Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 159/ШШ2020/0033

 

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Гурвантулгат цамхаг ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/196 дугаар Газар эзэмших эрхийг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дэмбэрэлсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Азжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруултөгс, А.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гурвантулгат цамхаг ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Манай компани 2015 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт Орон сууцны зориулалтай 23405 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээ авч, уг газар дээр 2016 оноос эхлэн 64 айлын орон сууц барих Сэлэнгэ хотхон төсөл хэрэгжүүлж өнөөдрийн байдлаар уг төсөл 40 хувийн гүйцэтгэлтэй нийт 215 948 000 төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа билээ.

Бидний хувьд газрын төлбөрийг жил бүр төлөөд явж байсан. Бидэнд газрын төлбөртэй холбоотой ямар нэгэн мэдэгдэл газрын албанаас өгч байгаагүй. Газрын төлбөртэй холбоотой асуудал бидэнд байгаагүй бөгөөд харин бид уг газар дээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн учраас бидний хувьд маш их үнэ цэнэтэй газар юм. Гэтэл 2020 оны газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонд маш их гомдолтой байна.

Анх 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр газрын мэргэжилтэн А.Алтанцэцэгтэй гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Улмаар Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/33 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг манай компанид ирүүлж 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нутгийн захиргааны 2 дугаар байрны 1 давхар, 03 тоотод ирж уулз гэсэн байсан боловч дэлхий нийтээр тархасан Ковид-19 өвчний улмаас хөл хорио тогтоосон байсан тул 2020 оны 6 дугаар сард очиход хуульч болон газрын мэргэжилтэн гэх хүмүүстэй гүйцэтгэх захирал уулзсан.

Уулзалтаар ...танай газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байгаа яагаад гэвэл танайх төлбөрөө хугацаандаа төлөөгүй хуулийн дагуу ийм байдаг энэ тэр гэж огт хэлээгүй харин ...танайх төлбөрөө бөөнд нь өгсөн байна яагаад газрын төлбөрөө бөөнд нь өгсөн юм бэ, танай асуудлыг хурлаар шийдвэрлэнэ гэсэн утгатай зүйл хэлсэн үүнийгээ Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулсан гэж бичсэн байна. Гэтэл хуулийн дагуу шийдвэр болон шийдвэрийн үндэслэлийг хэлж тайлбар гаргах боломж олгох ёстой гэтэл тэгээгүй.

Манай компани газрын төлбөрөө 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн. Яагаад төлбөр төлөх хугацааг хоцроосон гэхээр газрын төлбөрийг 2020 оноос эхлэн газар эзэмших гэрээнд заасан дансаар шууд авахаа больсон тул гүйцэтгэх захирал өөрөө татварын газар болон газрын албан дээр очиж уулзсаны дагуу газрын албаны мэргэжилтний бичиж өгсөн код 1200402364355 дансанд 150407 төргөг, код 1200402364363 дансанд 100272 төгрөгийг тус тус тушаасан. Ингээд манай компани газрын албаны мэргэжилтний хэлсний дагуу 2020 оны газрын төлбөрөө бүрэн төлсөн.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 02/760 тоот албан бичгийн хавсралтаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/196 дугаар Газар эзэмших эрхийг цуцлах тухай захирамжийг бидэнд ирүүлсэн.

Манай компани Сэлэнгэ аймгийн газрын албаны мэргэжилтэний бичиж өгсөн дансаар газрын төлбөрөө бүрэн төлсөн байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь нэхэмжпэгчийн эрхийг ноцтой зөрчиж байгаа тул гомдолтой байна. Манай компани гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байсан зүйл байхгүй харин 2020 оны газрын төлбөрийг газрын албаны гэрээнд заасан дансанд тусгай кодоор хийгдэх өөрчлөлттэй болсон ба солигдсоноос болж хоцроосон тул газрын албаны мэргэжилтэнд өөрөө 2020 оны газрын төлбөрийг төлөх данс мөнгөн дүнг бичиж өгч биднээс төлбөрөө авсан.

Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/196 дугаар Газар эзэмших эрхийг цуцлах тухай захирамж нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруултөгс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Гурвантулгат цамхаг ХХК нь аймгийн Засаг даргын 2015 оны А/97 дугаар захирамжаар нэгж талбарын 18588565567365 дугаартай орон сууцны зориулалт бүхий 23405м2 газрыг Төгс үндэс ХХК-иас газар эзэмших эрхийг шилжүүлэн авч 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 000313163 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүлээн авч 00183 дугаар гэрээг байгуулж, гэрээний үүргийг талууд харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан.

Газар эзэмших гэрээний 2.5-д зааснаар Гурвантулгат цамхаг ХХК нь жилийн төлбөрөө 1 дүгээр улиралд бүрэн төлөхөөр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 2.6-д газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор газар эзэмшүүлэгчийн Сэлэнгэ Төрийн сан банкны 130000943 дугаар дансанд шилжүүлэхээр гэрээнд тусгаж гарын үсэг зурж баталгаажуулсан.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01/166 тоот албан бичгээр Гурвантулгат цамхаг ХХК-нд 2015-2019 он буюу нийт 5 жилийн газрын төлбөрийг огт төлөөгүй нь газар эзэмших эрхийг цуцлах арга хэмжээ авах болсон талаар албан бичгээр мэдэгдсэн. Уг мэдэгдлийг хүлээн авсны дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өнгөрсөн хугацааны буюу 5 жилийн нийт төлбөр болох 702150 /долоон зуун хоёр мянга нэг зуун тавин төгрөг/-ийг төлж, Сэлэнгэ Төрийн сан банкны 100130000943 тоот дансанд шилжүүлсэн. Манай байгууллагаас 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших гэрээ дүгнэх ажлыг Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасны дагуу зохион байгуулсан бөгөөд Гурвантулгат цамхаг ХХК-нд энэ талаар утсаар мэдэгдсэний дагуу тус компанийн гүйцэтгэх захирал Б.Алтанзул нь 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирж газар эзэмших гэрээгээ дүгнүүлсэн.

Гурвантулгат цамхаг ХХК-ийн газар эзэмших гэрээг дүгнэхэд тус компани 2020 оны газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, газар эзэмших гэрээний үүргийг ийнхүү Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны албан бичгээр мэдэгдсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Гурвантулгат цамхаг ХХК газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэр гарахтай холбогдуулан 02 тоот мэдэгдэх хуудсаар сонсох ажиллагааг зохион байгуулах талаар тус компанид мэдэгдсэн. Сонсох ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын бага хурлын танхимд 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагт зохион байгуулж, Гурвантулгат цамхаг ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанзул нарт нөхцөл байдлыг танилцуулан тайлбар, санал авсан.

Иймд газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанаас удаа дараа хоцроож гэрээний үүрэг биелүүлээгүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан үндэслэлээр аймгийн Засаг даргын 2020 оны А/196 дугаар захирамжаар Гурвантулгат цамхаг ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах арга хэмжээ авсан болно. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруултөгс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... Гурвантулгат цамхаг ХХК нь анх газар эзэмшиж эхэлсэн хугацаа буюу 2015 оноос хойших газрын төлбөрийг огт төлөөгүй байсан тул Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 01/106 тоот албан бичгийг тус компанид хүргүүлж байсан. Уг албан бичигт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох тул холбогдох тайлбар, санал, тодруулга гаргах, материал ирүүлэх талаар Гурвантулгат цамхаг ХХК-нд тусгайлан мэдэгдсэн билээ. Үүний дагуу тус компаниас тайлбар гаргахдаа газрын гэрээ, гэрчилгээг үрэгдүүлсэн тул газрын төлбөр төлөх хугацаагаа мэдээгүй гэсэн байдаг. Уг тайлбартай холбогдуулан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын холбогдох мэргэжилтнээс газар эзэмшүүлэх гэрээг нь хувилан өгч, үрэгдүүлсэн гэх газрын гэрээ, гэрчилгээг хэрхэн нөхөн авах талаар тайлбарлаж, зөвлөгөө өгсөн боловч 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл буюу бүтэн 1 жилийн хугацаанд Гурвантулгат цамхаг ХХК-иас газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээг нөхөн авах талаар ямар нэгэн хүсэлт огт гаргаж хандаагүй байна. Гурвантулгат цамхаг ХХК-иас нийт 5 жилийн газрын төлбөр болох 702.150 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрийн сангийн 100130000943 тоот дансанд нөхөж төлсөн байдаг. Мөн газар эзэмшүүлэх гэрээнд газрын төлбөрийг тухайн оны 1 дүгээр улирлын эхний сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр тусгасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 5 жил дараалан газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй. Уг асуудалд газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээгээ үрэгдүүлсэн байсныг нь холбон үзэж тухайн үед газар эзэмших эрхийг нь цуцлаагүй гэрээ, гэрчилгээгээ нөхөж авах талаар, цаашид газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлж байх талаар зөвлөмж өгч ажилласан болно.

Гэвч Гурвантулгат цамхаг ХХК-ийн газар эзэмших гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дүгнэхэд 2020 оны газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй байсан бөгөөд дээрх зөрчил дахин гарсан байна. Уг гэрээг дүгнэхээс өмнө Гурвантулгат цамхаг ХХК-иас гэрээ, гэрчилгээгээ нөхөн авах, газрын төлбөр төлөх асуудлаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт огт хандаагүй байна. Иймээс газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчил гаргаж байгаа тул Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт огт хандаагүй байв. Иймээс газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчил гаргаж байгаа тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/33 тоот албан бичгээр Гурвантулгат цамхаг ХХК-нд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож байгаа талаар мэдэгдсэн болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гурвантулгат цамхаг ХХК-нд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай А/97 дугаар захирамжаар нэгж талбарын 18588565567365 дугаар бүхий, 23405 м.кв газрыг 15 жилийн хугацаатай орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан[1] байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших эрхийг цуцлах тухай А/196 дугаар захирамж[2]-аар Гурвантулгат цамхаг ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баян хан 4 дүгээр багт байрлах, нэгж талбарын 4308012066 дугаар бүхий 23419 м.кв, орон сууцны зориулалтай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 г, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, аймгийн Засаг даргын 2011 оны Аймгийн инженерийн шугам сүлжээ бүхий бүсийн хилийг шинэчлэн тогтоох тухай А/39 дүгээр захирамжийг тус тус үндэслэн газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч Гурвантулгат цамхаг ХХК анх шүүхэд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/196 дугаар Газар эзэмших эрхийг цуцлах тухай захирамж нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/196 дугаар Газар эзэмших эрхийг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсны дагуу шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Гурвантулгат цамхаг ХХК нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн гэж үзжээ. Хэдийгээр Гурвантулгат цамхаг ХХК нь газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, 2015-2019 оны газрын төлбөр болох 702.150 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бөөнд нь төлсөн[3] боловч хариуцагч Гурвантулгат цамхаг ХХК-ийн газрын төлбөрийг хүлээн авч, газар эзэмших эрхийн гэрчилгээг тухайн үед нь хүчингүй болгоогүй атлаа 2020 оны газрын төлбөрийг мөн адил гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн гэж үзэн газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгчтэй анх 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ[4]-ний 2.5-д газрын төлбөрийн бүгд үнэ болох 140430 төгрөгийг 1 дүгээр улиралд, 2.6-д Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн Сэлэнгэ Төрийн сан банк 130000943 тоот дансанд шилжүүлж байх гэж тус тус зохицуулсан бөгөөд гэрээний хоёрдугаар хэсэгт заасан гэрээний нөхцөлүүд болох газрын төлбөрийн хэмжээ Засгийн газрын 2018 оны Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 182 дугаар тогтоолоор, газрын төлбөр төлөх хугацаа Газрын төлбөрийн тухай хуулиар тус тус өөрчлөгдсөн тухай бүр Гурвантулгат цамхаг ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулаагүй, газар эзэмшүүлснээс хойш 2015-2020 оны хугацаанд нэг л удаа буюу 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Гурвантулгат цамхаг ХХК-ийн гэрээг дүгнэж, гэрээний биелэлтийг жил бүр дүгнээгүй зэргээс үзвэл хариуцагч Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 34 дүгээр зүйлийн 34.8, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасныг тус тус зөрчжээ.

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно. гэж заасан хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хуульд заасан газрын төлбөр төлөх хугацааг үндэслэл болголгүй, гэрээний 2.5-д газрын төлбөрийн бүгд үнэ болох 140430 төгрөгийг 1 дүгээр улиралд гэж зааснаар нэхэмжлэгч 2020 оны газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэж буруутган тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм.

Учир нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч Гурвантулгат цамхаг ХХК-иас 2020 оны газрын төлбөрийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу 2020 оны газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлсөн болох нь Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 659, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 810, Сэлэнгэ аймаг дахь Төрийн банкны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 538 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн Газрын кадастрын мэдээллийн системийн газрын төлбөрийн бүртгэл зэргээр тогтоогдож байна.

Тодруулбал, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Татварын алба Татварын ерөнхий хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавьна гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Тайлбар хүргүүлэх тухай 810 тоот албан бичигт ...Гурвантулгат цамхаг ХХК-ийн ногдол үүссэн эсэхийг хянан шалгахад нэхэмжлэхийн дугаарын дагуу газрын төлбөрийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр, дараа сарын улирлын төлбөрийг мөн урьдчилан төлсөн байна. Татварын алба хугацаандаа төлөөгүй, татвар нэхэмжлэх хүргүүлэх шат дараалсан арга хэмжээг эхлүүлдэг тул тус компанид татварын нэхэмжлэх хүргүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Татварын удирдлагын нэгдсэн системд үүссэн нэхэмжлэлийн дагуу газрын төлбөр төлөгдөж байгаа тул Гурвантулгат цамхаг ХХК-нд 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр татвар төлөгчийн данс татварын удирдлагын нэгдсэн системд Газрын албаны үүсгэсэн нэхэмжлэх цахимаар хүргэгдэж нэхэмжлэлийн дагуу татвар төлөгдсөн. гэж байгаагаас үзвэл хариуцагч Гурвантулгат цамхаг ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулаагүй, аймгийн Татварын хэлтсээс нэхэмжлэгчийн газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтийн талаар лавлаагүй байна.

Иймд хариуцагч Гурвантулгат цамхаг ХХК-иас 2015-2020 оны газрын төлбөрийг бүхэлд нь авч, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон даруй газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголгүй, дараа оны буюу 2020 оны газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д заасан хугацаанд бүрэн төлсний дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д Хуульд үндэслэх, 4.2.4-т үр нөлөөтэй байх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэж тус тус заасныг захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн байх тул Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/196 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 34 дүгээр зүйлийн 34.8, 40 дүгээр зүйлийн 40.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, 10.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.4, 4.2.5, 4.2.8, 25 дугаар зүйлийн 25.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/196 дугаар Газар эзэмших эрхийг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 41, 42-р хуудас

[2] Хавтаст хэргийн 27-р хуудас

[3] Хавтаст хэргийн 44-р хуудас

[4] Хавтаст хэргийн 42-р хуудас