Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 12

 

Д.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Хяналтын прокурор: Б.Догмиддорж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Г-д холбогдох, эрүүгийн 1820002640053 дугаартай, 1 хавтас, 168 хуудас бүхий хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 8, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... овогт Д.Г-д холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ** дахь Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өөрийн цүнхэндээ нэг багц 5 ширхэг бүхий модон дээр зурсан Рин-аа гэх бурхны дүртэй Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарласан түүх, соёлын дурсгалт зүйлийг Монгол Улсын хилээр хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ... овогт Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан соёлын дурсгалт зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ... овогт Д.Г 10 000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан торгуулийн ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн түүхийн дурсгалт зүйлд хамаарах нэг багц 5 ширхэг бүхий модон дээр зурсан Рин-аа гэх бурхныг хурааж, улсын орлого болгон Монгол Улсын Соёлын өвийн санд шилжүүлж,

Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.      

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгахдаа хэт нэг талыг баримталж шалгасан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42/ зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хянаж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Хяналтын прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Г-д холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Прокурорын зүгээс үнэлгээ тогтоолгож байгаа ажиллагаа нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа. Эхлээд Ш.Э гэх шинжээчээр дүгнэлт гаргуулсан. Дараа нь 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтээ баталгаажуулах гэсэн боловч дахин дүгнэлт гаргах боломжгүй гэсэн. Энэ талаар авагдсан гэрчийн мэдүүлэг хэрэгт байгаа. Иймд прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/20 тоот шийтгэх тогтоолыг давж заалдах шүүхээс хянан хэлэлцээд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Учир нь: Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаярын давж заалдсан гомдлын дагуу түүнд бичигдсэн асуудлуудад хязгаарлагдахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

2019 оны 11-р сарын 25-ны өдөр шүүгдэгч Д.Г нь ** дахь Монгол Улсын хилийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ руу гарах чиглэлээр гарахдаа өөрийн гар цүнхэндээ түүхийн соёлын дурсгалт зүйл болох нэг багц бүхий 5 ширхэг модон дээр зурсан Рин-аа гэх бурхныг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь гаалийн хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн тэмдэглэлүүд, түүх соёлын дурсгалт зүйл болохыг тогтоосон шинжээчийн 04 тоот /хх-ийн 33/, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 03 тоот /хх-ийн 41-42/ дүгнэлтүүд, шинжээч Б.Д-н мэдүүлэг /хх-ийн 114-117/ зэргээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгч Д.Г нь үйл баримтыг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “эцэг эхээс өвлөгдөж ирсэн ба түүнийг сэргээн засварлуулахаар авч явсан” гэж хүлээн мэдүүлдэг болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба тэдний зүгээс хэргийн талаар нэмж шалгуулах санал, хүсэлтийг гаргаагүй байна.

Хэргийн бүх үйл ажиллагааг хянан хэлэлцвэл 2019 оны 11-р сарын 25-ны өдрийн гаалийн хяналт шалгалтаар хэрэг илэрсний дагуу 11-р сарын 28-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан ба эд мөрийн баримтаар хураагдсан бурханы зураг бүхий дүрстэй зүйлүүдэд мөрдөн байцаалтын шатанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийг 2 удаа шинжээчээр томилж, 1 шинжээчийн болон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд гарсан ба эдгээр дүгнэлтүүдэд 1 багц бүхий 5 хэсгээс бүрдэх модон Рин-аа бурхан нь түүх, соёлын дурсгалт зүйл болно гэж үнэлсэн, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 03 тоот дүгнэлтээр уг түүх, соёлын дурсгалт зүйлийн үнийг 930000 төгрөгөөр үнэлсэн байна.

Эдгээр ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагдсан журмын дагуу явагдсан ба анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ үндэслэл бүхий байдлаар гаргаж тайлбарлаагүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

Шүүгдэгчийн гар тээшиндээ хийж Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн түүх, соёлын дурсгалт зүйл болох 1 багц бүхий 5 хэсгээс бүрдэх модон дээр зурсан Рин-аа бурхан нь хэдий шүүгдэгчийн хувьд эцэг эхээс нь өвлөгдөж ирсэн хувь хүний өмч байсан боловч түүнийг улсын хилээр нэвтрүүлэх тохиолдолд зайлшгүй Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.4-т зааснаар зохих журмын дагуу зөвшөөрлийг авч гарах байсан боловч зөвшөөрөлгүйгээр улсын хил нэвтрүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т заасан “... түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг ... улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол” гэсэн шинжид нийцсэн байна.

Шүүгдэгчид оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-д заасан торгох ялын хамгийн доод хэмжээ байх тул түүнд оногдуулсан ял хүнддээгүй, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон,  “Шударга ёсны зарчим”-д нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяраас бүрэлдэхүүнтэй шинжээчийн 03 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаалгах хүсэлт бүхий давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяраас гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                    Н.БОЛОРМАА

                                                                                                         А.САЙНТӨГС