Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
Хэргийн индекс | 181/2016/00487/и |
Дугаар | 14 |
Огноо | 2016-12-21 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 14
ХХХХ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00980 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч ХХХХ-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ
Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч ХХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би тус байгууллагад 2001 онд Гоо заслын мэргэжлийн багшаар ажилд ороод өнөөдрийг хүртэл тасралтгүй ажилласан. 2004-2010 оны хооронд танхимын эрхлэгчийг хавсарган хийж байсан. Гэтэл 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б/76 тоот захирлын тушаалаар ажлаасаа халагдсан. Манай сургуулийн захирал 2015 оны 8 дугаар сард томилогдож үүрэг гүйцэтгэгчээр ирснээс хойш захиргааны дарамт үзүүлэх болсон. Ажлаас халагдах болсон шалтгааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлийг хэлсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай сургууль улсын хэмжээнд “Алтан хайч” үсчин сайханч нарын мэргэжлийн улсын уралдаан 14 дэх жилдээ зохион байгуулснаар миний бие гоо заслын мэргэжлийн 7 оюутан 3 төрлөөр бэлтгэж оролцуулснаас 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль авсан. Тэмцээний үеэр намайг ажлаасаа чөлөөлөгдсөн байхад манай танхимынхан зохион байгуулаад 5 хүрэл медаль илүү хувилж уралдаанд оролцсон хүмүүст тараасныг би мэдээгүй. Үүнээс улбаатай манай танхимынхныг бүгдийг хурлаар оруулсан. Сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн багш нарын зөвлөгөөний хурлаас манай танхимын бүх багш нараас мэргэжлийн шалгалт авах тухай мэдсэн. Би бол улсын мастер гоо засалч, Хөдөлмөрийн яамны дэргэдэх 6 хүний бүрэлдэхүүнтэй улсын ур чадварын комиссын нэг гишүүн юм. Гэтэл шалгалтын бүрэлдэхүүнд хумсны засал шалгах гишүүнээр 3 сарын курс төгссөн 3 дугаар зэрэгтэй хүнээр шалгалт авхуулсан бөгөөд тэр гишүүн намайг ажилбарыг хийж гүйцэтгээд байхад 0 оноо тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Би юу ч хийгээгүй биш хийгээд гүйцэтгээд байхад ингэж дүгнэсэн явдлыг захиралтай холбон үзэж байна. Тухайн үед хийсэн ажлынхаа зургийг авсан байснаа хавсаргасан. Манай захирал 2016 оны 5 дугаар сарын сүүлээр ажлын үр дүн шалгах тайлан хамгаалалт хийлгэсэн бөгөөд уг тайлан хамгаалалт дээр ганцхан намайг шүүмжлэн доромжлоод 57 оноогоор дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бөгөөд листний мөнгө хүртэл авсан байхад ажил тасалсан гэж үзсэн. Би нэг ч удаа ажил таслан хоцорч байгаагүй болно. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгуулаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, өмгөөлөгч ХХХХ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн багш нар төрийн үйлчилгээний албан хаагчид учир тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан жилийн эцэст, сургалттай холбоотойгоор үр дүнгийн гэрээ байгуулан гэрээг жилийн эцэст буюу 6 дугаар сард дүгнэж, багш нар тайлангаа хамгаалдаг журамтай юм. 2015-2016 оны хичээлийн жилийн тайлан хамгаалалтаар гоо заслын багш ХХХХХ нь 57 хувь буюу хангалтгүй гэсэн үнэлгээтэйгээр дүгнэгдсэн юм. 2015-2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний тайланг хэлэлцэхэд багш ХХХХХд дараах зөрчил илэрсэн. Энэ хичээлийн жилд суралцагчдын болон мэргэжил дээшлүүлэхтэй холбоотой судалгаа хийгээгүй. Сургууль дээр болон сургуулийн гадна зохиогдох ажлын төлөвлөгөөг гаргаж сургалтын албаны менежерээр батлуулаагүй. 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлөвлөгөөнд нийцүүлэн шинэчилж баталгаажуулаагүй. Ээлжит хичээлийн жилийн бүртгэлийг бүрэн хангаагүй. Хичээлийн төлөвлөлтийг цагийн фондтой нийцүүлэн хийгээгүй. Суралцагчдын улирлын дүнг нэгтгэн гаргаагүй. ХХХХХнь гоо заслын технологийн мэргэжлийн ангийг удирдаж байсан. Сурагчид нь ХХХХ-ын хичээлээс өөр бусад багш нарын хичээлд суудаггүй нь ангийн журналаас харагддаг. Сурагчдадаа шаардлага тавьж зохион байгуулдаггүй, ангидаа сургалт хүмүүжлийн ажил явуулаагүй. Цаг ашиглалтын хувьд ХХХХХ нь хичээлийн жилд 4 өдөр ажилд ирээгүй, 2015 оны ангийн сурагчид нь 9 дүгээр сард 27, 10 дугаар сард 47, 11 дүгээр сард 41, 2016 оны 2 сард 34, 3 дугаар сард 70, 4 дүгээр сард 47 сурагч хичээл тасалсан. ХХХХХ нь удирдах, удирдуулах ёс зүйг зөрчиж сургалтын албаны хурлыг дур мэдэн хаяж гарсан. Шалгалтад гоо заслын багш ХХХХХ нь хумс, гоо заслын онолын тестэд 85 хувь, хумс заслын практик ажилбар фрэнч засалт-33.5 хувь, гелэн зураглалд-28 хувь, гоо заслын тайзны нүүр будалт-66 хувь, боди арт-66 хувийн үнэлгээ авч бүх ажилбарын дунджаар тооцоход 55.7 хувийн үнэлгээ авч мэргэжлийн шалгалтын удирдамжид заасан үнэлгээгээр шалгалтын эцсийн дүнгээр тэнцээгүй гэсэн үнэлгээ авсан. Гоо заслын багш ХХХХХ нь мэргэжлийн ур чадварын шалгалтад тэнцээгүй. ХХХХ-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2.8-д “Ажил олгогчтой байгуулсан үр дүнгийн гэрээгээ хангалтгүй биелүүлсэн, хагас бүтэн жилийн тайлан хамгаалалтаар хангалтгүй үнэлгээ авсан нь” ажлаас чөлөөлөх үндэслэл болж байгаа юм. ХХХХХтай байгуулсан 37 тоот хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг заасан бөгөөд гэрээний 5.3.9-д заасныг удирдлага болгож aжлаас халсан нь 5.3-д зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гаргах нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон. “Алтан хайч” 14 дэх удаагийн улсын уралдааныг зохион байгуулахад манай сургуулийн үсчин гоо сайхны секцийн багш нар ерөнхий зохион байгуулагчаар оролцсон. Нийт үсчин гоо сайхны 10 төрлөөр шалгаруулж төрөл тус бүрт алт, мөнгө, хүрэл нийт 30 медаль олгохоор уралдааны комисс шийдвэрлэсэн. Уралдааны дүнг байгууллагын сайтад тавьж нийтэлсэн. Гэтэл Хөдөлмөрийн яам, Үсчин гоо засалчдын холбоо, ХХХХХ-ийн удирдлагаас нууцаар 5 медаль хуурамчаар тараасан нь тогтоогдсон. Иймээс уралдааны зохион байгуулсан танхимын үсчин, гоо заслын багш ХХХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХХХ, ХХХХХ, ХХХХХ, ХХХХХ, ХХХХХ, ХХХХХ нарт сахилгын шийтгэл хүлээлгэсэн тул ХХХХХыг сануулахаар шийтгэсэн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/49 тоот тушаал нь хууль зүйн үндэстэй юм. ХХХХХ нь тухайн үед сахилгын шийтгэлээ өөрөө хүлээн зөвшөөрч, сахилгын шийтгэл ногдуулсан захирлын тушаалд гарын үсэг зурж зөвшөөрсөн. Хөдөлмөрийн гэрээ болон сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд ноцтой зөрчил гэж тооцож ажлаас халахаар заасан зөрчлийг гоо заслын багш ХХХХХ нь гаргасан болно. Үр дүнгийн шалгалтаар хангалтгүй дүн үзүүлж хагас бүтэн жилийн ажлын тайлан хамгаалалтаар хангалтгүй үнэлгээ авбал Хөдөлмөрийн гэрээний 5.3.9, хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2.8-д зааснаар ажлаас чөлөөлөх үндэслэл болж байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэстэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч ХХХХХыг ХХХХХ-ийн Гоо заслын багшийн ажилд эргүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Үйлдвэрлэл урлалын политехник коллежоос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 697 280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХХд олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч ХХХХ-ын болон хариуцагч Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллага төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ХХХХ-д даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар хариуцагчаас 42 106 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
... 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан 14 дэх удаагийн “Алтан хайч” 2016 оны улсын уралдааныг зохион байгуулахад 5 медаль хуурамчаар тараасан нь тогтоогдсон байна. Иймээс уралдааныг зохион байгуулсан тэнхимийн үсчин, гоо заслын багш ХХХХХ, ХХХХ, ХХХХ, ХХХХХ, ХХХХХ, ХХХХХ, ХХХХХ, ХХХХХ, ХХХХХ, ХХХХХ нарт сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд тус тэнхимийн багш ХХХХХыг сануулах сахилгын шийтгэлийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/49 тоот тушаалаар оногдуулсан нь хууль зүйн үндэстэй юм. Хөдөлмөрийн яам, Монголын үсчин гоо засалчдын холбоотой хамтран “Мэргэжлийн ур чадварын шалгалт”-ыг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор зохион байгуулсан Уг шалгалтад гоо заслын багш ХХХХХ бүх ажилбарын дунджаар тооцоход 55,7 хувийн үнэлгээ авч мэргэжлийн шалгалтын удирдамжид заасан үнэлгээгээр шалгалтын эцсийн дүнгээр тэнцээгүй гэсэн үнэлгээ авсан. Энэ үед багш нарын 2015-2016 оны хичээлийн жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг шалгаж байсан учир ХХХХХ ур чадварын шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн бөгөөд үр дүнгийн гэрээний биелэлтийг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд багш ХХХХХд тайлбарт нэрлэн заасан зөрчил илэрсэн. ХХХХХ нь захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн захирлын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн өдрийн Б/47 тоот тушаалаар сахилгын сануулах шийтгэл авсны дараа ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байгаа учраас сахилгын шийтгэлийг давтан гаргаж байгаа тул Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг удирдлага болгосон юм. Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн 2015 оны 10 дугаар сарын 23-нд батлагдсан дүрмийн 5.2-д Үр дүнгийн гэрээний биелэлтийг хичээлийн жилийн эцэст буюу 6 дугаар сард, оны эцэст буюу 12 дугаар сард дүгнүүлэх үүрэгтэй. 5.3-д Үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланг хангалтгүй хамгаалсан бол Хөдөлмөрийн гэрээг шууд цуцална. Үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн бол ажлаас чөлөөлнө гэж сургуулийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журамд заасан учир Хөдөлмөрийн хуулийн 40.1.4 дэх заалтыг баримталсан юм. ХХХХХд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх 13 хоногийн цалин болох үндсэн цалин 374 176 төгрөг, зэргийн нэмэгдэл 56 126 төгрөг, хоол унааны зардал 41 364 төгрөг, багшийн Б цагийн нэмэгдэл 37 260 төгрөг нийт 508 926 төгрөг, 2015-2016 оны хичээлийн жил ажилласан хугацааны амралт болох 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх нийт ажлын 48 хоногийн амралтын мөнгө болох 1 949 032 төгрөг, нийт 2 457 958 төгрөг 2016 оны 6 дугаар сард бодогдсон. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлд 245 796 төгрөг, ХАОАТ-ын суутгалд 200 630 төгрөг тус тус суутгагдаж ХХХХ-ын төрийн банкин дахь тоот дансанд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 345 241 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 1 641 711 төгрөг тус тус шилжсэн байна. Багш нар нь 48 хоног амардаг онцлогтой тул жил бүрийн 6 дугаар сарын сүүлд бодогдсон цалингийн дүнг хоёр салгаж 6, 7 дугаар сарын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж багш бүрийн нийгмийн даатгалын дэвтрийг cap орхигдуулалгүй баталгаажуулдаг. Уг дэвтрээ ХХХХХ өөрөө авсан болно. ХХХХХд олгосон 2 457 958 төгрөг нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны цалин гэж үзэж болно. ХХХХ-ын сарын үндсэн цалин нь 633 221 төгрөг болохыг шүүхэд 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2/130 тоотоор тодорхойлж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ХХХХХтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж , ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэстэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний 181/ШШ2016/00980 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэг шаардлага болох 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг шийдвэрлээгүй орхисон байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ХХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 1 697 280 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргасан байна.
Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлдээ “…нэхэмжлэгч ХХХХХ нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, мэргэжлийн ур чадварын шалгалтад тэнцээгүй, үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлүүдийг заажээ.
Нэхэмжлэгч ХХХХХ нь ХХХХ-д гоо заслын багшаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/76 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна. /хэргийн 78 дугаар тал/
Ажил олгогч 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/76 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг баримталжээ.
Мөн тус коллежийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн А/23 тоот тушаалаар дотоодын хяналт шалгалт явуулах тухай гэсэн тушаал гаргаж, тус сургуулийн гоо засалч, мэргэжлийн багш нарын мэргэжлийн ур чадварын үнэлгээг дүгнэж, нэхэмжлэгч ХХХХ-ыг ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн үнэлгээг гаргасан байна. /хэргийн 79-90 дүгээр тал/
Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “Ажилтан мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг нь цуцлах эрхтэй хэдий ч ажилтан мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэх ажилдаа тэнцэхгүй болсныг ур чадварын түвшин тогтоох комисс, атестатчилын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр байхыг ойлгоно.
Ажил олгогчийн зүгээс ажилтны ур чадварыг үнэлэхдээ бага оноо авсан ажилтан ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзсэн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд тус байгууллага нь ажилчдынхаа ур чадварын үнэлгээг ямар журам баримтлан хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй төдийгүй, нэхэмжлэгчийн шалгалтын бүрэлдэхүүнд 3 сарын курс төгссөн 3 дугаар зэрэгтэй хүн орж үнэлэлт дүгнэлт өгсөн гэсэн тайлбарыг няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн дүгнэлт үндэслэл бүхий гарсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Түүнчлэн хариуцагч Үйлдвэрлэл урлалын политехник коллеж нь ХХХХХыг мэргэжлийн ур чадварын шалгалтад хангалтгүй дүн авсан нь Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.9 дахь заалтад заасан ноцтой зөрчилд хамаарна гэж тайлбарлаж байгаа нь боловч хөдөлмөрийн гэрээний 5.3.9 дахь заалтад ажилтан мэргэжил ур чадварын хувьд хангалтгүй дүн авсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцохоор заагаагүй байна.
Мөн ажил олгогчийн зүгээс ажилтан ХХХХХыг сурагчдын болон мэргэжил дээшлүүлэхтэй холбоотой судалгаа хийгээгүй, ажлын төлөвлөгөө гаргаж сургалтын менежерээр батлуулаагүй, удирдах, удирдуулах ёс зүйг зөрчиж албаны хурлыг хаяж гарсан, улирлын дүнг нэгтгэн гаргаагүй, сурагчдадаа шаардлага тавьж зохион байгуулдаггүй, цаг ашиглалтын хувьд муу зэрэг үр дүнгийн гэрээнд заасан зөрчлүүдийг гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч гоо заслын багш ХХХХ-ын 2016 оны үр дүнгийн гэрээ гэсэн баримтад талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүйгээс гадна үр дүнгийн гэрээг хэрхэн дүгнэсэн, тайланд дурьдсан зөрчлүүдийг ямар баримтыг үндэслэн тогтоосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
Ажил олгогч байгууллага ХХХХХыг “Үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлангийн үнэлгээ” гэсэн баримтад тулгуурлан сахилгын зөрчлийг гаргасан гэж үзсэн байх бөгөөд үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгч ХХХХХыг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэхгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.
Анхан шатны шүүх ажил олгогч нь нэхэмжлэгч ХХХХХыг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн гэж дүгнэж, түүнийг Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн гоо заслын багшийн ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх заалттай нийцсэн байна гэж дүгнэв.
Энэ талаар давж заалдсан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нь Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирлын нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/45 тоот тушаалаар нэхэмжлэгч ХХХХХд сахилгын сануулах шийтгэл ногдуулсан байна. /хэргийн 3 дугаар тал/
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг “Үйлдвэрлэл урлалын политехник коллеж 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэж дүгнэсэн байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн энэ шаардлагаа багасгасан гэх байдал нь тогтоогдохгүй, шаардлагаа багасгасан талаарх тайлбарыг гаргаагүй, “Алтан хайч” үсчин гоо сайханч нарын тэмцээнээр 5 медаль илүү олгосон, асуудал болон сахилгын арга хэмжээ авагдсан талаар зохигчид маргаж, мэтгэлцсэн байх тул уг шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирлын нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/45 тоот тушаалаар нэхэмжлэгч ХХХХХд сахилгын сануулах шийтгэл ногдуулсан байгаа бөгөөд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор уг тушаалд гомдол гаргаагүй тухайн тушаал нь хүчин төгөлдөр байна.
Мөн нэхэмжлэгч сахилгын шийтгэлд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн гэх байдал хэргийн баримтаар нотлогдохгүй, хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/45 тоот тушаалыг хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн шүүх нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоохдоо хуулийн хэллэгээр бичээгүй “эргүүлэн” гэж бичсэнийг зөвтгөн өөрчилж байна.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлээ “…шүүх цалин хөлстэй тэнцэх олговрыг буруу тооцсон…” гэж байгаа боловч анхан шатны шүүх ажилтныг ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тооцохдоо ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулсан сүүлийн 3 сараар тооцсон нь Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-дахь заалттай нийцжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт “Үйлдвэрлэл урлалын политехник коллеж 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00980 дугаар шийдвэрийн
1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-д зааснаар ХХХХХыг ХХХХ-ийн гоо заслын багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар Үйлдвэрлэл урлалын политехник коллеж 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч ХХХХын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа ХХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 106 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ц.ИЧИНХОРЛОО