Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/00635

 

Ж О Ш М-ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/02255 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар магадлалтай,

Ж О Ш М- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б Д- ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, хохиролд 69.000 ам.доллар гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О, хариуцагчийн төлөөлөгч Д.О, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Ж О Ш М-ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Б Д- ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өрмийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний гүйцэтгэгч тал Б Д- ХХК-иар 500 метр гүн 2 өрмийн цооногийг өрөмдүүлэхээр харилцан тохиролцож, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээний урьдчилгаанд 40.000 ам.доллар, тээвэрлэлтийн зардалд 10.000 ам.доллар, сул зогсолтын төлбөрт 19.000 ам.доллар, нийт 69.000 ам.долларыг шилжүүлсэн. Гэтэл Б Д- ХХК нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр цаашид геологи болон цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүргээ биелүүлэх боломжгүй болсноо хүлээн зөвшөөрч, гэрээг цуцлах саналыг манай компанид ирүүлсний дагуу гэрээ цуцлагдсан. Иргэний хуулийн 355 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргийг зөрчсөний улмаас талууд гэрээг цуцалсан тохиолдолд гэрээ цуцалсантай холбоотой хохирлыг нөгөө тал нэхэмжлэх эрхтэй байхаар зохицуулсан. Гэрээний дагуу Ж О Ш М-ХХК нь ажлын үр дүнг авах ёстой байсан боловч Б Д- ХХК-нь ажлын үр дүн гаргаагүй, ажил гүйцэтгэх явцад гэрээг цуцалсны улмаас Эрдэнэдрийлинг ХХК-тай гэрээ байгуулж, төлбөр төлж шинээр тус бүр 2 цооног өрөмдүүлсэн. Хариуцагч компани үүргээ гүйцэтгээгүй буюу 500 метр цооног өрөмдөхөөс 236 метр цооног өрөмдсөн нь нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд Б Д- ХХК-д төлсөн төлбөрийг хохиролд тооцох боломжтой тул гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас ажил гүйцэтгүүлэхэд гаргасан зардал буюу 69.000 ам.долларыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Б Д- ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тухайн орон нутгийн болон холбогдох бүх бичиг баримтыг зохицуулахаар, ямар нэгэн саад учруулахгүй байхаар заасан. Гэвч тухайн ажил үйлчилгээ явуулах газар дээр очиход орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч 50 хоног хүлээсэн. Эхний ээлжинд 17 метр гүн өрөмдөж байхад нутгийн ард иргэд бослого гаргаж талбайг чөлөөлж өгөхгүй байсан бөгөөд цооног руу мод чулуу хийж тагласан. Ж О Ш М-ХХК нь удахгүй орон нутагтай зөвшилцөлд хүрнэ, хүлээж бай гэсэн. Ингээд 14 хоногийн дараа ажил үйлчилгээ явуулж болох юм байна гээд үргэлжлүүлэн цооногийг өрөмдсөн. Гэтэл дахин орон нутгийн ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Өөрөөр хэлбэл тухайн орон нутгийн иргэдэд Ж О Ш М-ХХК нь шатдаг занарын хайгуул гэж хэлээгүй гидрогеологийн судалгаа хийнэ гэж тайлбарласнаас үүссэн. Нэхэмжлэгчээс нийт 69.000 ам.долларыг авсан нь үнэн. Б Д- ХХК нь өрөмдлөгийг үргэлжлүүлэх боломжгүй болсон нөхцөл нь цаг уурын хүчин зүйл байсан. Өрөмдлөг нь усаар гол үйл ажиллагаа явагддаг, усгүй бол доошоо цооног өрөмдөх боломжгүй. Манай компани гэрээний үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэхийн тулд хүчин чармайлт гарган ажилласан. Ажиллах явцад өрмийн машин хоёр удаа эвдрэхэд бид өөрсдийнхөө зардлаар Улаанбаатар хотоос шинэ өрөм авчирч цааш өрөмдөх гэж оролдсон. Нэхэмжлэгчээс авсан гэх 69.000 ам.доллар нь зөвхөн өрмийн ажилд зарцуулагдсан. Бидний 53 хоног сул зогссон нь захиалагчийн буруу бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн. Мөн 17 болон 236 метр өрөмдсөн өрөмдлөг нь нэхэмжилж байгаа үнийн дүнд хүрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/02255 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт зааснаар Ж О Ш М-ХХК-иас Б Д- ХХК-д холбогдуулан гаргасан 69.000 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 742.366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 149 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/02255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 742.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба талуудын хоорондын харилцааг буруу дүгнэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Өрмийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хэсэг 2, гэрээний тусгай нөхцөлийн 6-р зүйлд “ГОГАС корпораци энэхүү гэрээнд тусгагдсан ажил үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай түр барилга, байгууламж барихад шаардлагатай эд хөрөнгийн эрхтэй холбоотой зөвшөөрөл, дайран өнгөрөх зөвшөөрөл, засгийн газрын зөвшөөрөл, хөнгөлөлт, нэвтрэх зөвшөөрөл, гарах зөвшөөрөл авахад гарах зардлыг хариуцах, тухайн эд хөрөнгийн найдвартай ашиглалтыг баталгаажуулж, гүйцэтгэгчийг дээр дурдсан нэвтрэх, гарах зөвшөөрөл авах, гадаргуу ашиглалт, барилга байгууламжтай холбоотой аливаа хохирол, нэхэмжлэл, шаардлага, зардал, төлбөр, үйл ажиллагаа, зөвшилцөл, бусад зардлаас чөлөөлөх ба нөхөн төлнө” гэж заасан байдаг. Гэрээнд заасны дагуу “Жени Ойл энд Газ” компани нь шатдаг занараас хийн конденсат гаргах боломжийг тодорхойлох судалгааны ажлын гэрээг Монгол Улсын эрдэс баялаг, эрчим хүчний яамтай байгуулсан. Улмаар 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Усны газар”-аас “Газар доорхи усны эрэл, хайгуулын гидрогеологийн судалгааны ажлын техникийн даалгавар”-ыг баталсан бөгөөд Техникийн даалгавар өгөх үндэслэл нь “Өвөржаргалантын хөндийн шатдаг занарын илрэлийн гидрогеологийн нөхцөлийг тоймчлон судлах” юм. 2012 оны 7 сарын 25-ны өдөр “Монгол Улсын эрдэс баялаг, эрчим хүчний яам”-аас “Төв аймгийн Засаг даргын тамгын газарт” “Жени Ойл энд Газ” компанийн судалгааны ажилд орон нутгийн захиргааны зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлж, холбогдох зөвшөөрөл олгохыг дэмжлэг хүсэж хандсан байдаг. “Жени Ойл энд Газ” компани нь судалгааны ажил явуулах гэрээг байгуулж, холбогдох зөвшөөрлийг авч, нутгийн удирдах байгууллагаас нэвтрэх зөвшөөрлийг авсны үндсэн дээр “Б Д-” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өрөмдлөг хийх газар дээр саадгүй очсон байдаг. Харин “Б Д-” ХХК нь эхний цооногийг өрөмдөж 17 м хүрэх явцад иргэд эсэргүүцэж өрөмдөж чадаагүй байдаг. Энэ нь “Жени Ойл энд Газ” компанийн буруу гэж үзэх үндэслэлгүй бөгөөд иргэдийн буруу ойлголтын үндсэн дээр тулгарсан асуудал юм. Энэхүү асуудлыг хамтдаа шийдвэрлэж сул зогсолтын төлбөрт 19.000 ам.долларыг “Б Д-” ХХК-д төлсөн. Энэ нь гэрээ цуцлагдсантай холбоогүй асуудал юм. Талууд тулгарсан дээрх асуудлыг хамтдаа шийдвэрлэсний дараа “Б Д-” ХХК нь 236 метр цооног өрөмдөөд үргэлжлүүлэх боломжгүй болсон. “Б Д-” ХХК-ийн 2013 оны 02 сарын 01-ний өдрийн гэрээ цуцлах тухай саналд өрмийн машин нь удаа дараа эвдэрч, улмаар өрөмдлөг явагдаж байх явцад аваар гарч өрөмдлөгийг үргэлжлүүлэх боломжгүй болсон" ба цаг агаар болон геологийн хүндрэлийг давж гарч чадахгүй байгаа зэргээс үүдэж гэрээг цуцлах саналтай байгааг илэрхийлсэн байдаг. Гэрээ цуцлагдах болсон үндэслэл нь цаг агаар болон геологийн хүндрэл буюу ермийн машин эвдэрсэн, аваар гарсан гэх шалтгаан юм. “Б Д-” ХХК-ийн гэрээ цуцлах санал болон өрмийн машин нь эвдэрч, аваар гарах хүртэл 236 метр цооног өрөмдөхөд иргэд болон нутгийн захиргааны байгууллагаас саад болоогүйгээс дүгнэж үзвэл гэрээ цуцлагдах болсон үндэслэл нь Жени Ойл энд Газ компани, түүний зөвшөөрөл авах үүргээс шалтгаалаагүй нь харагдаж байна.

“Өрмийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 1-р хэсэг ерөнхий нөхцөл, 3-р зүйлд гүйцэтгэгчийн өгөх батламж амлалт “(а) Гүйцэтгэгч нь дараах зүйлийг амлаж, батламжилж байна. үйлчилгээг сайн чанар болон загвартайгаар, саатал, зогсолтгүйгээр үзүүлэх бөгөөд гарсан саатал, зогсолт, тасралт нь гэрээний 12-р зүйлд заасан давагдашгүй хүчин зүйлийн улмаас байх болно, (б) Үйлчилгээг мэргэжлийн техникч, инженерүүд хийж гүйцэтгэнэ, (в) Үйлчилгээг энэ гэрээний шаардлагын дагуу хийж гүйцэтгэнэ. ГОГАС-тай өөрөөр тохироогүй бол гүйцэтгэгч нь үйлчилгээг хийж гүйцэтгэхэд ашиглах материал, эд зүйл болон тоног төхөөрөмж нь холбогдох хууль тогтоомж, салбарын стандартад нийцсэн чанартай байгаа гэдгийг амлаж, батламжилж байна” 7-р зүйл гүйцэтгэгчийн хариуцах даатгал “Энэхүү гэрээний хүрээнд гүйцэтгэгч дараах даатгалын үүрэг хүлээнэ. Үүнд: 12. “Гүйцэтгэгчийн эд хөрөнгийн даатгал. Гүйцэтгэгч өөрийн эд хөрөнгийг алдагдал, хохирлоос сэргийлэх зорилгоор өөрийн өртөг зардлаар тохиромжтой даатгалд хамруулах” гэж тус тус гэрээгээр зохицуулсан байдаг. Гэрээний дээрх заалтаар зохицуулсны дагуу давагдашгүй хүчин зүйлийн улмаас л гарах саатал, зогсолтыг нь хүлээн зөвшөөрөх бөгөөд “Б Д-” ХХК-ийн өрмийн машин эвдрэх, аваар гарсан зогсолтыг ГОГАС хариуцахгүй, гэрээний дагуу эд хөрөнгийн хохирлоо Б Д- ХХК өөрөө хариуцахаар гэрээнд заасан. Хариуцагч “Б Д-” ХХК нь цаг агаар болон геологийн хүндрэлийн улмаас гэрээг цуцалж байна гэж тайлбарладаг. Тодруулбал геологи хайгуулын ажилд мөрдөх аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм Геологийн үйлдвэрлэлийг зогсоох үндэслэл суурин өрөмдлөгийн үед үргэлжилсэн цасан шуургатай, хүйтний градус хасах 5-с бууж сальникийн шингэн явц дундаа хөлдөж байвал ажлыг зогсооно гэж заасны дагуу өвлийн улиралд өрөмдлөг явуулах боломжгүй учраас гэрээг цуцалсан гэж тайлбарладаг. 2015 оны 12 сарын 22-ны өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу 2016 оны 10 сарын 12-ны өдрийн “Шинжээчийн баг томилох тухай” тушаалын дагуу гаргасан 2017 оны 01 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд Төв аймгийн Дэвсэнгийн хөндий геологийн тогтцын хувьд энгийн, харьцангуй зөөлөн хурдас чулуулагтай, өрөмдлөгийн үед цооногийн хана нурах өрмийн сум гацах зэрэг хүндрэлүүд гарч болох боловч өрөмдөгчдийн ур чадвар чухал үүрэгтэй, өрөмдлөгийн технологийг хэрхэн зөв сонгож ажилласнаас ихээхэн хамааралтай байдаг. “Б Д-” ХХК-ний өрөмдлөгийн ажил хийж байсан үеийн цаг агаарын нөхцлийн хувьд 2012 оны 10 сараас 2013 оны 02 сар хүртэл хугацаанд өвлийн хүйтэнд өрөмдлөгийн ажил хийхэд ус хөлдөх зэрэг хүндрэл гардаг ч энэ нь ажлаа зогсоох, гэрээгээ цуцлах хэмжээнд хүргэх гол шалтгаан болохгүй юм. Монголд төдийгүй дэлхийн янз бүрийн улс оронд хүйтний улиралд өрөмдлөгийн ажил хийх нь ердийн зүйл юм. Эцэст нь өрөмдөгчдийн хүйтний улиралд цооног ерөмдөх арга туршлага, өрөмдлөгийн үед гардаг ус алдах, цооногийн хана нурах, өрмийн сум гацах зэрэг хүндрэлүүдийг арилгах ур чадвараас өрөмдлөгийн ажил ихээхэн хамааралтай байдаг” гэж дүгнэсэн байдаг. Мөн 1997 оны 12 сарын 25-ны өдрийн Монгол Улсын Хөдөө аж ахуй үйлдвэрийн сайдын А/272 дугаартай “Зарим тушаал, тушаалын заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” тушаалын хавсралтын “Цаашид өөрчилж мөрдөх шаардлагатай боловч архив, хувь хүмүүст хадгалагдаж үлдээгүй одоогоор олдохгүй байгаа дүрэм журам зааврын жагсаалт"-ын 3-т “Геологи, хайгуулын ажилд мөрдөх аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм” багтсан байдаг.

“Эрдэнэдрийлинг” ХХК нь 2013 оны 02 сараас 04 сар хүртэлх хугацаанд өрөмдлөг хийсэн бөгөөд “Цаг уур, орчны шинжилгээний газар”-с 2017 оны 3 сарын 21-ний өдөр ирүүлсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллээр “Эрдэнэдрийлинг” ХХК-ийн өрөмдсөн хугацааны хүйтний хэм болон “Б Д-” ХХК-ийн өрөмдлөг хийж байсан хугацааны хүйтний хэм нь хоорондоо ялгаагүй байдаг. Иймд өвлийн улиралд өрөмдлөг явуулах боломжтой, хориглосон дүрэм журам байхгүй тул дээрх үндэслэлээр “Б Д-” ХХК-ийн гэрээ цуцалсан нь үндэслэлгүй. Сул зогсолтын төлбөр болгон 19.000 долларыг төлж, цаашид 2 дахь цооногийг хэвийн өрөмдөх боломжийг бүрдүүлж өгсөн байх тул гэрээг цуцлах болсонд “Жени ойл энд Газ” компани нь буруугүй бөгөөд “Б Д-“ ХХК нь өрөмдлөг явуулж чадалгүй, өрмийн машинаа эвдэж, аваар гаргасандаа өөрөө гэм буруутай учир анхан болон давж заалдах шатны шүүхээс гэрээг цуцлагдахад хариуцагч гэм буруугүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.4 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцлагдсан гэж дүгнэдэг. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-т заасны дагуу гэрээг цуцлахын тулд ажил гүйцэтгэгч нь өөрөө гэм буруугүй эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй байхаар зохицуулсан байна. Цаг агаарын хүндрэл нь үндэслэлгүй байх бөгөөд өвлийн улиралд өрөмдлөгийн ажил явуулах боломжтой, хариуцагчийн үндэслэл болгож буй Геологи хайгуулын ажилд мөрдөх аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, хүчингүй болсон дүрэм байх тул "Б Д-” ХХК-д хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон гэх үндэслэл байхгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-т заасны дагуу гэрээг цуцлагдсан гэж дүгнэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. “Өрмийн үйлчилгээ үзүүлэх гэрээ” нь бусад гэрээнээс онцлогтой гэрээ. “Өрмийн үйлчилгээ үзүүлэх гэрээ”-нд заасан 500 м цооногийг каротаж хийх зорилгоор өрөмдөж хүлээлгэн өгснөөр ажлын үр дүн бий болдог. Учир нь ажлын үр дүн болох 500 м гүн цооног өрөмдөж чадалгүй дутуу өрөмдөөд орхивол тухайн цооногийг үргэлжлүүлэн өрөмдөх боломжгүй байдаг. Хариуцагч “Б Д-" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Оюунболдоос дутуу өрөмдсөн цооногийг үргэлжлүүлэн өрөмдөж болох уу гэж асуухад тэрээр "дутуу өрөмдөөд орхисон цооногоос өрмийг буцаан авдаг учраас өөр компани үргэлжлүүлэн өрөмдөх боломжгүй байдаг, боломжтой байсан хэдий ч өрөмддөггүй гэж хариулсан" байдаг. “Б Д-” ХХК-ийн дутуу өрөмдсөн цооногийг үргэлжлүүлэн өрөмдөх боломжгүй буюу гэрээнд заасан захиалгыг өөр байдлаар хангах боломжгүй учир “Б Д-” ХХК нь гэрээг цуцлах эрхгүй байна. “Б Д-” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учир Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасны дагуу гэрээ цуцлагдаж, Ж О Ш М-ХХК нь учирсан хохирлоо шаардаж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл, талуудын хоорондын харилцааг зөв тодорхойлоогүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасны дагуу үнэлээгүй, мөн хуулийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шүүхийн шийдвэр байх тул анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т заасныг үндэслэн “Б Д-” ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас гэрээг цуцалж түүнээс учирсан хохирол болох “Б Д-” ХХК-д төлсөн гэрээний урьдчилгаа төлбөр 40.000 ам.доллар буюу 67.758.400 төгрөг, тээвэрлэлтийн зардал 10.000 ам.доллар буюу 16.939.600 төгрөг, сул зогсолтын төлбөр 19.000 ам.доллар буюу 32.185.240 төгрөг нийт 116.883.240 төгрөгийг “Б Д-” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалд дараахь үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн  хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж О Ш М-ХХК хариуцагч Б Д- ХХК-д холбогдуулж гэрээ цуцалснаас үүссэн хохиролд 69.000 ам.доллар гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...авсан хөлс гүйцэтгэсэн ажилд зарцуулагдсан, цаг агаар, геологийн нөхцлөөс шалтгаалж гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй...” гэж маргажээ.

Ж О Ш М-ХХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар АНУ-ын хуулийн этгээд, Жени ойл энд Газ инк /Genie Oil and Gas Ink/ корпорацийн шаардах эрхийг шилжүүлэн авч нэхэмжлэл гаргасан нь тогтоогдсон тул нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж шүүх үзсэн нь хууль зөрчөөгүй байна.

Жени ойл энд Газ инк /Genie Oil and Gas Ink/ корпораци нь Улаанбаатар хотын төлөөлөгчийн газраар дамжуулан Б Д- ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өрөмдлөгө хийх гэрээ байгуулсан ба зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх хэргийн баримтад үндэслэн дүгнэжээ.

Гэрээний дагуу ажил гүйцэтгэгч Б Д- ХХК нь Жени ойл энд Газ инк /Genie Oil and Gas Ink/ корпорацийн захиалгаар Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт захиалагчийн геологийн талбайд 500 м гүн 2 цооног өрөмдөх ажил гүйцэтгэхээр  болж, харилцан тохиролцсны дагуу урьдчилгаа хөлс 40.000 ам.доллар, тээвэрлэлтийн зардалд 10.000 ам.доллар төлсөн, ажлыг гүйцэтгэж эхлэхэд нутгийн иргэдийн эсэргүүцлээс шалтгаалж эхний 17 метрийн өрөмдлөг үргэлжлэх боломжгүй, 53 хоногийн сул зогссон, энэхүү хугацааны хохиролд захиалагч нийт 19.000 ам.долларыг ажил гүйцэтгэгчид төлсөн, ажлыг шинээр эхлэж нэг цооногийг 236 метр өрөмдсөн боловч 2012 оны 12 дугаар сард ажил зогссон, ажил гүйцэтгэгчийн ажлыг үргэлжлүүлэх боломжгүй, гэрээг цуцлах талаархи саналыг захиалагч 2013 оны 2 дугаар сард хүлээн авснаар гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

Нэхэмжлэгч, ажлын үр дүн гараагүйд хариуцагч буруутай тул шилжүүлсэн төлбөрийг хохиролд тооцож гаргуулна гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсныг анхан шатны шүүх, нэхэмжлэгч гэрээг цуцалснаас учирсан хохирол бус гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаан нэхэмжилсэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Гэрээ цуцлагдсан үндэслэл шалтгааныг зохигч 2 өөрөөр тайлбарласан байна.

Хариуцагч цаг агаарын болон геологийн нөхцөл байдлаас ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон гэснийг нэхэмжлэгч үгүйсгэж, тус компанийн техникийн хүчин чадал болон ажилчдын ур чадвараас шалтгаалж ажлын үр дүн гараагүй гэжээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байна.

Талууд гэрээг 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан ба гэрээний хугацаа талууд гэрээнд гарын үсэг зурснаар эхэлж, өрөмдлөгийн ажлыг дуусгасан байна гэж захиалагчийн ерөнхий геологич тодорхойлсон өдөр хүртэл үргэлжлэхээр заасан боловч ажил гүйцэтгэгч 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээг цуцлах тухай албан бичгийг хүргүүлсэн байна.

Хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзаж болох эсхүл гэрээний аль нэг талын үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчлийн улмаас нөгөө талын санаачилгаар гэрээг цуцалж болохыг Иргэний хуульд заажээ.

Нэхэмжлэгч буюу захиалагчийн үүрэг зөрчснөөс ажил гүйцэтгэгч  үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй байна.

Нутгийн иргэдийн эсэргүүцлээс шалтгаалж ажил гүйцэтгэх боломжгүй хугацаа сунжирсан боловч сул зогссны дараа буюу 2012 оны 11 дүгээр сард ажлыг шинээр эхлэхийг гэрээний талууд хэн аль нь татгалзаагүй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д “өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй”  гэж заажээ.

Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэхийг Иргэний хуулийн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т зохицуулсан байна.

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээнээс татгалзсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Ажил гүйцэтгэх хугацаа хойшлогдсон хэдий ч хүйтэрснээс ажил гүйцэтгэх боломжгүй болсон, тоног төхөөрөмж эвдэрсэн, өөрийн бүх бололцоогоор ажлыг гүйцэтгэхийг зорьсон, ажил гүйцэтгэх хугацааг хойшлуулах зэрэг боломжит арга хэмжээг авах шаардлагагүй, цаашид ажил гүйцэтгэхэд хохиролтойгоос гэрээг цуцлахаас өөрөөр шийдвэрлэх боломжгүй байсан гэх үндэслэлээ хариуцагч нотлоогүй байна.

Гэрээнд ажлын гүйцэтгэлийг өдөр бүр захиалагчийн инженер хүлээн авахаар талууд тохиролцсон боловч ажлын үр дүн нь 500 метр 2 цооног өрөмдөх ажил ба ажил гүйцэтгэгчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан, цаашид тухайн гүйцэтгэсэн буюу 236 метр өрөмдсөн цооногийг дахин ашиглах боломжгүйг 2 тал харилцан зөвшөөрчээ.

Иймд ажлын үр дүн гараагүй, нэхэмжлэгч бусдаар буюу Эрдэнэдрийлинг ХХК-тай гэрээ байгуулж дахин 2 цооног өрөмдүүлэхээр гэрээ байгуулсан, уг компани 450 метр болон 700 метр 2 цооног өрөмдөн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5-д гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдолоо алдвал түүнийг нэгэн адил цуцлана. Ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилнэ”, 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”  гэж заасан байна.

Иймээс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил захиалагчид ашиг сонирхолтой гэж үзэх боломжгүй, ажлыг шинээр эхнээс нь гүйцэтгүүлсэн нь түүнд учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй. Иймд ажлын хөлсний урьдчилгаанд төлсөн төлбөрийн зарим хэсгийг гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин хоёр шатны шүүх тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардалд төлсөн 10.000 ам.доллар, хариуцагчаас үл шалтгаалах шалтгаанаар сул зогсолтын хохиролд 19.000 ам.доллар төлснийг нэхэмжлэгч хохирол гэж үзэн шаардах эрхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Түүнчлэн эхний буюу 17 метр цооног өрөмдсөн, тухайн ажил нутгийн иргэдийн эсэргүүцлээс шалтгаалж зогссон, цооногийг цаашид ашиглах боломжгүй болсонд хариуцагч гэм буруугүй тул түүнд гарсан зардал буюу нэг метрийг 165 ам.доллараар тооцож нийт 2805 ам.долларыг урьдчилгаанд шилжүүлсэн мөнгөнөөс хасч тооцох боломжтой байна. Дээр дурдснаас дүгнэхэд 37.195 ам.доллар буюу 63.006.842 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэн энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар магадлалын 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/02255 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар  Б Д- ХХК-с 63.006.842 төгрөгийг гаргуулж Ж О Ш М-ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 53.876.398 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтад “...хэвээр үлдээсүгэй.” гэснийг “...хэвээр үлдээж, хариуцагчаас 427.332 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 742.400 төгрөг төлснийг шүүгчийн захиарамж гарган буцаан олгосугай.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                      ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ