Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2021/0127

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, цахимаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, А.А нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 34 дүгээр зүйлийн 34.8, 40 дүгээр зүйлийн 40.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 10.4, 10.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2,4, 4.2.5, 4.2.8, 25 дугаар зүйлийн 25.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/196 дугаар “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...“*******” ХХК аймгийн Засаг даргын 2015 оны А/97 тоот захирамжаар 18588565567365 тоот нэгж талбарын дугаартай орон сууцны зориулалт бүхий 23405 м.кв газрыг “Т ү” ХХК-иас газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 000313163 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүлээн авч 00183 тоот гэрээг байгуулан, гэрээний үүргийг талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан. Газар эзэмших гэрээний 2.5-д зааснаар “Г” ХХК нь жилийн газрын төлбөрөө 1 дүгээр улиралд бүрэн төлөхөөр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 2.6-д газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн Сэлэнгэ Төрийн сан банк-ны 130000943 тоот дансанд шилжүүлэхээр гэрээнд тусгаж гарын үсэг зурж баталгаажуулсан. Ийнхүү гэрээ байгуулснаас хойш буюу нийт 5 жилийн хугацаанд газрын төлбөрийг огт төлөөгүй тул Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019  оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/166 тоотоор “*******” ХХК-д газар эзэмших эрхийг цуцлах арга хэмжээ авах болсон талаар албан бичгээр мэдэгдсэн. Уг мэдэгдлийг хүлээн авсаны дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өнгөрсөн хугацааны буюу 5 жилийн нийт төлбөр болох 702150 /долоон зуун хоёр мянга нэг зуун тавин төгрөг/-ийг төлж Сэлэнгэ Төрийн сан банк-ны 100130000943 тоот дансанд шилжүүлсэн. Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших гэрээ дүгнэх ажлыг “Газрын тухай хууль”-ийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасны дагуу зохион байгуулсан бөгөөд “*******” ХХК-нд энэ талаар утсаар мэдэгдсэний дагуу тус компанийн гүйцэтгэх захирал Б.Алтанзул нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр ГХБХБГазарт ирж газар эзэмших гэрээгээ дүгнүүлсэн. “*******” ХХК-ийн газар эзэмших гэрээг дүгнэхэд тус компани газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, газар эзэмших гэрээний үүрийг ийнхүү удаа дараа зөрчсөн тул газар эзэмших эрхийг цуцлах нөхцөл бий болсон талаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 01/33 тоот албан бичгээр мэдэгдсэн. Аймгийн засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс “*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахтай холбогдуулан №02 тоот мэдэгдэх хуудсаар сонсох ажиллагааг зохион байгуулах талаар тус компанид мэдэгдэж, сонсох ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын бага танхимд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 15:00 цагт зохион байгуулж “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанзул нарт нөхцөл байдлыг танилцуулан тайлбар санал авсан. “*******” ХХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэл Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны “Газар эзэмших гэрчилгээ олгох журам” 83 дугаар тушаалын 3.1.7-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ нөхөн авах талаар хүсэлт гаргаж эрхийн гэрчилгээгээ нөхөн аваагүй. Мөн 2015 оны 000120 гэрээг шинэчлээгүй байна. Гэрээний үүргийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь барагдуулж, гэрээгээ дүгнүүлэх Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Мөн тус компани нь аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/106 тоот мэдэгдпийн дагуу өгсөн тайлбартаа эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн тул газрын төлбөр огт төлдөг гэж мэдээгүй явсан гэх бөгөөд эрхийн гэрчилгээгүйгээр газрыг эзэмшиж, ашиглаж барилга барих үйл ажиллагаа явуулсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасныг зөрчсөн байна. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зүгээс жил бүр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшигчидтэй гэрээ шинэчлэх ажлыг зохион байгуулж ирсэн бөгөөд уг гэрээ дүгнэх талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр болон баг, сумын Засаг дарга нараар дамжуулан олон нийтэд мэдээлж ажилладаг. “*******” ХХК нь газрын төлбөрөө урьдчилан төлөх талаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж байгаагүй бөгөөд газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанаас удаа дараа хоцроож гэрээний үүрэг биелүүлээгүй тул “Газрын тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлээр аймгийн Засаг даргын 2020 оны А/196 тоот захирамжаар “*******" ХХК-ний газар эзэмших эрхийг цуцлах арга хэмжээ авсан болно. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/196 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

  Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан гэж үзнэ.

Маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/196 дугаар захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “г”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, аймгийн Засаг даргын 2011 оны “Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий бүсийн хилийг шинэчлэн тогтоох тухай” А/39 дүгээр захирамжийг тус тус баримтлан,  “газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн” гэх үндэслэлээр “*******” ХХК-ийн 000313163 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалт агуулсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлүүдийг тодорхойлж өгсөн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийг “2015-2019 оны газрын төлбөрөө огт төлөөгүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар мэдэгдэл явуулсан, мэдэгдэл хүлээн авсаны дараа 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 5 жилийн нийт төлбөр болох 702.150 төгрөг төлсөн, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр газар эзэмших гэрээг дүгнэхэд 2020 оны газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй байсан нь гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэл болсон” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2015-2019 оны газрын төлбөрөө газар эзэмших гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй нь гэрээний нөхцөл болзлыг зөрчсөнд хамаарах ч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д удаа дараа буюу ноцтой зөрчсөн” байх шаардлага тавигджээ.

Харин нэхэмжлэгчийг 2020 онд гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Учир нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулж, 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д  Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 23 дугаар зүйлийн 23.3-т “Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.3.8. газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж, ногдуулах, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.3. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж тус тус зааснаас үзвэл урьд нь гэрээнд заасан хэмжээгээр, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөх үүрэг хүлээдэг байсан газар эзэмшигч нь 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  Газрын төлбөрийн тухай хуульд заасан хэмжээгээр, уг хуульд заасан хугацаанд газрын төлбөр төлөх үүрэгтэй, харин газрын төлбөрийг ногдуулан, хураах чиг үүргийг хэрэгжүүлдэг байсан газрын алба нь хуульд заасан хэмжээгээр газрын төлбөрийг нь тодорхойлон, ногдуулах үүрэгтэй болсон гэж үзэхээр байна.

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулж, 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 5-д “Татварын алба энэ зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан газрын төлбөрийн ногдуулалтын талаарх мэдээллийг газар эзэмшигч, ашиглагч этгээдэд цахим, бусад хэлбэрээр мэдэгдэнэ”, 10 дугаар зүйлийн 4-т “Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина”, 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж тус тус зааснаас үзвэл 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн газрын алба тухайн оны газрын төлбөрийн хэмжээг нь тодорхойлон ногдуулж 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэх явуулах, энэхүү ногдуулалтын мэдээг газар эзэмшигчид хүргүүлэх болон төлөлтөд хяналт тавих үүргийг татварын алба хариуцана гэж ойлгоно.

Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр татварын удирдлагын нэгдсэн системд газрын албаны үүсгэсэн нэхэмжлэх цахимаар хүргэгдэж, нэхэмжлэгч “*******” ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр газрын төлбөрөө төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, газрын төлбөрийн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий татварын алба нь газрын төлбөрийн өр төлбөр байхгүй гэж тодорхойлсон байх атал 2020 оны газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй зөрчил гаргасан гэж буруутгасан нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцээгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн.

Ийнхүү Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бий болоогүй байх тул маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/196 дугаар захирамжийг зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх шаардлагыг хангасан гэж үзэхгүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гэрээний үүргийн дагуу газрын төлбөрийг хугацаанд нь барагдуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.Батбаатар      

      ШҮҮГЧ                                                                        С.Мөнхжаргал

      ШҮҮГЧ                                                                          О.НОМУУЛИН