Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2018/00526

 

Э.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02383 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2017/02537 дугаар магадлалтай,

Э.Оийн нэхэмжлэлтэй

НШГА-ндхолбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Э.Оийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Март, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.О болон хамтран зээлдэгч Э.Отгонжаргал нар 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хас банк ХХК-тай №1780001955 дугаар зээлийн гэрээ байгуулж, 130 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн ба зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгож мөн өдрөө №1780001955-01 дүгээр баталгаат ипотекийн гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны 23 тоот хуучны 30 м.кв, 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. Гэвч дээрх гэрээнүүдтэй холбоотой нэхэмжлэлийг Хас банк 2016 онд гаргаж, уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар хариуцагч Э.О. Э.Отгонжаргал, “О Б”ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргаж миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны 23 тоот 30 м.кв, 2 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг 70 000 000 төгрөгөөр тогтоолгож, уг үнийн 70 хувь болох 49 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгож худалдах болсон тухай 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мэдээд шүүхэд хандсан боловч нэхэмжлэлд хавсаргасан баримтын жагсаалтгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан.Миний бие нэхэмжлэлийг дахин гаргасан ба 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр албадан дуудлага худалдааны үнэ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай гомдол гаргахад ахлах шийдвэр гүйцэтгэгч нь мөн өдөр гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн болно. Миний өмчлөлийн орон сууц зах зээлийн үнэлгээгээр 70 000 000 төгрөг байх боломжгүй тухайн газар байгаа адилхан орон сууц 90 000 000 төгрөгөөр худалдагдаж байгаа, би уг орон сууцандаа 2015 онд их засвар хийсэн байсан тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд орон сууцыг 70 000 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ний өдрийн 355 дугаар захирамжаар “О Б”ХХК, Э.О, Э.Отгонжаргал нараас 151 131 608 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн.НШГА дээрх шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 1/128 дугаар мэдэгдлээр төлбөрийг сайн дураар төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 14 тоот, 30 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, хадгалалт хамгаалалтыг Э.Од үлдээсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хөрөнгиин үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч 70 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Төлбөр төлөгч "“О Б”ХХК, Э.О, Э.Отгонжаргал нарт 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3/2429 дүгээр үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02383 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Оийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 14 тоот, 30 м.кв орон сууцыг 70 000 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Э.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2017/02537 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02383 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хуулийн гэснийг хууль /2002 он/-ийн гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.О хяналтын гомдолдоо: Миний бие нийслэлийн давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалыг зөвшөөрөхгүй байна. Э.О миний байрыг 70 000 000 төгрөгөөр үнэлж миний эд хөрөнгийг зээлийн барьцааны үүрэгт бүхэлд нь өгөх гэж байгаад гомдолтой байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагүу явагдаагүй байтал анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгч миний эрхийг зөрчиж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруүлж миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч НШГА-ндхолбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Хоёр шатны шүүх Э.Оийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг оновчтой тодорхойлж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан тул тухайн үед мөрдөгдөж байсан хуулийг маргаантай харилцаанд хэрэглэсэн нь зөв юм.

Э.О, Э.Отгонжаргал, “О Б”ХХК нь 151 131 008 төгрөгийг Хас банкинд төлөхөөр хүлээн зөвшөөрснийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/01263 дугаар захирамжаар шийдвэрлэж, захирамжид барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 14 тоот орон сууц, 11-73 улсын дугаартай Nissan x-terra маркийн автомашиныг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурьдсан байна.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч нар төлбөрийг төлөөгүй тул 2016 оны  6 дугаар сарын 16-ны өдөр 0023 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна.

Төлбөр төлөгч Э.О үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 120 000 000 төгрөгөөр, төлбөр төлөгч Э.Отгонжаргал болон “О Б”ХХКомпани 150 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн баримт хэрэгт авагдсан байх ба төлбөр төлөгч нарын зүгээс гаргасан үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрсөн эсэх баримт хэрэгт байхгүй боловч шийдвэр гүйцэтгэгч “талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй” гэж 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг явуулжээ. Хэрэгт байгаа баримтаас үзвэл шинжээч томилох, үл хөдлөх эд хөрөнгө үнэлүүлэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-г зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар, зах зээлийн бодит үнэ болох 70 000 000 төгрөгөөр тогтоосныг, НШГА 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр төлөгч “О Б”ХХК, Э.О, Э.Отгонжаргал нарт мэдэгдсэн нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3/2429 дүгээр мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогджээ. /хх-58/

Төлбөр төлөгч нь үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсан бөгөөд гомдлоо 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан, шүүх 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2017/03109 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгч 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргаснаас үзэхэд нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн, энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үр дагавартай болох талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдолд шийдвэр, магадлалыг хяналтын журмаар хянах хуулийн үндэслэл дурьдагдаагүй бөгөөд эд хөрөнгө үнэлэх, үнэлгээ хийх ажиллагаа хууль зөрчсөн нь тогтоогдоогүй тул гомдлыг хангах үндэслэлгүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2017/02537 дугаар  магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн төгрөг 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА