Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 625

 

Ж.Ж-өд холбогдох эрүүгийн

                                                                             хэргийн тухай                        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Солонго,

хохирогч Г.Нандинчимэг, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,

шүүгдэгч Ж.Ж-ийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ж.Ж-ийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Ж-өд холбогдох эрүүгийн 1911013881245 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Ж.Ж-, 1982 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын мэргэжилтэй, ам бүл 1,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 1219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

            - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 517 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар уг ялаас өршөөн хэлтрүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 8 жил 6 сар 9 хоногийн хорих ялыг үргэлжлүүлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

            Ж.Ж- нь “Америк Улсаас автомашин оруулж ирж зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Чингэлтэй дүүргийн 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд хохирогч Г.Гэрэлчимэгээс нийт 57.731.000 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд хохирогч Г.Нандинчимэгээс нийт 47.994.000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаартай дансаар шилжүүлэн авч залилж бусдад нийт 105.725.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ж.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Ж- нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, их хэмжээний буюу нийт 105.725.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Ж-өөс нийт 105.725.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Гэрэлчимэгт 57.731.000 төгрөгийг, хохирогч Г.Нандинчимэгт 47.994.000 төгрөгийг тус тус олгож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ж.Ж-ийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хоёр үндэслэлээр давж заалдах гомдлоо гаргасан. Уг гомдлынхоо эхний хэсэг буюу цагдан хоригдсон хоногийг буруу тоолсон гэх гомдлоосоо татгалзаж байна. Харин анхан шатны шүүх ял оногдуулахдаа чухам ямар үндэслэлийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал болгосноо шийтгэх тогтоолд тодорхой заагаагүй. Шүүгдэгч Ж.Ж- нь гэм буруугаа хүлээж, хохирогч нарын мөнгийг үрсэндээ гэмшиж, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Гэвч хохирол нөхөн төлөгдөхгүй байгаа шалтгаан нь хохирогч нарын буруутай үйл ажиллагаанаас болсон. Түүний урьд залилах гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлсэн байдал нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл болохгүй. Урьд ял шийтгүүлсэн 2 удаагийн үйлдэл нь нэг цаг хугацаанд үйлдэгдсэн ба мөрдөн шалгах ажиллагааг нэгтгэн явуулаагүйгээс тус тусад нь ял оногдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулсан байдаг. Иймд шүүгдэгч Ж.Ж-өд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

            Хохирогч Г.Нандинчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эгч бид хоёр иргэн Ж.Ж-өд залилуулсан. Ж.Ж-ийн компани нь үйл ажиллагаа явуулдаггүй байсан ба өөр хүний ажлын байрыг ашиглаж залилсан. Энэ хугацаанд хохирол төлбөрийг барагдуулаагүй, ар гэрийнхэн нь бидэнтэй холбогдоогүй. Гэтэл одоо ял шийтгэл хүндэдсэн гэж давж заалдах гомдол гаргаж байгаад маш их гомдолтой байна. Ж.Ж-ийг бидэнтэй тохиролцоод хохирлыг барагдуулбал бид ойлгоно. Өмнө хоёр удаа яг ийм байдлаар “Автомашин оруулж ирнэ” гэж бусдыг залилж, ял шийтгүүлж байсан. “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдан гарч ирээд дахин намайг залилсанд гомдолтой байна. Харин ч энэ хүний ял хөнгөдсөн гэж үзэж байна.” гэв.

            Хохирогч Г.Нандинчимэгийн өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэл тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа шиг Ж.Ж- нь гэм буруугаа хүлээн мэдүүлдэггүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд автомашин захиалаагүй ба хохирогч нараас авсан мөнгөө мөрийтэй тоглож алдсан гэдгээ мэдүүлсэн. Ж.Ж- нь 4 дүгээр сард хохирогч нартай санамсаргүй тааралдаад бичиг баримтаа үлдээгээд “Би мөнгийг чинь хэд хоногийн дараа өгнө” гэж хэлээд дахин алга болсон. Энэ үйл баримтаа буруугаар тайлбарлаж байна. Өмнө 2014, 2016 онд өөрийн компанийн бичиг баримтыг ашиглаж хоёр удаагийн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүх хурал дээр өмнөх хохирол төлбөрийг барагдуулаагүй гэдгээ хэлсэн. Миний үйлчлүүлэгч нар хохирол төлбөрөө барагдуулах саналтай байгаа. Ж.Ж- нь хохирол төлөх талаар ямар нэг санал санаачилга гаргаж байгаагүй.” гэв.

            Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх Ж.Ж-ийн үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүх ял оногдуулахдаа Ж.Ж-ийн урьд ял шийтгэл эдэлж байсан, өмнөх хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй зэргийг харгалзан үзсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Ж.Ж- нь “Америкийн Нэгдсэн Улсаас автомашин оруулж ирж зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, Чингэлтэй дүүргийн 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулах замаар 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд иргэн Г.Гэрэлчимэгээс нийт 57.731.000 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд түүний дүү иргэн Г.Нандинчимэгээс нийт 47.994.000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаартай дансаар шилжүүлэн авч, бусдад нийт 105.725.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Г.Гэрэлчимэг нь “...2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний танил Ж- нь намайг хайж сураглаж явсаар байгаад уулзаж “Америкийн Нэгдсэн Улсад шинэ жилийн баяр болж байгаа, тэнд автомашинууд 2 хоногийн хугацаанд хямдарсан байна, үүнээс хойш автомашин хямд олдохгүй, би автомашиныг чинь захиалаад аваад ирье, мөнгөө бага багаар нь ч хамаагүй миний данс руу хийгээрэй” гэж хэлсэн. Би өмнө нь 2011 онд Ж-өөр дамжуулан нэг автомашин Америкийн Нэгдсэн Улсаас авчруулж, худалдан авч байсан учраас би түүнд итгэж автомашин худалдан авахаар болсон. Ж- нь надад автомашин санал болгох үедээ өөрийгөө “жонш олборлодог компанитай болсон, Хятад Улс руу нийлүүлдэг, манай оффис Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг” гэж хэлсэн бөгөөд миний бие 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус оффист нь очиж уулзаад, автомашин худалдах, худалдан авах гэрээг хийж байсан. Тухайн өдрөө урьдчилгаа 23.800.000 төгрөгийг, 2019 оны 1 дүгээр сарын 11-нээс 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хооронд үлдэгдэл мөнгийг цувуулан Ж-ийн Хаан банкны *** дугаартай данс руу шилжүүлэн нийт 57.731.000 төгрөгийг өгсөн. 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр буюу миний захиалгаар автомашин авах гэрээний хугацаа болох үед Ж-өөс асуухад “Одоо удахгүй ирнэ, замдаа гарчихсан, Тяньжин дээр ирвэл наашаа 7 хоногийн дараа л ирэх ёстой” гэж хэлсэн боловч одоог хүртэл автомашин маань ирээгүй. 2019 оны 3 дугаар сарын сүүлээр утсаа салгаад, огт холбогдохоо больчихсон. ...” /1хх 13-14/ гэж,

Хохирогч Г.Нандинчимэг нь “...тухайн үед эгч маань Америкийн Нэгдсэн Улсаас Ж-өөр дамжуулан автомашин худалдаж авах гэж байгааг нь би сонирхоод мөн автомашин худалдаж авах хүсэл төрсөн. Би энэ талаар эгчдээ хэлэхэд эгч маань Ж-өд намайг мөн автомашин захиалж авах хүсэлтэй байгаа тухай хэлж байсан. Би Ж-тэй шууд харилцаж байгаагүй бөгөөд эгчтэй маань фэйсбүүкээр тогтмол харилцдаг байсан. Сүүлд эгч рүү чатаар явуулсан автомашины зурагнуудаас нэгийг сонгож аваад худалдан авахаар болсон. 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Ж-ийн Хаан банкны *** дугаартай данс руу 31.644.000 төгрөгийг тавин хувийн урьдчилгаа болгон шилжүүлж, өөрийн эгч Гэрэлчимэгийн хамт оффист дээр нь очиж автомашин худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэрээ хийх явцад Ж- нь “манай компани жонш олборлодог бөгөөд үйл ажиллагаа явуулаад 3 жил болж байна” хэмээн өөрийгөө танилцуулж байсан. Дараа нь 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Ж- над руу “Таны автомашин чинь Америкийн Нэгдсэн Улсаас ачигдах гэж байна, дотор нь ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдан авч хийлгүүлэхгүй юм уу” гэхээр нь би түүнд итгэж угаалгын нунтаг, майхан авахуулахаар 528.000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. 2019 оны 2 дугаарсан 18-ны өдөр миний бие гадаад улс руу ажлаар явах болоод эгч Гэрэлчимэгт автомашины хоёр дахь урьдчилгаа болох 15.822.000 төгрөг үлдээсэн байсныг эгч маань өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Ж- нь “одоо явууллаа” гэж хэлээд таг чиг болчихдог байсан. Ж- нь “2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр мөнгийг барагдуулна, хэрэв барагдуулахгүй бол хуулийн өмнө хариуцлага хүлээнэ” гэж хэлээд өөрийн гараар баталгаа бичээд явсан. Гэвч одоог хүртэл утас нь холбогдохгүй байгаа. ...” /1хх 35-36/ гэж тус тус Ж.Ж-өд мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь:

- 2018 оны 12 дугаар сарын 26, 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрүүдэд Ж.Ж-тэй байгуулсан “Автомашин худалдах, худалдан авах тухай” гэрээнүүд /1хх 82-91/,

- Хаан банк дахь Г.Гэрэлчимэгийн ***, Г.Нандинчимэгийн *** дугаартай данснаас Ж.Ж-ийн *** дугаартай дансанд мөнгөн гүйлгээнүүд хийгдсэн талаарх дэлгэрэнгүй хуулгууд /1хх 17-21, 38-41, 183-184/,

- 2019 оны 4 дүгээр сарын 10 өдөр Ж.Ж-өөс Г.Гэрэлчимэг, Г.Нандинчимэг нарт гаргасан баталгаа /1хх 45/,

- шүүгдэгч Ж.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээсэн “...автомашин захиалалгүйгээр хохирогч нарын мөнгийг дансандаа байршуулж байгаад мөрийтэй тоглож, хувийн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан. ...” гэсэн мэдүүлэг /1хх 53-54, 58-59/ зэргээр давхар нотлогджээ.

Шүүгдэгч Ж.Ж- нь хохирогч нараас дээрх мөнгийг авахдаа, өөрийгөө уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компанитай хэмээн ойлгуулж, “...Америкийн Нэгдсэн Улсаас зах зээлийн ханшаас доогуур үнээр автомашин худалдан авах боломжтой, захиалбал би оруулж ирж чадна...” гэх зэргээр хэлсэн зүйл нь бодитойгоор хэрэгжээгүй бөгөөд тэрээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын хөрөнгийг өөртөө авч хэрэглэсэн байдал тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж, 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:”, 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.2-т “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг”, 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж заан хохирлын хэмжээг тодорхойлсон тул гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.Ж-ийг хохирогч нарт 105.725.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ж.Ж-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаас бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Ж-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон гэм буруугаа хүлээсэн, урьд залилах гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

Учир нь, эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч Ж.Ж- өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн боловч тэрээр урьд нь энэ төрлийн аргаар залилах гэмт хэрэг үйлдэн 2 удаа хорих ял шийтгүүлж, “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн үйлчлэлд хамрагдан суллагдаж байсан атал энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, дахин энэ гэмт хэргийг үйлдсэн, эдгээр хугацаанд гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөөгүй зэрэг нь түүний хувийн байдлыг тодорхойлж байна.

Шүүгдэгч Ж.Ж-ийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл давж заалдсан гомдолдоо “...шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг зөвтгүүлэх талаар...” дурдсан боловч тэрээр тус шүүх хуралдаанд уг гомдлоосоо татгалзсан болохыг дурдвал зохино.

Иймээс “...хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн шүүгдэгч Ж.Ж-ийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэж заасан.

Хавтаст хэргээс үзэхэд, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн давж заалдсан гомдолд хариу тайлбар гаргах хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байхад анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Батцэцэг “...хүүхэд асрах чөлөөтэй байсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан...” гэх /2хх 164/ хувийн шалтгаанаар хэргийг харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлэлгүй удааж хайнга, хариуцлагагүй алдаа гаргасан байгааг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ж-ийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                          ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН