Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 193

 

Я.Наранбаатарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 224 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Я.Наранбаатарын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Я.Наранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Б/50 дугаар захирамжаар Я.Наранбаатар намайг Цэцэрлэг сумын сургуулийн захирлын албан тушаалаас үндэслэлгүйгээр халсан болно. Миний бие Цэцэрлэг сумын бүрэн дунд сургуулийн захирлаар 5 жил тасралтгүй ажилласан бөгөөд энэ хугацаанд ёс зүйн болон ноцтой зөрчил гаргаж байгаагүй болно. Засаг дарга хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэжээ.

Архангай аймгийн Засаг дарга 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Я.Наранбаатар миний биед сахилгын шийтгэл ногдуулж, үндсэн цалинг 30 хувь бууруулан олгох цалингийн арга хэмжээ авч байсан. Үүнээс хойш миний бие өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан зүйл байхгүй бөгөөд дээд шатны байгууллагаас зөрчил гаргасан тухай ямар нэгэн албан ёсны дүгнэлт гаргаж, зөрчлийг тогтоосон албан бичиг надад танилцуулаагүй юм. Мөн Төрийн албан тушаалтны хуулиар хүлээсэн үндсэн хууль, бусад хуулийг хүндэтгэн дээдлэх үүргээ сахин биелүүлээгүй гэжээ. Миний бие албан үүргээ гүйцэтгэх явцдаа үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг хүндэтгэх үүргээ биелүүлээгүй, хууль бус үйлдлийг гаргаагүй гэж үзэж байна.

Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэжээ. Миний бие үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ажил үүргээ хугацаанд нь гүйцэтгэж, ажлын тайлан мэдээг цаг тухайд нь гаргаж өгч байсан. 2014 онд аймгийн Засаг дарга, Цэцэрлэг сумын Засаг дарга, Боловсролын газрын дарга, сургуулийн захирал нарын дунд байгуулсан 4 талт гэрээг заасан хугацаанд нь тайлагнан, биелэлтийг нь гаргаж өгсөн. Үр дүнгийн гэрээ болон сургуулийн үйл ажиллагааны тайланг хагас болон бүтэн жилээр гарган, аймгийн Засаг даргын Тамгын газар, Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсролын газарт тус тус явуулсан болно. Гэрээг дүгнэх, баталгаажуулах талаар үр дүнгийн гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу гэрээний биелэлтийг дүгнэж, өгсөн үнэлгээг надад танилцуулаагүй өнөөдрийг хүртэл намайг ажиллуулж байгаад 2015 оны 6 дугаар сарын 22-нд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж ажлаас үндэслэлгүй халлаа.

Миний бие аймгийн Засаг захирамжуудаар ажлаас 2 удаа үндэслэлгүйгээр халагдаж байсан бөгөөд уг хугацаанд ажилдаа эгүүлэн тогтоогдож байсан. Одоо 3 дахь удаагаа ажлаас үндэслэлгүйгээр халагдлаа. Ажлаас халах эдгээр үйл явцыг миний бие улс төрийн зорилгоор байнга хувийн сэдлээр ажлаас халж байна гэж үзэж байна. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/50 дугаар хууль бус маргаан бүхий актыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилохыг Архангай аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү.

Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/50 дугаар захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан бөгөөд тус шүүхэд нэхэмжлэл гарган маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхэд явагдаж байх хугацаанд дахин үндэслэлгүйгээр 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Б/79 дүгээр захиргааны актаар үндэслэлгүйгээр 2 сарын цалинг 20 хувиар бууруулсан. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн б/79 дүгээр маргаан бүхий захиргааны актын Я.Наранбаатар надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Я.Наранбаатар нь хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчдөг, өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан хамт олныг удирдан манлайлах үүргээ биелүүлдэггүй. Удирдах дээд байгууллагаас тавьсан хууль ёсны шаардлагыг мушгин гуйвуулж, улс төржилт болгон хувиргадаг. 2013, 2014 онуудад Цэцэрлэг суманд ажилласан хэд хэдэн удаагийн ажлын хэсгийн танилцуулга, Я.Наранбаатарт сахилгын хариуцлага тооцсон аймгийн Засаг даргын 2014 оны Б/69, Б/94 дүгээр захирамжууд тухайн хүний хувийн байдал, сумын орны болон удирдах дээд шатны удирдлагуудтай хэрхэн харьцдаг талаарх гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдоно.

2015 оны 5 дугаар сард Архангай аймагт хүний эрхийн комиссын гишүүн ирж ажиллах үед Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудаас ажлын байрны дарамт шахалт үзүүлж байхад аймгийн Засаг даргын зүгээс арга хэмжээ авахгүй байгаа талаар шаардлага ирүүлсэн байдаг. Үүрэгт ажилдаа хариуцлагагүй ханддагийн зөвхөн нэг жишээ нь 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн сургуулийн байрны хүүхдүүдийн өдрийн хоолонд муудсан гэдсээр пирошки хийж өгсөн.

Я.Наранбаатарт аймгийн Засаг даргын зүгээс удаа дараа итгэл үзүүлж, авсан сахилгын арга хэмжээнээсээ татгалзаж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүндэтгэлтэйгээр зөвшөөрөн хүлээж байсан боловч итгэл даан хамтран ажиллах ямар ч санаачлага гаргадаггүй, өөртөө ч дүгнэлт хийдэггүй болохыг дурдах нь зүйтэй.

2015 онд Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг болсон. Монгол улсын Засгийн газраас Улсын үзлэг явуулах тухай шийдвэр, удирдамж, улсын үзлэг явагдах хуваарь 2015 оны 6 дугаар сард батлагдаж аймагт ирсэн. Энэ дагуу сумын Засаг даргын Тамгын газраас сумандаа ажиллаж байгаа төрийн байгууллагын удирдлагуудад, давхар аймгийн Боловсрол соёлын газраас бүх сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад аймгийн салбар комиссын үзлэгийн үеэр амралтаа зохицуулан ажиллах, удирдамжийн дагуу үзлэгт бэлтгэх чиглэл үүрэг даалгавар өгөгдсөн. Ингээд сумдуудад ажиллах үед сумын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар ээлжийн амралтын хугацаанд мөртлөө ажлаа зохицуулж, өөрсдөө байх боломжгүй нь архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнаа өөр нэг сургалтын менежер зэрэг албан тушаалтны хамт байлгаж, үзлэгт бүрэн хамрагдсан. Үзлэгийн явцад 2 сургууль, 1 цэцэрлэг эзгүй, хариуцах эзэнгүй байсан. Үүний нэг нь Цэцэрлэг сумын сургууль болно.

Я.Наранбаатар нь аймгийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/50 дугаар захирамжаар ажлаас халагдах сахилгын шийтгэл хүлээсэн хэдий ч Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 139 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын Б/50 дугаар захирамжийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн бөгөөд сургуулийн захирал Я.Наранбаатар өнөөдрийг хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа учраас улс орон даяар явагдаж байгаа төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт өөрийн удирдаж байгаа байгууллагыг бэлтгээгүй, оролцоогүй үйлдэлд нь хариуцлага тооцсон болно. Иймд Я.Наранбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6., Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 128 дугаар зүйлийн 128.1.7., 131.1.3., Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Наранбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Я.Наранбаатарыг ажлаас халах сахилгын арга хэмжээ авах тухай Б/50 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоож, мөн аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Ч.Цэцгээ, Я.Наранбаатар, Ц.Энхцэцэг нарт сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/79 дүгээр захирамжийн Я.Наранбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 224 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. 2014 онд Я.Наранбаатар Аймгийн Засаг дарга, Сумын засаг дарга, Аймгийн боловсролын газрын дарга нарын хооронд 4 талт үр дүнгийн гэрээ байгуулсан уг гэрээний 7.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн засаг дарга нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Боловсролын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актыг тус тус эрх хэмжээнийхээ дотор арга хэмжээг авч хэрэгжүүлнэ" гэсэн зохицуулалт нь Үр дүнгийн гэрээг дүгнэж гарсан дүгнэлтэд үндэслэн хариуцлага тооцох эрхийг баталгаажуулсан зохицуулалт байтал шүүх миний үйлчлүүлэгчид “үүрэг ногдуулсан хэм хэмжээ байна” гэж дүгнэсэн нь гэрээний дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж үгийн шууд утгыг хэрэглэхгүй санаатайгаар илт буруу дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээний зохицуулалтаар шууд батлагдах юм.

Давж заалдах шатны шүүх муудсан махаар хоол хийсэн ажлын хариуцлага алдсан гэж дүгнэсэн байдаг. Гэтэл Я.Наранбаатарыг 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Б/50 тоот захиргааны актаар ажлаас чөлөөлөх үндэслэлд дээрх муудсан махаар хоол хийсэн үндэслэлийг зааж ажлаас чөлөөлөөгүйг хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар бичгээр гаргахдаа болон шүүхийн мэтгэлцээний явцад энэ талаар тодорхой дурдсан байдаг.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчүүдээс өгсөн мэдүүлэг энэхүү үйл баримтад маргах эх үүсвэр болсон бөгөөд сургуулийн захирал сургуулийн гал тогоонд мөрдөх журмын дагуу өдөр тутмын хоол хүнсний аюулгүй байдалд шууд хяналт тавих ажилтан нийгмийн ажилтан, сургуулийн эмч, ахлах тогооч юм.

2. Авлигатай тэмцэх газраас ирсэн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 03/7127 албан бичгийн дагуу, Архангай аймгийн Засаг дарга 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/94 дугаар захирамжаар Я.Наранбаатарт сахилгын шийтгэл ногдуулан 3 сараар сарын цалинг нь 30 хувиар буруулах шийтгэл ногдуулсан энэхүү шийтгэлд миний үйлчлүүлэгч гомдол гаргаагүй бөгөөд захиргааны шийтгэл ногдуулах үндэслэл нь "Ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдал би болсон энэ талаар мэдэгдээгүй" Нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн 29.2.2-д заасны дагуу хариуцлага тооцсон байдаг.

Энэхүү захиргааны зөрчил нь давтан зөрчил биш бөгөөд захиргааны шийтгэлийг дээд шатны байгууллага албан тушаалтан ногдуулсан байдаг.

Нэхэмжлэгч зөрчил давтан гаргасан үйлдэл эс үйлдэхүй байхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан анхан шатны шүүх зөрчлийг давтан гаргасан үйл баримт тогтоогдохгүй байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн өөрөөр хэлбэл Авилгатай тэмцэх газрын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 05/9886 тоот албан бичиг нь Я.Наранбаатарыг захиргааны зөрчил гаргасан үйл баримтыг тогтоогоогүй, мөн Захиргааны шийтгэл ногдуулахыг даалгаагүй зөвхөн ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй тул зөвлөмж хүргүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн байдаг.

Гэтэл хариуцагч нь зөрчил гаргасныг тогтоосон давтан зөрчил гэж үзэн хариуцлага тооцож Я.Наранбаатарыг ажлаас чөлөөлсөн тухай маргадаг мөртлөө уг үйл баримтыг нотолж чаддаггүй.

3. Давж заалдах шатны шүүх “Үр дүнгийн гэрээг хэрхэн хангалтгүй биелүүлсэн талаарх баримтыг бүрэн цуглуулаагүй” гэжээ. Үр дүнгийн гэрээг хэрхэн дүгнэсэн талаарх үйл баримт, гэрээний заалтыг хэрхэн хангаж ажилласан, үр дүнгийн гэрээг дүгнэсэн талаарх баримтыг гэрээнд оролцогч тал Аймгийн Боловсролын газраас энэ талаарх баримтыг гаргуулахаар албан бичиг шүүхээс явуулсан байдаг. Гэтэл гэрээг дүгнэсэн баримтаа Аймгийн боловсролын газар шүүхэд хүргүүлсэн бөгөөд нотлох баримт хангалтгүй хэрэг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон тул Аймгийн боловсролын газрын даргын шүүхэд дуудан гэрчээр асууж дахин гэрээ дүгнэхтэй холбоотой баримтыг гаргуулахаар шүүх хуралдаан хойшилсон үйл баримт байдаг. Гэрчээр асуусан Амгаланбаатар нь Үр дүнгийн гэрээний 4.2-т заасны дагуу Я.Наранбаатар нь гэрээний биелэлтийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны дотор тайланг хүргүүлэх үүргээ биелүүлсэн. Манай байгууллагын зүгээс үр дүнгийн гэрээг дүгнэж бичгээр Аймгийн Засаг даргад саналаа явуулаагүй зөвхөн гэрээг амаар дүгнэж санал амаар хэлсэн гэж мэдүүлж Үр дүнгийн гэрээний 4.3-д заасан үүргээ биелүүлээгүй тухайгаа мэдэгдсэн байдаг. Эдгээр үйл баримтыг шүүх нэг бүрчлэн мухарлаж шалгасан байдаг.

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг дарга Үр дүнгийн гэрээний 4.3-д заасны дагуу гэрээг дүгнэж 2014 оны 12 сарын 20-ны дотор Аймгийн засаг даргад хүргүүлэх үүргээ мөн биелүүлээгүй гэрээний дагуу гэрээг дүгнэх, баталгаажуулах  журмын дагуу дүгнээгүй, дүгнэлтээ гэрээнд оролцогч Я.Наранбаатарт мэдэгдээгүй зэрэг бүхий л үйл баримтыг нягтлан шалгаж Сумын тамгын газрын дарга Чулуунбатыг гэрчээр дуудан мэдүүлэг авсан, дүгнэсэн үйл  баримтыг сумын тамгын  газрын даргаас  гаргуулсан үйл баримт байсаар байхад давж заалдах шатны шүүх илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн болно.

Архангай аймгийн Засаг дарга нь 2014 оны Үр дүнгийн гэрээг гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор дүгнээгүй төдийгүй дараа оны 5 дугаар сард дүгнэсэн гэж хариуцагч хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд гэрээг дүгнэх талуудын байгуулсан журмыг баримтлаагүй гэрээг бичгээр дүгнэж гэрээт ажлаа тайлагнасан этгээдэд танилцуулаагүй төдийгүй гэрээний талаар санал гомдлоо гаргах эрхийг олгоогүй зэрэг үйл баримт тодорхой байдаг төдийгүй хариуцагчаас энэ талаарх үйл баримтыг шүүхээс албан бичгээр шаардаж авсан төдийгүй гэрээг Аймгийн Засаг дарга бичгээр дүгнээгүй дүгнэсэн баримт байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч гэрээний үүргээ биелүүлээгүйгээр зогсохгүй дараа оны буюу 2015 оны үр дүнгийн гэрээг байгуулахаар Я.Наранбаатарыг  дуудсан мөртлөө санаатай байгуулаагүй орхиж гэрээ байгуулаагүй талаарх үндэслэлээ тайлбарлаагүй тул Я.Наранбаатар энэ талаар Аймгийн Засаг даргад 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Өргөх бичиг өгсөн боловч ямар ч хариу өгөөгүй зэргээс Үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байхад нэхэмжлэгч Я.Наранбаатарыг буруутгах боломжгүйг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх хэргийн материалтай танилцаагүй дүгнэлт хийсэн нь тодорхой батлагдах юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав.

Нэхэмжлэгч Я.Наранбаатар нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн б/50, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн б/79 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн томилохыг даалгах нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд “удаа дараа зөрчлийг давтан гаргасан, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр албан тушаалаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байх ба шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах чиг үүргийн хүрээнд зөрчил тус бүрийг дүгнэхэд:

-“өөрт хамаарал бүхий этгээдийг ажилд авсан, ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй, уг зөрчлийг давтан гаргасан” гэх тухайд:

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.6 дахь хэсэгт зааснаар албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх үүрэгтэй, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар өөрт хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргахыг хориглосон байна.

Хариуцагчаас “өөрийн эгчийн нөхрийн дүүг няраваар ажилд томилсон, өөрийн төрсөн эгч болох номын санчид холбогдох шийдвэрийг удаа дараа гаргаж байгаа” гэж нэхэмжлэгчийг буруутгажээ.

Гэвч “номын санчтай холбоотой шийдвэр удаа дараа гаргасан” асуудлаар Архангай аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн а/60 дугаар захирамжаар нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж байсан бөгөөд уг захирамжийн хууль зүйн үндэслэлийг шүүхээс хянаж, Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 18 өдрийн 9 дүгээр захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ.

Эндээс энэхүү үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчийг дахин буруутгаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт нийцэхгүй, шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар маргах эрх хариуцагчид байхгүй юм.

Харин “нярав ажилд томилсон” зөрчилтэй холбогдуулан Архангай аймгийн Засаг даргаас 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1/895 дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газарт мэдээлэл хүргүүлсэн байх бөгөөд Авлигатай тэмцэх газрын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 03/7127 дугаар албан бичгээр “Я.Наранбаатарт хариуцлага тооцох” тухай хариуг хүргүүлсэн байна.

Энэ дагуу Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн б/94 дүгээр захирамжаар Я.Наранбаатарт цалин бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар нэг зөрчилд давхардуулан шийтгэл оногдуулахгүй тул дээрх асуудлаар нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй болжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх хэсэгт зааснаар ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой шийдвэрийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах шийтгэл оногдуулж болох боловч энэ тохиолдолд нэхэмжлэгч удаа дараа ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны акт гаргасан гэдэг нь тогтоогдоогүй, мөн хариуцагчаас “бичиг хэрэг, англи хэл, орос хэлний багш, 2 жижүүртэй ашиг сонирхлын холбоотой” гэж маргаж байгаа боловч үүнийг нотолсон баримт, садан төрлийн лавлагаа, эдгээр иргэдэд холбогдуулан гаргасан тушаал, шийдвэр байхгүй байх тул нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

-“8 сая төгрөгийн өр үүсгэсэн” гэх тухайд:

Хариуцагчаас “байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд 8 сая төгрөгийн өр үүсгэсэн” гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа боловч ийнхүү өртэй байгаа тухай санхүүгийн баримт, эрх бүхий байгууллагын шийдвэр, энэхүү өр төлбөрт нэхэмжлэгч ямар оролцоотой байгаа тухай нотлох баримт байхгүй байна.

Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын Хоёрын 4-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалгах тогтоосны эцэст захиргааны байгууллага хариуцлага тооцох үүрэгтэй бөгөөд уг үүргээ хариуцагчаас биелүүлээгүй гэж үзлээ.

-“үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх тухайд:

Хариуцагчаас дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгахдаа чухам ямар үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн тухай ажлаас халсан тушаалдаа тодорхой заагаагүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, төрийн албан хаагчид тодорхой асуудлаар ажлын байрны чиг үүрэгтэй холбогдуулан хариуцлага тооцох зарчимд нийцэхгүй байна.

Захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг “ажилчдыг ялгаварлан гадуурхдаг, ажил тасалдаг, чөлөө зөвшөөрөлгүй ажлын байраа орхиж явдаг” гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотолсон баримт байхгүй, ажилчдын цагийн бүртгэлээс нэхэмжлэгч ажил тасалсан болох нь тогтоогдоогүй, хэдний өдөр ямар үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн тухай баримт байхгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Хариуцагч ийнхүү ажлын байрны тодорхойлолтод заасан ямар чиг үүргийг нэхэмжлэгчээс хэрэгжүүлээгүй талаар тодорхой нэрлэн заагаагүй, түүнд холбогдох үйл баримтыг шийдвэр гаргахаас өмнө журмын дагуу шалгаж тогтоогоогүй байхад давж заалдах шатны шүүхээс энэхүү үйл баримттай холбогдуулан дахин баримт цуглуулахаар хэргийг буцаасан нь буруу бөгөөд захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийн үр дагаврыг өөрөө хариуцах үүрэгтэй.

Түүнчлэн хариуцагчаас “удаа дараа зөрчил гаргаад байгаа учраас үр дүнгийн гэрээ байгуулаагүй” гэж тайлбарлаж байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 26 дугаар зүйлд зааснаар үр дүнгийн гэрээ байгуулах, сахилгын шийтгэл оногдуулах асуудал нь тусдаа журамтай, өөр өөр ажиллагаа юм. Хариуцагч нь 2015 оны Үр дүнгийн гэрээг байгуулаагүй хирнээ нэхэмжлэгчийг “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна. Зүй нь захиргааны байгууллага хуулиар тогтоосон хугацаанд Үр дүнгийн гэрээг байгуулж, хийвэл зохих ажлыг тодорхой болгож, үйл ажиллагааны үр дүнг харилцан тохирсны эцэст хариуцлага тооцох ёстой.

Нөгөө талаас 2014 оны Үр дүнгийн гэрээг хариуцагчаас үнэлэхдээ нэхэмжлэгчийн тайлбарыг сонсоогүй, ямар үндэслэлээр ямар үйл ажиллагаа хангалтгүй хэрэгжсэн гэж үзсэнээ тодорхой тайлбарлаагүй байгаа нь Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 6.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

-“сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд муудсан махаар хоол хийсэн байхад хяналт тавиагүй, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй” гэх зөрчлийн тухайд:

2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр дотуур байрны хүүхдүүдэд муудсан махаар хоол хийсэн зөрчил тус сургуульд гарсан байх бөгөөд энэхүү зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгчээс өдөр тутмын хоол хүнс хариуцсан ажилтанд хариуцлага тооцсон болох нь Сургуулийн захирлын 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн б/26 дугаар тушаалаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн тухайд сургуулийн дотуур байрны үйл ажиллагаанд ерөнхий хяналт тавих чиг үүрэгтэй ба шүүхээс үүнийг нотлох зорилгоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгчийн буруу тогтоогдсон байлаа ч дээрх үндэслэлээр зөвхөн нэхэмжлэгчийг шууд буруутгах, улмаар ажлаас халах нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинж байдал, үр дагавар, гэм бурууд тохирсон шийтгэл оногдуулах зарчимд нийцэхгүй.

-бусад

Нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулахдаа шийдвэр гаргах журам зөрчсөн байгаа нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болж байна. Учир нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь хэсэгт зааснаар сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөхдөө аймгийн Боловсролын газрын даргын саналыг үндэслэх байтал энэхүү ажиллагааг хийлгүйгээр, Засаг дарга дангаар шийдвэр гаргасан байгаа нь буруу юм.

Хариуцагчаас “Боловсролын газрын даргатай амаар зөвшилцсөн” гэж тайлбарлаж, аймгийн Боловсролын даргаас шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа  боловч энэхүү үйл баримт нь маргаан бүхий захирамж гарсны дараа болсон тул эрх зүйн хувьд ач холбогдолгүй, Засаг дарга нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн шийдвэр гаргахаас өмнө, Боловсролын газрын даргын саналд үндэслэн шийдвэр гаргах ёстой байжээ.

Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.3-д зааснаар аймгийн Боловсролын газрын дарга нь сургуулийн захирлын хөдөлмөрийг бодитой үнэлэх, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн санал гаргах байхад хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй байна.

Харин захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх захирамж гарснаар нэхэмжлэгчийн тухайд сургуулийн захирлын албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж байсан тул анхан шатны шүүхээс “архивын үзлэгтэй” холбогдуулан “хэргийг эцэслэн шийдээгүй байхад дахин сахилгын арга хэмжээ авсан нь буруу” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг “архивын үзлэгт хамрагдаагүй” гэсэн үндэслэлээр буруутгасан байх боловч сургуулийн захирал ажлын байранд байсан эсэхээс үл хамааран, бичиг баримтын боловсруулалт, байгаа байдлыг шалгах, төлөвлөгөөт шалгалтыг явуулах боломжтой тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 224 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

             ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ