Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 118/2020/0017/з |
Дугаар | 221/МА2021/0198 |
Огноо | 2021-04-30 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2021/0198
Б.У нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Ч.Т, өмгөөлөгч Д.Ц, хариуцагч М.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.М нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ч.Т, Л.Т нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.У нарын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 05 дугаар тогтоолын Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Ж, Д., Ж.Б, Ц.А, Г.Г, Д.Д, А.Т, Ж.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Өгөөмөр багт дахин явуулахыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий иргэн Б.У нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ч.Тойвгоо шүүхэд гаргасан гомдолдоо: “...Монгол Ардын намаас нэр дэвшигч Ю.Дэлгэрнасангийн гаргасан үйлдлүүд нь Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар хориглосон хууль бус сурталчилгаа байна. 2020 оны орон нутгийн ээлжит сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигч Б.Ж нар нь Сонгуулийн санал хураалтын үеэр хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, сонгогчдын саналыг татах зорилгоор Сонгуулийн сурталчилгаа дууссан өдөр буюу 2020 оны 10 сарын 14-ны өдрийн орой 20 цагаас шөнийн 03 цаг хүртэл Алдархаан сумын Өгөөмөр багийн малчин айлууд болох С.Г, Ж.С, А.Б гэх мэт айлуудаар очиж биднийг багаар нь, мөн Завхан аймгийн Улиастай сумаас 2 км зайд Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багт санал өгөх 8 оюутан буюу Р.М нарыг замд нь буулган 2 хуваан 52-87 ЗАА улсын дугаартай приус 20 маркийн жижиг суудлын машинаар Сумын МAНамын нарийн бичгийн дарга Э.Бадамдорж, 11-02 ЗАН улсын дугаартай према маркийн суудлын жижиг тэргээр ухуулагч Ж.Тэлмүүн нар нь Өгөөмөр багийн санал авах байр хүртэл үнэ төлбөргүй авчиран Алдархаан сумын МAНамыг багаар дэмжээрээ гэж санал авах байрлуу оруулсан. Эдгээр санал өгүүлсэн 8 оюутнууд бүгд Ардын намаас аймаг болон суманд нэр дэвшсэн нэр дэвшигч нарыг дэмжсэн санал өгсөн. Тодруулбал: Эдгээр 8 оюутны нэг болох Б.П нь өөрийн саналын хуудас тэмдэглэсэн байдлаа баталгаажуулах зорилгоор гар утсаар өөрийн санал өгсөн саналын хуудасны зураг авсаныг Сонгуулийн хэсгийн хорооны дарга С.Д харж түүний гар утсанд байх зургийг шалгаж үзэхэд Монгол ардын намын аймаг, суманд дэвшсэн бүх нэр дэвшигчийг дугуйлсан саналын хуудасны зураг байсан ба өөрөөр нь устгуулсан. Тэгэхэд Ардчилсан намын ажиглагч Л.Г, Х.Н нар байсан. Энэ оюутнуудад Алдархаан сумын Монгол ардын намын хорооноос 2020 оны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох батламж олгосон байна. Мөн Улаанбаатар хотоос автобусаар авчирсан 8 оюутнаа 2020 оны 10 сарын 18-ны өдөр буцаагаад Улаанбаатар хотруу ирсэн автобусаар нь үнэ төлбөргүй хүргэж өгсөн байна. Нэр дэвшигчийн гаргасан үйлдэл нь хууль бус гэдэг нь нийтэд илэрхий үйл баримтаар нотлогдсоор байтал сонгуулийн хороо ямар нэгэн арга хэмжээ авч, таслан зогсоогоогүй явдал нь сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм. Сумын сонгуулийн хорооны энэхүү эс үйлдэхүй нь тухайн МАН-ын нэр дэвшигчидтэй нэг тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн нэхэмжлэгч бид нарын сонгуульд шударгаар өрсөлдөх, сонгогдох эрх ашгийг хангаж чадаагүй явдалд гомдолтой байна. Хуульд зааснаар тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нэрсийн жагсаалтаас хасах үүрэгтэй. Шүүхийн шийдвэрт гэрчээр тухайн үйл явдлыг тогтооход ач холбогдолтой гэрчүүдийг асуусан гээд гэрч Пагамын мэдүүлгийг үндэслэсэн байна. Гэтэл тухайн үйл явдлыг мэдэх гэрчүүдийг гэрчээр асууж өгнө үү гэсэн хүсэлтийг хангахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл шүүх дуртай гэрчээ асууж, бидний асуулгах гэрчүүдийг асуухаас үндэслэлгүйгээр татгалзсан, мөн өмгөөлөгчтэй орох эрхийг зөрчсөн, дутуу баримт цуглуулж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ
Нэхэмжлэгч Л.Тэрбиш шүүхэд гаргасан гомдолдоо: “...Улаанбаатар хотоос автобусаар авчирсан Өгөөмөр багийн 8 оюутныг нэгдсэн зохион байгуулалттайгаар авчирч санал өгүүлсэн. 2020 оны 10 сарын 18-ны өдөр буцаагаад Улаанбаатар хотруу ирсэн автобусаар нь үнэ төлбөргүй хүргэж өгсөн байсан. Энэ нь сонгуулийн үр дүнд нөлөөлж Монгол Ардын намаас нэр дэвшсэн 8 нэр дэвшигч эхний 8-д орж дээрх үнэ төлбөргүй ачигдаж ирсэн 8 оюутны санал сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлж, Ардчилсан намаас нэр дэвшсэн Б.У 1 хүний саналаар 9 дүгээрт, 6 хүний саналаар Г. Ж 10 дугаарт, 8 хүний саналаар Ч.Т, Л.Т би саналын зөрүүгээр ялагдсан. Шүүхийн шийдвэрт гэрчүүдийг дутуу асуусан, нотлох баримтуудыг дутуу цуглуулсан, санал хураалтын дүнд ноцтой нөлөө үзүүлсэн нэр дэвшигч нарыг сонгуулийн хороо хасаагүйд дүгнэлт өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.У, Ч.Т, Г.Ж, Л.Т, Э.О, С.Э, Ц.С, Б.Цэ нар нь Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хороонд холбогдуулан “Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 05 дугаар тогтоолын Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Ж, Д.У, Ж.Б, Ц.А, Г.Г, Д.Д, А.Т, Ж.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг Өгөөмөр багт дахин явуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...Завхан аймгийн Алдархаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигч нар нь сонгуулийн санал хураалтын үеэр хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, сонгогчдын саналыг татах зорилгоор сурталчилгаа дууссан өдөр айлуудаар явж эд зүйл тараах, 8 оюутанд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх зэргээр Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг гаргасан бөгөөд энэ зөрчил илэрхий тогтоогдсон байхад тэднийг сумын Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон нь хууль зөрчсөн, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нэрсийн жагсаалтаас хасах үүрэгтэй” гэж маргасан.
Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно”: 47.1.1 “мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх” гэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16-д “Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор: 16.1. “бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн”, 18-д “Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад”: 18.1. “хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэж ойлгох бөгөөд уг үйлдлийг шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоосон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7-д “Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16 дахь хэсэг, 18.1-д заасан зөрчлийг эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэх”-ээр заасан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасныг зөрчсөн болохыг тогтоосон эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр гараагүй байх тул маргаан бүхий Завхан аймгийн Алдархаан сумын Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 05 дугаар тогтоолыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй талаар, нэхэмжлэлд дурдсан зөрчлийг тогтоох нь захиргааны хэргийн шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Тодруулбал,
Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг” гэж, 74 дүгээр зүйлийн 74.2-т “Нэр дэвшигч энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гаргахаас өмнө шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо уг нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ”, 74.3-т “Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасан тул мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.5.1, 47.5.2 дахь хэсэгт заасан зөрчил гарсаныг эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэр болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдсэн гэж үзнэ.
Дээрх хуульд заасан үндэслэл бүрдээгүй тул хариуцагч Алдархаан сумын Сонгуулийн хороог 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 05 дугаар тогтоолоо хүчингүй болгоогүй гэж буруутгах үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгч Ч.Т-ийн “хуульд зааснаар тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нэрсийн жагсаалтаас хасах үүрэгтэй” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
Түүнчлэн, нэхэмжлэлд дурдсан зөрчлийг тогтоох нь захиргааны хэргийн шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй тул анхан шатны шүүх гэрч асуух ажиллагаа хийх шаардлагагүй байсан бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Т, Л.Т нарын “...гэрчүүдийг асуухаас үндэслэлгүйгээр татгалзсан, гэрчүүдийг дутуу асуусан, дутуу баримт цуглуулж хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлыг, мөн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Т-ийн өмгөөлөгч Б.А оролцсон байх тул “өмгөөлөгчтэй орох эрхийг зөрчсөн” гэх гомдлыг тус тус хангахгүй орхих нь хуульд нийцнэ.
Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Т, Л.Т нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.Сарангэрэл
ШҮҮГЧ С.Мөнхжаргал
ШҮҮГЧ О.НОМУУЛИН