Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00427

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2017/02146 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2408 дугаар магадлалтай,

Д.Б-ын нэхэмжлэлтэй

“Т” ХК, Б.Д, В.Ёнарт холбогдох

Автобус “Т” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч В.В.Ё-ын иргэн Д.Бтай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ, Д.Б-ын “Т” ХК-тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ, Д.Б-ын Б.Дтой байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, дээрх хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үндсэн дээр хийгдсэн Автобус “Т” ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүрмийн сан нэмэгдсэн бүртгэл, үүсгэн байгуулагчийн тоо 4 болж өөрчлөгдсөн бүртгэл, дүрмийг бүртгэсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Б-ын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр В.В.Ё-тай хамтран гадаад худалдаа, хот хоорондын зорчигч, шуудан тээврийн үйлчилгээ эрхлэх чиглэлээр 73 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар, 50:50 хувиар хувьцаа эзэмшихээр 2 хувь нийлүүлэгчтэйгээр Автобус “Т” ХХК-ийг үүсгэн байгуулагч болж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна. 2010 онд Улаанбаатар хот-Эрдэнэт, Эрдэнэт-Улаанбаатар хотын чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх этгээдийг сонгон шалгаруулах сонгон шалгаруулалтад оролцохын тулд өөрийн компанийн дүрмийн санг өсгөх, өөрийн өмчлөлийн ил зогсоол, дулаан гарааш, авто угаалгатай байх гэсэн үнэлгээ авахын тулд хууль бус гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн Автобус “Т” ХХК-ийн хувьцааны 20 хувийг “Т” ХК-д, 15 хувийг Б.Д нарт худалдах, В.В.Ё-аас 17.5 хувийн хувьцаа худалдаж авах зэргээр хуурамчаар хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Тухайн үед хувьцаагаа шилжүүлснээр компани үл хөдлөх хөрөнгөтэй болдог юм байна гэсэн буруу ойлголттой байлаа. Гэвч эдгээр нь өөрийн өмчлөлийн гэрчилгээгүй учир өөрийн өмчлөлийн гэж тогтоогдоогүй ба түрээсээр эзэмшдэг гэж дүгнэгдсэн. Эдгээр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг хуурамчаар хийсэн “Т” ХК-ийн захирал С.Ганболд, Б.Д нар нь өнөөдрийг хүртэл 6 жилийн хугацаанд Автобус “Т” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй мөртлөө одоо бид компанийн хувь эзэмшигч, ашиг авна, хөрөнгө оруулалт хийнэ гэх зэргээр авирлах болсон. Тухайн үед хөрөнгө оруулалт хийх нь байтугай түрээсийн төлбөр нэхэж, хувьцаанаасаа татгалзаж байгаагаа удаа дараа амаар болон бичгээр өгч байснаа умартан компанийн үйл ажиллагаа тогтворжиж, өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлтэй болох нөхцөл байдал бүрдэж ирэнгүүт хууль бусаар байгуулсан гэрээ, түүндээ нийцүүлэн гаргасан дүрмээр түрүү барин компанийн дотоод үйл ажиллагаанд оролцож, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өөрсдийн тээврийн хэрэгслийг манай компанийн шугам замд оролцуулж ашиг олох зорилгоор компанийг өөрсдийн мэдлээр хөдөлгөхийг санаархан дарамт шахалт үзүүлэх, ил далд хэлбэрээр сүрдүүлэх зэргээр нөлөөлж байна. Ийнхүү хууль бус хуурамч гэрээгээр шалтаглан иргэн Д.Б миний 7 жилийн хүч хөдөлмөр, өөрийн болон төрсөн эгчийнхээ орон сууцыг барьцаалан зээл авч босгосон хөрөнгийг минийх биш, Автобус “Т” ХХК-ийн хөрөнгө гэж сүрдүүлэн булаан авахыг санаархаж, ёс зүйгүй аашлах нь хэрээс хэтэрч байна. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Автобус “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолд намайг гарын үсэг зур хэмээн тулгаж байгаа нь эрээ цээрээ алдсан хууль зөрчсөн үйлдэл боллоо. Би өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа яагаад өөрийн хүсэл зоригоос гадуур өөрөө хүсээгүй байж бусдад шилжүүлэх ёстой билээ. Уг тогтоолд намайг хувьцаа эзэмшигчээс чөлөөлсүгэй гэсэн нь бүр ноцтой асуудал юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хууль бусаар байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүд болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Дээрх гэрээнүүд дээр зурагдсан гарын үсэгнүүд бүгд хуурамч бөгөөд хувьцаа худалдаж авсан үнийн дүнг хэн нь ч төлөөгүй болно. В.В.Ё-ын 17,5 хувийн хувьцааг худалдан авсан В.Ё, Б.Д нарын хооронд байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээнд В.В.Ё-ын гарын үсгийг би өөрөө өмнөөс нь зурсан. Мөн Д.Б миний 15 хувийн хувьцааг худалдсан Б.Д болон Д.Б нарын хооронд байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ-нд Б.Дгарын үсэг зураагүй ба уг гэрээнд Б.Дийн өмнөөс Д.Б би гарын үсэг зурсан. “Т” ХК-тай байгуулсан 20 хувийн хувьцааг худалдсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээнд “Т” ХК-ийг төлөөлж С.Сэргэлэн гарын үсэг зурж, тамга дарсан. Иймд дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож,хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үндсэн дээр хийгдсэн Автобус “Т” ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүрмийн сан нэмэгдсэн бүртгэл, үүсгэн байгуулагчийн тоо 4 болж өөрчлөгдсөн бүртгэл, дүрмийг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т” ХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2009 оны эхээр Авто тээврийн газраас Улаанбаатар хотоос Орхон аймаг Баян-Өндөр сум чиглэлийн нийтийн зорчигч тээврийн шугаманд сонгон шалгаруулалт зарласан. Уг шалгаруулалтанд оролцохоор Автобус “Т” ХХК-ийн үүсгэн байгуулагч захирал В.Ёхөөцөлдөж байсан. Д.Б-ын аав нь манай компанид ажилладаг байсан хүн тул хүүг зүс мэдэх бөгөөд хувьдаа ганц нэг автобустай юм шиг байсан. Миний зүгээс тендерт хамтраад оролцвол дээр ялах боломж өндөр гэж бодоод В.ЁД.Б нарыг уулзуулсан юм. 2009 ондоо В.ЁД.Б хоёр хамтран тендерт оролцохоор баримт материал бүрдүүлж байсан бөгөөд манай “Т” ХК-ийн тендерт шалгаруулалтанд туслах үүднээс түншлэлийн гэрээ байгуулан уг тендерт оролцсон боловч тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон. Улмаар 2010 оны 8 сар орчимд дахин тендер зарлахдаа түншлэлийн гэрээгээр оролцох ямарч боломжгүй нөхцөлөөр зарласан. Иймд уг тендерт оролцохын тулд компани нь өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгө, материаллаг баазтай байх шаардлагатай болсон учир “Т” ХК-ийн материаллаг баазыг ашиглах үүднээс үйл ажиллагаа нийлүүлэх тохиролцоонд хүрсэн. Улмаар “Т” ХК нь материаллаг бааз, ажилчдаар хангаж Автобус “Т” ХХК-ийн хувьцаанаас 20 хувийн хувьцааг бүрэн шилжүүлэн авч хувьцаа эзэмшигч болсон. Мөн тендерт ороход Автобус “Т” ХХК дээр Солонгос Улсаас автобус оруулж ирсэн байх нь тендерийн үзүүлэлтэнд эерэгээр нөлөөлөх магадлалтай байсан тул Д.Б-ын дагуулж ирсэн түүний найз гэх Б.Днь Эрдэнэт хотод өөрийн өмчлөлийн засвар угаалгын газартай мөн түүний Монгол Улсад оруулж ирж зарах гэж байсан автобуснуудыг Автобус “Т” ХХК-ийн нэр дээр гаргуулах зэрэг шаардлага гарч тендерийн материал бүрдүүлэн өгч Б.Дид Автобус “Т” ХХК-ийн 15 хувийн хувьцааг шилжүүлэн хувь нийлүүлэгчээр бүртгэж тухайн хуулийн этгээд маань 4 үүсгэн байгуулагчтай болон үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Автобус “Т” ХХК-ийн нэр дээр зээл авах асуудал үүсэхэд зээл авах зөвшөөрлийг бид дөрөв хуралдаж байж шийдсэн зээлд нь манай “Т” ХК нь баталгаа гарган өгсөн гэвч Д.Б нь өөрийн төрсөн дүүг нягтлангаар ажиллуулан уг зээлийг хувьдаа ашигласан мөн хэдэн автобус авсан боловч жолооч нарт түрээсийн гэрээ байгуулан өгч өнөөдөр энэ зээлээс Автобус “Т” ХХК-д орсон ашиг байхгүй харин Д.Бд орсон ашиг л их байна. Иймд энэхүү нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Хариуцагч Б.Дшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бтай цэрэгт хамт 1985 оноос 1987 онд цэргийн алба хааж найз нөхөд болцгоосон хүмүүс эртний танилууд юм. Солонгос улсаас автобус, автомашины сэлбэг хэрэгсэл оруулж ирж зардаг мөн Эрдэнэт хотод авто засварын газар, угаалгын газар ажиллуулдаг бизнес эрхэлдэг. Д.Б нь Истана маркийн автомашин сэлбэг болон том оврын автобус надаар дамжуулан захидаг байсан, мөн газар шорооны ажлын сомосвал машин захиалж авчруулж байсан. Сүүлд надаар дамжуулан автобус, сэлбэг захиж авчруулсан дээрх захиалга хийхдээ урьдах мөнгөө өгөөгүй тооцооны үлдэгдэлтэй байсан бөгөөд өнөөдөрч тооцоо дуусаагүй байна. Мөн тендерт оролцож шугам авахаар мөнгийг чинь хурдан буцааж өгнө гээд тухайн үед оруулж ирэх гэж байсан автобусыг Автобус “Т” ХХК-ийн нэр болон өөрийн нэр дээр Монгол Улс руу оруулж ирж туслаач би энд гадаад худалдаа, хот хоорондын зорчигч, шуудан тээврийн үйлчилгээ эрхлэх чиглэлээр компани байгуулаад ажиллуулж байгаа болохоор Солонгос улсын автобус маш хэрэгтэй байна. Чи наашаа ачуулах юм бол би үйл ажиллагаа явуулж байгаад төлбөр мөнгийг нь төлнө гэж тайлбарлаж байсан болно. Д.Б нь тендерт оролцож, Улаанбаатараас Орхон аймаг, Баян-Өндөр сумын хооронд явах шугам авахад автобус шаардлагатай байна гэж гуйсны улмаас Солонгос улсаас ачуулах гэж байсан автобусыг Автобус “Т” ХХК болон Д.Б-ын нэр дээр ачуулсан тооцооны үлдэгдэл байсаар байгаа. 2010 онд Д.Б нь Автобус “Т” ХХК-ийг тендерт оролцуулахад Орхон аймагт авто угаалга болон авто зогсоол хэрэгтэй хэмээн Б.Дминий биеийг Автобус “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгох талаар санал “Т”ьж анх В.Ё, “Т” ХК-ийн захирал С.Ганболд нартай уулзаж танилцаж тус компаний 15 хувийн хувьцаа эзэмшигч болж дүрэм үйлдсэн. Учир нь Орхон аймагт байрлах Б.Дминий эзэмшлийн авто засварын зогсоол болон авто угаалгын газрууд маань тендерт оролцоход чухал шаардлагатай байсан. Д.Б нь надад мөнгөө төлж чадахгүй байсны улмаас манай нэг автобусыг өөрийн компаний нэр дээр шугамд явуулж төлбөрийг тэндээс олсон ашгаар бага багаар барагдуулья гэсний үндсэн дээр миний бие нэг автобусыг Улаанбаатар-Эрдэнэтийн шугамд явуулсан. Гэвч Д.Б нь хотоос явсан орлогыг авч захиран зарцуулж байсан болно. Мөн дээр нь автобусны бүх техник үйлчилгээ болон бусад зардлыг би өөрөөсөө гарган явуулж байсан. Мөн дахин миний мөнгийг төлнө хэмээн банкинд баталгаа гаргаж өгсөн бөгөөд тооцоогоо одоог хүртэл дуусгаагүй. Анх Д.Б нь надад ойлгуулахдаа Автобус “Т” ХХК-ийг өөрийнх үүсгэн байгуулсан компани гэж байсан бөгөөд санхүүгийн баталгаа гаргах явцад өөр хүний үүсгэн байгуулсан компани гэдэг нь илэрсэн. Гэвч Д.Б нь удахгүй би энэ компанийг өөрийн болгох гэж байгаа тийм учраас мөнгө төлөх хугацааг хойшлуулж өгөөч гэж бичиг цаас үзүүлж байсан. Автобус “Т” ХХК-ийн үүсгэн байгуулагч захирал В.Ёыг итгэмжлэлээр түр зуур ажиллаж байгаа бөгөөд жижиг оврын автобусаа хариуцдаг гэж худал хэлж байсан. Үнэн хэрэгтээ Д.Б нь олон удаа хэлсэн ярьсан зүйлээ буцаж, худал хэлж, хуурамч баримт бүрдүүлж байсныг сүүлд мэдсэн. “Т” ХК-ийн захирал С.Ганболд, Автобус “Т” ХХК-ний захирал В.Ё, Б.Ббид 2010 оноос хувь нийлүүлэгчдийн хурал хийсээр үйл ажиллагаа явуулж миний Эрдэнэт хот дахь засвар угаалгын газрыг хэрэглэсээр өдийг хүрсэн. Саяхан хүртэл хувьцаа эзэмшигчдийн хурал дээр ярьж хэлж байсан зүйлээсээ буцаж ийм асуудал үүсгэж өөрөө шүүх, цагдаа болон явж байгааг ойлгохгүй байна. Иймд Д.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч В.Ёшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Б нь нэхэмжлэлд дурдахдаа 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн В.Ё-тайхамтран гадаад худалдаа, хот хоорондын зорчигч, шуудан тээврийн үйлчилгээ эрхлэх чиглэлээр 73 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар 50:50 хувиар хувьцаа эзэмшихээр 2 хувь нийлүүлэгчтэй Автобус “Т” ХХК-ийг үүсгэн байгуулагч болсон гэж огт худал зүйл бичсэн байсан. Үнэн хэрэгтээ 2001 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус Автобус “Т” ХХК-ийг 4 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар Ц.Пүрэвжавын хамт үүсгэн байгуулж тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшиж байсан. Улмаар Ц.Пүрэвжав нь өөрийн хүсэлтээр 2004 оны 10 дугаар сард Автобус “Т” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээс гарч, компанийн 93 хувийн хувьцааг В.Ёминий бие, 7 хувийн хувьцааг миний эхнэр болох С.Энхтуяа эзэмшихээр 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн. Ингээд 2009 оны дундуур автотээврийн газраас Улаанбаатар Орхон аймаг Баян-Өндөр сумын чиглэлд нийтийн зорчигч тээврийн шугамд сонгон шалгаруулалт зарласан учраас уг тендерт оролцохоор болж материал бүрдүүлж байтал “Т” ХК-ийн захирал С.Ганболд манай баазад аав нь ажиллаж байсан хувьдаа автобустай Д.Б гэж залуу байна, чи хамтраад энэ тендерт оролцвол чамд дэмтэй байх гэсэн санал “Т”ьсан ба бид нар хоорондоо уулзаж тохиролцож тендерт хамтран орохоор болсон. Тухайн үед тендерийн материалд “Т”ьсан шаардлагыг хангахын тулд түншлэлийн гэрээгээр “Т” ХК-ийг оруулж байсан бөгөөд тус компаний оффис, засварын цех, угаалга, гадаа болон дотор зогсоол зэргийг хэрэглэдэг хэмээн оруулж байсан. Бид дээр дурдсан тендерт миний Автобус “Т” ХХК-иар оролцохоор болж материалаа бэлдэж байх хугацаанд Д.Б нь тендерт оролцох хугацаа бага байх тул тендерийн нөхцөлд тохируулан Автобус “Т” ХХК-ийн дүрмийг өөрчлөх, компаний хувьцаа эзэмшигч болох талаар санал гаргасан. Бид хоорондоо аман хэлбэрээр ярилцаж зөвхөн тендерийн материалд өгчихөөд дараа нь компаний хувьцаатай холбоотой асуудлыг сүүлд шийдье гээд үлдээсэн. Өөрийн компаний 50 хувийн хувьцааг ямар нэгэн шалтгаангүйгээр Д.Бд шилжүүлэх нөхцөл боломж байхгүй. Д.Б нь хууль бусаар материал бүрдүүлж дүрмийг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон байсныг би сүүлд мэдсэн. Тухайн үед 2009 онд Д.Б нь надаас гэрээний гэх тамга хийлгэх зөвшөөрөл өгөөч би өөрийн автобусаа компаниар гэрээ хийж явуулах гэхээр тамга хэрэгтэй болоод байна зөвхөн өөрийн эзэмшлийн автобусаа явуулах гэрээн дээр дарна гэхэд нь зөвшөөрч тамга хийлгэсэн байсан юм. Ингээд Д.Бтай хамтран орсон тендер амжилтгүй болж цуцлагдсан болно. 2010 онд мөн Улаанбаатар хот-Орхон аймаг, Баян-Өндөр сум-Улаанбаатар хот, Улаанбаатар хот-Архангай аймаг, Эрдэнэбулган сум-Улаанбаатар хот чиглэлд тендер зарласан. Энэхүү тендерт түншлэлийн гэрээгээр компанийг оролцуулах боломжгүй болсон иймд тендерт материал бүрдүүлэн өгөхөөр болж, “Т” ХК-ийг Д.Б-ын танилцуулсан түүний найз гэх Б.Дгэх хүмүүстэй уулзаж, тендерын материалын шаардлагад Улаанбаатар хот болон орон нутагт өөрийн байр сав, ажилчидтай байх гэсэн шаардлага байна иймд Автобус “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж тендерт оролцохыг ярьцгаасан учир нь Улаанбаатар хотод “Т” ХК-ийн оффис, засварын цех, гадна болон дотор гараж, инжерер техникийн ажилчид, Эрдэнэт хотод байх Б.Дийн засварын газар, угаалгын газар, түүний 4 автобусыг мөн оруулья хэмээн ярьж эхний байдлаар миний бие 32.5 хувь, Д.Б 32.5 хувь, “Т” ХК 20 хувь, Б.Д15 хувийн хувьцаа эзэмшихээр дүрэм үйлдэж тендерийн материалд бүрдүүлэн өгсөн, тендер авч үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд өгөхдөө дахин хувь хэмжээг тохирно гэж ярьсан болно.2016 оны 12 сар хүртэл “Т” ХК, Б.Д, Д.Б бид нар хамтран үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээрээ хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, Автобус “Т” ХХК-ийг зээл авах асуудлыг шийдвэрлэж баталгаа гаргах гэх мэтээр ажилласаар ирсэн. Гэтэл энэ хугацаанд Д.Б нь өөрийнхөө 50 хувийн хувьцааг хууль бусаар авсан үйлдлээ нуух санаатайгаар тендерийн материал бүрдүүлэн өгсөн баримт, гэрээний гэх тамгыг ашиглан “Т” ХК, Д.Б, Б.Днарыг Улсын бүртгэлд бүртгүүлсэн байсныг бид 2016 оны 12 дугаар сард мэдсэн. 2016 оны 12 дугаар сард бид хуралдаж энэ хугацаанд хэн хэн нь Автобус “Т” ХХК-д хөрөнгө оруулалт хийгээгүй тул Улсын бүртгэлд бүртгэгдсэн хувьцааг надад буцаан өгөхөөр тохирсон боловч Д.Б гарын үсэг зураагүй. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ хугацаанд бүхий л үйл ажиллагаанд туслаж оролцож компанийг өдий зэрэгт хүргэсэн “Т” ХК болон өөрийнх нь найз Б.Днарыг хууль бус хэмээн үзэж байна. Иймд Д.Баттулгыг Автобус “Т” ХХК-ийн хувьцааны 50 хувийн эзэмшүүлэхээр хийгдсэн баримт бичгүүд бүгд хууль бус юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2017/02146 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар В.В.Ё-ын Д.Бтай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ, Д.Б-ын Б.Дтой байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох Д.Б-ын “Т” ХК-тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, Автобус “Т” ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүрмийн сан нэмэгдсэн бүртгэл, үүсгэн байгуулагчийн тоо 4 болж өөрчлөгдсөн бүртгэл, дүрмийг бүртгэсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бас улсын тэмдэгтийн хураамжид Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот дансанд төлсөн 1 051 300 төгрөгөөс илүү төлсөн 315 925 төгрөгийг буцаан олгож, үлдэх 735 375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.В.Ё-аас улсын тэмдэгтийн хураамжид 327 025 төгрөг, хариуцагч Б.Д-оосулсын тэмдэгтийн хураамжид 312 900 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2408 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2017/02146 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар В.Ё, Д.Б нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох Б.Дтой байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ, “Т” ХК-тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Автобус “Т” ХХК-ийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дүрмийн сан нэмэгдсэн бүртгэл, үүсгэн байгуулагчийн тоо 4 болж өөрчлөгдсөн бүртгэл, дүрмийг бүртгэсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай. гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т ...Б.Д-оос312 900 төгрөг... гэснийг хасч тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 411 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-оостөлсөн 312 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Б хяналтын гомдолдоо: магалдлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг болон 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: -магадлалын 12-р хуудас хянавал хэсгийн хамгийн сүүлийн өгүүлбэр”, зохигчид энэ талаар маргаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүд хандаж гомдол гаргасан бөгөөд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/637 дугаар тушаалын 1 дэх заалтаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011047119 дугаарт бүртгэлтэй 2674599 регистрийн дугаартай “Автобус “Т”” ХХК-ийн хувьцаа эзэмшигч В.В.Ё-ын Д.Бтай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, Д.Б-ын ““Т”” ХК-тай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, Д.Б-ын Б.Дтой байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн нэмэлт өөрчлөлтийн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсгийг зөрчсөн байх тул бүртгэлийг хүчингүй болгосугай” гэж, тушаалын 2 дахь заалтаар “Автобус “Т”” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн бүртгэлийн бичилтийг хүчингүй болгосугай” гэж дээрх улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон байгаа бөгөөд дээрх тушаал өнөөдрийн байдлаар ч хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. 2. “Магадлал”-д дурьдсан дараагийн нэг үндэслэл бол “Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар Б.Днь дээрх гэрээнд өөрийг нь төлөөлөн гарын үсэг зурах эрхийг амаар өгч болохоор байна, Иймд Б.Днь 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Д.Бтай байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Д.Бд олгосон гэж үзэх ба Б.Днь уг гэрээнд гарын үсэг зураагүй нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.” гэсэн нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж баина. 3. Мөн Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийхийг хуулиар хориглосон, эсхүл хэлцлийн шинж чанараас шалтгаалан хэлцэл хийгч заавал биечлэн хийвэл зохих хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болохгүй” гэж заасан хуулийн заалтыг хэрэглэх ёстой байсан ч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Учир нь төлөөлүүлэгч Б.Днь өөртэй нь хэлцэл хийж байгаа хэлцлийн нөгөө тал болох иргэн Д.Бд амаар итгэмжлэл олгож өөрийгөө төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрх олгосон болох нь Компанийн 15%-ийн хувьцаа буюу 16950 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1000 төгрөгөөр худалдаж аван 16.950.000 төгрөг төлөхтэй холбоотой хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг Б.Дөөрөө хийх зайлшгүй шаардлагатай, учир нь дээрх хэлцэл нь улсын бүртгэлд бүртгэгддэг, өөрөө гарын үсгээ зурсан байхыг шаарддаг онцгой шинжтэй хэлцэл байсан. Бас нэг гэрээ хүчин төгөлдөр бус байхыг нотолж байгаа зүйл бол Б.Д нь хувьцаа худалдаж авсныхаа төлбөрийг огт төлөөгүй. Б.Днь “Автобус “Т”” ХХК-д хөрөнгө оруулсан гэж хэлдэг ч оруулсан хөрөнгө болох Орхон аймаг дахь Авто угаалга засварын газраа бусдад худалдсан болохоо анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Т”ьсан асуултад хариулт өгөхдөө хэлсэн байдаг. 4. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө Д.Б нь Б.Д-оосутсаар асууж зөвшөөрөл авсны үндсэн дээр гарын үсэг зурж байсан гэж тэмдэглэлийн 22-р хуудсанд бэхжүүлснийг буруугаар тайлбарлаж хэрэглэсэн. 5. Магадлалын хянавал хэсэгт дурьдсан дараагийн хууль буруу хэрэглэсэн асуудал бол “Түүнчлэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар нэхэмжлэгч нь Б.Дтой байгуулсан дээрх хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул талуудын хооронд хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байна. Дээрх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно” гэж дүгнэсэн явдал юм. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ. 43.2.3-т “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн” бол гэжээ. Гэтэл дээрх хэлцлийг бүртгүүлсэн бүртгэл нь хүчингүй болчихоод байхад бүртгүүлбэл зохих хэлцэл нь хүчин төгөлдөр байсан байна гэж дүгнэж болох уу. 6. Мөн магадлалын хянавал хэсэгт “...хариуцагч Б.Дийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар анхан шатны шүүхийн алдааг зөвтгөх боломжтой’’ гээд “...нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно” гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахдаа 9 үндэслэл дурьдаж маш дэлгэрэнгүй бичсэн боловч дээрх үндэслэлүүдэд огт дүгнэлт өгөлгүй хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахад л гол анхаарлаа хандуулж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдолд дурьдсан 9 үндэслэлд ердөө 1 өгүүлбэрээр хариу өгөхийн тулд 45 минут зөвлөлдсөн болж таарч байна уу. 7.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарахын өмнө нэхэмжлэгч Д.Б нь “Автобус “Т”” ХХК-ийн хувьцааны 50%-ийг эзэмшиж байсан бол Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа 30%-ийн хувьцаа эзэмшигч болсон бол Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсны дараа “Автобус “Т”” ХХК-ийн хувьцааны 15%-ийг эзэмшигч болж эрх зүйн байдал нь нэхэмжлэл гаргаснаараа 35%-ийн хувьцаагаа алдаж дордсон байгааг юу гэж ойлгох уу. 8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч В.Ёболон хариуцагч Б.Дид холбогдох хэсгийг шийдвэрлэсэн хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан. Харин ““Т”” ХК дээр итгэмжлэл олгогдсон байна гэж үзээд нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаагүй байдаг. Иргэн Д.Б болон ““Т”” ХК-ийн хооронд байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Харин Д.Б-ын ““Т”” ХК-тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээнд худалдан авагч тал болох хариуцагч ““Т”” ХК-ийг төлөөлж С.Сэргэлэн гарын үсэг зурсан ба С.Сэргэлэн нь ““Т”” ХК- ийн ерөнхий захирал С.Ганболдоос олгосон итгэмжлэлийн дагуу төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан болох нь  хэрэгт авагдсан ““Т”” ХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10/2/17 дугаар итгэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна” гэжээ. 8.1 Итгэмжлэлтэй холбоотой асуудалд: ““Т”” ХК-ийн Ерөнхий захирал С.Ганболдоос гүйцэтгэх захирал С.Сэргэлэнд олгосон 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10/2/17 дугаар итгэмжлэл нь хуурамч, хууль бус. Хуурамч нотлох баримтыг шүүх хурал болохоос өмнө шүүхэд гаргаж өгсөн болно. 8.2 ““Т”” ХК-ийн ТУЗ-ийн 2010.09.29-ний өдрийн “Хөрөнгө оруулах тухай” 10/142 дугаар тогтоолын хувьд: ““Т”” ХК-ийн ТУЗ-ийн 2010.09.29-ний өдрийн “Хөрөнгө оруулах тухай” 10/142 дугаар тогтоол хууль бус. Өөрөөр хэлбэл хуурамч нотлох баримт юм. 9. Д.Б-ын ““Т”” ХК-тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-ний хувьд: 9.1 Энэхүү гэрээ нь “Автобус “Т”” ХХК-ийг өөрийн өмчлөлийн ил зогсоол, дулаан гараж, оффисын байртай болгох юм байна гэж нэхэмжлэгчийн хүсэл зориг нь төөрөлдсөн, 9.2 Мөн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-гээр Д.Б нь 22600 ширхэг хувьцаагаа нэг бүрийг нь 1000 төгрөгөөр худалдсан гээд 22.600.000 төгрөгөөр ““Т”” ХК-д худалдсан гэх боловч ““Т”” ХК нь хэлэлцэж тохирсон үнийг төлөөгүй. Үүний нотолгоо нь ““Т”” ХК-ийн ТУЗ-ийн 2010.09.29-ний өдрийн “Хөрөнгө оруулах тухай” 10/142 дугаар тогтоолоор хөрөнгө шилжүүлэхийг зөвшөөрсөн боловч энэ хөрөнгө нь огт “Автобус “Т”” ХХК-д шилжиж орж ирээгүй юм. /хх159/ Энэ нь мөн “Автобус “Т”” ХХК-ийн захирал В.В.Ё-аас “Голден Пэйж Аудит”-д хүргүүлсэн 2017.04.08-ны өдрийн 1/55 тоот албан бичигт дурьдсан “...”Т” ХК-ийн 20%-ийн хөрөнгө оруулалт бэлэн мөнгөөр байгууллагын дансанд бүртгээгүй нь үнэн болно...” гэснээр нотлогдоно. 9.3 “Автобус “Т”” ХХК-ийн дүрмийн санг ““Т”” ХК нь чухам яг яаж өсгөсөн нь огт байхгүй хэрнээ 73 000 000 төгрөгийн дүрмийн сан нийтдээ 40 000 000 төгрөгөөр нэмэгдэж 113 000 000 төгрөг болсон байгааг шүүх анхаарч үзээгүй. 9.4 ““Т”” ХК-ийн ерөнхий захирал С.Ганболдын 2017.04.10-ны өдрийн 17/34 тоот албан бичгээр “Голден пэйж аудит”-д хүргүүлсэн мэдэгдэлд “...менежментээр 20%-ийг нь эзэмшихээр болсон нь үнэн болно” гэсэн нотлох баримтыг шүүх үнэлээгүй. 9.5 Нэхэмжлэгч дээрх гэрээнүүдэд С.Сэргэлэн гэдэг хүн гарын үсэг зурсан нь үнэн, бодитой хэмээн шүүхэд мэдүүлсэн нь уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл дангаараа болохгүй юм. 9.6 ““Т”” ХК-ийн зүгээс “Автобус “Т”” ХХК-ийн үйл ажиллагааг анхнаас нь дэмжиж тусалж ирсэн, хамтран ажиллаж байгаа байдал нь тус компанийн хувьцааг эзэмшихийг нотлохгүй, хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй юм. Гагцхүү хуулийн дагуу л хуульд заасан хэлбэрээр л хувьцаа эзэмшигч болох боломжтой. 10. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/637 дугаар тушаалын 1 дэх заалтаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011047119 дугаарт бүртгэлтэй 2674599 регистрийн дугаартай “Автобус “Т”” ХХК-ийн хувьцаа эзэмшигч В.В.Ё-ын Д.Бтай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, Д.Б-ын ““Т”” ХК-тай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, Д.Б-ын Б.Дтой байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн нэмэлт өөрчлөлтийн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсгийг зөрчсөн байх тул бүртгэлийг хүчингүй тооцсугай” гэж, тушаалын 2 дахь заалтаар “Автобус “Т”” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн бүртгэлийн бичилтийг хүчингүй болгосугай” гэж дээрх улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон байгаа бөгөөд дээрх тушаал хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. 11. ““Т”” ХК-ийн ерөнхий захирал С.Ганболд 2015.03.17-ны өдөр 15/22 тоот албан бичгээр “Автобус “Т”” ХХК-ийн захирал В.Ёад гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлж “...бидний зүгээс 20% эзэмшлээс татгалзан хамтын ажиллагааны гэрээг цуцалж байгааг байгааг үүгээр мэдэгдэж байна” гэсэн нь “Автобус “Т”” ХХК-ийн хувьцааны 20%-иас татгалзаж байсны нотолгоо. 12. “Автобус “Т”” ХХК-ийн 2016.12.22-ны өдрийн “Хувьцаа эзэмшигчдийн тогтоол”-ын 1 дүгээр заалтад “...”Т” ХК-20%-ийн хувьцаагаа ...Эрх шилжүүлэх, Хувьцаа Бэлэглэн авах гэрээний журмаар В.Ёад шилжүүлсүгэй”, 2 дахь заалтаар “Тус компанийн хувьцаа эзэмшигчдээс... ““Т”” ХК-г чөлөөлсүгэй.” гээд ““Т”” ХК-ийг төлөөлж ерөнхий захирал С.Ганболд гарын үсгээ зурж тамга, тэмдгээ дарж баталгаажуулсан нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл. 13. Миний хувьд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагадаа В.В.Ё-аас хүртэл авсан гэх 17.5%-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүртэл хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн. Би нөгөө хоёр хариуцагч болох Б.Д болон ““Т”” ХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргаж болох байсан ч дээрх 3 этгээдтэй байгуулсан 6 гэрээг бүгдийг нь л хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн. Хэрэв миний бие В.Ёад холбогдох нэхэмжлэл гаргаагүйгээр иргэн Б.Д болон ““Т”” ХК-тай байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шүүхээс тогтоовол компанийнхаа хувьцааны 67.5%-ийг эзэмшигч болж хувирах боломж гарахыг үгүйсгэхгүй. Гэтэл В.Ёөөрийнх нь эрх зүйн байдал дээрдэж 50 хувийн хувьцаа эзэмшигч болох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан нь үнэхээр логикгүй, ойлгомжгүй. В.Ё“Автобус “Т”” ХХК-ийн хувьцааг дан ганцаараа 100 хувь эзэмшихийг хүсдэг, үүнийхээ төлөө Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Захиргааны хэргийн шүүхээр маргаан үүсгэж явж байгаа баримт нь ч хавтаст хэрэгт авагдсан байгаа болно. 14. Хамгийн сонирхолтой нь хувьцааны эзэмшлээсээ амаар болон бичгээр удаа дараа татгалзаж байсан (хувьцаа эзэмшдэгийг нь хүлээн зөвшөөрсөн хэрэг биш болохыг анхаарахыг хүсье) ““Т”” ХК- тай байгуулсан гэрээнүүд хүчин төгөлдөр хэлцэл хэвээр үлдэж, нөгөө 2 этгээдтэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн. Дээрх 3 этгээдтэй байгуулсан нийт 6 гэрээ нь нэг бол бүгд хүчин төгөлдөр бус байх хэлцэл, эсхүл бүгд хүчин төгөлдөр хэлцэл байх учиртай. Өөрөөр хэлбэл дотроос нь аль нэг гэрээ нь хүчин төгөлдөр, эсхүл хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шүүхээс тооцох нь учир дутагдалтай. 15. Дээрх гэрээнүүд дээр дарагдсан тэмдэг /тамга/ нь бүгд “гэрээний” гэх нэмэлт бичиглэлтэй тэмдэг /тамга/ байсан бөгөөд “Автобус “Т”” ХХК-ийн Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн үндсэн тэмдэг /тамга/-ний дардсаас өөр юм. Шүүхэд энэ талаар нотлох баримт гаргаж өгч, мэдүүлсэн боловч үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2408 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах хуулийн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч Д.Б-ын хяналтын гомдолд заасан зарим үндэслэлийг хангах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Т” ХК, Б.Д, В.Ёнарт холбогдуулан В.В.Ё-тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ, “Т” ХК-тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ, Б.Дтой байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Автобус “Т” ХХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлж, үүсгэн байгуулагчийн тоо 4 болж өөрчилсөн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр, дүрмийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах агуулга бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/637 дугаар тушаалаар Автобус “Т” ХХКомпанийн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр, дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон байх тул нэхэмжлэлийн 2 дах шаардлага буюу Автобус “Т” ХХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлж, үүсгэн байгуулагчийн тоо 4 болж өөрчилсөн 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр, дүрмийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг бүрэн тодорхойлж чадаагүй, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 56 дугаар зүйлийн 56.1.1, 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хяналтын шатны шүүх уг алдааг зөвтгөх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл В.Ёнь Автобус “Т” ХХКомпанийн үүсгэн байгуулагч байсан, 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Д.Б 50 хувийн хувьцаа эзэмшигч болж 2 хувьцаа эзэмшигч, дүрмийн сангийн өөрчлөлтийг бүртгүүлсэн, 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Автобус “Т” ХХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлж, үүсгэн байгуулагчийн тоо 4 болж, Д.Б нь 32,5 хувь, В.Ёнь 32,5 хувь, “Т” ХК нь 20 хувийн, Б.Д15 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн байна.

Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх этгээдийн сонгон шалгаруулалтад ялахын тулд хууль бус гэрээ байгуулсан, ...гэрээнүүдэд хариуцагч нар гарын үсэг зураагүй, хариуцагч “Т” ХК, Б.Д, нар тус тусын хувьцааны үнийг төлөөгүй..., гэж тодорхойлж, 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан В.В.Ё-аас Автобус “Т” ХХКомпанийн 17,5 хувийн хувьцааг худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Т” ХК-тай хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулан 20 хувийн хувьцаагаа “Т” ХК-д худалдах, эрх шилжүүлэх гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Б.Дтой хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулан 15 хувийн хувьцааг түүнд худалдах, эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн байна. 

Шүүх хэлцэл байгуулагдсан гэж үзэх, байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх эсэх хоёр өөр эрх зүйн асуудлыг ялгаж, эрх зүйн дүгнэлт хийж чадаагүй нь алдаатай болжээ.  

В.Ёнь өөрийн хувьцааны 17 хувийг Д.Бд худалдахаар тохирсон, хэлэлцсэн зүйл байгаагүй, хэлцэл хийх хүсэл зориг байгаагүй тул Д.Б болон В.Ёнарын хооронд гэрээ байгуулагдаагүй, улмаар гарын үсэг зурсан эсэх асуудал яригдахгүй юм. Тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдаагүй тул хэлцэл хүчин төгөлдөр эсэх үр дагавар байхгүй болно. Иймд Иргэний хуулийн 42.2-т заасан “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэсэн зохицуулалт уг гэрээний хувьд хэрэглэх зохицуулалт биш юм.

Хариуцагч Б.Днь нэхэмжлэгч Д.Бтай тохиролцсны үндсэн дээр Автобус “Т” ХХКомпанийн 15 хувийн хувьцааг худалдан авч, эзэмшигч болсон гэж нэхэмжлэлийг татгалзаж, маргажээ.

Нэхэмжлэгчийн тайлбар, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2825 дугаар шинжээчийн дүгнэлтээр 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнд Б.Дийн гарын үсэг зурагдаагүй болохыг тогтоосон, гэрээнд Б.Дгарын үсэг зураагүй нь Иргэний хуулийн 42.2-т заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх хэлбэрийн шаардлага  хангаагүй хэдий ч эдгээр талуудын хооронд хувьцаа худалдах худалдан авах тухай хэлцэл, тохиролцоо байснаас гадна 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Автобус “Т” ХХКомпанийн дүрэмд 4 хувьцаа эзэмшигч, тэдгээрийн тус тусын эзэмших эрхийг тодорхойлж, хувьцаа эзэмшигч Б.Дуг дүрэмд гарын үсгээ зурж баталгаажуулжээ. Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулаагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 бус харин хуулийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл боловч ...компанийн 15 хувийн хувьцаа эзэмшигч гэж үзсэн дүрэмд Б.Дболон бусад хувьцаа эзэмшигч нар гарын үсгээ зурж баталгаажуулсныг хувьцаа худалдах худалдан авах хэлцэл, эрх шилжүүлэх гэрээний хамт дүгнэх учиртай байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтад оролцож ялахын тулд хариуцагч нартай хэлцэл байгуулсан гэж үндэслэл заасан нь дээрх хэлцлүүдийг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн эсэх, энэ талаар тодруулж, зохигчид мэтгэлцэх шаардлагатай гэж үзнэ.

Хариуцагч В.Ётайлбартаа “...2001 онд анх Автобус “Т” ХХКомпанийг би Ц.Пүрэвжавын хамт үүсгэн байгуулж, 2004 онд миний бие 98 хувийн хувьцаа эзэмшигч болсон...2009 онд тендерт оролцож, тендерийн нөхцөлд тохируулж материал бүрдүүлэхдээ Д.Баттулгыг компанийн 50 хувийн эзэмшигчээр оруулж..., компаний хувьцаатай холбоотой асуудлыг дараа ярья гэж тохирсон байхад Д.Б дүрэмд өөрчлөлт оруулаад улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан..., Д.Бтай хамтран оролцсон тендер амжилтгүй болсон. 2010 онд дахин тендер зарлахдаа Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт өөрийн байр сав, засварын газар, ажилчидтай байх, автобустай байх, ...материалллаг баазтай байх шаардлага “Т”ьсан тул материал бүрдүүлэхээр “Т” ХК, Б.Днарт хувьцаа эзэмшүүлж гэрээ байгуулж, материал бүрдүүлж өгсөн...Гэхдээ бид тендер авч, үйл ажиллага явуулахдаа дахин хувь хэмжээг тохирч улсын бүртгэлд тохирно гэсэн байхад Д.Б улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан..., Тендерт маргаан гарсан тул бүх оролцсон байгууллагуудад чиглэлийг хувааж өгсөн бөгөөд бид хамтран үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээрээ хурал хийж, зээл авах асуудлыг шийдэх гэх мэтээр ажилласаар ирсэн... Би өөрийн хувьцааны 50 хувийг Д.Бд ямар нэгэн шалтгаангүйгээр өгөх боломжгүй...түүнд 50 хувийг эзэмшүүлэхээр хийгдсэн баримт бичгүүд бүгд хууль бус... нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн байна.

Б.Днь шүүхэд гаргасан тайлбартаа “...Д.Б Автобус “Т” ХХКомпанийн 15 хувийн хувьцаа эзэмшигч болохыг санал болгосноор би хувьцаа эзэмшигч болсон. Би Солонгос улсаас ачуулах гэж байсан автобусыг Автобус “Т” ХХКомпани болон Д.Б-ын нэр дээр ачуулсан, тооцооны үлдэгдэл байгаа...Орхон аймагт байгаа миний эзэмшлийн автозасварын зогсоол болон авто угаалгын газрууд тендерт оролцоход чухал шаардлагатай байсан...Д.Б надад мөнгө төлж чадахгүй байсны улмаас манай нэг автобусыг өөрийн компанийн нэр дээр шугамд явуулж төлбөрийг тэндээс олсон ашгаараа барагдуулья гэсний үндсэн дээр ...шугамд явуулсан боловч Д.Б хотоос явсан орлогыг авч захиран зарцуулж байсан...бид хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж тодорхой асуудлыг шийдвэрлэж байсан..., нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Б “...”Т” ХК, Б.Днар компанийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй, ...6 жилийн дараа ашиг авна, компанийн үйл ажиллагаанд оролцоно гэх болсон...” гэж нэхэмжлэлдээ дурдсан байх ба хяналтын шатны шүүх хуралдаан дээр хариуцагч “Т” ХК, Б. Дагвадорж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболдоос энэ талаар тодруулахад “... В.Ёнь 10 гаруй том оврын автобус, нэхэмжлэгч Д.Б 20 гаруй дунд оврын автобусыг хот хооронд явуулдаг, тооцоогоо тус тусдаа хийдэг, Б.ДЭрдэнэт хот дахь угаалга засварын газарт автобусыг хүлээн авч үйлчилгээ хийдэг, “Т” ХКомпани офиссын байр түрээслүүлж, засвар үйлчилгээ үзүүлдэг...” гэж тайлбарласнаас үзвэл зохигчид Автобус “Т” ХХКомпанийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг, эсвэл компанийн нэрийн дор тусгай зөвшөөрлийг ашиглаж тус тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулдаг эсэх асуудал зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлоход ач холбогдолтой байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч “Т” ХК, Б.Днар /1999 оны/ Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д зааснаар хүсэл зоригийн дагуу Автобус “Т” ХХКомпанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч болсон эсэх, компанийн хувьцааг эзэмших хэмжээг дахин ярилцаж бүртгэлд бүртгүүлэхийг тохирсон эсэх, эсвэл энэ нь зөвхөн тендертэй холбоотой, энэ зорилгын хэмжээнд хамтарч ажиллахаар тохирсон эсэх буюу зохигчдын хооронд Компанийн тухай хуульд заасан хуулийн этгээд байгуулж хамтран үйл ажиллагаа явуулах эрх зүйн харилцаа үүссэн эсвэл Иргэний хуульд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан эсэх маргааны үйл баримтыг бодитой тогтоох нь зүйтэй болно.

Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлага нь хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноор компанийн хувьцаа эзэмших эрхээс гадна эзэмших хувьцааны хэмжээг тогтоолгох, сэргээх зорилгыг агуулсан байна.

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор “Т” ХК, В.Ёнар өөрсдийн хувьцааг В.Ё-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн, уг баримтад В.Ё, “Т” ХК, Б.Днар гарын үсгээ зурсан, Д.Б гарын үсэг зураагүй байна. Энэ баримтаас үзвэл В.Ёад хувьцааг шилжүүлэх болсон үндэслэл, баримтын агуулгыг зохигчдоос тодруулах, хувьцаа эзэмшигчийн эзэмших хувьцааны хэмжээнд нөлөөлөх эсэхийг тодруулах нь зүйтэй болно.

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэх, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох боломжгүй тул шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5  дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2017/02146 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2408 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 724 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА