Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00464

 

Ч.Өын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01718 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2305 дугаар магадлалтай,

Ч.Өын нэхэмжлэлтэй

“Р”, НВЦ ХХК, Ц.Б, Ц.Лнарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1 405 462 ам.доллар буюу 3 484 716 538 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түмэнгэрэл, Н.Наранбаяр, хариуцагч “Р”-ний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хариуцагч, НВЦ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Р”ХХК-ийн захирал Ц.Лхагвадорж, НВЦ ХХК-ийн захирал Ц.Б нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нэг сарын 5 хувийн хүүтэй нийт 700 000 ам.доллар зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний 2.4 дэх хэсэгт алданги тооцохоор тохирсон ба зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлөөгүй бол энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж дуусах хүртэл үргэлжилнэ. Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор “Р”ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, 66/9 тоот хаягт байршилтай, 2778.46 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Ингээд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл зөвхөн зээлийн хүүг төлж байгаад түүнээс хойш үндсэн болон хүү төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж, эд хөрөнгийн хохирол учруулаад байна. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч талууд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл дахин 4 сарын хугацаагаар, мөн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 cap, 12 хоногоор тус тус 2 удаа сунгасан. Иймд үндсэн зээл 700 000 ам.доллар, хүү 355 462 ам.доллар, алданги 350 000 ам.доллар, нийт 1 405 462 ам.долларыг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Монгол банкны ханш 2 479.41 төгрөгөөр тооцож, нийт 3 484 716 538 төгрөгийг хариуцагч НВЦ ХХК, “Р”ХХК, Ц.Лнараас гаргуулахаар шаардаж байна. Ц.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс зээлдэн авсан 700 000 ам.долларын 400 000 ам.долларыг “Р”ХХК, 300 000 ам.долларыг НВЦ ХХК тус тус авсан гэж тайлбарлаж байгаа тул хариуцагч НВЦ ХХК, “Р”ХХК-аас авсан зээлийн хэмжээнд нь тохирох хүү, алдангийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч НВЦ ХХК-аас үндсэн зээл 300 000 ам.доллар, хүү 151 846 ам.доллар, алданги 150 000 ам.доллар, нийт 601 846 ам.долларыг, хариуцагч “Р”ХХК-аас үндсэн зээл 400 000 ам.доллар, хүү 203 246 ам.доллар, алданги 200 000 ам.доллар, нийт 803 616 ам.долларыг тус тус гаргуулж, хариуцагч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнийн тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс иргэний эрх зүйн маргааны үндэслэл болгож байгаа 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 007 тоот зээлийн гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 002 тоот, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 004 тоот зээлийн гэрээний сунгалт, мөн зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 003 тоот барьцааны гэрээнүүдэд Ц.Б нь иргэний хувьд бус харин Монгол улсад бүртгэлтэй, бие даан үйл ажиллагаа явуулдаг НВЦ ХХК-ийг төлөөлөн, эрх бүхий албан тушаалтны хувьд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг дурдаж байна. Иргэн Ч.Өаас иргэн Ц.Бт 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 007 тоот зээлийн гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлсэн гэх баримт авагдаагүй, хариуцагчид гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд дээрх гэрээнүүд нь зээлдүүлэгч буюу барьцаалуулагч иргэн Ч.Ө, зээлдэгч буюу барьцаалагч “Р”ХХК, НВЦ ХХК-ийн хооронд байгуулагдсан байх тул иргэн Ц.Бийг зээлийн өр төлбөрийг хариуцах этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. Тиймээс Ц.Бт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НВЦ ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компанийн захирал Ц.Б нь Ч.Өтай 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж “Р”ХХК-тай хамтран 700 000 ам.долларыг нэг сарын 5 хувийн хүүтэй авсан нь үнэн. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс төлбөр төлөгдөөгүй, төлөх ёстой хүү 840 000 ам.доллараас 320 200 ам.доллар төлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 700 000 ам.долларыг төлөх ёстой хүүгийн хамт 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байна. Зээлийн гэрээний үүргээ дээрх хугацаанд биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

Хариуцагч “Р”ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-тзааснаар мөнгийг хүлээлгэж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Ч.Ө хариуцагч нарт гарын үсэг зурж мөнгийг өгсөн байна. Гэхдээ Ч.Ө хариуцагч нарт яг хүлээлгэж өгсөн үү, өөр этгээд хүлээлгэж өгсөн үү гэдэг нь тодорхойгүй. Мөн энэ мөнгө Ч.Өын мөнгө биш, хүний мөнгийг авч бусдад зээлдүүлсэн гэж байгаа тул нэхэмжлэгч өөрөө энэ эрхээ нотлох ёстой. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Зээлийг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох, хуулиар хориглоогүй бол гадаад валютаар төлбөрийг төлж болно гэж заасан байдаг. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол банкны 1 ам.долларыг тооцсон албан ёсны ханшаар бодож өөрсдийн хариуцах 400 000 ам.доллар буюу 747 876 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалт зөрчигдсөн байгаа. Барьцаа хөрөнгөөс үүрэг ногдуулсан шийдвэр гаргавал зөвхөн “Р”ХХК-д холбогдох хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01718 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НВЦ ХХК-аас 455.632 ам.доллар, хариуцагч “Р”ХХК-аас 625.185.7 ам.доллар тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Өад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 324.644.3 ам.доллар болон хариуцагч Ц.Б, Ц.Лнарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох “Р”ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн Ү-2206040573 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, 66/9 тоот хаягт байршилтай, 2778.46м.кв талбайтай үд хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Өын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 581 533 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НВЦ ХХК-аас 5 806 445 төгрөг, хариуцагч “Р”ХХК-аас 7 908 408 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Өад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2305 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01718 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 625 185.7 ам.доллар буюу 1 550 091 676.43 төгрөг гэж, 455 632 ам.доллар буюу 1 129 698 537.1 төгрөг гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Р”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 950 000 төгрөгийг улсын орлгогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хяналтын гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.Өын ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн 2017 оны 08 сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01718 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.06-ны өдрийн 2305 тоот магадлалаар “Ромбон газар” ХХК-с нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 625.185.7 ам.долларын зарим хэсгийг болон шийдвэр гаргахдаа баримталсан мөнгөний ханшийн зөрүүг тооцохдоо буруу тооцсон, зээл олголтын явц нь хууль зөрчсөн байхад шүүх анхааралгүй орхигдуулсан, шүүхийн шийдвэр нь гадаад улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдэж гарсан нь холбогдох хуулийн заалтыг зөрчсөн, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс ИХШХШТХ- ийн 172-р зүйлийн 172.2.1-д зааснаар доорхи гомдлыг хяналтын шатны шүүхэд хандаж гаргаж байна. Үүнд: 1.Үндсэн төлбөрийн талаар: Нэхэмжлэгч Ч.Өын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2015.06.08-ны өдрийн 007 тоот “Зээлийн гэрээ” нь зээлдүүлэгч Ч.Ө болон зээлдэгч “Ромбон газар” ХХК, “НВЦ”ХХК-ны хооронд 700 000 /долоон зуун мянга/ам.долларыг 5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэл байх бөгөөд нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэл шаардаж буй мөнгөн төлбөр нь ИХ-ийн 218-р зүйлийн 218.1 дэх заалтаар “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө.” гэж заасныг зөрчиж байх тул нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, гэрээ байгуулсан /үүрэг үүссэн/ өдөр буюу 2015.06.08-ны өдрийн Монгол банкны ханшийг баримтлах ёстой гэж үзэж байна. 2015 оны 06 сарын 08-ны өдрийн Монгол банкны ханшаар 1 ам.долларыг 1869.69 төгрөгөөр тооцсон байх тул 700 000 ам.долларын монгол төгрөгтэй харьцах ханшаар хэлцлээр шилжүүлсэн мөнгө нь “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийн 4-р зүйлийн 4.1-д заасан “4.1.Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх” Иргэний хуулийн 217-р зүйлийн 217.1-дэх заалтуудаар 700 000 х 1869.69 =1 308 783 000 / Нэг тэрбум гурван зуун найман сая долоон зуун наян гурван мянга/ төгрөг болж байна. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо үндсэн зээл, хүү, алдангийг нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцсон буюу 2017.02.08-ны өдрийн ханш болох 1 ам.долларыг 2479,41 төгрөгөөр тооцож үндсэн зээлийг 700 000 х 2479.41= 1 735 587 000 /нэг тэрбум долоон зуун гучин таван сая таван зуун наян долоон мянга/ төгрөгт тооцсон /зөрүү нь 1 308 783 000 – 1 735 587 000= -426 804 000 / дөрвөн зуун хорин зургаан сая найман зуун дөрвөн мянга/ төгрөг/ нь дээрх ИХ-ийн 218-р зүйлийн 218.1 -д заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг эс зөвшөөрч, хамтран хариуцагч НВЦ ХХК-наас нотлох баримтаар гаргаж өгсөн 2017.07.25-ны тооцоо нийлсэн актаар “Р”ХХК нь 400 000 /дөрвөн зуун мянга/ам.доллар буюу үүрэг үүссэн 2015.06.08-ны өдрийн байдлаар 400 000 х 1869.69= 747 876 000 /долоон зуун дөчин долоон сая найман зуун далан зургаан мянга/ төгрөгийн үндсэн зээлийг хариуцах тооцооны дагуу хариуцагч “Р”ХХК нь Иргэний хуулийн 217-р зүйлийн 217.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Өад төлөхийг зөвшөөрч байгаа болно. 2. Зээлийн хүү, алдангийн талаар: Нэхэмжлэлээс хүү, алдангийг төлөх үндэслэлгүй гэж хариуцагч үзнэ. 2015.06.08-ны 007 тоот Зээлийн гэрээ нь “Валютын зохицуулалтын тухай хууль” /1994.05.12/-ийн 13-р зүйлийн 1 дэх заалт “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно.” гэсэн заалт буюу эх үүсвэр тодорхойгүй, “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль” /2009.07.09/-ийн 4-р зүйлийн “4.1.Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.”, “4.4.Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно ” гэсэн заалтуудыг зөрчсөн нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.”Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна: 56.1.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; 56.1.8 хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;” буюу энэ хуулиар шууд хүчин төгөлдөр бус байхаар заасан хэлцэл /гэрээ/ болох нь Монгол банкны 2017.06.19-иий Б-10/834, Санхүүгийн зохицуулах хорооны 2017.06.22-ны 9/1919 тоот албан бичгүүдээр өгсөн хариугаар нотлогдож, энэ тохиолдолд Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.5.”Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэггэй.” гэсэн заалгаар нэхэмжлэгч нь хүү авах, алданги тооцох эрхээ тус тус алдсан гэж хариуцагч тал үзнэ. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Р”ХХК нь нэхэмжлэгч Ч.Өад Иргэний хуулийн 217-р зүйлийн 217.1, 218-р зүйлийн 218.1, мөн хуулийн 56-р зүйлийн 56.5-д зааснаар, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох өөрт ноогдох төлбөрт гэрээ байгуулсан өдрийн ханшаар /Монгол банкны ханшаар 2015.06.08-нд 1 ам.доллар 1869.9 төг/ тооцвол 400 000 ам.доллар буюу 747 876 000 /долоон зуун дөчин долоон сая найман зуун далан зургаан мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч, Валютын зохицуулалтын тухай хууль”-ийн 13-р зүйлийн 1 дэх заалт, “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийн 4-р зүйлийн 4.1 дэх заалт, Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д тус тус заасныг баримтлан анхан болон давж заалдах шүүхийн шийдвэр, магадлалын “Ромбон газар”ХХК-нд ногдуулсан хүү, алданги болох 225.187.7 ам долларыг төлөх үндэслэлгүй гэж үзэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргав. Гомдолд дурдагдсан холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн: 1. Хариуцагч “Р”ХХК-ний нэхэмжлэгчид төлөх төлбөрийг 747 876 000 /долоон зуун дөчин долоон сая найман зуун далан зургаан мянга/ төгрөгөөр эцэслэн шийдвэрлэж, “Р”ХХК-д ногдох хүү, алданги болох 225.187.7 ам.долларыг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон 2. Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ““Р”ХХК-ний барьцаалбараас зөвхөн тухайн компанид ногдох төлбөрийг гаргуулах 3. Валютын ханшийг ИХ-ийн 218-р зүйлийн 218.1-д зааснаар гэрээ байгуулсан /үүрэг үүссэн/ өдөр болох 2015.06.08-ны өдрийн Монгол банкны ханшийг баримтлан 1 ам.долларыг 1869.69 төгрөгөөр тооцох гэж шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж хянан шийдвэрлэж өгнө үү. Шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл дээрх үндэслэлүүдээр шийдвэр магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийжээ. 

Анхан шатны шүүх гэрээний үүргийг ам.доллараар гаргуулсныг давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож, мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр тооцож шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээнэ.

Хариуцагч “Р”ХХКомпанийн өмгөөлөгчийн хяналтын гомдолд дурдсан “...шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж, хэрэглээгүй тул ам.долларыг гэрээ байгуулах үеийн ханшаар тооцож, өөрчлөх”-ийг хүссэн үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ч.Ө нь “Р”ХХК, НВЦ ХХК, Ц.Б, Ц.Лгэсэн 4 хариуцагч нарт холбогдуулж нэхэмжлэлээ гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хариуцагч НВЦ ХХК-аас зээл 601 846 ам.долларыг, “Р”ХХК болон Ц.Лхагвадоржоос зээл 803 616 ам.долларыг тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, НВЦ ХХК, “Р”ХХК нь нэхэмжлэгчээс 700 000 ам.долларыг 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Р”ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, 66/9 тоот хаягт байршилтай, 2778.46 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлсэн байна.

Талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байх тул гэрээний үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Хариуцагч Ц.Б, Ц.Лнар гэрээг байгуулаагүй, нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй тул шүүх уг хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

Гэрээний хугацааг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сунгасан, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг өөрчилж, тогтоосон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Зээл 700 000 ам.доллараас 300 000 ам.долларыг нь НВЦ ХХК, 400 000 ам.долларыг “Р”ХХК тус тус авсан, энэ байдлыг нэхэмжлэгч харгалзан хариуцагч тус бүрээс үндсэн зээл ногдох хүү, алдангийг шаарджээ.

Хариуцагч нар гэрээний хугацаанд 280 000 ам.доллар, гэрээний хугацаа дууссанаас хойш 112 000 000 төгрөг буюу 59 685 ам.доллар төлсөн, шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу гэрээний хугацаа дууссанаас хойшхи төлбөрийг  үндсэн зээлээс хасч тооцсон байна.

Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэж, хариуцагч нарын биелүүлбэл зохих үүргийн хэмжээг үндэслэлтэй тогтоожээ.

Гэрээний зүйл нь ам.доллар тул зээлдэгч уг хэлбэрээр үүргийг гүйцэтгэх буюу зээлсэн ам.долларыг буцааж өгөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан зохицуулалт нь гадаад валют, монгол төгрөгийн харьцах ханш бус, мөнгөний өөрийн ханш өссөн, буурсан тохиолдолд үүрэг үүсэх үеийн ханшаар төлбөрийг тодорхойлох агуулгатай юм. Иймд ам.долларын ханшийг гэрээ байгуулах үеийн ханшаар тооцно гэх хариуцагч “Р”ХХКомпанийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр  сарын 06-ны өдрийн 2305 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “Р”ХХКомпанийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 2 950 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА