Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 581

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ө.Уянга, С.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 10-р хороо, 2 хэсэг Төмөр зам гудамж, 13-р байр, 7 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Дэмчигжавын Бүрэнзэвсэг /рд:ЧГ82060274/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлхийн 37 гудамж, 22г тоот хаягт оршин суух, Бөх овогт Найдангийн Баатархүү /рд:ХВ52030875/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Цэрэндолгор, хариуцагч Н.Баатархүү, иргэдийн төлөөлөгч М.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бүрэнзэвсэг миний бие 2016 оны 6 сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11-р хороо “Дөл эрхэс” хүнсний дэлгүүрийн замд 13-17 УНЕ улсын дугаартай Портер авто машинд мөргүүлсний улмаас 2016 оны 6 сарын 15-ны өдөр тархины компьютер томографи шинжилгээгээр зулайн зүүн ар доод хэсэгт хаван хавдартай, толгой байнга өвдөнө, болор цайх магадлалтай, баруун өвдөг хазгар болсон. Иймд иргэн Н.Баатархүүгээс эмчилгээний төлбөр 500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Баатархүү миний бие 2016 оны 6 сарын 11-ний өдөр Бэлхээс Налайхын чиглэлд явж байсан. Баянзүрхийн шалган бүртгэх зам дээр жолооч миний зүүн гар талаас 2 хүн гялгар ууттай зүйл барьсан гарсан. Хөндлөн гарахдаа машины баруун талын толийг дарж ойчсон. Мөн зүүн гар талд автын 2 цагдаа харж байсан. Автын шинжээч нь толь хагарсан газарт зургийг нь авч автын бүрэлдэхүүн энэ хүнээ гэмтлийн эмнэлэгт үзүүл гэсэн. Оройн 19 цагт 2 хүний архи гарж Халдвартын эмнэлгийн уулзвар дээр буулгасан. Маргааш нь Баянзүрх дүүргийн 2-р тасгийн автын мөрдөн байцаагч энэ үйл явдлыг шалгасан. 2016 оны 6 сарын 12-ны өдөр шүүх эмнэлэгт Д.Бүрэнзэвсэгийг үзүүлсэн. 72 цагийн дараа шүүх эмнэлгийн шинжээч онц ноцтой хүндрэл, гэмтэл байхгүй гэж үзсэн. Н.Баатархүү миний бие өдөр болгон Ганзориг ахмадад очиж байцаагдаж байсан. Эм эмчилгээний зардал гэж 80,000 төгрөг өгсөн. Д.Бүрэнзэвсэг тэр хугацаанд 2 найзтайгаа ирж 40,000 төгрөг авсан. Миний бие 2017 оны 6 сар хүртэл тэтгэврийн зээлтэй байгаа, 2 сарын тэтгэврийн мөнгө болох 386,000 төгрөгийг 2017 оны 6 сард өгөх боломжтой. Шинжээчийн дүгнэлтээр замын хөдөлгөөний дүрмийг Д.Бүрэнзэвсэг зөрчсөн гэж гарсан, шүүх эмнэлэгт үзүүлэхэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Бүрэнзэвсэг нь хариуцагч Н.Баатархүүд холбогдуулан гэм хорын хохиролд нийт 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Зохигч талууд 2016 оны 6 сарын 11-ний өдрийн 12 цаг 50 минутад Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, “Дөл эрхэс” хүнсний дэлгүүрийн хойд замд 12 цаг 50 минутад зам тээврийн осол гарсан үйл баримтын талаар маргадаггүй.  

Зам тээврийн осол, хэргийн газар хийсэн үзлэгээр Н.Баатархүүгийн жолоодож явсан Хьюндай Портер маркийн 13-17 УНЕ улсын дугаартай авто машины баруун толь хугарсан, хохирогч Д.Бүрэнзэвсэг нь 1,75%-ийн согтолтын зэрэгтэй байсан болохыг тус тус тогтоосон байна. /хх-5х/

2016 оны 6 сарын 14-ний өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актад Д.Бүрэнзэвсэгийн биед хуйх, баруун мөр, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн мөрний зөөлөн эдийн зулгаралт гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй талаар дурдсан байна. /хх-13х/

Тээврийн прокурорын газрын Прокурорын 2016 оны 6 сарын 20-ны өдрийн 1686 дугаар тогтоолоор Д.Бүрэнзэвсэгийн гомдлоор Н.Баатархүүд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байх ба явган зорчигч Д.Бүрэнзэвсэг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Явган зорчигч явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн, эгц хөндлөн гарна”, 3.9-д заасан “Явган зорчигчид өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явахыг... хориглоно” гэснийг зөрчсөн, жолооч Н.Баатархүү нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний болон ашиглалтын журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй талаар дүгнэжээ. /хх-36-37х/

Дээр дурдсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын тайлбар зэргийг харьцуулан үзэхэд 2016 оны 6 сарын 11-ний өдрийн зам тээврийн осол явган зорчигч Д.Бүрэнзэвсэгийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдлээс болж гарсан болох нь тогтоогдож байна.

Гэсэн хэди й ч зам тээврийн осол гарахад жолооч Н.Баатархүүгийн анхаарал, болгоомжгүй байдал нөлөөлсөн шалтгаант холбоо байгаа учир нотлох баримтаар нотлогдож буй зардлыг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар Д.Бүрэнзэвсэг, Н.Баатархүү нарт хувь тэнцүүлэн хариуцуулах нь зүйтэй гэж үзэв.

Үүнд томографи зураг авахуулсан 120,000 төгрөг, эход үзүүлсэн 20,000 төгрөг, эмийн үнэ 31,100 төгрөг, нийт 171,100 төгрөгийн 50% буюу 85,500 төгрөгийг Н.Баатархүүгээс гаргуулж Д.Бүрэнзэвсэгт олгохоор шийдвэрлэв.

Өөр хүний нэр дээр авсан эмийн үнэ, 2016 оны 6 сарын 16-ны өдөр эмчийн бичиж өгсөн жоронд бичигдээгүй эмийн үнэ, шүдэлбэр хийлгэсэн үнэ, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн үнэ зэргийн хэрэгт хамааралгүй, зам тээврийн осолтой шалтгаант холбоогүй байна гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл, Д.Бүрэнзэвсэг тухайн зам тээврийн ослын улмаас цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болох нь нотлогдохгүй байна.

Түүнчлэн, 2016 оны 6 сарын 15-ны өдөр хийлгэсэн компьютер томографи оношилгоогоор Д.Бүрэнзэвсэг нь хуучин гэмтэл, бэртэлтэй байсан болохыг тогтоосон байдаг ба шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох баримтыг өөрөө цуглуулж, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зам тээврийн ослын улмаас Д.Бүрэнзэвсэгийн хиймэл шүд унасан, хараанд өөрчлөлт орсон гэж тайлбарлаж байх боловч үүнийг баримтаар нотлоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Баатархүүгээс 85,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бүрэнзэвсэгт олгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баатархүүгээс тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бүрэнзэвсэгт буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                                                                                

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

                       

                        ШҮҮГЧИД                                                   Ө.УЯНГА

 

                                                                                          С.ХИШИГБАТ