Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хохирогч Н.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.АнхБс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д-ын О-т холбогдох 1935002880158 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 03-нд Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-8, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт Д-ын О, регистрийн дугаар:............

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.О нь Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Н.Н-тэй маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 1935002880158 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Н.Н-ийн “...Бөмбөг харилцаж тоглож байх явцад Тариалан сумын залуу Н руу очсон бөмбөг хүчтэй дарж тоглож байсан хүүхдүүдийн голд сууж байсан хүүхдүүд рүү цохисон. Гэтэл уг цохисон бөмбөг хүүхдүүдийг цохиж ойгоод тоглож байсан хүүхдүүдээс холдоод өсрөөд явсан чинь Н өөрөө яваад хол ойсон бөмбөгийг аваад ирсэн. Тэхээр нь би Н руу очоод “бөмбөг хүчтэй цохиж хол ойлгоод байна, битгий чанга  цохиод бай” гэж хэлж анхааруулж байгаад бид хоёр хоорондоо маргалдсан. Би уг маргааны улмаас уурлаж Н-ын цээж рүү жийсэн байдалтай өшиглөөд, гараа хагас атгаад алгадсан  байдалтай зөөлөн цохисон юм. Энэ үед Нын найз О миний араас гараараа миний баруун эрүүний хэсэгт нэг 1 удаа цохисон чинь богино хугацаанд манарч газар унаад боссон чинь миний амнаас цус гарсан, толгой эргэж манарсан, миний эрүү салсан байдалтай мэдрэгдэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 8-9 дүгээр хуудас/,

2. Насанд хүрээгүй гэрч Н.Н-ийн  “...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр манай ургийн баяр болж байсан морь барианы газар би өөрийн ах Н мөн манай садангийн ах С гэх хүүхдийн хамт гар бөмбөг тоглож байтал энд тэндээс бөөн танихгүй хүүхдүүд ирээд нөгөө бид нарын тоглож байсан гар бөмбөгийг өшиглөөд байсан тэгтэл Н нөгөө эрэгтэй хүүхдүүдэд наадах бөмбөгөө битгий өшиглөөд бай наадах бөмбөг чинь хөл бөмбөг биш гар бөмбөг гэхэд манай ахын үгийг сонсохгүй нэг эрэгтэй хүүхэд бид нар төрсөн нутаг дээрээ байна гээд ахтай маргалдаж хэрэлдэж байгаад ах нөгөө хүүхдийн цээж рүү нэг удаа хөлөөрөө жийхээр нь би ахыгаа салгаад авчихсан тэгтэл нөгөө манай ахаар жийлгэсэн хүүхэдтэй хамт явсан нэг залуу манай ахын араас очоод баруун гараараа нэг удаа хацар эрүү орчим нь хүчтэй таг гээд зодоход манай ах газар унаад өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12 дугаар хуудас/,

3. Гэрч Б.Б-гийн “...Тэгтэл тэр ах Нын хажууд очоод “ямар том дуутай юм бэ?” гэж хэлж уурлан Ной маргалдаж хувцаснаас нь заамдаж барьтал хажуунаас О тэр хоёрыг салгаж холдуулсан. Нөгөө ах дахин Н руу очоод хэрүүл маргаан хийх үед О тэр ахыг гараараа 1 удаа цохисон чинь газарт унаад босоод хойш нь эргээд явсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 14 дүгээр хуудас/,

4. Гэрч Ж.Н-ын “...Гэтэл тэр ах дахин миний хажууд ирээд гараа хагас атгаад дотор хэсгээр нь миний нүүрний хацар хэсэг рүү 1 удаа цохисон. Тэр үед намайг А тэврээд холдуулсан. Гэтэл тэр ахыг О дахин тэр газраа холдуулсан чинь дахин над руу цохих гээд дайрч миний цээж рүү гараараа 1 удаа цохисон чинь О намайг өмөөрч тэр ахын ...хацар хэсэг рүү 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг / хх-ийн 15-16 дугаар хуудас/,

5. Гэрч З.Бумбаярын “...Маргалдаж байгаад танихгүй эрэгтэй хүн Ныг гараараа цээж рүү 1 удаа, хөлөөрөө хөл рүү нь 1 удаа тус тус  цохиж өшиглөсөн. Тэр үед Н-ын найз О гэх залуу тэр танихгүй залуугийн ...шанааны хэсэг рүү 1 удаа цохисон чинь танихгүй залуу газарт унаад шууд босоод хамт явсан дүү охинтой цуг хойш эргээд явсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 19 дүгээр хуудас/,

6. Шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “...Үзүүлэгч Н.Н-ийн биед гэмтэл учирсан байна. Доод эрүүний яс хоёрлосон хугаралтай, эрүүний эмзэглэлтэй зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 513 дугаартай дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутагт 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Н.Н нь насанд хүрээгүй хүн Ж.Нын хөл хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, хацар хэсэгт нь  гараараа нэг удаа цохиж биед нь халдаж Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл хүлээсэн /хх-ийн 81 дүгээр хуудас/ байна. Улмаар шүүгдэгч Д.О нь хохирогч Н.Нийн хууль бус үйлдлийг таслан зогсоох оролдлого хийх явцдаа хохирогч Н.Нийн доод эрүү хэсэгт нь гараараа нэг удаа цохиж хохирогчийн доод эрүүнд хоёрлосон хугарал, эрүүний хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтэл учруулсан байна.

Шүүгдэгч Д.О хохирогч Н.Н-ийг нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Хохирогч Н.Н нь шүүгдэгчээс 5’378’856 төгрөгийг нэхэмжилснээс 608’456  төгрөгийг хангаж, үлдэх 4’770’400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хохирогч нь хөдөлмөрийн чадвараа 15 хувийн алдсан бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д ““байнгын асаргаа шаардлагатай иргэн” гэж бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй” гэж заасан ойлголтод хохирогч Н.Н нь хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Н-д асрамж шаардлагагүй гэж дүгнэв.

Иймд хохирогч Н.Н-ийн ээж Г.Н-ийн замын зардал, цалин зэргийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Ораметалл ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Т-ын “...Н нь тус компанид 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс хойш одоог хүртэл хэвчнээр ажиллаж байгаа болохыг тодорхойлов” гэх /хх-ийн 118 дугаар хуудас/ тодорхойлолт, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Ораметал ХХК-ны нягтлан бодогч Ч.О-ийн “...Н нь тус компанийн цутгуурын цехэд хэвчин албан тушаалд 2019 оны 3 дугаар сарын 06-аас 2019 оны 6 дугаар сарын 30 хүртэл ажилласан...” гэх /хх-ийн 119 дүгээр хуудас/ цалингийн тодорхойлолт, 2019 оны 6 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” /хх-ийн 120 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг хэрэгт цуглуулсан байна.

Дээрх цалингийн тодорхойлолт болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор хохирогч Н.Н нь 2019 оны 6 дугаар сар хүртэл ажилласан бөгөөд мөн оны 7 дугаар С-с нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байна. Иймд хохирогч нь 2019 оны 7 дугаар С-с хойш өдийг хүртэл ажилгүй байхад шүүгдэгчээс хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах үндэслэлгүй юм.

Хохирогч Н.Н нь Увс аймгаас Улаанбаатар хот руу иргэн Н.Н-ын эзэмшлийн Сузуки загварын 85-34 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчихдоо 70’000 төгрөгийн тээврийн хөлс төлснийг шүүгдэгчээс гаргуулахгүй үндэслэлгүй байна. Учир нь иргэн Н.Н нь тээвэрлэлт хийх эрх бүхий этгээд биш, мөн түүний хохирогч Н.Н-ийг төлбөртэй тээвэрлэсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт “тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ...торгоно” гэж заасан зөрчлийн шинжтэй үйлдэл байна. Өөрөөр хэлбэл хохирогч Н.Н өөрийн сайн дураар хууль бус үйлдэлд зарцуулсан төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь хууль ёсны зарчимд нийцэхгүй  гэж дүгнэв.

Хохирогч Н.Н-ийн хагалгааны дараа гарсан зардал буюу хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон /хх-ийн 113-121 дүгээр хуудас/ 608’456  төгрөгийг шүүгдэгч Д.О-аас гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Н Улаанбаатар хотод хагалгаанд орсон зардалд шүүгдэгч 2’866’500 төгрөг төлсөн болохыг хүлээн зөвшөөрсөн, талууд энэ талаар маргаагүй тул шүүгдэгч Д.О 2’866’500 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэгсийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 42 дугаар хуудас/ тогтоогдсон, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Д-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  дурдсугай.

4. Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Д.О нь хохирогч Н.Н-ийн эмчилгээний зардалд 2’866’500 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн 4’770’400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-аас 608’456 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Н-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХЗАЯА