Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 27

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Баярмагнай, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Баярмагнай 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ц-ийн Б-т холбогдох 201620000087 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 6-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн  48А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2, 145 дугаар зүйлийн 145.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсгүүдэд зааснаар 100’000 төгрөг хурааж, 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 7 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Т овогт Ц-ийн Б, регистрийн дугаар: ...............

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Б нь бусадтай бүлэглэж 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг “Тарвагатайн хөдөө” гэх газраас хохирогч З.Сын олон тооны буюу 9 тооны адуу хулгайлж 6’850’000 төгрөгийн хохирол учруулсан, мөн бусадтай бүлэглэж 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө хилийн 176/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, хохирогч З.С-ын 7 тооны адууг Оросын Холбооны Улсын тал руу хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:  Шүүх хуралдаанаар 2016200000087 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч З.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “2016 оны 2 дугаар сард ...цагаан сар болохын өмнө манай адуунаас 9 тооны адуу тасарч алдагдсан юм. Тухайн үед манай адуу “Бөөргийн бөгс” гэх газар бэлчиж байсан бөгөөд 2 морь, 4 гүү, 3 даага, нийт 9 тооны адуу алга болсон. Адуугаа хүйтэн байсан үе тул хайж яваагүй... Тэгтэл хилийн цаана аагт олом тамгатай адуу хураагдсан тухай сонсоод асуухад миний гүү байсан юм. 4-н сард хил гарч нядлагдсан гэж надад хэлсэн...” /1-р хх-ийн 41-42 дугаар хуудас/,

  “...22 настай жороо саарал морь, хул морь 12 настай, хул гунжин гүү 3 настай, саарал гүү 14 настай, хонгор гүү 7 настай, хулагч гүү 9 настай, хүрэн даага, хонгор даага, хул даага гэсэн 9 тооны адуу алдсан. Би өөрийнхөө адууг хайгаад 4 дүгээр сарын сүүлээр буюу 20-ны үед Зүүнговь сумын нутаг буюу “Тарвагатайн хөдөө” гэдэг газар явж байхад миний хонгор гүү, хул гүү 2 үхсэн байсан. Би сэг дээр нь очиж үзэхэд 10-аад хоногийн өмнө үхсэн болов уу гэмээр, нэг их муудаагүй байсан. Миний 2 гүү хээлтэй гүү байсан, хөөгдөж яваад үхсэн болов уу гэлтэй цувраад үхсэн байсан. Би өөрийнхөө гүүг хараад шууд таньсан. Бусад адуу нь сураггүй байж байтал 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Тэс сумын хилийн заставаас над руу утсаар ярьж, “ОХУ-ын талаас хилийн хамтарсан уулзалт зохион байгуулахаар боллоо, уулзалтаар таны адууг хүлээлгэж өгөх тул та ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би маргааш нь явж очсон ба уулзалтаар миний 1 саарал гүүг хүлээлгэж өгсөн. Оросын талын хүмүүс надад “таны 6 адуу ОХУ-д нядлагдсан байсныг олж илрүүлсэн, махыг нь устгасан, 2 урианхай хүн баригдсан” гэж хэлсэн. ...ОХУ-д нядлагдсан адууны арьс болон нядлагдах үеийн зурагтай танилцсан, бүгд миний адуу мөн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 194-195 дугаар хуудас/,

2. Гэрч Х.Ж /Хилийн цэргийн 0311-р ангийн хилийн албаны дарга/-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...ОХУ-ын талд манай 7 тооны адуу саатуулагдсан, Монголын талаас Б гэгч хил давуулж худалдсан гэж ОХУ-аас мэдэгдсэн тул би хилийн тагнуулын ажилтан болон орчуулагчаар д/а Эыг оролцуулан 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ОХУ-ын талтай уулзалт хийсэн юм. Уулзалтад бид уг 7 адууг хил давуулсан байж болзошгүй гэж сэжиглэн Тэс сумын иргэн Б, мөн түүний хамт явсан байж болзошгүй 3 хүнийг авч очсон юм. Оросууд хил давсан 7 адууны нэг нь амьд хураагдсан, зургаа нь нядлагдсан, арьс нь байгаа гэж мэдэгдээд өөрсдийн авсан тайлбар, зургуудаа өгсөн. Мөн Баас адуу авсан гэх 2 тува хүнээр таниулах ажиллагаа хийж авсан юм. Машин дотроос гадна зогссон хүмүүс дотроос таниулахад Огэдэг тува хүн шууд Быг зааж энэ хүн надад адуу өгсөн хүн мөн, хамт явсан хүнийг танихгүй байна гэж хэлсэн. Харин нэг залуухан тува нь итгэл муутай “энэ хүн төстэй юм, холоос харсан” гэж Быг хэлсэн. Нэр нь А гэдэг тува залуу байсан. Таниулах ажиллагааны зургийг би авсан. Хэрэгт хавсаргаж өгье. МанА таниулах ажилд тэмдэглэл бичээгүй, Оросууд бичээд гарын үсэг зуралцаад байсан. Оросуудын хэлсэн чиглэл болох 176.1-ээс 176.2-р тэмдэгтийн хооронд тор дагуу адууны мөр байгаа эсэхийг шалгахад 176.2-р тэмдэгт буюу торны төгсгөлд торгүй хэсгээр хил давсан 3-4 орчим адууны бүдэг мөр илрүүлсэн. Торноос дотогш 1-2 м зайд хатуу газар ОХУ руу чиглэсэн бүдэг мөр олдсон ба хилийн шугам дээр мөр илрээгүй тул мөр ... хүлээлцээгүй юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

3. Гэрч Б.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би хилийн 0274 дүгээр салбарын захирагч хийдэг. ...2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр болсон хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн уулзалтаар ОХУ-ын талын хилийн албаны хүмүүс ирж Монгол Улсын талаас 2016 оны 4 дүгээр сарын 10-12-ны үед ОХУ-ын иргэн Я, өөр бас нэг хүн хоёрт 7 тооны адууг хууль бусаар хил нэвтрүүлэн зарсан байж болзошгүй Увс аймгийн Тэс сумын иргэн Ц овогтой Быг ОХУ-ын 2 иргэнээр таниулах ажиллагаа явуулсан. ОХУ-ын хилийн албаны хүмүүс таних гэж байгаа 2 хүнийг машин дотор суулгаж байгаад Монгол Улсын иргэн Ц.Б-тай хамт хоёр хүн зогсоосон байсан. ОХУ-ын иргэн Я гэдэг хүн нь Монгол Улсын иргэн Ц.Б-ыг хараад “энэ надад 7 тооны адуу авч ирж өгсөн Монгол хүн мөн байна. Өөрийгөө Б гэж танилцуулж байсан” гэж хэлсэн. Харин нөгөө орос хүн “би нэг харсан болохоор шууд танихад бэрх байна, орой болж байсан юм. Их л төстэй байна” гээд байсан. ...Бид нар таниулах ажиллагааны тэмдэглэл хөтлөөгүй. Оросын хилийн албаны хүмүүс өөрсдөө юм бичээд гарын үсэг зуруулаад байсан. Бид нар зураг авсан, Б хошуучид байгаа. Түүнийг хэрэгт хавсаргуулах хүсэлттэй байна. Оросын холбооны улсын иргэнийг Я гэсэн, нөгөө хүний нэрийг нь сайн санахгүй байна. Анх ОХУ-ын талаас зөрчил гарсан талаар мэдэгдсэн. Хилийн 0311 дүгээр ангийн 1 дүгээр застав хариуцсан хэсгээр гарсан зөрчил юм. Тодруулбал 176.2 дугаар тэмдэгт. ОХУ-ын 2 иргэн өөрсдөө зааж өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 216-219 дүгээр хуудас/,

4. Гэрч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Би хилийн 0311-р ангийн 320 дугаар салбарт сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчийн алба хашиж байна. Манай салбар Монгол Улсын 169-177 дугаар тэмдэгтэд үүрэг гүйцэтгэдэг. Би 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 200 дугаар тэмдэгт дээр болсон уулзалтад оролцсон. Тухайн үед ОХУ-аас уулзалт зохион байгуулах санал тавьсан. Тэд хэлэхдээ: ОХУ-ын Тува улсын Ошина тосгоны Ак-чира тосгонд 6 тооны адуу нядалж байгаад баригдсан. Уг адууг нядалж байсан хүмүүсээс тайлбар, байцаалт авахад Монгол Улсын иргэн Б гэгч хүн авч ирж өгсөн гэж хэлсэн учир танай тал Б гэх хүнийг шалгаж хариу мэдэгдэнэ үү гэсэн. Үүний дагуу бид Тэс сумын иргэн Баас тайлбар авахад юм хэлээгүй. Үүний дараа ОХУ-ын талаас хилийн 200 дугаар тэмдэгт дээр уулзалт хийхээр товлосон. Уг уулзалтаар 6 тооны монгол адууг нядалсан гэх 2 Тува иргэн болон хилийн албаны хүмүүс ирсэн. ...ОХУ-ын хилийн албаны хүмүүс уулзалтад Монгол Улсын иргэн Тэс сумын харьяат Ц.Б-тай хамт 2-3 хүн зогсоогоод машин дотроос ОХУ-ын иргэн Я болон нөгөө хүнийг суулгаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр адуу өгсөн гээд байгаа хүн чинь энэ хүмүүс дотор байна уу? гэж асуухад Тува улсын иргэн Я гэж хүн “надад адуу өгсөн хүн байна гээд Тэс сумын иргэн Ц.Быг шууд зааж, би энэ хүнийг таньж байна” гээд байсан. Харин нөгөө тува хүн “би нэг удаа, шөнө харсан болохоор сайн анзаараагүй, их л төстэй царай байна” гэж хэлсэн. ...тэмдэглэл үйлдээгүй, Оросын талын хүмүүс тэмдэглэл үйлдээд гарын үсэг зуруулаад байсан...” гэх мэдүүлэг /1 -р хх-ийн 220-224 дүгээр хуудас/,

5. Гэрч Кийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2016 оны 4 дүгээр сарын 11-нд дугаарын сайн санахгүй байна, нэг дугаараас Я над руу залгаж яриад “танд мөнгө байна уу, би нэг хүнээс адуу худалдаж авах гэсэн юм” гэж хэлэхээр нь би “мөнгө байна” гэж хариулсан. Тэгтэл О намайг “манай гэрт шууд хүрээд ир” гэж хэлсэн. Би өөрийнхөө УАЗ-390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинтайгаа түүний гэр лүү явж очсон. Яг тэр өдөр нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 11-ний оройн 19:00 цагийн үед машинаараа Обид 2 Тес-Хемск хошууны О-Шынаагаас баруун зүгт 10 км-т байрлах Ак-Кежик суурин руу 30 минут явж, 19:30 цагийн үед очсон. Замдаа О надад “таньдаг Монгол иргэн нь гар утсаар яриад 6 адууг ярьж тохироод бүгдийг нь 10000 /арван мянга/-д ав гэсэн” гэж ярьсан. Гэхдээ надад нэрийг нь хэлээгүй. Би Омакт өөртөө байсан 1000-ын 10 ширхэг дэвсгэрт өгсөн. Ингээд бид зуны цагт мал хашиж барьдаг задгай талбайтай газарт машинаа зогсоож, О танилтайгаа уулзахаар явсан. Тэгээд би машиныхаа бүхээгээс 100 метрийн зайд, О 6 адууг тууж ирсэн танилтайгаа уулзаж байгааг харж суусан. Тэр морьтой эр 6 адууг 10000 рублиэр өгсөн.

Дараа нь Омактай уулзсан хүн Монголын тал руу явсан. Харин Онэг моринд нь мордоод үлсэн 5 адууг нь туугаад О-Шынаа руу явсан. Би өөрийн машинаараа О-Шынаа суурин руу явсан. О-Шынаа сууринд ирээд О2 адууг нь гэр лүүгээ авч явсан. Үлдсэн 4-ыг нь Мир гудамжинд дахь манай гэр лүү авч ирээд манай гражид оруулсан. Дараагийн өдөр нь буюу 4 сарын 12-нд Омактай хамт Монгол хүнээс авсан 6 адуугаа нядалсан . Яг тэр өдрийн 15 цагийн алдад манайд хилийн хуарангийн хилчид ирсэн. Биднийг Фермер УАЗ-390945 С 890 АТ РУС улсын дугаартай машиндаа нядалсан махаа ачиж байхад хилчид ирээд саатуулсан. Би Омакийн танил монгол хүний бидэнд зарсан морьд монголын нутгаас хулгайлагдсаныг мэдээгүй. Хилийнхэн 6 малын махыг хурааж авсан ба О-Шынаагаас баруун тийш 10 км газарт байх Ак-Кежик суурингаас 1 морийг нь олж монголоос ирсэн эзэнд нь өгсөн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 178-182, 237-238 дугаар хуудас/,

6. Гэрч ЯВикторовичийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2016 оны 4 дүгээр сарын 11-нд миний гар утас уруу Монголын иргэн залгаад өөрийгөө Б гэж танилцуулаад надад 6 морийг худалдаж авахыг санал болгосон. Ингэхдээ Тувагаар ярьж байсан. Тийм сайн ярьдаггүй ч Тува хэлтэй байсан. Гэхдээ ярьж байгаа нь сайн ойлгогдохгүй байсан хэдий ч 6 морь худалдаж авахыг санал болгоод 2016 оны 04 дүгээр сарын 19-нд Ак-Кежикт тууж ирж өгье гэж хэлсэн. Би зөвшөөрсөн. Би гар утаснаасаа К уруу залгаад “мөнгө байна уу, хүнээс морь худалдаж авах гэсэн юмаа” гэхэд тэр “мөнгө байна” гэж хариулсан. Тэгэхээр нь би түүнийг машинтайгаа шууд манайд хүрээд ир гэж хэлсэн. К өөрийнхөө УАЗ-390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинтайгаа манайд ирсэн. Яг тэр өдөр нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний оройн 19:00 цагийн үед машинтай К бид 2 Тес-хемск хошууны О-Шынаагаас баруун зүгт 10 км-т байрлах Ак-Кежик суурин руу 30 мин яваад 19:30 үед очсон. Замдаа би түүнд “таньдаг Монгол хүн 6 адууг ярьж тохироод ав гэж утсаар ярьсан, тэгээд бүгдийн 10000 /арван мянга/-д ав гэсэн” гэж хэлсэн. Гэхдээ би түүнд нэрийг нь хэлээгүй. К өөртөө байсан 1000-ын 10 ширхэг дэвсгэртийг надад өгсөн. Ингээд бид зуны цагт мал хашиж барьдаг задгай талбайтай газар машинаа зогсоож К машиндаа үлдээд би монгол танилтайгаа уулзахаар бүхээгээс буусан. Тэгээд би машинаас 100 метрийн зайд 6 адуу тууж ирсэн танилтайгаа уулзлаа. Тэр морьтой эр надад 6 адууг 10000 рублиэр өгсөн. Дараа нь Б монголын тал руу явсан. Харин би нэг моринд нь мордоод үлдсэн 5-г нь туугаад О-Шынаа руу явсан. ...Дараагийн өдөр нь 4 сарын 12-нд Ктой хамт өөрийгөө Б гэж танилцуулсан монгол хүнээс авсан 6 морио махалсан. Яг тэр өдрийн 15 цагийн алдад Кынд хилийн хуарангийн хилчид ирсэн. Фермер УАЗ-390945 Фермер С 890 АТ РУС улсын дугаартай машинд махалсан махаа ачиж байхад тэд ирээд биднийг саатуулсан. Би Б гэгч монгол хүний бидэнд зарсан морьд монголын нутгаас хулгайлагдсаныг мэдээгүй. Хилийнхэн 6 малын махыг хурааж, О-Шынаагаас баруун тийш 10 км байх Ак-Кежик суурингаас 1 морийг нь олж монголоос ирсэн эзэнд нь өгсөн ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183-187, 239-241 дүгээр хуудас/,

7. Гэрч Б.Цэдэнбалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Манай нөхөр Ц.Б 2016 оны 4 дүгээр сарын 11-ний үеэр манай хадам аав болох Бадамдорж, хадам ах Жамсран нарыг нүүлгэсэн. 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө Жамсран ахын гэрийг нүүлгэж буулгасан 11, 12-ны өдөр мал туусан. 2016 оны 4 дүгээр сарын 12-ны орой гэртээ ирсэн. ...Өвөлжөөнөөс хаваржаа руу буюу Тарвагатай хөдөө рүү нүүлгэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210-212 дугаар хуудас/,

8. ОХУ-ын талаас 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Монголын хилийн албаныхантай хийсэн Хилийн Бүрэн Эрхт төлөөлөгчийн туслагчийн хэмжээний уулзалтаар хохирогч З.Сын хулгайд алдсан саарал зүсмийн, буруу гуяндаа аагт олом тамгатай, 14 настай гүүг хүлээн авч, хохирогч З.С-т хүлээлгэн өгсөн тухай мал, амьтдыг шилжүүлэн хүлээлцсэн акт, нотломж /1-р хх-ийн 38, 39 дүгээр хуудас/,

9. ОХУ-ын Кызылийн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгчөөс Монгол улсын Баруунтурууны хэсгийн хилийн Бүрэн Эрхт Төлөөлөгч хурандаа Г.Гд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 64 дүгээр Хилийн дэглэмийн зөрчлийн тухай “Мөрдөлтийн явцад: саатуулагдсан иргэний хэлж буйгаар дараах зүйлсийг тогтоосон. 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр ОХУ-ын иргэн Янзо Оруу Монгол улсын иргэн Ц Б /Мадыржап гэж дуудах, 1985 онд төрсөн/ утсаар ярьж, хулгайлсан 7 тооны адуугаа худалдаж авахыг санал болгосон. 2016 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Монгол улсын талаас ОХУ-ын тал руу Монгол улсын иргэн Ц.Б хил зөрчсөн, барагцаагаар хилийн 177-178 дугаар тэмдэгтийн чиглэлээр 7 тооны адууг хууль бусаар ОХУ-ын талд оруулан цаашаа 2 км газар явж адуугаа ОХУ-ын иргэнд өгч 30’000 рубль авсан байна” гэх албан бичиг /1-р хх-ийн 158-159 дүгээр хуудас/,

10. Холбооны улсын Кизылийн хэсгийн бүрэн эрхт төлөөлөгчийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Мэдээлэл хүргүүлэх тухай 45 тоот “...2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ОХУ-ын иргэдийг байлцуулан хийсэн Монгол улсын иргэн Ц.Быг таниулах ажиллагааны үр дүнг манай туслагч нар баримтжуулаагүй ба энэ талаар танай талд 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдсэн болно. Уулзалт хамтран явуулахад : 1. ...Оросын Холбооны улсын иргэн Ч А-Х-О-г байлцуулан ...Монгол улсын 3 иргэнийг харуулахад 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр монгол адууг оросын талд авчирсан хүний биеийн ерөнхий төрх, биеийн өндөр, бие бялдар, нүүр царайны байдлаараа дунд нь зогсож байгаа хүн илүү төстэй байна гэж хэлсэн. Ч А-Х-О-ын таньсан монгол улсын иргэн нь Ц Б мөн ...Орос улсын иргэнээс тайлбар авч байхад танай туслагч нар байлцсан. 2. Мөн Оросын Холбооны улсын иргэн Я О.В-г таниулах ажиллагаанд оролцуулж 3 хүний зургийг үзүүлэхэд зураг №2 буюу Монгол Улсын иргэн Цийн Бын зургийг заасан. Үүний дараа Я О.В-д зурган дээр байсан Монгол улсын 3 иргэнийг харуулахад Цийн Быг заасан. Энэ иргэн нь 2016 оны 4 дүгээр сарын 11-нд монгол адууг Ак-Кежикт Орос улсын иргэнд дамжуулсан эсэхийг тодруулахад танай туслагч нар байлцсан...” гэх албан бичиг /1-р хх-ийн 233-234 дүгээр хуудас/,

11. 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “...Т овгийн Цийн Бд холбогдох 2016200000087 дугаартай эрүүгийн хэргээс “2016 оны 4 дүгээр сарын 11-ны шөнө бүлэглэн Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг “Тарвагатайн хөдөө” гэх газраас хохирогчид 6’850’000 төгрөгийн хохирол учруулсан, мөн бусадтай бүлэглэж 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө хилийн 176/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, хохирогч З.Сын 9 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар нэвтрүүлсэн” гэх үйлдлийг тусгаарласугай” гэх Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 19 дүгээр хуудас/,

12. 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн хилийн уулзалтын үед авсан гэрэл зураг /1-р хх-ийн 225-228 дугаар хуудас/

13. Увс финанс-аудит ХХК-ын 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “нас гүйцсэн морь 750’000 төгрөг, нас гүйцсэн гүү 650’000 төгрөг, даага 250’000 төгрөг” гэх дүгнэлт /1-р хх-ийн 59 дүгээр хуудас/,

 14. Увс финанс-аудит ХХК-ын 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “саарал жороо морь 22 настай 3’000’000 төгрөг, 3 настай гүү 400’000 төгрөг, 7 настай гүү 650’000 төгрөг, 9 настай гүү 650’000 төгрөг” гэх дүгнэлт /1-р хх-ийн 199 дүгээр хуудас/ зэрэг болно.

2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө Монгол улсын хилийн 176/2 тэмдэгтийн чиглэлээр Монгол улсын талаас ОХУ-ын тал руу хууль бусаар 7 тооны адуу нэвтрүүлсэн этгээдүүдийг олж илрүүлэх зорилгоор Монгол улс, Оросын холбооны улсын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу харилцан мэдээлэл солилцож, хамтран ажилласан талаарх баримт бичгүүд болон Монгол улсын Тагнуулын болон Прокурорын газраас явуулсан албан бичиг, мөрдөн байцаагчийн даалгаврын дагуу ОХУ-ын талд үйлдэгдсэн мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл зэрэг орос хэл дээр бичигдсэн баримтууд нь Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу томилогдсон орчуулагчаар орчуулга хийгдсэн, хуульд заасан шаардлага хангасан, мөн хэрэгт авагдсан Оросын Холбооны Тува улсын иргэн К, Янзо ОВикторович нарыг гэрчээр байцаасан тэмдэглэл нь Увс аймаг дахь Тагнуулын газрын мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа хүсэх тухай” даалгаврын дагуу авагдсан байх тул тус тус нотолгооны ач холбогдолтой гэж үзнэ.

2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ОХУ-ын иргэдийг байлцуулан хийсэн Монгол улсын иргэн Ц.Быг таниулах ажиллагааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй байх боловч тухайн таниулах ажиллагаа явагдсан үйл явцын талаар мэдүүлсэн гэрч Х.Ж, Б.П, Х.Дамдинсүрэн нарын мэдүүлгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үнэлэх үндэслэлтэй.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг “Тарвагатайн хөдөө” гэх газраас хохирогч З.Сын 9 тооны адууг 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 11-ны өдрийн хооронд хулгайлж, уг 9 тооны адууг шүүгдэгч хулгайлсны дараа  2 тооны адуу туугдах явцад үхсэн болох нь хохирогч З.Сын мэдүүлгээр, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний  шөнө Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, 7 тооны адууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэргүүдийг тус тус үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэв.

2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоолоор хохирогч З.Сын 9 тооны адууг хулгайлсан, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, 7 тооны адууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргүүдийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэж, шүүгдэгч Ц.Бтай бүлэглэж үйлдсэн этгээдийг олж тогтоох зорилгоор хэргийг тусгаарласан байна. Тухайн тусгаарласан хэрэг нь хэрэг бүртгэлтийн шатанд ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд одоог хүртэл гэмт хэрэг хамтран үйлдсэн этгээдийг хэн болох, гэмт хэргийг хэрхэн бүлэглэж үйлдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, хэргийг хамтран үйлдсэн гэх хүн нь хэрэг хариуцах чадвартай эсэх зэргийг тогтоож чадаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмын дагуу шүүгдэгч Ц.Б дээрх гэмт хэргүүдийг бүлэглэж үйлдсэн талаар эргэлзээ бүхий байх тул яллах дүгнэлтэд дурдагдсан дээрх гэмт хэргүүдийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэг, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргүүдийг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч З.Сын 9 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан “олон тооны мал хулгайлсан” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна. Учир нь 2002 оны Эрүүгийн хуульд заасан “олон тооны мал” гэдгийг 8 бод, эсхүл 25 бог, түүнээс дээш тооны мал гэж ойлгоно.

Шүүгдэгч Ц.Бын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө Монгол Улсын хилийн 176/2 тэмдэгтийн чиглэлээр зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн үйлдэл нь тухайн үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна.

Шүүгдэгч Ц.Бын хохирогч З.Сын 7 тооны адууг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн зарж борлуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна. Адуу нь Монгол Улсын Засгийн Газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалт”-д багтсан буюу улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлд хамаарна.

Дээрх гэмт хэргүүд нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарч байх боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан тул шүүгдэгч Ц.Бын үйлдсэн зарим гэмт хэргүүдэд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ 5 жил байсан бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ нь 8 жил байхаар хуульчилсан байна. Иймд шүүгдэгч Ц.Бын бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй байна.

Харин шүүгдэгч Ц.Бын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хуулийг буцаан хэрэглэх нь үндэслэлтэй байна. Учир нь 2015 оны Эрүүгийн хуульд заасан дээрх зүйл хэсгүүдээр оногдуулах ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгүүдэд оногдуулахаар заасан ялаас тус тус хөнгөрсөн байна.

2002 оны Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох, эсхүл 3-6 сар баривчлах ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг нэг мянга гурван зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан баривчлах ялыг ялын төрлөөс хассан, ганцхан торгох ял оногдуулах боломжтой бөгөөд торгох ялын доод хэмжээ нь 11’232’000 /140’400х80/ төгрөг байна. Энэхүү торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэвэл 748 /11’232’000:15’000/ хоног буюу 2 жил 13 хоногийн хорих ялтай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан ял нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хүнд байна.

Иймд шүүгдэгч Ц.Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан олон тооны мал хулгайлах, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч З.Ст  6’850’000 /зургаан сая найман зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 650’000 төгрөгөөр үнэлсэн, саарал зүсмийн буруу гуяндаа аагт олом тамгатай 14 настай 1 тооны гүүг хохирогч З.Ст мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээлгэж өгсөн, мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Б нь хохирогч З.Ст нийт 6’500’000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан болох нь тус тус хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.Б нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ц.Б улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө үйлдсэн нь тогтоогдсон, энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш гурван жил есөн сарын хугацаа өнгөрсөн байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бт холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Харин шүүгдэгч Ц.Бын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багт эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, эрхэлсэн ажилгүй, хувьдаа 123 тооны малтай, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 48А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 100’000 төгрөг хурааж, 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол зэрэг хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Улсын яллагчийн гаргасан “шүүгдэгч Ц.Баас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 30’000 рублийг тухайн үеийн Монгол банкны ханшаар 905’100 төгрөгийн орлого олсон байгаа. Энэхүү олсон орлогыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын орлогод оруулах” саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хэрэглэхээр хуульчилсан. Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн тул уг албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэлгүй юм.

Харин шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баас гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан 13 настай морины үнэ болох 750’000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулах ялыг тэнсэж өгнө үү” гэх санал гаргасан. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “хүндэвтэр гэмт хэрэг анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно” гэж заасан байна. Шүүгдэгч Ц.Б нь  өмнө нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн  48А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2, 145 дугаар зүйлийн 145.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дах хэсгүүдэд зааснаар 100’000 төгрөг хурааж, 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар оногдуулах ялыг тэнсэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Бт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учирсан хохирлыг төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1’500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’500’000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул түүний өмчлөлийн хүрэн гунан үхэр, 5 настай цоохор эм үхэр битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон 282 /хоёр зуун наян хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан хуучин орос хар эмээл 1 ширхэг, хуучин суран хазаар 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.Бт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан Увс аймаг дахь прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Б.Баярмагнайгаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Т овогт Цийн Быг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан олон тооны мал хулгайлах, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх, мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бын үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч Т овогт Цийн Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’500’000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1’500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’500’000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон 282 /хоёр зуун наян хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баас гэмт хэрэгт үйлдэхэд ашигласан 13 настай морины үнэ болох 750’000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуучин орос хар эмээл 1 ширхэг, хуучин суран хазаар 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ц.Бын өмчлөлийн хүрэн гунан үхэр, 5 настай цоохор эм үхрийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Баас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА