Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2018/00961

 

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2018/00961

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: К ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд 4.485.526 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Бнь 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр К ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 4.000.000 төгрөгийг 8 сарын хугацаатай, 1 сарын 6 хувийн хүүтэй зээлсэн ба 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл, зээлийн хүү, алдангийг төлөөгүй байна. Үүргийн биелэлтийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж, .............улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан болно. Зээлийн хугацаа дуусахад Д.Бнь үндсэн зээлийн төлбөрт 3.046.902 төгрөг, зээлийн хүүд 297.431 төгрөг, алдангид 1.127.354 төгрөгийг тус тус төлөөгүй ба зээлээ төлөхгүй болохоор гэрт нь очсон, шуудан явуулсан зардалд 13.840 төгрөг гарсан болно. Иймд хариуцагчаас 4.485.526 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаанд нийт 3.639.760 төгрөг төлж барагдуулсан болохыг хүлээн зөвшөөрч байна. Мөн манай компани нь зөвхөн үндсэн зээлийн үүргийг шаардаж байгаа ба фидуцын гэрээний үүргийг шаардагүй болно гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн хувьд нийт 3.639.760 төгрөг төлсөн байна. Алдангийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч К ХХК-д нийт 5.485.037 төгрөг төлөх ёстойгоос 3.639.760 төгрөгийг төлсөн. Үлдэх төлбөр дээр бага зэргийн мөнгө нэмээд нийт 2.320.425 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Д.Бнь нэхэмжлэгч К ХХК-тай байгуулсан 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 4.000.000 төгрөгийг, 1 сарын 6%-ийн хүүтэйгээр, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар зээлж авсан, хариуцагч Д.Бнь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 121.200 төгрөгийг, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 256.680 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 130.000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 141.400 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 250.480 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 425.000 төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 420.000 төгрөгийг, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 400.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 35.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 30.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 35.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 750.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 250.000 төгрөгийг тус тус зээлийн төлбөр зориулалтаар төлсөн, хариуцагч Д.Бнь нийт 3.639.760 төгрөгийг нэхэмжлэгч К ХХК-д буцаан төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ. /2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/

Харин зохигчигчид, зээлийн төлөлтийн хэмжээ, алданги төлөх эсэх талаар маргажээ.

К ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хэмээн нэхэмжлэгч тал тайлбарлахаас гадна тус компани нь зээл олгох, бусад үйлчилгээ ломбарт эрхлэх үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болохыг 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна. /хх 7 дугаар тал, арын нүүр/

Банк, эсхүл зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцааг Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан тул маргааныг шийдвэрлэхэд тусгайлсан харилцааг зохицуулсан хуулийг хэрэглэх нь зүйтэй юм.

Тусгай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т: Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. гэж заасан тул талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ-ний алданги тооцох тухай тохиролцоо нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна. Харин зээлийн гэрээний үлдэх хэсэг нь гэрээний зорилтыг хангаж байх тул алдангиас бусад тохиролцоо нь Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.

Дээр дурдсанаар зээлийн гэрээний алдангийн тохиролцоо хууль зөрчсөн, талууд өөр бусад хэлбэрээр зээлийн үүрэгтэй холбоотой хариуцлагыг гэрээгээр тохироогүй байх тул нэхэмжлэгч нь зөвхөн зээл болон зээлийн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй, шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөгүй байна.

Нэхэмжлэгч нь мөн зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулж зээлдэгчийн гэрт очиход гарсан тээврийн зардал, шуудангийн зардал-д нийт 13.840 төгрөг нэхэмжлэх боловч эдгээр зардал нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан нэхэмжлэгчээс гарах зайлшгүй зардал бишээс гадна 13.840 төгрөгийн зардал гарсан болохоо нэхэмжлэгч нь баримтаар нотлоогүй тул зардлыг хариуцагчаас гаргуулах боломжгүй юм.

Талууд зээлийн гэрээний хавсралтаар, төлбөр төлөх хуваарь, зээлийн хүүг нарийвчлан тохиролцсон, хариуцагч Д.Бнь энэ тохиролцооны дагуу нийт 5.485.037 төгрөг төлөх үүрэгтэйгээс 3.639.760 төгрөг төлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн гэрээний дагуу төлөх үлдэгдэл төлбөр нь 1.845.277 төгрөг байх юм.

Гэвч хариуцагч тал 2.320.425 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд маргааныг шийдвэрлэж, Д.Б-аас 2.320.425 төгрөгийг гаргуулан К ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ. Мөн хариуцагч нь зөвхөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан Д.Б-аас 2.320.425 төгрөгийг гаргуулан К ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2.165.101 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86.719 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 52.076 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ХИШИГБААТАР