Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Г-д холбогдох эрүүгийн 1820002640053 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Нийслэлийн Баянгол дүүрэгт төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гар урлалын дархан мэргэжилтэй, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа гар урлалын үйл ажиллагаа эрхэлдэг, Нийслэлийн Баянгол дүүрэг 4-р хороонд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урд нь ял шийтгэлгүй, бие эрүүл, Б овогт  Д.Г,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ руу гарах чиглэлээр өөрийн гар цүнхэндээ түүхийн дурсгалт зүйл болох нэг багц 5 ширхэг бүхий модон дээр зурсан Рин-аа гэх бурханыг Улсын хилээр гаргахыг хязгаарласан түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ бурхан манай аавын бурхан байсан юм. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 11 сарын 25-ны өдөр өглөө 08 цагаас орой 18 цагийн хугацаанд явган зорчигчийн рентген аппаратад дээр үүрэг гүйцэтгэж байх үед буюу 17 цаг 50 минутын үед рентген аппаратад шалгах явцад ном шиг зүйл харагдах үед нь тодруулах шаардлагатай гэж үзээд жижиг цүнх чемодан мэт зүйл үзэж тухайн ачааны эзэн 35-40 насны Д.Г гэх хүн байсан бөгөөд тухайн бараагаа хүний бараа, хүнд аваачиж өгөх ёстой гэж тайлбарлаж байсан гэжээ.  /хх-ийн 27/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14/

Эд мөрийн баримт хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 15/

Эд мөрийн баримтаар тооцож хураан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17/

2018 оны 12 сарын 27-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт / хх-ийн 33/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 03 тоот шинжээчийн дүгнэлт / хх-ийн 41-42/

Шүүгдэгч Д.Г-н урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/

Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хорооны  Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 52/

Шүүгдэгч Д.Г-н оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 53/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Б овогт Д.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ руу гарах чиглэлээр өөрийн гар цүнхэндээ түүхийн дурсгалт зүйл болох нэг багц 5 ширхэг бүхий модон дээр зурсан Рин-аа гэх бурханыг Улсын хилээр гаргахыг хязгаарласан түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2018 оны 11 сарын 25-ны өдөр өглөө 08 цагаас орой 18 цагийн хугацаанд явган зорчигчийн рентген аппаратад дээр үүрэг гүйцэтгэж байх үед буюу 17 цаг 50 минутын үед рентген аппаратад шалгах явцад ном шиг зүйл харагдах үед нь тодруулах шаардлагатай гэж үзээд жижиг цүнх чемодан мэт зүйл үзэж тухайн ачааны эзэн 35-40 насны Д.Г гэх хүн байсан бөгөөд тухайн бараагаа хүний бараа, хүнд аваачиж өгөх ёстой гэж тайлбарлаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14/, эд мөрийн баримт хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 15/, эд мөрийн баримтаар тооцож хураан авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17/, 2018 оны 12 сарын 27-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт / хх-ийн 33/, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 03 тоот шинжээчийн дүгнэлт / хх-ийн 41-42/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Г нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн бүрдүүлэлтэнд бичилгүйгээр үйлдэж, нийт 930,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

Шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.4-д “түүх соёлын дурсгалт зүйлийг хилээр гаргахад зохих журмын дагуу зөвшөөрөл авах” гэж заасан тул шүүгдэгч Д.Г нь уг соёлын дурсгалт зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр Улсын хилээр гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч Д.Г-г түүх соёлын дурсгалт зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдсан нэг багц 5 ширхэг бүхий модон дээр зурсан Рин-аа гэх бурханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 03 тоот шинжээчийн дүгнэлтээр 930,000 төгрөгөөр үнэлжээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт нэг багц 5 ширхэг бүхий модон дээр зурсан Рин-аа гэх бурхан  нь түүх соёлын дурсгалт зүйлд хамаарч байгаа тул улсын орлого болгож, Монгол улсын Соёлын өвийн санд шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний баримт бичиг  нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг байхгүй, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал, хувиараа хөдөлмөр эрхэлж, тогтмол орлоготой байдаг зэргийг харгалзан торгуулийн ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулах торгуулийн ялыг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, олох орлого зэргийг харгалзан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан соёлын дурсгалт зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Д.Г-г 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан торгуулийн ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түүхийн дурсгалт  зүйлд хамаарах нэг багц 5 ширхэг бүхий модон дээр зурсан Рин-аа гэх бурханыг   хурааж, улсын орлого болгон Монгол Улсын Соёлын өвийн санд шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт нь шүүхэд  ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                    Д.Ц