимэг гэх 2 хүнд их хүндрэл зовлон учруулсандаа маш их харамсаж байна. Учруулсан хохирлоо бүрэн гүйцэт төлж барагдуулна" гэх мэдүүлэг /1хх-ийн 53-54х/,

- хохирогч Г.Гэрэлчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "би анх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний нэгэн танил Ж.Жавлантөгс нь намайг хайж сураглаж явсаар байгаад надтай уулзаж "АНУ-д шинэ жилийн баяр болж байна, тэнд машинууд 2 хоногийн хугацаанд хямдалсан байна, амьжаад машин захиалчихаа, үүнээс хойш машин хямд олдохгүй шүү дээ, би машиныг чинь захиалаад АНУ-аас аваад өгье, мөнгөө бага багаар нь ч хамаагүй миний данс руу хийгээрэй" гэж хэлсэн ба би түүнд итгэж машин захиалах болсон гол шалтгаан бол өмнө нь буюу 2011 онд Ж.Жөөр дамжуулан нэг машин АНУ-аас авчруулж, худалдан авч байсан учраас би түүнд итгэж, АНУ-аас машин захиалан худалдан авхуулахаар болсон. Ж.Ж нь надад машин санал болгох үедээ өөрийгөө "жонш олборлодог компанитай болсон, олсон жоншоо Хятад улс руу нийлүүлдэг, манай оффис нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Пийс молл" төвийн 12 дугаар давхарт 1202 тоотод байралдаг бөгөөд миний бие тус оффист нь очиж уулзаж, машин худалдах, худалдан авах гэрээг хийж байсан. Би Ж.Ж машин авахаар 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж, тус өдөртөө урьдчилгаа 23.800.000 төгрөгийг Ж.Жийн Хаан банкны 5064878361 дугаар данс руу Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт шилжүүлсэн бөгөөд тухайн үед Ж.Ж нь надад "2019 оны 02 дугаар сраын 28-ны өдөр эцсийн байдлаар таны машин АНУ-аас ирнэ" гэж хэлсэн.

Үүнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би Ж.Жийн дээрх данс руу 5.266.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сраын 29-ний өдөр 13.165.000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 15.152.000 төгрөгийг тус тус төлж машины мөнгийг төлсөн, Харин 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 82.000 төгрөгийг долларын зөрүү мөнгө гэж шилжүүлсэн, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөн Ж.Жийн хэлснээр "та машин захиалж авч байгаа юм чинь зарим нэг ахуйн хэрэгцээг машиндаа ачуулаад хамтад нь авбал ашигтай байдаг шүү дээ" гэж хэлээд 266.000 төгрөгийг шилжүүлэн нийт 57.731.000 төгрөгийг өгч байсан.

Гэвч 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу миний захиалгаар машин авах гэрээний хугацаа маань болох үед би Ж.Жөөс "миний захиалсан машин хэзээ ирэх юм бэ" гэж асуухад "одоо удахгүй ирнэ, замдаа гарчихсан, одоо Тенжин дээр ирвэл тэндээ наашаа удахдаа л 7 хоногийн дараа л ирэх ёстой гэж хэлсэн боловч одоог хүртэл машин маань ирээгүй байна.

Саяхан буюу 2019 оны 3 дугаар сарын сүүлээр Ж.Ж нь утсаа салгаад, огт холбогдохоо больчихсон бөгөөд ажил дээр нь очиход ажлынхан нь түүнийг Хятад улсад явж байгаа хэмээн ярьж байсан бөгөөд хэсэг хугацаанд утас нь холбогдохгүй, чимээгүй болчихсон" гэх мэдүүлэг /1хх-ийн 13-14х/,

- хохирогч Г.Нандинчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "би анх Ж.Жийг төрсөн эгч Гэрэлчимэгтэй утсаар ярьж АНУ-аас машин захиалах болсныг нь мэдэж, түүнтэй танилцах болсон. Тухайн үед эгч маань АНУ-аас Ж.Жөөр дамжуулан машин худалдаж авах гэж байгааг нь би сонирхоод мөн машин худалдаж авах хүсэл төрсөн. Би энэ талаар эгчдээ хэлэхэд эгч маань Ж.Жөд намайг мөн машин захиалж авах хүсэлтэй байгаа тухай түүнд хэлж байсан юм. Ингээд 2019 оны 01 дүгээр сард эгч рүү Ж.Ж нь хэд хэдэн машины зураг явуулж, худалдан авахыг санал болгож байсан бөгөөд тэдгээр машинуудыг үнэ болон загвар нь надад таалагдаагүй ба үүнээс хэд хоногийн дараа эгч рүү дахин машины зураг явуулаад "дүүдээ эдгээр машинуудын зургийг үзүүлээчээ, алдаж болохгүй боломж шүү, эдгээр машинааас хямд машин мөддөө гарч ирэхгүй" гэсэн чат эгч рүү бичсэн байсан. Би Ж.Жтэй шууд харилцаж байгаагүй бөгөөд эгчтэй маань фэйсфүүкээр тогтмол харилцдаг байсан бөгөөд би эгчээрээ дамжуулж л харилцдаг байсан. Би Ж.Жийн хамгийн сүүлд эгч рүү маань фэйсфүүк чатаар явуулсан машины зурагнууд дундаас нэгийг нь Ж.Жийн хэлснээр алдаж болохгүй боломж гэж бодоод сонгож аваад, худалдан авахаар болж 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ж.Жийн Хаан банкны 5064878361 дугаарын данс руу 31.644.000 төгрөгийг машины 50 хувийн урьдчилгаа болгон Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны Хаан банкны салбараас шилжүүлсэн ба үүний дараа өөрийн эгч Гэрэлчимэгийн хамтаар Пийс тоурын 12 дугаар давхрын 1202 тоот буюу Ж.Жийн оффис руу очиж, машин худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээ хийх явцад Ж.Ж нь "манай компани нь жонш олборлодог бөгөөд үйл ажиллагаагаа явуулаад 3 жил болж байна" хэмээн өөрийгөө танилцуулж байсан бөгөөд тухайн үед л би Ж.Жтэй анх уулзаж, царайг нь харж, харин орой нь Ж.Жтэй фэйсфүүкээр найз болсон. Дараа нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ж.Ж нь над руу "таны машин чинь АНУ-аас ачигдах гэж байна, дотор нь ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдан авч хийлгүүлэхгүй юм уу, танай эгч Гэрэлчимэг нь өөрийн авсан машины дотор нь бараа худалдан авч ачуулж байгаа шүү дээ, хамтад нь авбал уг нь зүгээр шүү дээ" гэж хэлээд байхаар нь би түүнд итгэж угаалгын нунтаг, майхан авхуулахаар нийт 200 доллар буюу тухайн үеийн ханшаар 528.000 төгрөгийг өөрийн 5057207561 дугаарын данснаас Ж.Жийн дээрх данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр миний бие гадаад улс руу ажлаар явах болоод өөрийн эгч Гэрэлчимэгтээ машины 2 дахь урьдчилгаа 25 хувь буюу 15.822.000 төгрөгийг үлдээсэн ба эгч маань өөрийнхөө 5027149489 дугаарын дансаар Ж.Жийн Хаан банкны дээрх дансруу шилжүүлсэн. Үүнээс хойш 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр би Ж.Жтэй фэйсфүүкээр холбогдож "миний машин хаана явж байгаа юм бэ" гэж асуухад "таны машин АНУ-аас ачигдсан, өнгөрсөн 7 хоногт тэнжин дээр явж байна" гэж хэлсэн бөгөөд надад яг албан ёсоор АНУ-аас Монгол руу машин ачигдсан талаарх баримт бичиг, гаалийн бичиг болон яг хаана явж байгаа талаарх мэдээллийг баримттай нь хамт явуулаач гэхэд Ж.Ж нь "...одоо явууллаа" гэж хэлээд таг чиг болчихдог байсан. Үүнээс хойш буюу 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны хооронд Ж.Жтэй "би машины чинь татварыг гааль дээр таньдаг байцаагчаараа явуулчихлаа, татвар нь 10.000.000 төгрөг болно байх, харин үлдэгдэл 25 хувиа бөөнд нь өгөөрэй" гэж хэлснээс хойш одоог хүртэл машин маань ирээгүй бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ж.Ж нь эгч бид 2-той уулзах үедээ "би үнэндээ машиныг чинь захиалаагүй, мөнгийг нь өөр зүйлсд зарцуулсан, тиймээс би мөнгөтэй болохоороо авсан мөнгөө хүүтэй нь хамт буцаагаад өгнө, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мөнгийг нь барагдуулна, хэрэв барагдуулахгүй бол хуулийн өмнө хариуцлага хүлээнэ" гэж хэлээд өөрийн гараар баталгаа бичээд, надаар зургаа даруулаад явсан. Гэвч одоог хүртэл утас нь холбогдохгүй надаас авсан 47.986.000 төгрөгнөөс гуйвуулж байж 500,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн бөгөөд одоогоор 47.486.000 төгрөгийг би авах ёстой" гэх мэдүүлэг /1хх-ийн 35-36х/,

- хохирогч Г.Гэрэлчимэгийн "5064878361 дансны дугаар луу 6 удаагийн үйлдлээр нийт 57.731.000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны Депозит дансны хуулга /1хх-ийн 17-21х/ үйлдлээр нийт 47.986.000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны Депозит дансны хуулга /1хх-ийн 38-41х/,

- 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ж.Ж, Г.Гэрэлчимэг нарын хоорондоо байгуулсан "Машин худалдах, худалдан авах гэрээ" /1хх-ийн 22-28х/

2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Ж.Ж, Г.Нандинчимэг нарын хоорондоо байгуулсан "Машин худалдах, худалдан авах гэрээ" /1хх-ийн 42-44х/,

2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ж.Жөөс Г.Гэрэлтуяа, Г.Нандинчимэг нарт гаргасан баталгаа /1хх-ийн 45х/ Эд зүйлд үнэлгээ хийсэн тэмдэглэл, /1хх-ийн 92-93х/,

“Магус” ХХК-ний Улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 99х/

Ж.Жийн Хаан банк дахь 5064878361 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 183-184х/,

гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-иин 29х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Ж.Жавхлантөгөс нь шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор  хохирогч Г.Гэрэлчимэг, Г.Нандинчимэг нарт “Америкийн нэгдсэн улсад зах зээлийн ханшнаас доогуур үнээр автомашин худалдан авах боломжтой байна. Захилвал би оруулж ирж чадна.” гэж хэлж итгүүлэн хуурч, машин худалдах, худалдан авах гэрээ байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогч нараас хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 105.725.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нарын өгсөн мэдүүлгүүдээр энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гэрэлчимэгт 57.731.0000 төгрөг, хохирогч 47.994.000 төгрөгийн тус тус хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Жөөс нийт 105.725.000 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр нь олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ж.Жөд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шудрага ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан хохиролын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, урьд залилан мэхлэх гэмт хэргээр 2 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргүүдийг нь тус тус харгалзан үзэж 6 жил хорх ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Жаргалсайханы Ж.Ж нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, их хэмжээний буюу нийт 105.725.000 төгрөгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ж.Жөд 6 /зургаа/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Ж.Жавхалантөгсөд шүүхээс оногдуулсан 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Ж.Жавхалантөгсийн цагдан хоригдсон нийт 35 /гучин тав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Жөөс нийт 105.725.000 /нэг зуун таван сая долоон зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Гэрэлчимэг /РД:ЧЕ73082608/-д 57.731.000 /тавин долоон сая долоон зуун гучин нэг мянга/ төгрөгийг, хохирогч Г.Нандинчимэг /РД:ЧЕ77062801/-д 47.994.000 /дөчин долоон сая есөн зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Жөд урьд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ