Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/00633

 

М.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/02723 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаар магадлалтай,

М.Т-ийн нэхэмжлэлтэй,

Ө М- ХХК-д холбогдох,

Гэрээнээс татгалзсаны үр дагавар болох 11.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч М.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Ө М- ХХК-ийн захирал А.Эрдэнэтөгстэй Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 37 дугаар байрны доор байрлах авто зогсоолыг 25.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа төлбөрт нийт 11.500.000 төгрөгийг төлсөн. Гэтэл 2016 оны 3 дугаар сард 37 дугаар байрыг барьсан гүйцэтгэгч гэх Жиашида ХХК-ийн захирал С.Эрдэнэ гэгч уг зогсоолд тавьдаг бүх машиныг хөөн гаргаж, тус зогсоолыг дахин ашиглах боломжгүй болсон. Энэ тухай А.Эрдэнэтөгсөд мэдэгдэж байсан ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хандаж, хохирлоо барагдуулахаар гомдол гаргасан боловч дүүргийн Прокурорын газраас тухайн асуудлыг гэмт хэргийн шинжгүй, эд хөрөнгийн маргаантай асуудал гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

А.Эрдэнэтөгс нь хохирлоо барагдуулахаа илэрхийлсэн ямар нэгэн бодит үйлдэл хийгээгүй бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12/17 дугаар албан бичгээр уг зогсоолын асуудлаар хамтарсан компанитай маргаан үүсгэсэн тул уг маргааныг шийдвэрлэх хүртэл түр хугацаанд хүлээнэ үү. Маргаан шийдэгдсэний дараа урьдчилж төлсөн төлбөрөө буцаан авах, эсвэл тус байрны доор байрлах зогсоолыг үлдэгдэл 13.500.000 төгрөгийг төлж авах эрхтэй болно гэсэн хариуг өгсөн боловч одоог хүртэл уг төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд, миний хувьд 37 дугаар байранд ямар нэгэн зогсоол ашиглаагүй байна. Иймд Ө М- ХХК-иас урьдчилгаа төлбөрт төлсөн 11.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/02723 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө М- ХХК-иас 11.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Т-ид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 198.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/02723 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг гэснийг 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө М- ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 198.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч “Ө М-” ХХК-иас авто зогсоол худалдаж авахаар тохиролцсоны урьдчилгаа төлбөрт төлсөн нийт үнэ болох 11.500.000 төгрөг гаргуулах гэх буюу маргааны хариуцагчаар "Ө М-" ХХК-ийг тодорхойлсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй" хэмээн тодорхойлж өгсөн. “Ө М-” ХХК-ийн хууль ёсны удирдлага нь 2017 оны 6 дугаар сард солигдож өмнөх захирал А.Эрдэнэтөгс нь ажлаас гарч Н.Амгаланбаатар болсон. Гэвч анхан шатны шүүхээс хариуцагч “Ө М-” ХХК-д нэхэмжлэлийг гардуулаагүй ба тус компанийн албан ёсны хаягаар шүүхэд маргаан үүссэн талаар нэг ч баримт ирээгүй байдаг. Гэтэл тус компанид ямар нэгэн хамааралгүй болсон этгээд буюу зохигч биш иргэн А.Эрдэнэтөгс гэгчид нэхэмжлэлийг гардуулж, шүүх хурлын товыг мэдэгдсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, “Ө М-” ХХК-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан үндсэн эрхүүдээ эдлэх боломжоор хангаагүй. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч М.Т- нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 37 дугаар байрны доор байрлах авто зогсоолыг хариуцагч “Ө М-” ХХК-иас 25.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож М.Т- урьдчилгаа 11.500.000 төгрөгийг “Ө М-” ХХК-д төлсөн олох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч байгууллагын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12/17 тоот “тодорхойлолт гаргах тухай” албан бичиг, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5183 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” Прокурорын тогтоол, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 564 тоот хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудаар тогтоогдсон байна” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь иргэн М.Т-той “үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах” гэрээ хийсэн болон дээрх шүүхийн шийдвэрт дурдсан албан тоот явуулсан материал манай байгууллагын архивд байхгүй байгаа бөгөөд Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйл ажиллагаанаас болж хэргийн оролцогч “Ө М-” ХХК-нд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй байтал анхан шатны шүүх хэтэрхий нэг талын баримтыг үндэслэн шийдвэрлэж байгаа нь хууль бус хэмээн үзэж байна. Мөн шүүхийн дээрх хариуцлагагүй үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-т заасныг зөрчсөн.

Давж заалдах шатны шүүхээс “...Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгч А.Эрдэнэтөгсд нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны едөр гардуулан өгч тайлбар гаргах хугацааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар 14 хоногийн хугацааг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүргийг тайлбарласан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.2-т “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж заасан. Иргэн А.Эрдэнэтөгс нь “Ө М-” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд ба А.Эрдэнэтөгсд манай компаниас ямар нэгэн төлөөлөх эрх олгоогүй, энэ талаар хавтаст хэрэг баримт авагдаагүй байтал давж заалдах шатны шүүхээс төлөөлөгч хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Мөн “Ө М-” ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 12/17 тоот албан бичигт А.Эрдэнэтөгс захирал гэж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. А.Эрдэнэтөгс нь нэхэмжлэлийг гардаж авахдаа тухайн компанид ажилдаггүй гэж мэдэгдээгүй, хариуцагч байгууллагын давж заалдах гомдолд дарагдсан тамга, тамга дээрх дугаар, албан бичиг дээр дарагдсан дугаараас зөрөөгүй, хариуцагч “Ө М-” ХХК нь захирлаа сольсон асуудлаа шүүхэд мэдэгдээгүй нь маргааныг шийдвэрлэхэд саад болохгүй” гэж дүгнэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буруу дүгнэсэн гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 76 дугаар зүйлийн 76.1.2, 177 дугаар зүйлийн 177.1, 77 дугаар зүйлийн 77.2-т заасан үүргээ анхан шатны шүүх биелүүлээгүй болон иргэн А.Эрдэнэтөгсд буюу хэргийн оролцогч биш, төлөөлөх эрхгүй этгээдэд нэхэмжлэлийг гардуулахад тус этгээд нь манай байгууллагад ажилдаг эсэхээ мэдэгдээгүйн өмнөөс манай компани хариуцлага хүлээх, хуулиар олгогдсон эрхээ хязгаарлуулах үндэслэл болохгүй хэмээн үзэж байна. Манай компани нь 2017 оны 6 дугаар сард захирлаа сольсон. Энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас 2 сарын өмнө болсон үйл явдал буюу шүүхэр хэрэг маргаан хянан шийдвэрлэхэд хамааралгүй үйл баримт юм. Харин нэхэмжлэгч тал хариуцагча зөв тодорхойлоогүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хууль ёсны хариуцагчид гардуулаагүй, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсен байтал давж заалдах шатны шүүх тус үйл баримтыг зөв үнэлэлгүй дүгнэсэн нь хэрэгвэл зохих хуулийг хэрэглээгүй буруу дүгнэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч М.Т- нь Ө М- ХХК-д холбогдуулан худалдах- худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа 11.500.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзснийг, давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэсэн дүгнэлт хийж шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

Хэргийн баримтаар М.Т- нь, хариуцагч Ө М- ХХК-иас Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 37 дугаар байрны доор байрлах авто зогсоолыг 25.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 11.500.000 төгрөгийг төлснөөс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч Ө М- ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа хаяг болон гүйцэтгэх удирдлага солигдсон талаарх мэдээллийг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон хаяг буюу хариуцагч байгууллагын албан бланк дээрх хаягаар баталгаат шуудангаар шүүх хуралдааны  мэдэгдэх хуудсыг хүргүүлж, эрх бүхий албан тушаалтан гардан авсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72, 76 дугаар зүйлийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэргийн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хянаад хяналтын шатны шүүхээс хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, хууль хэрэглэх асуудлаар алдаа гаргаагүй гэж дүгнэв.

Иймд гомдолд заасан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч Ө М- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батмөнх хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 198.950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ