Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 665

 

Б.Ч-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Оюунгэрэл,

цагаатгагдсан этгээд Б.Ч-ын өмгөөлөгч Т.Баярцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Б.Батболор, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Д.Мөнхцэцэгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Ч-д холбогдох 201626030587 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Л овогт Б-ийн Ч, 1997 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Ж14-354 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: --/,

Б.Ч нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонсголонгийн 20-702 тоотод иргэн Б.Т-г “зайлцгаа” гэж гэрээсээ хөөж, хутга барих, ноцолдох зэрэг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, өөрийг нь хутгалсныг мэдмэгц шүүгээн дээрээс хутга авч, улмаар Б.Т-г хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Ч-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Ч-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б.Ч-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон хивсний өөдөс 1 ширхэг, мөн цус мэт зүйлээр бохирлогдсон ногоон болон цагаан алагласан өнгөтэй хутга 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Мөнхцэцэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн 181 дүгээр цагаатгах тогтоолыг 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянавал:

1. Анхан шатны шүүхийн 181 дүгээр цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад зааснаар “эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байна. Б.Ч-н үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Т, гэрч Д.Ч, Д.А нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2661 тоот дүгнэлт, яллагдагч Б.Ч-н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хэрэгт шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийгдсэн байхад цагаатгах тогтоолд “... шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгчийг яллах болон цагаатгах баримтуудыг хэрэгт хангалттай цуглуулж чадсан байх ба улсын яллагчаас яллагдагч Б.Чойнямд холбогдуулан дээрх баримтуудаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь шүүгдэгчийн гэм бурууг нотлох хангалттай баримт болж чадахгүй байна. Яллах дүгнэлтэд дурдагдсан баримтууд нь шүүгдэгчийн гэм буруу, өөрөөр хэлбэл хохирогч Б.Т-г хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдлийн шууд нотолгоо болж чадахгүй байгаагаас гадна тухайн агшинд гэмт үйлдлийг нүдээр харсан гэрч нарын мэдүүлэг яллах биш цагаатгах баримтуудаар хэрэгт авагдсан байхад прокуророос гэрч нарын мэдүүлгийг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Түүнчлэн шүүхийн тогтоолд Б.Ч-н үйлдсэн хэргийг нотолсон, пурокурорын яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг үгүйсгэн няцаагдаж байгаа нотлох баримтууд гэж хохирогч Б.Т, гэрч Б.Ч, шүүгдэгч Б.Ч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт харилцан зөрүүтэй өгсөн мэдүүлгийг алийг нь ямар үндэслэлээр үнэлснийг тодорхойлж чадаагүй мөртлөө “... Б.Ч-н үйлдэл нь аргагүй хамгаалалт байх хууль ёсны үндэслэл бүхий нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан байх тул түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

            2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 50 дугаар магадлалд “... Б.Ч-г ... аргагүй хамгаалалт үйлдэл хийсэн хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь буруу болжээ...” гэж, мөн шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 372 дугаар магадлалд Б.Т-н “зайлцгаа” гэж гэрээсээ хөөж, хутга барих, ноцолдох зэрэг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж өөрийг нь хутгалсныг мэдмэгц шүүгээн дээрээс хутга авч улмаар Б.Т-г хутгалж бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн үед болсон үйл баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодитой тогтоох талаар шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийгджээ...” гэж дүгнэн хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байхад Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Б.Ч-д холбогдох хэргийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл тус шүүх  хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг 2 үндэслэлээр эс зөвшөөрч байна. Цагаатгах тогтоол, яллах дүгнэлтэд дурдсан гэрч нарын мэдүүлгээс хэнийх нь юу гэж хэлсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгааг нотлож цагаатгах тогтоолд дурдаж бичээгүй. Прокурорын яллах дүгнэлтэд хохирогчийн мэдүүлэг, гэрч Ч-н мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг дурдаж яг прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийг нотлож байгаа гол нотлох баримтыг дурдаж бичсэн байдаг. Цагаатгах тогтоолд эдгээр нотлох баримтууд үгүйсгэгдсэн байдлаар, цагаатгах байдлаар авагдсан байна гэсэн атлаа хэний, юу гэж хэлсэн мэдүүлэг нь цагаатгаж байгаа вэ гэдгийг дурдаагүй учраас цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй байна. Б.Ч-н хэрэг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэд, хэдэн удаа хэлэлцэгдсэн. Эхний цагаатгасан тогтоолыг эсэргүүцэж эсэргүүцэл бичихэд “аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй. Шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаахад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна гээд дахин эсэргүүцэл бичихэд давж заалдах шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэтэл дахин цагаатгах тогтоол гаргасан. Ийм шийдвэрүүд гаргаж байгаа учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь үндэслэлгүй гэж эсэргүүцэл бичсэн. Прокуророос Б.Ч-д холбогдох үйлдэл нь нотлогдон тогтоогдсон учраас гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй ...” гэв.

Ялтан Б.Ч-н өмгөөлөгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Ч мэдүүлгээ анхнаасаа тогтвортой өгдөг. Прокурор шүүгээнээс явж очоод хутга авсан гэж яриад байдаг. Гэтэл Т-н мэдүүлэгт “шүүгээ хаана байсан бэ” гэж асуухаар “Б.Ч шүүгээний хажууд зогсож байсан” гэж мэдүүлдэг. Мөн мэдээд шүүгээнээс авсан гэж ярьдаг. Мэдмэгцээ шүүгээнээс авсан гэх зүйл прокурорын яллах дүгнэлт болон хэргийн материалаас харагддаггүй. Яагаад гэвэл Б.Т-н “Б.Ч “чи намайг хутгалчихсан байна шүү дээ” гэж хэлээд шархаа оролдоод зогсож байсан” гэж мэдүүлсэн. Тэгтэл “чамайг алсан ч яадаг юм бэ” гэж хэлсэн гэдэг. Шүүхийн хэлэлцүүлгийн сүүл хэсэгт “би өөрийгөө хэрэгт орчихно гэж айгаад энэ талаар хэлэхгүй байсан” гэдэг. Гэтэл өмгөөлөгчийн хувьд энэ хэрэгт эргэлзээ төрсөн учраас Б.Ч-с нэг бүрчлэн асуусан. Б.Т үнэнээ хэлэхгүй юм байна гээд явж байсан. Гэтэл хамгийн сүүлийн мэдүүлэгт “би өөрийгөө хэрэгт орчихно гэж айгаад энэ талаар хэлэхгүй байсан” гэж хэлдэг. Хохирогч Б.Т мэдүүлгүүдээ дандаа тогтворгүй өгдөг. Мөн яагаад Б.Ч-г хутгалсан талаар асуухад “миний уур хүрээд байсан. Би согтуудаа хутгалсан байх” гэсэн мэдүүлгүүд өгсөн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд үндэслэлээ дурдаж хэлсэн. Анхан шатны шүүхээс 2016 оны 12 дугаар сард цагаатгах тогтоол гараад, үүн дээр прокурорын эсэргүүцэлд дурдагдаад байгаа шиг гэм буруутай эсэхэд нь эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэсэн болохоос Б.Ч гэм буруутай байна гэсэн зүйл байхгүй. Мөн мөрдөн байцаалтад зөрүүтэй мэдүүлэг өгөөд байна гээд анхан шатны шүүхээс буцаасан. Үүн дээр шаардлагатай гэрч, хохирогч нарыг талуудын хүсэлтээр оролцуулсан. Гэм буруутай эсэхэд нь дүгнэлт хий гэсэн зүйл байгаа. Прокурор яллах дүгнэлтдээ Б.Т хөөсөн, хутгалсан гэдэг. Хамгийн анх Т өөрөө хутгалсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

Прокуророос Б.Ч нь иргэн Б.Т-н “зайлцгаа” гэж гэрээсээ хөөж, хутга барих, ноцолдох зэрэг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, өөрийг нь хутгалсныг мэдмэгц шүүгээн дээрээс хутга авч, улмаар Б.Т-г хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс “... шүүх нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул Б.Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж...” шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан ба Б.Ч-н хувьд түүний амь нас, эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгоон дууссаны дараа  тэрээр хутга авч хутгалсан нь аргагүй хамгаалалтын шинжийг агуулаагүй байх ба гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Т-н довтолгоон дууссаны дараа Б.Ч нь түүнд хутгалуулснаа мэдээд “... чи намайг хутгалчихлаа шүү дээ...” гэхэд гэрч Д.Ч нь Б.Т-г хориглон гарыг нь бариад зогсож байхад Б.Ч нь шүүгээн дээрээс хутга авч хутгалсан хэргийн үйл баримт тогтоогдож байх ба Б.Ч-г аргагүй хамгаалалт хийсэн, зайлшгүй аргагүй хамгаалалт хийх нөхцөл байдал тулгарсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс зөв үнэлж дүгнээгүй, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна гэж үзлээ.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Ч-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Б.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                        Д.ОЮУНЧУЛУУН