Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2021/0162

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр  сарын 21-ний өдрийн 53 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр  сарын 21-ний өдрийн 53 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 14 дүгээр зүйлийн 14.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1/3555 дугаар албан бичгээр “С” ХХК-ийн нөхөх олговрын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн Үндэслэх хэсэгт “...Өөрөөр хэлбэл хуулийн хугацаанд нь гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн шийдвэрлэлтийн үе шатанд тухайн талбайг Улсын Их Хурлын шийдвэрээр улсын тусгай хамгаалалтад авсан байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т “хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг улсын тусгай хамгаалалтад төрийн мэдэлд шилжүүлэн авсан тохиолдолд эрдсийн хуримтлал бүхий талбайг нөхөх олговрын хэлбэрээр сольж олгох” гэж заасан заалтад хамаарахаар байхад хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж үзэж дээрх заалтад хамааруулахгүйгээр нөхөх олговрын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй байна” гэсэн байна.

“С” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх үед буюу нэг хоногийн өмнө 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ирүүлсэн, харин нөхөх олговор олгохтой холбоотой хүсэлт ирүүлээгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд дуусгавар болно” гэж заасны дагуу “С” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дууссан тул Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар тогтоолын дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад хамааруулах нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагч нь нөхөх олговор авах хүсэлтийг шийдвэрлүүлэхээр холбогдох ажиллагаа хийгээгүй, нөхөх олговрын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан “бодит нөхцөл байдлыг тогтоох, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хэрэгжүүлээгүй, энэ нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэл хамгаалах зарчимд нийцээгүй гэж үзлээ. Иймд дээрх үндэслэлээр “нөхөх олговрын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан энэ үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан нь бүхэлдээ үндэслэлтэй байна.” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.1.3 заалт нь Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрээр хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авсан тохиолдолд эрдсийн хуримтлал бүхий талбайг нөхөх олговрын хэлбэрээр олгох зохицуулалт болно.

“С” ХХК-аас ирүүлсэн нөхөх олговор авах хүсэлтийг тухайд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.4, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч хянан үзэхэд Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг “Баруун горхийн хөндий” нэртэй 1468.49 гектар талбай бүхий XB-012621 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дууссан тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар нөхөх олговрын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тул энэ тухай 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1/3555 дугаар албан бичгээр тус хуулийн этгээдэд мэдэгдэж хуулийн хүрээнд үүргээ биелүүлж ажилласан байна.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан “бодит нөхцөл байдлыг тогтоох, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол  бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хэрэгжүүлээгүй”, энэ нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэл хамгаалах зарчимд нийцээгүй гэж үзэн төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор давхцалтай талбайн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтлээгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч “С” ХХК-д нөхөх олговрын хүсэлт гаргах хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлээгүй болохоо хариуцагч 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 9/212 дугаар албан бичгээр илэрхийлсэн, өөрөөр хэлбэл давхцалтай талбайд нөхөх олговрын хүсэлт гаргах хугацааг тогтоогоогүй, нөхөх олговрыг шийдвэрлээгүй байх тул “С” ХХК-ийн хайгуулын XB-012621 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах, тухайлбал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх эрхтэй, гэвч тухайн давхцлыг үндэслэл болгож Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл талбайн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайланг хэлэлцээгүй, улмаар тайлан хэлэлцээгүйг үндэслэл болгож ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болсноор бүртгэсэн нь эдгээр эрхийг зөрчжээ.” гэсэн байна.

Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн давхардлыг арилган солбицолд нь зохих өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох харилцааг зохицуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Уг тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын дагуу 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө хүсэлтээ ирүүлэх тухай зарыг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн болно.

Гэтэл тус компани нь ашигт малтмалын хайгуулын XB-012621 дугаартай тусгай зөвшөөрөл дээрээ нөхөх олговор авах тухай хүсэлтээ хууль, журамд заасан хугацаанд гаргаагүй тул нөхөх олговор авах эрх үүсэхгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т зааснаар өргөдлийг хянан үзэхэд мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан өргөдлийн маягтын дагуу хавсаргах баримт бичгийн бүрдэл дутуу, хуулийн шаардлага хангаагүй тул “С” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 206 дугаар шийдвэр нь хуулийн үндэслэлтэй.

2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасны дагуу Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг “Баруун горхийн хөндий” нэртэй ашигт малтмалын хайгуулын 1468.49 гектар бүхий талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-т заасныг үндэслэн гарсан Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан ойн сантай 1062.63 гектар, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 609.26 гектар талбай нь давхцал үүссэн тул Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл талбайн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайланг хэлэлцээгүй.

Түүнчлэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрээр нөөцийг хүлээн авах боломжгүй тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үндэслэлгүй байна.

Мөн ашигт малтмалын хайгуулын XB-012621 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болсноор бүртгэснээр бус хүчин төгөлдөр байх хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дууссан.

Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Агентлаг нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана” гэж хуульчилсан

Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан.

Иймд дээрх хууль дээдлэх зарчимтай зөрчилдөж байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 53 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг давж заалдах гомдлын хүрээнд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “С” ХХК нь Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 745 дугаар шийдвэрээр Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг “Баруун горхийн хөндий” нэртэй 1951.08 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-012621 дугаар тусгай зөвшөөрлийг “Л” ХХК-аас шилжүүлэн авч, 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулжээ.

Мөн нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаандаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайгаас тодорхой хэсгийг буцаан өгөх хүсэлт гаргаж, уг хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 560 дугаар шийдвэр гарч, уг шийдвэрээр 482.59 гектар талбайг буцаан авчээ.

Улмаар нэхэмжлэгч уг хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий үлдсэн 1468.69 гектар талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаандаа буюу 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 206 дугаар шийдвэрээр хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг тус тус хүсэлтдээ хавсаргаагүй байна гэх үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс дээрх хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэхээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд өмнө нь хандаж байсан боловч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглохоор заасан ойн сантай 1062.63 гектар, усан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 609.262 гектар талбай давхцалтай байна гэсэн үндэслэлээр хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэхээс татгалзаж, уг татгалзалтай холбоотой нэхэмжлэгчээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “С” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 20/3 дугаар албан бичгийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагч Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн даргад даалгаж” шийдвэрлэж байжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчээс дээрх хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэхээр шүүхэд маргахаас гадна ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй байх хугацаанд Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 46 дугаар тогтоол гарч, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “....Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд ... иймд Биндэр сумын нутагт орших улсын тусгай хамгаалалтад авсан Гутайн даваа-хөмүүл голын эх орчмын нутагт олгогдсон ... “С” ХХК-ийн ХВ-01221 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн дуусгавар болгож, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг хүсье” гэсэн агуулга бүхий албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар тус тус заажээ.

Харин Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 4.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараахь бичиг баримтыг хавсаргана” гэж, харин 4.2-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг дахин 30 хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан байна.

Үүнээс үзвэл геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу хариуцагч нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан нөхөх олговор авах хүсэлтийг хүлээн авч, олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр зохицуулжээ.

Гэтэл хариуцагч нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1/3555 дугаар албан бичгээр “... тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн “нөхөх олговор гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгсөн нь дээрх журамд нийцээгүй байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журмын 4.4-д “... журмын 4.2-т заасан тодорхойлолтыг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан хянаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг баталгаажуулна”, 4.6-д “Улсын төсвөөс нөхөх олговрын санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 30 өдөрт багтаан санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн хүсэлт гаргасан этгээдийн харилцах дансанд нөхөх олговрыг шилжүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл нөхөх олговрын хэмжээг баталгаажуулах, хүсэлт гаргасан этгээдэд нөхөх олговрыг шилжүүлэх зэрэг нь санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарахаар байна.

Нэхэмжлэгчийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглож, улмаар нөхөх олговор төлөхөөр зохицуулсан. Уг харилцааг зохицуулсан Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмаар зохицуулсны дагуу нөхөх олговор авах талаар хариуцагчид хандаж гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн байдал нь дээрх хууль болон журамд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. 

Түүнчлэн, тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх үед нэхэмжлэгчийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг байгалийн цогцолбор газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад нэхэмжлэгч “С” ХХК хамааруулах нь үндэслэлгүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Мөн давж заалдах гомдлын “...нэхэмжлэгч компани нь ашигт малтмалын хайгуулын XB-012621 дугаартай тусгай зөвшөөрөл дээрээ нөхөх олговор авах тухай хүсэлтээ хууль, журамд заасан хугацаанд гаргаагүй тул нөхөх олговор авах эрх үүсэхгүй юм” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Учир нь хэрэгт авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 9/121 дугаар албан бичгээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар давхцалтай талбайд нөхөх олговор авах хүсэлтээ ирүүлэх хугацаа тогтоосон мэдэгдлийг “С” ХХК-д хүргүүлээгүй болохоо илэрхийлсэн байх бөгөөд энэ тохиолдолд “нөхөх олговрын хүсэлт гаргах хугацаа тогтоосон мэдэгдлийг хүргүүлэх” нь хариуцагчийн хийх үйл ажиллагаа байжээ.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалт бичиглэлийн хувьд ойлгомжгүй байх тул өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 53 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “тогтоож,” гэсний дараа “...нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэх” гэснийг “... нөхөх олговор авах хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэхийг” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ