Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 869

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э” ХХК-ийн 15006Х, 1******* дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газар болон түүний Кадастрын хэлтсийн даргад даалгуулах, “******* ************** *******” ХХК-ийн эзэмшиж байгаа ******* аймгийн Бүрэнтогтох сумын нутаг, “Нурамт” нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх 1******* дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь гол, мөрний  урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарахгүй болохыг тогтоолгож, уг талбайг гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээс хасч бүртгэхийг Байгаль орчны яаманд даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарийн бичгийн даргаар Б.Баярдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ө******* 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр актыг хүчингүй болгуулах үндэслэлдээ “Э” ХХК-ийн ******* аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Хавчиг толгой нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын 15006-4х А/384 дугаартай тусгай зөвшөөрөл, мөн сумын Нурамт нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх 1******* дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг. 

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсантай холбогдуулаад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс манай эзэмшдэг 15006-4х А/384 дугаартай тусгай зөвшөөрөлтэй хайгуул хийх газар уг хуулиар хамгаалагдсан газарт хамаарч байгаа гэсэн үндэслэлээр үйл ажиллагаа явуулахыг зогсоосон юм. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр актыг хүчингүй болгуулах, ******* аймгийн Бүрэн тогтох сумын нутаг Хавчиг толгой нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын 15006Х дугаартай тусгай зөвшөөрөл, мөн сумын Нурамт нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх 1******* тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах, “Э” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхөөс өөр эрх зүйн харилцаанд оролцохгүй байгаа тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг тогтоолгох, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан ******* аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Хавчиг, Нурамт нэртэй газар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хилийн заагт ороогүй болохыг тогтоолгох, хамгаалалтын бүсээс хасахыг даалгах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаж байна” гэжээ.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д 2017 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* аймгийн Бүрэнтогтох сумын нутагт Хавчиг, Нурамт нэртэй газар “Э” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан. 

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар уг тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах хүрээ Засгийн газраас тогтоосон хамгаалалтын хилийн заагт нь бүхэлдээ орж давхцалтай байгаа. 

Тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж байсан бол нөхөн төлбөр олгох зохицуулалт байгаа ба төлбөрөө төлөөгүй байж байгаад тусгай зөвшөөрлөө цуцлуулсан бол энэ нөхөн олговор авах боломжгүй юм. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр актыг ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.2.5 дахь заалтаар тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон бөгөөд тус актын тодруулах тайлбарт Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.2.3 дахь заалтыг үндэслэсэн болохыг дурдсан байгаа. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2016 даргын 07 дугаар сарын 27-ны өдөр “Танай байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.2, 34.7-л заасан тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлж, нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл 56.1.2 дахь хэсэгт зааснаар ******* аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Хавчиг, толгой нэртэй газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл болох тухай” мэдэгдэл хүргүүлсэн. 

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр актаар “Э” ХХК-ийн ******* аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Хавчиг нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын 15006Х дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай мэдэгдэл шуудангаар явуулахад хаяг дээрээ байхгүй, утсаар холбогдоход хаяг байхгүй өөрсдөө ирж авна гэсэн боловч ирж аваагүй. ******* аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Хавчиг, Нурамт нэртэй газарт үйл үйл ажиллагаа явуулж байсан боловч тус газар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар уг тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах хүрээ Засгийн газраас тогтоосон хамгаалалтын хилийн заагт нь бүхэлдээ орж давхцалтай байгаа учраас тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гурав. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно…” гэж, мөн хуулийн 4.3-т “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно...” гэж тус тус заасан нь Байгаль орчин, Аялал жуулчлалын яам нь хамгаалалтын бүс, хилийн заагийг тогтоодоггүй, хасах шийдвэр гаргах эрх хэмжээгүй гэдгийг харуулна. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ..” гэж заасан учраас тус яам хариуцагчаар оролцох боломжгүй юм. 

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  Ой, ус, тусгай  хамгаалалттай газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн кадастрын лавлагааны зургаар тус компанийн тусгай зөвшөөрлийн талбай нь  Засгийн газрын 2012 оны  “Хилийн зааг тогтоох тухай” 194 дүгээр тогтоолоор батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхэд, ойн сан бүхий газар нутагтай хэсэгчилсэн давхцалтай болох нь тогтоогдож байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э” ХХК-ийн 15006Х, 1******* дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газар болон түүний Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” гэж тодорхойлж байгаад, “Э” ХХК-ийн эзэмшиж байгаа ******* аймгийн Бүрэнтогтох сумын нутаг, “Нурамт” нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх 1******* дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь гол, мөрний  урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарахгүй болохыг тогтоолгож, уг талбайг гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээс хасч бүртгэхийг Байгаль орчны яаманд даалгуулах” гэж нэмэгдүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай  хууль, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудад нийцээгүй, манай компанийг өргөдөл, хүсэлтээ гаргаж хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх эрх, тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу сэргээлгэх эрхийг зөрчсөн” гэж, хариуцагч тал “Тусгай зөвшөөрөл эзэмшигч  төлбөр төлсөн тухайгаа нотолсон баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй тул Ашигт малтмалын хуульд  заасны дагуу тус компанийн ашигт малтмалын хайгуулын ХВ-15006 тоот тусгай зөвшөөрлийг цуцалж, харин XY-15384 тоот тусгай зөвшөөрөл нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа” гэж маргажээ.

1.Ашигт малтмал, газрын тосны  газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:   Анх ******* аймгийн  Бүрэнтогтох сумын нутаг Хавчиг нэртэй 1894.31 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ-15006 тоот тусгай зөвшөөрлийг 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Гурван сор” ХХК-д, ******* аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Нурамт нэртэй 1715.12 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XY-15384 тоот тусгай  зөвшөөрлийг 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Нанаметалл” ХХК-д тус тус олгожээ. “******* ************** *******” ХХК нь Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн  даргын 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1090 дүгээр шийдвэрээр хайгуулын ХВ-15006 тоот тусгай зөвшөөрлийн мөн өдрийн 1088 дугаар шийдвэрээр XY-15384 дүгээр  тусгай зөвшөөрлийг  тус тус  шилжүүлэн авч бүртгүүлсэн байна.

“Э” ХХК нь гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй, хоёр гишүүнтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, Нарны замын-388 тоот гэсэн албан ёсны хаягтайгаар 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авч, П.Ө*******ыг гүйцэтгэх захирлаар томилсныг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн байна.

******* аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргаас 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн  газарт “Э” ХХК-ийн эзэмшиж буй Нурамт 1*******, Хавчиг 15006Х талбайнуудад Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай  хуулийн хүрээнд авч үзэхэд гол горхи, нуур, ой мод, хамрагдахгүй байгаа болно” гэсэн утга бүхий 01/125 тоот  албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд тус сумын Засаг даргын дээрх хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж үзсэн талбайнууд нь дээрх хуулиар хориглосон газартай давхцалтай болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шүүхэд ирүүлсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тойм зураг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын  Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсээс ирүүлсэн “Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тус тус батлагдсан  гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй  давхцалтай” гэсэн лавлагаа зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Ашигт малтмалын газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн  “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6/4564 тоот албан бичгээр “Э” ХХК-д  “******* аймгийн Бүрэнтогтох сумын Хавчиг нэртэй талбайд эзэмшдэг XV-015006  дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөх”-ийг мэдэгдэж, тус компанийн  Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, Нарны замын-388 тоот байр, гэсэн албан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн боловч 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шуудангийн магадлагаанд “Хаяг тодорхой биш, утсаар залгахад ирж авна гээд хаягаа өгөөгүй, ирж аваагүй” гэж тэмдэглэж, буцаасан байна. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 61 дүгээр шийдвэрийн 15 дахь хэсгийн заалтаар “Э” ХХК-ийн ******* аймгийн Бүрэнтогтох сумын Хавчиг нэртэй талбайд байршилтай XY-015006 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалж, энэ тухайгаа 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/1016 тоот албан бичгээр мэдэгджээ.

Захиргааны байгууллагын дээрх үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэсний дагуу мэдэгдэл хүргүүлж, 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан хугацаа өнгөрсний дараа мөн хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан үндэслэлээр “Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, мөн хуулийн 35 дугаар зүйлийн  35.12-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасан нийтлэг үүргээ биелээгүй байна гэж үзэхээр байна. Учир нь “Э” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд дээрх албан ёсны хаягаар “Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, Нарны замын-338” гэж, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 оны 09 дүгээр  сарын 06-ны өдрийн 12/7149 дүгээр албан бичгээр ирүүлсэн  нэхэмжлэгч компаний  дэлгэрэнгүй лавлагааны “Хаягийн тухай  мэдээлэл” өөрчлөгдөөгүй байна. 

Өөрөөр хэлбэл  Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д зааснаар нэхэмжлэгч дараа жилийн төлбөрийг 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д   зааснаар 30 хүртэл хоногийн хугацаа хэтэрвэл төлбөрийг алдангийн хамт 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл төлөх боломжтой байсан ба хариуцагч  цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 6/4564 тоот мэдэгдлээр хүргүүлсэн боловч тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн талаарх баримтаа эсхүл хүндэтгэн үзэх шалтгаантай  ирүүлээгүй тул 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зөрчөөгүй байна.

Мөн хэдийгээр нэхэмжлэгч “Улсын Их Хурлаас 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай  хууль батлагдсантай  холбогдуулан Ашигт малтмалын газраас манай компаний эзэмших 15006Х,1******* дугаартай  тусгай зөвшөөрлийн дагуу хайгуул хийх талбай нь энэхүү хуулиар хориглосон газарт хамаарч байгаа гэж тайлбарлан, уг тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахыг зогсоосон” гэх боловч тусгай зөвшөөрлийн төлбөрөө 6  дахь жилдээ төлж ирсэн нь нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг түдгэлзүүлснийг хүлээн зөвшөөрч байсан байх ба хариуцагч энэ үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлаагүй байна.

Хариуцагчийн тайлбараар ******* аймгийн Бүрэнтогтох сумын  Нурамт нэртэй газарт орших 1716.61 гектар талбайг хамарсан “Э” ХХК-ийн эзэмшлийн XY-15384 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн  хүчин төгөлдөр байх хугацаа 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа бөгөөд талууд энэ талаар маргадаггүй. Тус хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гараагүй байна.

2. “Э” ХХК-ийн 15006Х, 1******* дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгчийн 1 дэх шаардлагын хүрээнд “Э” ХХК-ийн ******* аймгийн Бүрэнтогтох сумын Хавчиг нэртэй талбайд эзэмшдэг XV-015006  дугаартай тусгай зөвшөөрлийг “Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр цуцалсан захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэж байгаа тул эрх сэргээсэн шийдвэр гаргахыг даалгах үндэслэлгүй юм. 

Харин “Э” ХХК-ийн эзэмшдэг ******* аймгийн Бүрэнтогтох сумын  Нурамт нэртэй газарт орших 1716.61 гектар талбайг хамарсан XY-15384 тоот ашигт малтмалын хайгуулын  тусгай  зөвшөөрөл 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хүчинтэй, захиргааны байгууллагаас энэ тусгай зөвшөөрлийн талаар эрхийг хязгаарласан аливаа шийдвэр гараагүй байх тул шүүхээс  эрх  сэргээхийг даалгах хууль зүйн боломжгүй байна гэж үзлээ.

Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох  Байгаль орчин, Аялал жуучлалын яамнаас ирүүлсэн лавлагаагаар XY-15384 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газар нь  Засгийн газрын 2012 оны  194 дүгээр тогтоолоор  батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эхэд 1557.4 га талбайгаар,  ойн сан бүхий газар нутагтай  хэсэгчилсэн давхцалтай, ХВ-015006 тоот ашигт малтмалын  тусгай  зөвшөөрөл  бүхий газар нь Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тус тус батлагдсан  гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй  давхцалтай болох нь тогтоогдож байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс  тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрхийг сэргээх хуулийн үндэслэл байхгүй буюу өөрөөр хэлбэл тус захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгдэх асуудал биш байна. 

3. “Э” ХХК-ийн  эзэмшиж байгаа ******* аймгийн Бүрэнтогтох сумын  нутаг Нурамт нэртэй  газарт ашигт малтмалын хайгуул хийх 1******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь гол, мөрний  урсац  бүрэлдэх эх, усан сан бүхий  газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарахгүй болохыг тогтоолгож, уг талбайг гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээс хасч бүртгэхийг Байгаль орчны яаманд даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Нурамт нэртэй  газарт ашигт малтмалын хайгуул хийх 1******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох”-оор заасан нутаг дэвсгэртэй давхцалтай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Байгаль орчин, Аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн лавлагаагаар Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор  батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эхэд 1557.4 га талбайгаар, ойн сан бүхий газар нутагтай давхцалтай болох нь тогтоогдож байна. 

Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Засгийн газрын  2015 оны  289 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтаар “Усны сан бүхий газрын  эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тогтоож, тэмдэгжүүлэх ажлыг аймаг нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалгаж”, 2 дахь заалтаар Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”-ийн солбицолд оруулах өөрчлөлтийг 1 дүгээр, уг тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Ойн сан бүхий газрын хилийн зааг”-ийн солбицолд оруулах өөрчлөлтийг 2 дугаар хавсралтаар тус тус баталжээ.

Эндээс үзэхэд  тус тусгай зөвшөөрлийн талбайг гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарахгүй гэж үзэх эрх Байгаль орчин, аялал жуучлалын яаманд олгогдоогүй болно. 

Мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж зааснаас үзэхэд  Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох”-оор заасан газар нутагт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох хамгаалалтын бүс, хилийн заагийг тогтоох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болох нь тогтоогдож байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-д “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно” гэсний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Учир нь  нэхэмжлэгч анх 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж,  шүүхээс  зарласан урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаасан. Нэхэмжлэгч дахин 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс шүүх хуралдааны товыг зарлаж, хуульд заасан үндэслэлээр мэдэгдэж нийт 12 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд үүнээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт болон түүнийг зайлшгүй оролцуулна гэсэн шалтгаанаар долоон удаа хойшлуулж байсан байна. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-т заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргаснаар “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э” ХХК-ийн 15006Х, 1******* дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газар болон түүний кадастрын хэлтсийн даргад даалгуулах, “Э” ХХК-ийн эзэмшиж байгаа ******* аймгийн Бүрэнтогтох сумын нутаг, “Нурамт” нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх 1******* дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь гол, мөрний  урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарахгүй болохыг тогтоолгож, уг талбайг гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээс хасч бүртгэхийг Байгаль орчны яаманд даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

           

 

                               ШҮҮГЧ                Д.ЧАНЦАЛНЯМ