Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 29

 

Ц.О-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2016/0085/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                             

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   Ц.О

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           М.Найдан

           Нарийн бичгийн дарга                             Ц.Мичидмаа нарыг оролцуулан

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолтой Ц.О-д холбогдох 201706000109 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.О-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ... урьд ял шийтгэлгүй, ..., Х овогт Ц-ийн  О.

Шүүгдэгч Ц.О нь Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт гэртээ хамтран амьдрагч Г.О-ийг удаа дараа зодох зэргээр харгис хэрцгий хандаж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2016 оны 02 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сард зодож, давтан үйлдлээр бие махбодид нь хүндэвтэр гэмтэл, 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зодож хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор:

Хангай овогт Ц-ийн О-ыг гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж догшин авирласан, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Ц.О-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 /хоёр/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.О-ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаас чөлөөлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх,

Шүүгдэгч Ц.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-ыг цагдан хорьж, ялыг 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолох,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Ц.О давж заалдах гомдолдоо: “... Уг гэмт хэргийн улмаас миний хамгийн ойрын минь хүн ханийн минь биед гэмтэл учирч эрүүл мэнд нь хохирсонд үнэхээр харамсаж байгаа, ард байгаа 3 хүүхэд минь идэх хоол, өмсөх хувцасгүй үлдэж тэднийгээ амьдын хагацалд учруулсандаа өдөр хоног өнгөрөх бүр гэмшин өөрийгөө буруутгавч нэгэнт хожимдсон байна.

Надад хэргийн талаар болсон болоогүй гэж маргах зүйл байхгүй боловч ар гэрийн амьдрал минь хүнд байдалд орж мөнгө төгрөггүй эхнэр хүүхэд маань Орхон аймаг бараадсан, амьдралын минь эх үүсвэр болсон хэдэн цөөхөн мал маань бараг эзэнгүй байгаа, хохирогчид учруулсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, миний үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж хуулийн энэрэнгүй зарчмын дагуу надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү…” гэжээ. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар  дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн Прокурорын газраас Ц.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 98 дугаар зүйлийн 98.2, 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгчийн 113 дугаартай захирамж /хх 135/-аар хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч С.Цэрэнханд нарыг томилж, мөн 125 дугаартай захирамж /хх 137/-аар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 15 хоногоор сунгасан байх боловч томилогдсон шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэлгүйгээр Ц.О-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1, 33.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчжээ.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “…эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш … яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргана…” гэж зааснаас гадна

мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ...” гэж заасан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.О-ын гаргасан гомдолд дүгнэлт өгөх боломжгүйг дурьдав.

Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ц.О-д холбогдох 201706000109 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

     2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ц.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурьдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ё.БЯМБАЦЭРЭН

                      ШҮҮГЧИД                                                           С.ЦЭЦЭГМАА            

                                                                                             С.УРАНЧИМЭГ