Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 72

 

 “ЖОШМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/02255 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ЖОШМ” ХХК

Хариуцагч “БД” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, хохиролд 69 000 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О

Хариуцагчийн төлөөлөгч Д.О

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

            Нэхэмжлэгч “ЖОШМ” ХХК-ийн төлөөлөгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Усны газраас холбогдох зөвшөөрлийг авч, уг ажлын хүрээнд “БД” ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өрмийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний гүйцэтгэгч тал “БД” ХХК-иар 500 метр гүн 2 өрмийн цооногийг өрөмдүүлэхээр харилцан тохиролцож, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээний урьдчилгаанд 40 000 ам.доллар, тээвэрлэлтийн зардалд 10 000 ам.доллар, сул зогсолтын төлбөрт 19 000 ам.доллар, нийт 69 000 ам.долларыг шилжүүлсэн. Гэтэл “БД” ХХК нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр цаашид геологи болон цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүргээ биелүүлэх боломжгүй болсноо хүлээн зөвшөөрч, гэрээг цуцлах саналыг манай компанид ирүүлсний дагуу гэрээ цуцлагдсан. Иргэний хуулийн 355 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргийг зөрчсөний улмаас талууд гэрээг цуцалсан тохиолдолд гэрээ цуцалсантай холбоотой хохирлыг нөгөө тал нэхэмжлэх эрхтэй байхаар зохицуулсан.

            Дээрх гэрээгээр “ЖОШМ” ХХК нь гэрээнд заасан ажлын үр дүнг авах ёстой байсан боловч “БД” ХХК-нь ажлын үр дүн гаргаагүй, ажил гүйцэтгэх явцад гэрээг цуцалсны улмаас “Эрдэнэдрийлинг” ХХК-тай гэрээ байгуулж, төлбөр төлж шинээр тус бүр 2 цооног өрөмдүүлсэн. Хариуцагч компани үүргээ гүйцэтгээгүй буюу 500 метр цооног өрөмдөхөөс 236 метр цооног өрөмдсөн нь нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

            Хохирол гэдэг нь ашиггүй өөрчлөлтийн үр дүн байдаг учир “БД” ХХК-д төлсөн төлбөрийг хохиролд тооцох боломжтой тул гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас ажил гүйцэтгүүлэхэд гаргасан зардал буюу 69 000 ам.долларыг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

            Хариуцагч “БД” ХХК-ийн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тухайн орон нутгийн болон холбогдох бүх бичиг баримтыг зохицуулахаар, ямар нэгэн саад учруулахгүй байхаар тус тус заасан. Гэвч тухайн ажил үйлчилгээ явуулах газар дээр очиход орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч 50 хоног хүлээсэн. Эхний ээлжинд 17 метр гүн өрөмдөж байхад нутгийн ард иргэд бослого гаргаж талбайг чөлөөлж өгөхгүй байсан бөгөөд цооног руу мод чулуу хийж тагласан. “ЖОШМ” ХХК нь удахгүй орон нутагтай зөвшилцөлд хүрнэ, хүлээж бай гэсэн. Ингээд 14 хоногийн дараа ажил үйлчилгээ явуулж болох юм байна гээд үргэлжлүүлэн цооногийг өрөмдсөн. Гэтэл дахин орон нутгийн ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Өөрөөр хэлбэл тухайн орон нутгийн иргэдэд “ЖОШМ” ХХК нь шатдаг занарын хайгуул гэж хэлээгүй гидрогеологийн судалгаа хийнэ гэж тайлбарласнаас үүссэн. Эхний ээлжинд нэхэмжлэгчээс бид 40 000 ам.долларыг урьдчилгаанд авсан. Тээвэрлэлтийн зардалд 10 000 ам.доллар, сул зогсолтын 19 000 ам.доллар, нийт 69 000 ам.долларыг авсан нь үнэн. “БД” ХХК нь өрөмдлөгийг үргэлжлүүлэх боломжгүй болсон нөхцөл нь цаг уурын хүчин зүйл байсан. Өрөмдлөг нь усаар гол үйл ажиллагаа явагддаг, усгүй бол доошоо цооног өрөмдөх боломжгүй. Хүйтний эрч чангарч, цасан шуургатай байсан. Манай компани гэрээний үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэхийн тулд хүчин чармайлт гарган ажилласан. Ажиллах явцад өрмийн машин хоёр удаа эвдрэхэд бид өөрсдийнхөө зардлаар Улаанбаатар хотоос шинэ өрөм авчирч цааш өрөмдөх гэж оролдсон. Нэхэмжлэгчээс авсан гэх 69 000 ам.доллар нь зөвхөн өрмийн ажилд зарцуулагдсан. Бидний 53 хоног сул зогссон нь захиалагчийн буруу бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн. Мөн 17 болон 236 метр өрөмдсөн өрөмдлөг нь нэхэмжилж байгаа үнийн дүнд хүрч байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт зааснаар “ЖОШМ” ХХК-иас “БД” ХХК-д холбогдуулан гаргасан 69 000 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 742 366 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь хариуцагч "БД" ХХК гэрээнд заасан үүргээ зөрчиж, зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас "Э" ХХК-тай ижил төрлийн гэрээ байгуулан өрөмдлөгийн ажил хийлгүүлсэн. "Э" ХХК нь 500 метр, 700 метр гүн цооногийг тус тус өрөмдөж, хүлээлгэн өгсөн.

Өрмийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нь бусад гэрээнээс онцлогтой гэрээ бөгөөд уг гэрээнд заасан 500 метр цооногийг каротаж хийх зорилгоор өрөмдөж хүлээлгэн өгснөөр ажлын үр дүн бий болдог. Учир нь ажлын үр дүн болох 500 метр гүн цооног өрөмдөж чадалгүй дутуу өрөмдөөд орхивол тухайн цооногийг үргэлжлүүлэн өрөмдөх боломжгүй. "БД" ХХК нь гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөний улмаас "БД" ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгүй болсон учир гэрээг цуцалж, "Э" ХХК-иар дахин гүйцэтгүүлж, дахин зардал гарсан байх тул "БД" ХХК-д төлсөн урьдчилгаа төлбөр 40 000 ам.доллар, тээвэрлэлтийн зардал 10 000 ам.доллар, сул зогсолтын төлбөр болох 19 000 ам.доллар, нийт 69 000 ам.долларыг хохиролд тооцож нэхэмжилсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Мөн "БД" ХХК нь 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээг цуцлах тухай саналыг хүргүүлсэн. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцлахын тулд ажил гүйцэтгэгч нь өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй байхаар зохицуулсан. Хариуцагч "БД" ХХК нь цаг агаар болон геологийн хүндрэлийн улмаас гэрээг цуцалж байна гэж тайлбарладаг. Тодруулбал, геологи хайгуулын ажилд мөрдөх аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм геологийн үйлдвэрлэлийг зогсоох үндэслэл суурин өрөмдлөгийн үед үргэлжилсэн цасан шуургатай, хүйтний градус хасах 5 хэмээс бууж сальникийн шингэн явц дундаа хөлдөж байвал ажлыг зогсооно гэж заасны дагуу өвлийн улиралд өрөмдлөг явуулах боломжгүй учраас гэрээг цуцалсан гэж тайлбарладаг. 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн баг томилох тухай тушаалын дагуу гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “ ... Төв аймгийн Дэвсэнгийн хөндий геологийн тогтоцын хувьд энгийн, харьцангуй зөөлөн хурдас чулуулагтай, өрөмдлөгийн үед цооногийн хана нурах өрмийн сум гацах зэрэг хүндрэлүүд гарч болох боловч өрөмдөгчдийн ур чадвар чухал үүрэгтэй, өрөмдлөгийн технологийг хэрхэн зөв сонгож ажилласнаас ихээхэн хамааралтай байдаг. "БД" ХХК-ийн өрөмдлөгийн ажил хийж байсан үеийн цаг агаарын нөхцлийн хувьд 2012 оны 10 дугаар сараас 2013 оны 02 дугаар cap хүртэл хугацаанд өвлийн хүйтэнд өрөмдлөгийн ажил хийхэд ус хөлдөх зэрэг хүндрэл гардаг боловч энэ нь ажлаа зогсоох, гэрээгээ цуцлах хэмжээнд хүргэх гол шалтгаан болохгүй. Монголд төдийгүй дэлхийн янз бүрийн улс оронд хүйтний улиралд өрөмдлөгийн ажил хийх нь ердийн зүйл юм. Иймд өрөмдөгчдийн хүйтний улиралд цооног өрөмдөх арга туршлага, өрөмдлөгийн үед гардаг ус алдах, цооногийн хана нурах, өрмийн сум гацах зэрэг хүндрэлүүдийг арилгах ур чадвараас өрөмдлөгийн ажил ихээхэн хамааралтай байдаг" гэж дүгнэсэн. Мөн 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Монгол Улсын Хөдөө аж ахуй үйлдвэрийн яамны сайдын А/272 дугаартай зарим тушаал, тушаалын заалтыг хүчингүй болсонд тооцох тухай тушаалын хавсралтыг цаашид өөрчилж мөрдөх шаардлагатай боловч архив, хувь хүмүүст хадгалагдаж үлдээгүй одоогоор олдохгүй байгаа дүрэм, журам зааврын жагсаалтын 3-т геологи, хайгуулын ажилд мөрдөх аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм багтсан. "Эрдэнэдрийлинг" ХХК нь 2013 оны 02 сараас 4 cap хүртэлх хугацаанд өрөмдлөг хийсэн бөгөөд Цаг уур, орчны шинжилгээний газраас 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллээр "Эрдэнэдрийлинг" ХХК-ийн өрөмдсөн хугацааны хүйтний хэм болон "БД" ХХК-ийн өрөмдлөг хийж байсан хугацааны хүйтний хэм нь хоорондоо ялгаагүй байдаг. Иймд ажил гүйцэтгэгч "БД" ХХК-ийн цаг агаарын хүндрэлийн улмаас гэрээг цуцлах болсон нь хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн шүүх нэхэмжлэгчийн ажлыг хүлээн авах үүргээ биелүүлээгүй бөгөөд ажил гүйцэтгэгч ажлыг хийж гүйцэтгэсэн мэтээр хийсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Өрмийн үйлчилгээ үзүүлэх гэрээний Ерөнхий нөхцлийн 5 дугаар зүйл ажил үйлчилгээг хүлээн авах хэсэгт эцсийн байдлаар хүлээн авах гэдэг нь хийсэн ажил үйлчилгээг бүхэлд нь ГОГАС-т шилжүүлэн өгөхийг хэлнэ гэж заасан. Өрөмдлөгийн явцад гарсан дээж нь ажлын үйл явцын тайлан байх бөгөөд өдөр бүрийн ажлын тайлангийн шинжтэй байсан. Тухайн дээж нь ажлын үр дүн биш бөгөөд ажлын үр дүн нь цооногийг геофизикийн каротаж хийхэд тохиромжтой болгох зорилгоор ойролцоогоор 500 метр гүнд өрөмдөх байсан. Гэтэл "БД" ХХК нь хамгийн гүндээ 236 метр өрөмдөөд, цаашид гэрээнд заасан үүргээ биелүүлж чадаагүй байна. Хариуцагчийн зүгээс гэрээнд заасан ажлын үр дүнд хүрч чадаагүй тул ажлын үр дүнг хүлээн авах үүрэг нэхэмжлэгчид үүсээгүй байна. Ингэхдээ ажлын үр дүнг хүлээн аваагүй учир ажлын үр дүнгийн доголдлын талаарх асуудал яригдахгүй юм. Өрмийн үйлчилгээ үзүүлэх гэрээний хавсралт 2-т үнэ төлөх хуваарь 2 дахь хэсгийн а-д заасан үнэлгээ нь 0-500 метр хүртэлх метр тус бүрийн үнэлгээ болон цааш үргэлжлүүлэн өрөмдсөн тохиолдолд 500-800 метр хүртэл метр тус бүрийн үнэлгээг тогтоосон. "БД" ХХК нь 236 метр өрөмдөөд гэрээнд заасан үүргээ зөрчиж, зохих ёсоор гүйцэтгээгүй байхад төлбөр төлнө гэх тохиролцоо биш бөгөөд энэхүү гэрээ нь өөрийн онцлогтой. Гэрээнд заасан хүссэн үр дүн нь 500 метр байх бөгөөд тус гүнд хүрч чадаагүй тохиолдолд ямар ч ажлын үр дүн үүсэхгүй юм. Өөрөөр хэлбэл "БД" ХХК-ийн өрөмдсөн 236 метр цооногийг үргэлжлүүлэн өрөмдөх боломжгүй ба дахин шинээр өрөмдөх шаардлага гарч ирдэг. Үүний дагуу "Эрдэнэдрийлинг" ХХК-тай гэрээ байгуулан, дахин зардал, төлбөр гаргаж шинээр 500 метр болон 700 метр цооногийг өрөмдүүлсэн.

Иймд "БД" ХХК нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас ажлын үр дүнд хүрч чадаагүй тул нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авах үүрэггүй бөгөөд 236 метр өрөмдсөн цооногийг 1 метр тутамд 165 ам.доллараар тооцож төлбөр төлөх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг буруу дүгнэж тайлбарласан байна. Мөн түүнчлэн шинжээчийн дүгнэлтүүд нь хариуцагчийн гэрээнд заасан үүргээ зөрчсөнийг нотлох хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд байх тул шинжээчийн дүгнэлтийг ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг зөв дүгнэж тодорхойлоогүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “ЖОШМ” ХХК нь хариуцагч “БД” ХХК-иас гэрээний үүргээ ноцтой зөрчсөний улмаас гэрээг цуцалсантай холбоотой хохиролд 69 000 ам.доллар гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчид, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өрмийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагч “БД” ХХК нь 500 метр гүн, 2 цооногийг алмаазан болон гидрогеологийн өрөмдлөгийн аргаар өрөмдөх, нэхэмжлэгч тал ажлын хөлсөнд 110 330 ам.доллар төлөх үүрэг хүлээсэн байна. Гэрээний дагуу нэхэмжлэгчээс хавсралт 2-ын 2д-ийн 1, 2-т заасны дагуу ажлын хөлсний урьдчилгаанд 40 000 ам.доллар, тээвэрлэлтийн зардалд 10 000 ам.доллар төлсөн үйл баримтад талууд маргаагүй. Харин гэрээний үүрэг ноцтой зөрчигдсөн, гэрээ цуцлагдсанд ажил гүйцэтгэгч болон захиалагч талын аль нь буруутайд маргаж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “... орон нутгийн зохих байгууллагаас өрөмдлөгийн зөвшөөрөл аваагүйн улмаас хугацаа хойшилж хэт хүйтний улирал эхэлсэн, ... цооногийг 17 метр ухах үед орон нутгийн иргэд ажлыг зогсоон, цооногт чулуу шороо хийж, үргэлжлүүлэн өрөмдөх боломжгүй болсон ...” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байх тул үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь шаардах эрхтэй. Маргалдагч талууд гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг PQ хэмжээтэй кернийн өрөмдлөгийг ойролцоогоор 5 өдөр, HQ хэмжээтэй кернийн өрөмдлөгийг ойролцоогоор 9 өдөр гүйцэтгэхээр тохиролцсон байна. /1хх-40 ар тал/

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбараас үзвэл хариуцагч нь үүргээ гүйцэтгэхээр 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэрээнд заасан өрөмдлөгийн талбайд техник хэрэгсэл, ажилтнууд бэлэн байсан боловч нэхэмжлэгчийн гэрээний 2 дугаар хэсгийн тусгай нөхцлийн 6 дахь заалтаар хүлээсэн үүргийн биелэлт удааширснаас 54 хоног сул зогсож, гэрээгээр тохирсон хугацаанд ажлаа гүйцэтгэж чадаагүй, 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс ажил эхэлж 1 цооногийг 17 метр, нөгөө цооногийг 236 метр өрөмдөөд цаашид үргэлжлүүлэх боломжгүй болж ажил зогсчээ. /1хх-34, 59, 64 дүгээр тал/ Энэ талаар хариуцагчаас нэхэмжлэгч компанид албан бичгээр мэдэгдэж, гэрээг цуцлах саналыг 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч мөн өдөр “Эрдэнэдрийлинг” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь тогтоогдож байна. /1хх-61-62 дугаар тал, 96-110 дугаар тал/ Мөн нэхэмжлэгч “ЖОШМ” компани өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрч, хариуцагч талд сул зогсолтын төлбөрт 19 000 ам.доллар төлжээ.

Дээрхээс дүгнэхэд гэрээ цуцлагдахад хариуцагч гэм буруугүй гэж үзэхээр байх ба анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гүйцэтгэсэн ажлын хөлсийг талуудын гэрээгээр тохиролцсон үнэлгээний дагуу тооцон, нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрт дүйцсэн гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.4 дэх хэсэгт нийцэж байна.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлт нь тухайн цаг хугацаанд болсон үйл баримтыг тогтоож чадахгүй тул шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүйг буруутгах боломжгүй юм.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2017/02255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 742 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

                        ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

                                                                                    Ч.ЦЭНД