Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2017/02642

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.О-ны  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: С С Т  ХХК холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, мөн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

Тодорхойлох нь:

  

   Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.О   нь 2017 оны 11 сарын 07-ны өдөр Сонгдо эмнэлэгт үйлчлэгчээр ажилд орж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ямар ч асуудал гаргалгүй ажлаа хийгээд явж байтал 2017 оны 04 сарын 28-ны өдөр хүнийн нөөцийн ажилтан н.Чимэдлхам дуудаж, тушаал чинь гарсан, тушаалаа ав гээд ажлаас халсан тухай тушаал өгсөн. Яагаад халж байгаа талаар асуухад ямар ч тайлбар өгөөгүй, би өөрөө зохицуулна, чи ажлаа хай гээд гаргасан.

Үүний дараа 2017 оны 05 сарын 01-ний өдөр би тушаалаа гардаж аваад, дотоод хяналтын ажилтан, менежер н.Жаргалсайханд хандаж, өргөдөл бичиж өгсөн. Менежер өргөдлийг минь аваад эргээд холбоо барина гэж хэлсэн. 2017 оны 6 сард Сонгдогоос ярьж байна гээд миний өргөдлийн талаар асууж байсан. Намайг эргээд ажилд авна гэж итгээд тушаал гардаж авснаас хойш шүүхэд хандалгүй өнөөдрийг хүртэл хүлээж байгаа ч ажилд авсан юмгүй, цалин мөнгөгүй хэцүү байна. Ажлаас халагдах үед 1 сар гарантай жирэмсэн байсан.

Энэ талаар өөрийн ажил хариуцдаг даргадаа хэлж байсан боловч өөрийн хүсэлтээр гэж үндэслэлгүйгээр ажлаас халаад өнөөдрийг хүртэл хохироож байна.

Иймд С С Т ХХК-ийн захирлын 2017 оны 04 сарын 28-ны өдрийн 58 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.О  ыг хуучин ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шүүх хуралдаан болох хүртэл хугацаагаар тооцон олгуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С С Т ” ХХК нь нэхэмжлэгч Б.О  тай 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ" байгуулж, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 190 дугаартай тушаалаар 3 сарын туршилтын хугацаатайгаар Аж ахуйн албанд үйлчлэгчээр ажилд авсан. Б.О   нь ажиллаж байх хугацаандаа хамт ажиллагсадтайгаа зүй бусаар харьцсан, дээд шатны албан тушаалтны шаардлагыг биелүүлэхгүй байх зэрэг удаа дараагийн зөрчлийг гаргаж байсан бөгөөд ажил олгогчийн зүгээс дээрх зөрчлүүдэд нь дараах сахилгын шийтгэлүүдийг ногдуулж байсан.

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хамт ажиллаж байсан хүнтэйгээ зодоон хийсэн байсан тул тус өдөр сануулах арга хэмжээ, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Удаа дараа харилцаа хандлагын доголдол гаргаж хамт ажиллагсадтай зүй бусаар хэрэлдсэн гэх үндэслэлээр сануулах арга хэмжээ, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр сануулах арга хэмжээ тус тус ногдуулж байсан.

2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Б.О   нь ажлаас халагдах тухай хүсэлтэй байгаагаа хэлсэн бөгөөд энэ өдрөөс хойш буюу 2017 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй төдийгүй 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр утсаар холбогдож тушаалаа авахыг хүссэн. Ажил олгогчийн зүгээс Б.О  ы хүсэлтээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг ажлаа орхиж явсан өдөр болох 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөр тогтоож гаргасан. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б.О   нь тойрох хуудсаа бөглөж, Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гардан авсан.

Нэхэмжлэгч Б.О   нь “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гардан авч, тойрох хуудсаа зуруулан ажлаа хүлээлгэн өгсөн. Гэтэл тус шүүхэд дээрх тушаалд холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т "Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг гардаж авсан өдрөөс хойш 3 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг гаргасан байна. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03- ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 33 дугаартай тогтоолын 28-д “Хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т заасан "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж тайлбарлажээ. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд гаргасан хүсэлтдээ “...ажил олгогчийн зүгээс хуучин ажилд эргүүлэн авна гэж амласан учраас” шүүхэд гомдол гаргаагүй гэх үндэслэлийг дурдсан байх бөгөөд уг үндэслэл нь дээр дурдсан шүүхэд гомдол гаргах эрхийн хугацааг сэрээх үндэслэлд хамаарахгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан хариуцагч “С С Т ” ХХК-ийн зүгээс болон төлөөлөх эрх бүхий албан тушаалтны зүгээс Б.О   эргүүлэн ажилд авах талаар ямар нэгэн амлалт өгөөгүй бөгөөд Б.О  ы зүгээс энэ тапаар хүсэлт гаргаж байгаагүй болно.

Иймд Б.О  ы зүгээс манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй, хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Б.О   нь хариуцагч С С Т  ХХК-д  холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, мөн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн С С Т  ХХК-ийн захирлын 58 тоот тушаалын 1 дэх заалтаар “Үйлчилэгч Бат-Оюун овогтой Оюунсайханы хүсэлтийг харгалзан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.О  ыг ажлаас нь чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч Б.О  ы хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 58 дугаар тушаал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдаагүй ба талуудаас нотлох баримтаар гаргасан 58 тоот тушаал хоорондоо зөрүүгүй, мөн уг тушаал зөрүүтэй, зайлшгүй эх нь шаардлагатай эсэх үйл баримтад талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч шүүхэд уг тушаалыг эх хувиар нь гаргуулах хүсэлт гаргасан боловч хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Б.О  ыг ажлаас халсан тушаал манайд эхээрээ байхгүй байгаа. Бид Б.О  д эхийг нь өгсөн, харин өөрөө хувилж авч үлдсэн. Захирамж гарсан ч эх нь байхгүй болох тул шүүхэд гаргах боломжгүй” гэх тайлбараас үзэхэд хариуцагч талд уг тушаал байхгүй болох нь тогтоогдож байна.

 

Шүүх талуудын маргаагүй үйл баримт буюу тушаалыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн С С Т  ХХК-ийн захирлын 58 тоот тушаалыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан болох нь уг тушаалд бичсэн нэхэмжлэгчийн тэмдэглэгээ болон талуудын  тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халах тушаалыг гардан авсан атлаа шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гаргасан, шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн байдал баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.О   нь хууль зүйн мэдлэггүй, мөн Сонгдо эмнэлгийн ажилтан Б.Жаргалсайханд өгсөн өргөдлийн хариуг хүлээсэн гэх боловч гэж тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хугацааг сэргээх үндэслэл болохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.О   нь хариуцагч С С Т  ХХК-д  холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, мөн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

Тогтоох нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар Б.О  ы ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, мөн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР