Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 1850

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Хулангийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                              

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00617 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Хулангийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Эрдэнэцэцэгт холбогдох

Подвалийн өрөөг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Хулангийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Б.Эрдэнэцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Хулан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Н.Дашдуламын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Алтай хайрхан-9” СӨХ-той 2013 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр №44 дугаартай “Зоорийн давхрыг түрээслэх гэрээ”-г байгуулан 9 дүгээр байрны 3-р орцны подвалийн өрөөнүүдийг бүхэлд нь түрээслэн үйл ажиллагаа явуулахаар болсон. Би хөгжлийн бэрхшээлтэй иргэн тул “Алтай хайрхан-9” СӨХ-той дээрх гэрээг хугацаагүй байгуулсан. Би урлангийн чиглэлээр гэрээний дагуу зоорийн давхарын өрөөнүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түрээслэн үйл ажиллагаа явуулахад Б.Эрдэнэцэцэг саад учруулж, эрх ашгийг минь хохироож, хууль бусаар өрөөнд үйл ажиллагаа явуулан, гарах талаар шаардахад хэл амаар доромжилж байна. Б.Эрдэнэцэцэг нь СӨХ-той албан ёсоор гэрээ байгуулаагүй байж өрөөнүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа. Б.Эрдэнэцэцэгт СӨХ-той байгуулсан гэрээ байхгүй өдийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлөлгүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа талаар удаа дараа СӨХ-ийн дарга Х.Сэргэлэн хэлж шаардлага тавьж байсан байна. “Алтай хайрхан-9” СӨХ-ноос дээрх иргэнийг гаргах талаар 2014 оноос хойш мэдэгдэж шаардаж 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үйл ажиллагаагаа зогсоож гарахыг мэдэгдсэн, мөн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр удирдах зөвлөлийн шийдвэрээр түрээсээ төлөхгүй, гарах тухай мэдэгдлийг хүлээж авахгүй байгаа талаар хуралдаж шилжүүлэн түрээслэхийг удирдах зөвлөлөөс шийдвэрлэсэн гэсэн хариуг Б.Хулан надад өгсөн. Б.Эрдэнэцэцэг нь 2013 оноос хойш СӨХ-той түрээсийн гэрээ байгуулаагүй мөртлөө өрөөг нь суллаж өгөхгүй байгаа. 9 байрны подваль нь нийт 7 өрөөтэй бөгөөд одоогийн байдлаар Б.Эрдэнэцэцэг 1 өрөөг өөрөө эзэмшиж, хоёр өрөөнд оёдолчид оруулчихсан. Б.Эрдэнэцэцэг нь 9 байрны оршин суугч биш тэнд амьдардаггүй. Би энэ байдлаас болоод бүх өрөөнүүдээ эзэмшиж чадахгүй, 2016 он хүртэлх хугацаанд гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж чадаагүй. Бүх өрөөнүүдийг суллаж өгсний дараа засвар хийгээд үйл ажиллагаа явуулахаараа түрээсийн төлбөрийг төлөхөөр СӨХ-той тохиролцсон байгаа. Иймд “Алтай хайрхан-9” СӨХ-өөс гэрээний дагуу эзэмшиж байгаа 9 дүгээр байрны подвалийн өрөөнүүдийг Б.Эрдэнэцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Эрдэнэцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Хуланг подвалийн өрөө түрээслэн үйл ажиллагаа явуулахад нь би саад хийгээгүй. Харин ч хөгжлийн бэрхшээлтэй байдлыг нь харгалзан дэмжиж 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр подвалийн сул өрөөг зааж өгч оруулсан. Подвалийн өрөөнд орохоос өмнө 2015 оны 01 дүгээр сард СӨХ-ны дарга Х.Сэргэлэнтэй хэрүүл хийн, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаад явж байсан. Подвалийн олон өрөөг эзэмшдэг СӨХ-ын дарга Х.Сэргэлэн өрөө өгөхгүй гээд маргалдаж байсан. Б.Хулан 2015 оны 02 дугаар сараас хойш подвалийн сул байсан 2 өрөөнд орсон. 2 өрөөгөө ашиглан орлого олох юм хийгээгүй. Харин архидан согтуурч бүргэд хаалга цоожнууд эвдэн, янз бүрийн архичин хүмүүс цуглуулан 1 жилийн хугацаанд подвалын 00-ыг 3 удаа бөглөж, хаалга үдийг нь эвдэж байсан. Харин ч би дэмжин тусалъя хамтран ажиллая гэж хэлж байсан. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр подвальд орсоноосоо хойш СӨХ-ны дарга Х.Сэргэлэнтэй хамтран хууль бус, ёс зүйд нийцэхгүй худал юм ярьж, гэнэт 2013 онд гэрээ хийсэн мэтээр яриад эхэлсэн...Б.Хулан нь нэхэмжлэлдээ Б.Эрдэнэцэцэг нь СӨХ-той гэрээ байгуулаагүй, түрээсийн төлбөр төлдөггүй гэжээ. Би 2006 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Алтай хайрхан-9” СӨХ-той гэрээ байгуулан орсноос хойш нийт 10 жил гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Б.Хулан 2015 оны 02 дугаар сарын 11-нд подвальд 2 өрөө авч орсон хүнтэй СӨХ дарга Х.Сэргэлэн нь 2013 онд гэрээ байгуулсан байгаа нь хууль бус хуурамч бичиг баримт бүрдүүлэн СӨХ-ийн тамгыг ашигласан байна. СӨХ-ны дарга нь Б.Хуланг ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлэн намайг гаргах гээд байгаа учир нь би түрээсээ бэлэн бусаар /банкаар/ төлж байя гэснээс үүдэлтэй. Би өмнө нь СӨХ дарга Х.Сэргэлэнд бэлэн мөнгө өгөх замаар түрээсийн төлбөрөө төлдөг байсан. Х.Сэргэлэн бэлнээр авах сонирхолтой. Мөн Б.Эрдэнэцэцэгийг подвалиас гаргах тухай СӨХ-ны удирдах зөвлөлийн шийдвэр гарсан гэж Б.Хуланд мэдэгдсэн тухай дурджээ.

Гэтэл ийм албан ёсны шийдвэр гараагүй, надад ирээгүй. Би өмнөх захиралтай нь гэрээ хийж, нотариатаар баталгаажуулсан байгаа. Гэрээгээ сунгах гэхээр Х.Сэргэлэн нь элдэв шалтаг хэлээд сунгахгүй болсон. 2006 оноос эхлэн би энэ подвалийг хэсэгчлэн болон бүтнээр нь түрээслээд 10 жил болж байна. Иймд би Б.Хулангийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, бүгд худал гүтгэлгийн чанартай байна гэж үзэж байна. Би 2015 оны 07 дугаар сарыг хүртэл түрээсийн төлбөрийг СӨХ-ны дарга Х.Сэргэлэнд төлсөн баримт байгаа гэжээ.

 

Гуравдагч этгээд “Алтай хайрхан-9” СӨХ-ны гүйцэтгэх захирал Х.Сэргэлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Хулан нь хөгжлийн бэрхшээлтэй, манай байрны оршин суугч тул Сүхбаатар дүүргийн Засаг даргад гомдол гаргасны дагуу намайг дуудаж уулзсан. Б.Хуланд ажлын байр гаргаж өгөх боломж байна уу гэсэн. Манай СӨХ-ны удирдах зөвлөл Б.Эрдэнэцэцэгтэй гэрээ хийхгүй. Б.Хулантай гэрээ хийнэ гэсний дагуу 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Зоорийн давхарыг түрээслэх гэрээ”-г байгуулсан. Энэ гэрээний дагуу бүх өрөөг Б.Хулан эзэмших эрхтэй. СӨХ-ны Удирдах зөвлөлөөс Б.Хулантай гэрээ хийх тогтоол гарсан. 2013 онд Б.Эрдэнэцэцэгтэй гэрээ хийх гэтэл Удирдах зөвлөлөөс Б.Эрдэнэцэцэгтэй гэрээ хийхгүй гэсэн шийдвэр гаргасан. Хариуцагч Б.Эрдэнэцэцэг нь манай байрны оршин суугч биш, 2013 оноос хойш гэрээ байгуулаагүй мөртлөө подвалийн өрөөг чөлөөлж өгдөггүй. Иймд подвалийн өрөөг чөлөөлж гэрээ байгуулсан Б.Хуланд шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-д зааснаар Б.Хулангийн Б.Эрдэнэцэцэгийн хууль бус эзэмшлээс 9 дүгээр байрны 3 орцны подвалийн өрөө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Хуланг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 7763 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Хулан давж заалдах гомдолдоо: “...”Алтай хайрхан-9” СӨХ-ноос надтай байгуулсан түрээсийн гэрээг хуурамч гэдгийг нотлох баримт хэргийн материалд байхгүй, мөн намайг 2 өрөө түрээслэн эзэмшиж байгаа гэдгийг ямар ч нотлох баримтаар нотлогдоогүй, 2013 оноос хойш түрээсийн гэрээний хугацаа дууссан талаар удаа дараа СӨХ-ноос мэдэгдэл өгч өрөөнүүдийг суллаж өгөх талаар СӨХ-ноос 2014, 2015 онуудад мэдэгдэл өгсөн, гэтэл Б.Эрдэнэцэцэг нь СӨХ-ноос тавьсан шаардлагыг биелүулээгүй. Мөн хугацаандаа түрээсийн төлбөрөө төлдөггүй гэдгийг СӨХ болон нотлох баримтаар тогтоогдож, шүүх хуралдаан дээр гаргасан төлбөр төлсөн нотлох баримтыг хуурамч гэдгийг Х.Сэргэлэн нь хэлсэн...шүүх хуралдааны үед Б.Эрдэнэцэцэгийн зүгээс баримтуудыг гаргасан боловч Х.Сэргэлэн нь уг баримтуудыг зарим хэсгийг нь мэдэхгүй талаар хэлсэн. Гэтэл шүүхээс “Алтай хайрхан-9” СӨХ-ны дарга Х.Сэргэлэн болон түрээсийн гэрээг байгуулан хөдөлмөр эрхлэн үйл ажиллагаа явуулах гэсэн миний тайлбарыг дүгнэж үзээгүй нэг талыг баримтлан, хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байхад үндэслэсэн...миний бие "Алтай хайрхан-9" СӨХ-той байгуулсан түрээсийн гэрээний дагуу ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй гэж үзэж байна. Шүүхээс гаргасан шийдвэр нь нэг талыг баримтлан намайг ялгаварлан шийдвэрлэсэн гэж энэхүү гомдлыг гаргаж байна. Мөн Шүүх хуралдааны явцад "Алтай хайрхан-9" СӨХ нь үүргээ биелүүлээгүй гэж шүүгч дүгнэсэн бол СӨХ-г хамтран хариуцагчаар татан хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Мөн надтай байгуулсан түрээсийн гэрээг хугацаагүй байгуулсан тул түрээсийн гэрээний хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Б.Хулан нь хариуцагч Б.Эрдэнэцэцэгт холбогдуулан подвалийн өрөөг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “би 2006 оны 08 дугаар сарын 01-нээс хойш тус сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ байгуулан ашиглаж, төлбөрөө төлж ирсэн, Б.Хуланг 2015 оны 02 дугаар сараас подвалийн 2 өрөөнд оруулсан” гэж маргажээ.

            Хэрэгт авагдсан “Алтай хайрхан-9” Сууц өмчлөгчдийн холбоо, Б.Хулан нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 9 дүгээр байрны 3 дугаар орцны зоорийн давхарын 9 өрөөг урлан ажиллуулах зориулалтаар түрээслүүлэх гэрээ /хх 7, 8/, “Алтай хайрхан-9” Сууц өмчлөгчдийн холбоо, Б.Эрдэнэцэцэг нарын хооронд 2006 оны 08 дугаар сарын 01, 2007 оны 01 дүгээр сарын 05, 2010 оны 01 дүгээр сарын 05, 2011 оны 01 дүгээр сарын 05, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус тус байгуулагдсан дээрх байрны 3 дугаар орцны зоорийн давхарын 70 м.кв талбай бүхий хэсгийг оёдол, хувцас захиалгын зориулалтаар ашиглуулах тухай гэрээнүүд, Б.Эрдэнэцэцэгээс түрээсийн болон цахилгааны төлбөр төлсөн баримтууд, “Алтай хайрхан-9” Сууц өмчлөгчдийн холбооны мэдэгдэл /хх 19-25, 76, 77, 80-113/, зохигчдын тайлбар /хх 36-39, 117-120/ зэрэг баримтаар  “Алтай хайрхан-9” Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн ямар шийдвэрээр маргаан бүхий зоорийн давхарын ямар хэмжээтэй талбайг зохигчдын хэн нь бодитойгоор эзэмшиж байгаа болохыг тодорхойлох боломжгүй байна.

            Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж заажээ.

Уг зохицуулалтын дагуу “Алтай хайрхан-9” Сууц өмчлөгчдийн холбоо, иргэн Б.Хулан нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр нэхэмжлэгч Б.Хуланд уг зоорийн давхарын 9 өрөөг хууль ёсоор эзэмших эрх бодитойгоор үүссэн эсэх, Б.Эрдэнэцэцэгийн сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан гэрээ Иргэний хуулийн 296 дугаар 296.1 дэх хэсэгт зааснаар сунгагдсан эсэх талаар дүгнэлт хийгдээгүй, үйл баримтыг шүүх тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/00617 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Хулан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНХАНД

                                           ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                              Д.ЦОГТСАЙХАН