Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1718

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2017/01718

Улаанбаатар хот

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ...тоотод оршин суух Ч.Ө-ын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод байрлах, “РГ”ХХК ,

Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, .... байранд байрлах, “Н”ХХК,

          Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, Ц.Б,

         Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух  Ц.Л нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 1.405.462 ам.доллар буюу 3.484.716.538 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, С.Түмэнгэрэл, Р.Долгорсүрэн, хариуцагч Ц.Б, хариуцагч “НВЦ”ХХК-ийн өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагч “РГ”ХХК-ийн төлөөлөгч Б.Батбаяр, хариуцагч “РГ”ХХК-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ оролцов.                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Өшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч.Өнь 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “РГ”ХХК-ийн захирал Ц.Лхагвадорж, “НВЦ”ХХК-ийн захирал Ц.Б нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл нэг сарын 5 хувийн хүүтэй нийт 700000 ам.доллар зээлдүүлж зээлийн гэрээ байгуулсан билээ. Гэрээний 2.4 дэх хэсэгт хэрвээ зээлийн төлбөрийг хуваарьт өдөр төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцохоор тохирсон ба зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлөөгүй бол энэхүү хугацаа нь цаашид зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж дуусах хүртэл үргэлжилнэ. Зээлийн гэрээний үүргийн хангуулах зорилгоор “РГ”ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, 66/9 тоот хаягт байршилтай, 2778.46 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан билээ. Ингээд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл зөвхөн зээлийн хүүг төлж байгаад түүнээс хойш үндсэн болон хүү төлөлгүй гэрээний үүргээ зөрчин иргэн надад эд хөрөнгийн хохирол учруулаад байна. Тиймээс үндсэн зээл болох 700000 ам.доллар, төлөх ёстой хүү 355462 ам.доллар, алданги болох 350000 ам.доллар, нийт 1.405.462  ам.долларыг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Монгол банкны ханш 2479.41 төгрөгөөр тооцож, нийт 3.484.716.538 төгрөгийг Ц.Лхагвадорж, Ц.Б нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Н, С.Түмэнгэрэл, Р.Долгорсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч Ч.Өнь 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “РГ”ХХК-ийн захирал Ц.Лхагвадорж, “НВЦ”ХХК-ийн захирал Ц.Б нартай харилцан тохиролцож, 700000 ам.долларыг 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар хэрвээ зээлийн төлбөрийг хуваарьт өдөр төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон ба зээлдэгч нар гэрээнд заасан хугацаа дуусахад цаашид зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлөөгүй бол энэхүү хугацаа цаашид зээлийн үндсэн төлбөр болон хүүг бүрэн төлж дуусах хүртэл үргэлжилнэ гэж заасан. Зээлийн гэрээний үүргийн хангуулах зорилгоор “РГ”ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, 66/9 тоот хаягт байршилтай, 2278.6 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө барьцаалса байдаг. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч талууд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл дахин 4 сарын хугацаагаар, мөн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сар, 12 хоногоор тус тус зээлийн гэрээний хугацааг 2 удаа сунгасан болно. Хариуцагч нар нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл зөвхөн зээлийн хүүг төлж байгаад түүнээс хойш үндсэн болон хүүг төлөлгүй гэрээний үүргээ зөрчин эд хөрөнгийн хохирол учруулаад байна. Иймд үндсэн зээл болох 700000 ам.доллар, төлөх ёстой хүү 355462 ам.доллар, алданги 350000 ам.доллар, нийт 1.405.462 ам.долларыг нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ханш 2478.41 төгрөгөөр тооцож 3.484.716.538 төгрөгийг хариуцагч “Н”ХХК, “РГ”ХХК, Ц.Лнараас шаардаж байгаа болно. Харин Ц.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно. Гэвч хариуцагч нар нь нэхэмжлэгчээс зээлдэн авсан 700000 ам.долларын 400000 ам.долларыг “РГ”ХХК, 300000 ам.долларыг “НВЦ”ХХК тус тус авсан гэж тайлбарлаж байгаа тул хариуцагч “НВЦ”ХХК, “РГ”ХХК нараас авсан зээлийн хэмжээнд нь тохирох хүү, алдангийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч “НВЦ”ХХК-иас үндсэн зээл 300.000 ам.доллар, хүү 151.846 ам.доллар, алданги 150.000 ам.доллар, нийт 601.846 ам.долларыг, хариуцагч “РГ”ХХК-иас үндсэн зээл 400.000 ам.доллар, хүү 203.246 ам.доллар, алданги 200.000 ам.доллар, нийт 803.616 ам.долларыг тус тус гаргуулж, хариуцагч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Бийн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч судлаж үзээд хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд дараах тайлбарыг үүгээр хүргүүлж байна. Учир нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заажээ.  Нэхэмжлэгчийн зүгээс иргэний эрх зүйн маргааныг үүсгэхдээ үндэслэл болгож байгаа 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 007 тоот зээлийн гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 002 тоот, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 004 тоот зээлийн гэрээний сунгалт, мөн зээлийн төлбөрийн  үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 003 тоот барьцааны гэрээнүүдэд Ц.Б нь иргэнийхээ хувьд бус харин Монгол улсад бүртгэлтэй, бие даан үйл ажиллагаа явуулдаг “НВЦ”ХХК-ийг төлөөлөн, эрх бүхий албан тушаалтны хувьд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ”, мөн Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын  нэгдлийг хуулийн этгээд гэнэ”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т компани нь хуулийн этгээдийн төрөл байхаар хуульчилсан болно. Дээрх зүйлээс үндэслэн иргэн Ц.Б нь зээлийн өр төлбөрийг хариуцах хариуцагч биш болох нь ийнхүү тогтоогдох болно. Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд  мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан болохыг энд дурдаж байна. Хэрэгт хавсаргасан баримтуудаас тодруулбал нэхэмжлэгч иргэн Ч.Өлзийбадрахаас иргэн Ц.Бт 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 007 тоот зээлийн гэрээний  зүйл болох мөнгийг шилжүүлсэн гэх баримт авагдаагүй байгаа нь хариуцагчид гэрээний зүйл болох зээлийн мөнгөн хөрөнгийг өмчлөх эрх шилжсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа нь тус зээлийн гэрээний дагуу түүнд зээлийн өр төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй, үүрэг хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэх боломжтой юм. Иймд дээрх гэрээнүүд нь зээлдүүлэгч буюу барьцаалуулагч иргэн Ч.Өлзийбадрах, зээлдэгч буюу барьцаалагч “РГ”ХХК, “НВЦ”ХХК нарын хооронд байгуулагдсан нь илхэн байх тул иргэн Ц.Б нь зээлийн өр төлбөрийг хариуцах этгээд биш гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын иргэн Ц.Бт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

“Хариуцагч “НВЦ”ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компанийн захирал Ц.Б нь Ч.Өлзийбадрахтай 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж “РГ”ХХК-тай хамтран 700000 ам.долларыг нэг сарын 5 хувийн хүүтэй авсан нь үнэн. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлээс  төлбөр төлөгдөөгүй, төлөх ёстой хүү болох 840.000 ам.доллараас 320.200 ам.доллар төлөөд байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох  700.000 ам.долларыг , төлөх ёстой хүүгийн хамт 2017 оны 9 дүгээр сарын 30-ны  өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байна. Зээлийн гэрээний үүргээ дээрх хугацаанд биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

Хариуцагч “НВЦ”ХХК-ийн өмгөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “НВЦ”ХХК-ийн хувьд 300000 ам.долларыг зээлсэнээ хүлээн зөвшөөрдөг, төлөх эсэх дээр маргаангүй. Үүнтэй холбоотой хүү, алдангийг төлөхөө илэрхийлсэн байгаа. Харин хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Ч.Өлзийбадрахаас 700.000 ам.доллар зээлж авсан нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Зээлийн гэрээний нэг тал нь хуулийн этгээд байгаа. “НВЦ”ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нь Ц.Б юм. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт хувьцаа эзэмшиж буй үнийн дүнгээр хариуцлага хүлээх ёстой. Иймд Ц.Бээс мөнгө нэхэмжлэх үндэслэлгүй учир Ц.Бт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаан байхгүй. Нэхэмжлэгч тал анх зээл авахад энэ хоёр компанийг зээлийг хувааж авсан тухай мэдэж байсан. Үүний дагуу тооцоо нийлсэн байгаа. Хэрвээ тэнцүү хуваан нэхэмжилвэл хариуцагч хэн алиных нь эрх зөрчигдөх гээд байна гэв.

Хариуцагч “РГ” ХХК-ийн төлөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй. Миний өмнөөс өмгөөлөгч маань тайлбарлаж, хууль зүйн туслалцаа үзүүлээд явна гэв.

Хариуцагч “РГ” ХХК-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг хүлээлгэж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.  Ч.Өхариуцагч нарт гарын үсэг зурж мөнгийг өгсөн  байна. Гэхдээ Ч.Өхариуцагч нарт яг хүлээлгэж өгсөн үү, өөр этгээд хүлээлгэж өгсөн үү гэдэг нь тодорхойгүй. Хэрвээ хүлээлгэж өгсөн бол нэхэмжлэгчийн эрхийн асуудал яригдана. Мөн энэ мөнгө Ч.Ө мөнгө биш, хүний мөнгийг авч бусдад зээлдүүлсэн гэж байгаа тул нэхэмжлэгч өөрөө энэ эрхээ нотлох ёстой. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Учир нь Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авах ёстой байсан. Нотлох баримтаар өгсөн лавлагаагаар Ч.Өнь Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос  зөвшөөрөл аваагүй байдаг. Зээлийг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох, хуулиар хориглоогүй бол гадаад валютаар төлбөрийг төлж болно гэж заасан байдаг. Манайх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Монгол банкны 1 ам.долларыг тооцсон албан ёсны ханшаар бодож өөрсдийн хариуцах хэсэг буюу 400.000 ам.доллар буюу 747.876.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин зээлийн хүү, алданги дээр  маргаж байгаа. Учир нь гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг зөрчсөн. Мөнгөний эх үүсвэр нь нэхэмжлэгчийнх мөн эсэх дээр маргасан. Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 зөрчигдсөн байгаа. Барьцаа хөрөнгөнөөс үүрэг ногдуулсан шийдвэр гаргавал зөвхөн “РГ”ХХК-нд холбогдох хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгөхийг хүсэж байна гэв.

 

        Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Ц.Лхагвадорж, “НВЦ”ХХК-ийн захирал Ц.Мөнхбат нарт мэдэгдсэн боловч тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

         Нэхэмжлэгч Ч.Өнь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “РГ”ХХК, “Н”ХХК, Ц.Б, Ц.Лнараас зээлийн гэрээний үүрэгт 700.000 ам.доллар буюу 3.484.716.538 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан дээр хариуцагч Ц.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “НВЦ”ХХК-иас 601.846 ам.доллар, хариуцагч “РГ”ХХК, Ц.Лнараас 803.616 ам.доллар тус тус гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж байх ба шүүх  нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “НВЦ”ХХК-иас 455.632 ам.доллар, хариуцагч “РГ”ХХК-иас 625.185.7 ам.долларын шаардлагыг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг даалгаж, хариуцагч Ц.Лхагвадорж, Ц.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.

            Зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч “РГ”ХХК, “НВЦ”ХХК нар нь Ч.Өлзийбадрахаас 700.000 ам.долларыг сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, 66/9 тоот хаягт байршилтай, 2778.46 м.кв талбайтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бариулсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

           

            Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дууссаныг зохигчид  2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний сунгалтын гэрээгээр 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 4 сарын хугацаагаар, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний сунгалтын гэрээгээр 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сар, 12 хоногийн хугацаагаар тус тус сунгажээ.

 

            Дээрх зээлийн гэрээ болон зээлийн сунгалтын гэрээнүүд талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Хариуцагч “РГ”ХХК, “НВЦ”ХХК нар нь гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө болон дууссаны дараа нийт 338.788 ам.долларыг төлсөн, зохигчид энэ талаар маргаагүй  байна.

 

            Хариуцагч “НВЦ”ХХК, “РГ”ХХК нар нь нэхэмжлэгч Ч.Өлзийбадрахаас зээлдэн авсан 700000 ам.долларыг “НВЦ”ХХК 300000 ам.доллараар, “РГ”ХХК 400000 ам.доллараар тус тус хуваан авсан болох нь зохигчдын тайлбар, тооцоо нийлсэн актаар нотлогдож байх ба нэхэмжлэгчээс хариуцагч нарын хүлээн авсан зээлийн хэмжээгээр хүү, алдангийг тооцож “НВЦ”ХХК-иас үндсэн зээл 300000 ам.доллар, зээлийн хүү 151846 ам.доллар, алданги 150000 ам.доллар, нийт 601846 ам.доллар, хариуцагч “РГ”ХХК-иас  үндсэн зээл 400.000 ам.доллар, зээлийн хүү 203.246 ам.доллар, алданги 200.000 ам.доллар, нийт 803.616 ам.доллар гаргуулахаар шаардсанаас хариуцагч “НВЦ”ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хариуцагч “РГ”ХХК нь үндсэн зээл 400000 ам.долларыг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож 747.876.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, алдангийг төлөхөөс татгалзаж байна. Учир нь нэхэмжлэгч Ч.Өзээлдүүлсэн мөнгө нь С.Түмэнгэрэлийнх байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар Ч.Өмөнгө шилжүүлээгүй байна. Мөн Ч.Өнь Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй этгээд учир  талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хүү болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн нэхэмжлэлийн  шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна.

 

Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзэв.

 

Учир нь нэхэмжлэгч Ч.Өлзийбадрахаас хариуцагч “НВЦ”ХХК, “РГ”ХХК нарт 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 700.000 ам.долларыг олгосон болох нь кассын зарлагын баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар тэдний хооронд зээлийн гэрээ байгуулсанд тооцох ба Ч.Өхариуцагч нарт зээлдүүлсэн 700.000 ам.доллар нь өөр этгээдийн эд хөрөнгө байсан нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-т зааснаар хуулиар хориглоогүй бол мөнгөн төлбөрийн үүргийн гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болохоор зөвшөөрсөн бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хориглолт нь зөвхөн бараа, ажил үйлчилгээний үнийг Монгол улсын нутаг дэвсгэрт үндэсний мөнгөн тэмдэгтээр  илэрхийлж, түүгээр төлбөр тооцоо гүйцэтгэх харилцаанд хамаарч байх тул зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй.

 

Мөн Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар үүрэг үүссэн  2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ам.долларын ханш 1869.69 төгрөгөөр тооцож үндсэн зээл 400.000 ам.долларыг төлж барагдуулна гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

 

Учир нь үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тодорхойлох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасантай нийцэх бөгөөд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан  “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэх зохицуулалт нь төгрөг болон гадаад валютын харьцааг бус харин төгрөгийн өөрийн ханшийг тодорхойлсон зохицуулалт байна.

 

         Иймд нэхэмжлэгч Ч.Өнь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

            Хариуцагч “Н”ХХК, “РГ”ХХК нар нь зээлийн гэрээний хугацаанд 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 35000 ам.доллар, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 35000 ам.доллар, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 35000 ам.доллар, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 35000 ам.доллар, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 10000 ам.доллар, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 25000 ам.доллар, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 35000 ам.доллар, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 35.000 ам.доллар, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 35000 ам.доллар, нийт 280.000  ам.долларыг тус тус төлсөн байх ба зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 30.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 70.000.000 төгрөг, нийт 112.000.000 төгрөг,  хариуцагч “НВЦ”ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 11.746.800 төгрөг буюу 4750 ам.долларын бараа бүтээгдэхүүн, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 8.748.000 төгрөг буюу 3495 ам.долларын бараа, бүтээгдэхүүн тус тус нэхэмжлэгчид төлсөнөөс өөр төлөлт хийгээгүй нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримтууд, кассын орлогын ордерууд, тооцоо нийлсэн акт, бараа, бүтээгдэхүүний төлбөрийг  зээлийн гэрээний үүрэг болох төлбөрт  суутган шилжүүлсэн тэмдэглэл  зэргээр нотлогдож байна.

            Хариуцагч нар 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 30.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 70.000.000 төгрөг, нийт 112.000.000 төгрөг төлсөнийг зээлийн төлбөрт тооцоход төлбөр гүйцэтгэсэн мөнгөн тэмдэгт өөр байх тул зээлийн төлбөрт тооцохдоо тухайн өдрүүдийн Монгол банкны ханшийг /Mоngolbank.mn/ үндэслэн тооцож үзэхэд 50.840.7 ам.долларыг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Энэхүү 50.840.7 ам.доллар дээр бараа, бүтээгдэхүүний төлбөрийг зээлийн гэрээний үүрэгт суутгасан 8245 ам.долларын төлбөрийг нэмж тооцоход нийт 59.685.7 ам.долларыг хариуцагч нараас зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа нэхэмжлэгчид шилжүүлсэн байна.

 

Иймд гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг баримтлан үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй.

 

            Хариуцагч “НВЦ”ХХК нь 300000 ам.доллар, хариуцагч “РГ” ХХК нь 400000 ам.долларыг тус тусдаа авсан боловч зээлийн хүүг төлөхдөө хамтдаа төлж байсан байх тул тэдний төлсөн зээлийн хүүг авсан зээлийн хэмжээнд нь харьцуулан тооцож төлсөн зээлийн төлбөрийн 43 хувийг “НВЦ”ХХК, 57 хувийг “РГ”ХХК-ийн зүгээс төлсөн гэж тооцох нь зүйтэй байна.

 

            Дээрх тооцооллын дагуу бодоход хариуцагч нарын зээлийн гэрээний хугацаанд төлсөн 280.000 ам.долларын 57 хувь болох 159.600 ам.долларыг “РГ”ХХК, 43 хувь болох 120.400 ам.долларыг “НВЦ”ХХК, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлсөн 59.685.7 ам.долларын 28.809.5 ам.долларыг хариуцагч “РГ”ХХК, 29.978.5 ам.долларыг хариуцагч “НВЦ”ХХК тус тус төлсөн байна.

 

            Иймд хариуцагч “РГ”ХХК нь зээлийн гэрээ байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс зээлийн гэрээг сунгасан 2016 олны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 8 сарын хүү 160.000 ам.доллар, зээлийн гэрээг сунгасан 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 сар 12 хоногийн хүү 68000 ам.доллар, нийт 228.000 ам.долларын хүү төлөх үүрэгтэйгээс гэрээний хугацаанд төлсөн 159.600 ам.долларыг хүүгийн төлбөрөөс хасч тооцоход 68.400 ам.долларын хүү болон үндсэн зээлийн үлдэгдэл 371.190.5 ам.долларыг төлөх үүрэгтэй байна.

 

            Хариуцагч “НВЦ”ХХК нь зээлийн гэрээ байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс зээлийн гэрээг сунгасан 2016 олны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 8 сарын хүү 120.000 ам.доллар, зээлийн гэрээг сунгасан 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 3 сар 12 хоногийн хүү 51.000 ам.доллар, нийт 171.000 ам.долларын хүү төлөх үүрэгтэйгээс гэрээний хугацаанд төлсөн 120.400 ам.долларыг хүүгийн төлбөрөөс хасч тооцоход 50600 ам.долларын хүү болон үндсэн зээлийн үлдэгдэл 270.021.5 ам.долларыг төлөх үүрэгтэй байна.

 

            Гэрээний хугацаа дууссан 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 02 дугаар сарын 10-ны  өдөр хүртэл алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан багасгаж, алдангид “НВЦ”ХХК-иас 135.010 ам.доллар, “РГ”ХХК-иас 185.595.2 ам.долларыг тус тус гаргуулах нь хуульд нийцнэ.

            Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “РГ”ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 371.190.5 ам.доллар, зээлийн хүү 68.400 ам.лоллар, алданги 185.595.2 ам.доллар, нийт 625.185.7 ам.долларыг, хариуцагч “НВЦ”ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 270.021.5 ам.доллар, зээлийн хүү 50.600 ам.доллар, алданги 135.010 ам.доллар, нийт 455.632 ам.долларыг нэхэмжлэгч Ч.Ө-долгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 324.644.3 ам.долларын  шаардлагыг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

            Хариуцагч Ц.Лхагвадорж, Ц.Б нар нь 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний харилцаанд өөрсдийн компанийг төлөөлж оролцсон бөгөөд иргэн Ц.Лхагвадорж, Ц.Б нарын хувьд нэхэмжлэгч Ч.Өлзийбадрахтай  зээлийн гэрээний үүрэг үүсээгүй байх тул тэдэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр  барьцаалсан “РГ”ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, ... дүүргийн ...дүгээр хороо, ... тоот хаягт  байршилтай 2778.46 м.кв талбайтай  үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй барьцааны гэрээ байгуулахдаа 700.000 ам.долларын зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь төлж барагдуулах баталгаа болгож дээрх эд хөрөнгийг барьцаалсан бөгөөд хариуцагч “РГ”ХХК-нд ногдох үүргийн хэмжээгээр барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг хүссэн хариуцагч “РГ”ХХК-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн тайлбар үндэслэлгүй юм.

 

Учир нь хариуцагч “НВЦ”ХХК-ийн барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй тул нэхэмжлэгч барьцааны эрхээ шаардах эрхтэй болно.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь ам.доллар байх тул хариуцагч нараас гэрээний үүргийг  ам.доллараар гаргуулах нь хуульд харшлахгүй бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг тооцохдоо нэхэмжлэгч шүүхэд мөнгөн төлбөрийн үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны ханш  1 ам.доллар 2479.11 төгрөгтэй тэнцэх ханшаар тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 17.581.533 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 5.806.445 төгрөгийг хариуцагч “НВЦ”ХХК-иас, 7.908.408 төгрөгийг “РГ”ХХК-иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ө-д олгох нь  зүйтэй байна.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                   

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “НВЦ”ХХК-иас 455.632 ам.доллар, хариуцагч “РГ”ХХК-иас 625.185.7 ам.доллар тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 324.644.3 ам.доллар болон хариуцагч Ц.Б, Ц.Лнарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох “РГ”ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн ....дугаартай, ... дүүргийн ...дүгээр хороо, ... тоот хаягт байршилтай, 2778.46 м.кв талбайтай үд хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Ч.Ө-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.581.533 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “НВЦ”ХХК-иас 5.806.445 төгрөг, хариуцагч “РГ”ХХК-иас 7.908.408 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Ө-долгосугай.

 

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

        6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР