Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 666

 

А.Гд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ч.Алтансүх,

ялтан А.Ггийн өмгөөлөгч А.Оюун,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцлээр А.Гд холбогдох 201725010457 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт А Г, 1992 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 24 дүгээр гудамж, 120 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоног, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж, А.Гд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 1 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД: -/,

А.Г нь 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Шинэ үе” хотхоны 101 дүгээр байрны гараашид байсан иргэн С.Б-н эзэмшлийн 71-37 УНВ улсын дугаартай, “Hyundai Starex” загварын автомашинд нэвтрэн орж иргэн С.О-н худалдан борлуулдаг ээмэг, зүүлт 3 хос 840 ширхэг, дан шармал ээмэг 360 ширхэг, эрэгтэй шармал гинж 40 ширхэг, гинж 400 ширхэг, шармал бөгж 20 ширхэг зэргийг хулгайлан нийт 14.910.000 төгрөгийн хохирол буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, А.Гг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Гд оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг, А.Г 15 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г шүүхийн шийдвэрийн давж заалдах хугацаа дуусахад устгах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар А.Г нь хохирогч С.О-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол 5.000.000 төгрөгийг 1 сарын хугацааны дотор төлж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг дурдаж, Тогтоол хүчин төгөлдөр болтол А.Гд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолыг залруулахдаа: Тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Гд оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг дурдаж гэж,

Тогтоох хэсгийн 6 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар А.Г нь хохирогч С.О-т гэмт хэргийн улмаас учирсан хохирол 5.000.000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял  оногдуулж болохыг дурдсугай...” гэж тус тус залруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний дараах алдаанууд байна. Үүнд: Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Гд оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулж болохыг дурдсугай” гэжээ. Дээрх заалтаас үзэхэд шүүх ялтанд тодорхой нэг ял оногдуулаад 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар  тэнсэж болно.”, тус зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заажээ. Гэтэл шийтгэх тогтоолын 3 дахь хэсгийн заалтаас үзэхэд шүүх ялтанд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэсэн эсвэл ямар нэгэн ял оногдуулсан эсэх нь ойлгомжгүй байна.

Ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсвэл ялтан тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах тухай асуудлууд нь тус тусдаа өөр ойлголт юм. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад хуулийн бичвэрийн хувьд ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д ... гэж бичихээр байна. Мөн шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг залруулах талаар санал, хүсэлт гаргах эрхтэй болохыг дурдаагүй байна. Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагыг хангаагүй байна. Иймд А.Гд холбогдох хэргийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэжээ.

Прокурор Ч.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 2002 оны Эрүүгийн хуулиар хорих ялыг оногдуулаад тэнсэх асуудал байсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд тэнсэх асуудал нь хорих ялыг тэнсэж байгаа ойлголт биш болоод албадлагын арга хэмжээ гэж орсон учраас эсэргүүцэл бичсэн. Шийтгэх тогтоолд хуулийн бичиглэлийг буруу бичсэн байна. Мөн шийтгэх тогтоолд завсар оруулах заалт оруулсан бол хуулийн бичиглэлийн талаар прокуророос санал гаргаад засуулах боломжтой гэж үзэж байна. Тийм учраас дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

Ялтан А.Ггийн өмгөөлөгч А.Оюун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг туйлын хангалтгүй шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл 14.910.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлсан гэж үзэж байгаа боловч 14.000.000 төгрөгийн зүйл хулгайлсан уу, эсхүл 1.000.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэдэг талаар хавтаст хэрэгт тогтоогдсон зүйл байхгүй. Яллах дүгнэлтийг үйлдэхдээ зөвхөн хохирогчийн мэдүүлэг, гэрч Батаагийн мэдүүлгийг үндэслэсэн нь учир дутагдалтай байгаа талаар анхан шатны шүүх хуралдаан дээр ч хэлж байсан. Хохирогч С.О анхан шатны шүүх хуралдаанд 14.000.000 төгрөгийн эд зүйлийг яаж тооцоод байгаа, мөн ийм үнэ бүхий зүйл авсан гэдгээ нотлож чадаагүй. Өөрөөр хэлбэл 20.000.000 төгрөгийн зээл авсан, тэр зээлээсээ тооцоолох аргаар бодоход ийм мөнгө гарч ирсэн. Намайг бараандаа явсан хойгуур манай дүү 1.200.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн  мөнгө нь байх ёстой гэсэн тооцоолборын аргаар хохирлыг гаргасан гэж хэлдэг. Батаа нь эгчийг бараанд явсан хойгуур нь эд зүйлийг нь авч үлдэхдээ тоолж хүлээж авсан эд зүйл байдаггүй. Зарж байгаад авчраад гараашдаа хийсэн байдаг. Тэгээд эгч нь ирээд бараагаа тоолъё гээд оруулж ирэхэд зарим эд зүйл нь алга болсон цаг хугацааны хувьд эргэлзээтэй асуудлууд байсан. А.Г тухайн эд зүйлийг хамт зардаг байсан. Урьд Б нь А.Ггээс 2.000.000 төгрөг зээлээд, зээлсэн мөнгөө цувуулж өгч байгаад 900.000 төгрөг үлдсэн. Тухайн хэрэг болдог өдөр А.Г нь үлдэгдэл 900.000 төгрөгийг авахаар очиход өгч чадахгүй гэж хэлээд хоорондоо маргалдсан асуудал байдаг. Тэгэхээр нь А.Г гарааш руу нь ороод 2 уут зүйлийг авсан байдаг. А.Г өмгөөлөгчгүйгээр сэжигтэн, яллагдагчаар татах мэдүүлгээ өгсөн бөгөөд мэдүүлгүүдэд зөрүүтэй зүйл огт байхгүй. Анхан шатны шүүхээс нэгэнт 5.000.000 төгрөг гаргуулахаар заасан бөгөөд А.Г нь төлье гэж хохирогчтой тохиролцоод, хохирлыг төлж эхэлж байгаа...” гэв.  

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, А.Гг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Гд оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байх бөгөөд хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх заалтыг, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх заалттай хольж, Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэсэн байхад анхан шатны шүүх “...А.Гд оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж...” гэж шийдвэрлэсэн нь А.Гд тодорхой нэг ял оногдуулаад, уг ялыг тэнссэн мэт харагдаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.  

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” гэж заасныг анхан шатны шүүх буруу ойлгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгчийн захирамжаар залруулга хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тодорхой зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг техникийн шинжтэй алдаа гэж үзэж залруулга хийсэн нь буруу юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолыг мөн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 935 тоот шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэлд мөн адил хуулийг буруу тайлбарласан байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 362 дугаар шийтгэх тогтоолыг, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 935 тоот шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож, А.Гд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Дээд шатны прокурор О.Алтангэрэлийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 11 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэрэг шүүхэд очтол А.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                        Д.ОЮУНЧУЛУУН