Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2019/0903/З |
Дугаар | 221/МА2021/0199 |
Огноо | 2021-04-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2021/0199
“Т м” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэ, Р.М, Б.А, О.М, Б.Ч, С.А, хариуцагч Х.Н, Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 100 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “Т м” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 100 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг тус тус үндэслэн “Т м” ХХК-иас гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Х.Н, Ж.Э нарын 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 0300314 тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, дутуу бөгөөд буруу үнэлсэн улмаар хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан, хэрэглэсэн гэж үзэх хангалттай үндэслэл байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүрэн хангуулахаар ийнхүү гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн улмаар, хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн нь шүүхээс гомдлын шаардлагыг хангахгүй гэж шийдвэрлэхэд нөлөөлсөн нь дараах байдлаар нотлогдоно. Шүүхэд авагдсан “Зөрчлийн хэргийн шалган шийдвэрлэсэн материал” буюу 3 дугаар хавтасны 37-р талд Татварын байцаагч нарын 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн уулзалтын тэмдэглэлд татварын улсын байцаагч нар “Т м” ХХК-ийн байранд ирж, татварын хяналт шалгалтын үр дүнд 5 төрлийн зөрчлийг илрүүлсэн тухайгаа тайлбарлаж, харин зөрчлийн дүн буюу учирсан хохирлын хэмжээг бүрэн тооцоолол хийсний дараа танилцуулахаа гомдол гаргагчийн удирдлага болон холбогдох ажилтнуудад амаар мэдэгдсэн тухайгаа тодорхой бичиж байцаагч нар гарын үсгээ зурсан байдаг. Мөн уг тэмдэглэлд Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийг урьдчилан танилцуулж байгаа бөгөөд уг хуулийн дагуу холбогдогчоос мэдүүлэг авахыг сануулсан байна. Гэтэл ийнхүү зөрчил илрүүлснээ танилцуулснаас хойш 3 өдрийн дотор биш харин 28 хоногийн дараа буюу 2019 оны 09 сарын 23-ны өдөр Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах 0300314 дугаартай Шийтгэлийн хуудсыг үйлдэж нийт 34 хуудас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, учирсан хохирлыг тооцоолсон тооцоолол бүхий материалыг хавсаргаж гомдол гаргагчид гардуулсан байдаг. Хариуцагчаас зөрчлийг танилцуулах үед учирсан хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа талаар хариуцагч өөрөө татвар төлөгчид мэдэгдсэн атлаа учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан заалтуудыг зөрчсөн. Мөн “Зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэсэн материал” буюу шүүхэд нотлох баримтаар авагдсан 3-р хавтасны 38-р талд хяналт шалгалт явуулсан татварын байцаагч нар болох Х.Н, Ж.Э, Т компанийн ажилтнуудаас гадна Татварын Ерөнхий Газрын ХШАЗГ-ын дарга О.Т, Татварын ерөнхий газрын хуулийн зөвлөх Ц.Т нар оролцсон уулзалт 2019 оны 9-р сарын 2-ны өдөр болсон бөгөөд уг уулзалтаар хяналт шалгалтын үр дүн, илрүүлсэн зөрчлүүдийн талаар ярилцаж “Т м” ХХК нь татварын хууль зөрчөөгүй тухайгаа тайлбарласан тухай тэмдэглэл байдаг. Энэхүү уулзалт нь татварын байцаагч нар зөрчлийг илрүүлсэн тухайгаа “Т м” ХХК-д танилцуулснаас хойш 7 хоногийн дараа, шийтгэлийн хуудсыг үйлдсэнээс 21 хоногийн өмнө болсон нь тодорхой байдаг. “Т м” ХХК нь зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ талаарх тайлбараа татварын байцаагч нарт өгсөн нь тодорхой харагддаг. Энэ нь хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад буюу гомдол гаргагч танилцуулсан зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн байтал “зөрчил ил тодорхой, нотлох баримт цуглуулах шаардлагагүй” гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг бүртгэлт буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж шийтгэх хуудас үйлдсэн. Гомдол гаргагчийн зүгээс зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн бичиг баримтад огт тусгаагүй. Холбогдогчоос мэдүүлэг аваагүй, холбогдогчид эрх, үүргийг нь танилцуулаагүй, нотлох баримт шалгуулах, шинээр нотлох баримт гаргаж өгөх тухай гаргасан хүсэлтийг нь албажуулаагүй, зөрчлийг эс зөвшөөрч гаргасан тайлбарыг нь уулзалтын, ярилцлагын болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд тусгаагүй, зөрчлийн хэрэгт авагдсан материалтай танилцуулаагүй зэрэг нь шүүхэд авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараас тодорхой байгаа. Анхан шатны шүүхээс уулзалтьн талаар огт дүгнэлт хийгээгүй, хэргийн үйл баримтыг бүрэн зөв тодорхойлохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Татварын байцаагч нар 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”-д ТУБ нь “Т м” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Төрнбулл-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, мэдүүлгийн зорилгыг тайлбарлаж асуулт асуусан мэтээр хуурамч тэмдэглэл үйлдэж Шийтгэлийн хуудаст хавсаргасан. Татварын байцаагч нар ч 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Д-аас ямар ч мэдүүлэг аваагүй тухайгаа шүүх хуралдааны явцад татварын байцаагч нар хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь татварын байцаагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2, 4, 4.15 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөнийг нотолж байна. Харамсалтай нь энэхүү Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, үүнтэй холбоотой татварын байцаагч нарын хууль бус үйлдлийн талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй тухайд: Татварын байцаагч нарын зөрчлийн хэмжээг тооцоолон тогтоох ажиллагаа буюу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 болон 4.15 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн тул татварын хууль зөрчсөн гэж үзсэн татварын байцаагч нарын тооцоолол нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасанчлан нотлох чадваргүй юм. Харамсалтай нь анхан шатны шүүхээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 болон 4.15 дугаар зүйлүүдэд заасан журмыг хариуцагч зөрчсөн талаар дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн. Зөрчил илрүүлсэн тухай танилцуулснаас хойшхи 28 хоногийн хугацаанд ТУБ-ын зүгээс зөрчлийн дүнг 2014, 2015, 2016, 2017, 2018 оны хүрээнд тус бүр тооцоолон гаргасан. Шаардлагатай нэмэлт, мэдээлэл, баримтыг гомдол гаргагчийн ня-бо нараас гаргуулан авсан. Компанийн ажилтнуудтай уулзалт, ярилцлагууд хийсэн буюу мэдүүлэг авсан. Гэвч эдгээр ажиллагааг хуулийн дагуу баримтжуулаагүй, хэрхэн явуулсан талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд үндэслэн хийсэн ямар ч баримт байхгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс татварын байцаагч нарыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримт, шүүхэд авагдсан нотлох баримттай зөрчилдөж байгаа нь Шүүхийн Шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг харуулж байна. Татварын байцаагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13-т заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл хөтлөх журмыг зөрчсөн. Шийтгэлийн хуудаст хавсаргасан тэмдэглэлүүдэд бодит байдалд огт нийцэхгүй, худал үйл баримтуудыг тусгасан. Хариуцагчийн 2019.9.23-ны өдөр үйлдсэн 1 дугаартай Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлд “зөрчлийг илрүүлсэн” хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минут гэж худал бичиж уг тэмдэглэлийг албажуулсан байдаг. Уулзалтын тэмдэглэл 1-д татварын байцаагч зөрчлийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар илрүүлсэн гэдгээ өөрсдөө тэмдэглэж гарын үсэг зурсан байдаг. Мөн Уулзалтын Тэмдэглэл 2-т буюу 2019.09.02-ны өдөр татварын байцаагч нарын амаар танилцуулсан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа “Т м” ХХК-ийн холбогдох ажилтнууд илэрхийлж, өөрсдийн байр сууриа танилцуулсан тухай бичигдсэн байдаг. Уулзалтын Тэмдэглэл 2-ыг мөн л татварын байцаагч нар өөрсдөө бичиж, гарын үсгээ зурсан байдаг. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйл Тэмдэглэл үйлдэх журам, 4 дэх хэсэгт ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурахаас татгалзсан, эсхүл баталгаажуулах боломжгүй бол шалтгааныг тэмдэглэлд тусгана гэсэн шаардлага байдаг. Гэвч ТУБ-ын 2019.9.23-ны өдөр үйлдэж Шийтгэлийн Хуудаст хавсаргасан дараах тэмдэглэлүүдэд Холбогдогч этгээд болон түүнийг төлөөлж гарын үсэг зурагдаагүй байдаг мөн шалтгааныг нь тусгаагүй байна. Холбогдогчийн эрх бүхий этгээд тэмдэглэлтэй ТУБ-ын дэргэд танилцаагүй, ТУБ тэмдэглэлийг танилцуулаагүй бөгөөд холбогдогч, түүний эрх бүхий этгээдэд дээрх тэмдэглэлийг үнэн зөв бичигдсэн байна гэсэн хариу огт өгөөгүй юм. Үүнтэй хариуцагч огт маргадаггүй. Хариуцагч нь татварын хяналт шалгалтыг хийхдээ Татварын ерөнхий хууль болон Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүхээс энэ асуудлаар дүгнэлт гаргаагүй хэргийг шийдвэрлэсэн. Татварын байцаагч нь хяналт шалгалтыг явуулахдаа Татварын ерөнхий хууль, ТЕГ-ын даргын 2017.1.2-ны өдрийн А/03 тоот тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ыг мөрдөх ёстой. Түүнчлэн татвар төлөгчийн өөрийгөө өмгөөлж хийсэн тайлбар, нэмэлт мэдээллийг албажуулаагүй нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13 “татвар төлөгчийн зүгээс бичгээр болон амаар гаргасан санал, хүсэлт, гомдол, мэдээллийг татварын албаны албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй орхих эсхүл уг бүртгэлд бүртгэгдээгүй санал, хүсэлт, гомдол, мэдээллийг шалгаж шийдвэрлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн. “Т м” ХХК-аас хэрэглээгүй тоног төхөөрөмж, эд ангийг Гаалийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.2 “барааг хилийн чанадад гаргах” горимын дагуу гаалийн бүрдүүлэлтийг хийж, үйлдвэрлэгч болох “Комацу Лимитед” корпорацтай байгуулсан гэрээнд заасан үнээр буцаан худалдаж экспортод гаргасан дээрх тоног төхөөрөмж, эд ангийн борлуулалтад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасан тэг /”о”/ хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан гэх гомдол гаргагчийн тайлбар нь гомдол гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн “Сэлбэг буцаан худалдах гэрээ” болон 2013-2017 онуудад “Т м” ХХК-аас “Комацу Лимитед” корпораци руу экспортод тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл гаргасан гаалийн мэдүүлгүүдээр нотлогддог. Шүүхийн шийдвэрт энэхүү тоног төхөөрөмжийг буцаан экспортолсон ажил гүйлгээг Гаалийн тухай хуулийн 113.1 болон 119 дүгээр зүйлд заасан барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах горимын агуулгад хамааралгүй гэж дүгнэсэн боловч яг ямар үндэслэлээр “буцаалт” нь “экспорт” биш гэж үзсэнээ огт тайлбарлаагүй, холбогдох хуулийн үндэслэлийг шийдвэртээ тусгаагүй. Улмаар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. “Т м” ХХК-аас ашиглаагүй зарим тоног төхөөрөмж, эд ангийг Комацу Лимитед корпорацад буцаан худалдахдаа анх худалдан авсан үнээр биш харин буцаан экспортлох хүсэлт гаргасан өдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа талуудын тохирсон үнээр нэхэмжилж төлбөрөө авдаг болох нь “Эд ангийн талаарх бодлого, үйл ажиллагааны гарын авлага”-аас тодорхой харагддаг. Иймд тухайн буцаан экспортолсон тоног төхөөрөмжийг анх худалдан авсан үнэ, буцаан борлуулсан үнэ зөрүүтэй байдаг. Тухайлбал буцаан борлуулсан үнэ нь анх худалдан авсан үнээс ихэнх тохиолдолд өндөр байдаг нь холбогдох нэхэмжлэх, төлбөрийн баримтуудаар нотлогддог. Анхан шатны шүүхээс “Т м” ХХК-аас “Комацу Лимитед” корпорацад экспортолсон тоног төхөөрөмжийг “ашиглах боломжгүй үндэслэлээр” буцаасан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Энэ нь уг тоног төхөөрөмжүүд нь эвдэрсэн эсхүл ашиглалтын шаардлага хангаагүй учраас “Комацу Лимитед” корпорацад буцаасан мэт ойлголтыг төрүүлж, улмаар хэргийн үйл баримтыг буруу дүгнэж шийдвэр гаргасан гэж харагдаж байна. “Т м” ХХК-аас “Комацу Лимитед”-д буцаан экспортолсон бүтээгдэхүүнүүд нь өөрийн өмчлөлд байсан бүрэн бүтэн, ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй, ашиглагдаагүй шинэ тоног төхөөрөмжүүд бөгөөд тэдгээрийг экспортлох гэрээний дагуу яг тухайн цаг үеийнх нь үнээр гадагшаа “Комацу Лимитед”-д үнэ төлбөртэйгөөр борлуулсан бараа байдаг. Ажилтнуудын албан томилолтын зардлууд, байгууллагын номын санд худалдан авсан ном, сэтгүүл, бизнесийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилгоор гаргасан зар сурталчилгааны хэвлэмэл материал зэрэг нь ажиллагсдын өөрсдийн нь хэрэгцээнд зориулсан зардал огт биш юм. Харин “Т м” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай ажиллагсдаар дамжин гарсан зардлууд юм. Тус компаниас ажиллагсдын хэрэгцээнд зориулж зардал гаргасан тохиолдолд татвар ногдох орлогоос хасаж тооцдоггүй. Энэ талаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны явцад тайлбаруудыг хангалттай өгсөн боловч шүүхээс зохих дүгнэлтийг хийгээгүй. “Комацу Лимитед” корпорациас “Т м” ХХК-д олгосон үнийн нөхөн олговор нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй ажил гүйлгээ юм. “Т м” ХХК-аас “Комацу Лимитед” корпорацад ямар нэг бараа, ажил, үйлчилгээ борлуулаагүй, бараагаа бусдын өмчлөлд шилжүүлээгүй тул Комацугаас авсан нөхөн олговорыг борлуулалт гэж үзэх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Улмаар уг гүйлгээ нь борлуулалт биш тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үндэслэлгүй. Бизнесийн утга агуулгаараа харвал “Комацу Лимитед” корпорациас “Т м” ХХК-д олгож буй нөхөн олговор нь дистрибьютерийн худалдан авалт талын өртгийг бууруулж байгаа, барааг нь борлуулж буй дистрибьютерээ идэвхжүүлсэн эдийн засгийн хөшүүргийн хэрэгсэл юм. Гэтэл анхан шатны шүүхээс “Комацу Лимитед” корпорациас “Т м” ХХК-д олгосон нөхөн олговорыг борлуулалтын орлого мөн гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна. “Т м” ХХК нь “Комацу Лимитед” корпорацаас нөхөн олговор авсантай нь холбогдуулан “Т м” ХХК болон “О Т” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үнийг зах зээлийн үнэ биш гэж үзэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дугаар заалтыг зөрчиж зах зээлийн үнийг жишгээр тооцож улмаар “Т м” ХХК-д нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан татварын байцаагчийн шийдвэрийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн. “Т м” ХХК болон “Оюу Толгой” ХХК-д борлуулсан хүнд механизм, эд ангийн үнэ нь “Рио Тинто ХММ 2009” гэрээний дотоод дилерийн нэмэлт гэрээ болон Дистрибьюторийн Гэрээнд тодорхой туссан. Борлуулсан хүнд механизм, эд ангийн үнийг “О” ХХК нь бэлэн мөнгөөр шилжүүлдэг бөгөөд холбогдох банкны дансны хуулгуудыг шүүхэд гаргаж өгсөн. Борлуулсан барааг бартердах буюу бараа, ажил, үйлчилгээгээр солилцон төлсөн тохиолдол огт байхгүй. “Т м” ХХК болон “О” ХХК нь харилцан хамааралтай этгээдүүд биш бөгөөд хариуцагч үүнийг тогтоосон ямар нэг нотлох баримт шүүхэд өгөөгүйгээс энэ нь нотлогдоно. Цаашилбал “Т м” ХХК болон “Комацу Лимитед” корпораци, мөн “Рио Тинто” болон “Комацу Лимитед” корпораци ч гэсэн өөр хоорондоо ямар ч харилцан хамааралгүй бие даасан компаниуд юм. Иймээс тэд бизнесийн хүрээнд бараа бүтээгдэхүүнээ борлуулалтын арилжааны тодорхой нөхцөлүүдтэй, зах ээлийн үнэ ханшаар өөр хоорондоо борлуулан зарж байгаа болно. Дээрхээс үзвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.2 дахь хэсэгт заасан 3 тохиолдлын аль нь ч үүсээгүй тул “Т м” ХХК-аас “О” ХХК-д нийлүүлсэн барааны үнийг зах зээлийн биш үнэ гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй байна. Иймд энэ хоёр компанийн хооронд хийгдсэн тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээний үнийг жишгээр нөхөн тооцсон татварын байцаагчийн шийдвэр хууль зөрчсөн болох нь тодорхой байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.2 дахь хэсэгт үндэслэн татварын байцаагч нарын шийдвэрийг хуулийн үндэслэлтэй гэж дүгнэсэн алдаатай бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй нь харагдаж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “Т м” ХХК нь “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Х.Н, Ж.Э нарын 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 0300314 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчсөн, хялбаршуулсан журмыг хэрэглэх үндэслэл байгаагүй, Монгол Улсад үйлчилж буй татварын хууль тогтоомжийг буруу ойлгож хэрэглэсэн” гэж маргасан.
Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч “Т м” ХХК-ийг 2014-2018 онд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг дутуу тооцсон, хуулиар тогтоосон хязгаараас давсан урсгал засварын зардлыг татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан нийт 39.103.986.936,26 төгрөгийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр тухайн үед хүчин төгөлдөр байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан 3.921.422.568,20 төгрөгийн нөхөн татвар, 1.176.199.296,60 төгрөгийн торгууль, 699.909.264 төгрөгийн алданги, нийт 5.797.531.128,80 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчсөн, хялбаршуулсан журмыг хэрэглэх үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар, харин “татварын хууль тогтоомжийг буруу ойлгож хэрэглэсэн” гэх үндэслэлээр Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн 2, 4, 6 дахь хэсэгт заагдсан зөрчлийн хэмжээнд хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан гэж үзнэ.
гэх агуулгаар гаргасан гомдлын тухайд:
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”: 1.1 “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн”, 2-т /тухайн үед хүчин төгөлдөр байсан/ “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”: 2.3 “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”, 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”: 1.1. “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нар нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 21190400081 дугаартай Татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу нэхэмжлэгч “Т м” ХХК-ийн 2014-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж эхэлсэн, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Т м” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж зөрчил гарсан болохыг мэдэгдсэн, зөрчлийн хэмжээг тооцоолон гаргах талаар ярилцсан, дахин 09 дүгээр сарын 02-ны өдөр уулзалт хийсэн, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 210300314 дүгээр тэмдэглэлээр “Т м” ХХК-ийн гаргасан зөрчлийг тодорхойлж, мөн өдрөө Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулсан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргасан үйл баримт тогтоогдсон байна.
Дээр тогтоогдсон үйл баримтаас үзвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан /тухайн үед хүчин төгөлдөр байсан/ хугацааг зөрчсөн, зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзэх үндэслэл бүрдээгүй байхад зөрчлийн хэрэг бүртгэлт явуулаагүй, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасантай нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.
Түүнчлэн, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан 01 дугаартай тэмдэглэлийг үнэ зөв гэж үзэх боломжгүй, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон ерөнхий нягтлан бодогч С.А-д эрх үүргийг танилцуулаагүй, шийтгэлийн хуудсыг гардуулсан тэмдэглэл үйлдсэн ч холбогдогчоор гарын үсэг зуруулаагүй зэргээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол үндэслэлтэй.
Ийнхүү хариуцагч улсын байцаагч нараас зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөнийг зөвтгөх боломжгүй ч зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулснаар маргаан бүхий акт гарахгүй байсан гэж үзэхгүй, зөрчил гаргаагүйд тооцох, улмаар хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бий болохооргүй байна.
Тодруулбал,
Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасныг зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага гарцаагүй байх зарчмыг тодорхойлсон зохицуулалт гэж ойлгох бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргагчийн хууль ёсны төлөөлөгч оролцсон, нэхэмжлэгчээс шаардлагатай гэх баримтуудаа гаргаж өгсөн, уг баримтуудын хэмжээнд байцаагч нар зөрчлийг тогтоосон байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, аливаа захиргааны актыг хүчингүй болгох хэмжээний үндэслэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд халдсан, түүний улмаас захиргааны акт гарахгүй байх, өөр агуулгаар гарах зэрэг үр дагавар үүсгэхээр байдаг бөгөөд зөрчлийн хэргийн тухайд “зөрчил” нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага гарцаагүй байх зарчим тэргүүн ээлжинд хэрэгжиж процесс ажиллагааны журмын зөрчил нь Зөрчлийн тухай хуулиар шинжийг нь тодорхойлсон зөрчлийг үгүйсгэх үндэслэл болж чаддаггүй.
Иймд анхан шатны шүүхийн “хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй” гэх дүгнэлт зөв, дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчсөн, хялбаршуулсан журмыг хэрэглэх үндэслэл байгаагүй” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл” хэсгийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг шийдвэрлэсэн хэсэгт гаргасан гомдлын тухайд:
“Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл” хэсгийн 2 дахь заалтаар нэхэмжлэгчийг “Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирсэн боловч ашиглах боломжгүй, “Дистрибьюторын гэрээ”-нд заагдсан “Эд ангийн талаарх бодлого, үйл ажиллагааны гарын авлага”-д заасны дагуу 5,616,865,753.00 төгрөгийн тоног төхөөрөмж, эд ангийг Комацу компанид буцаан хүргүүлэхдээ “анх худалдан авахдаа гаалийн байгуулагад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдол”-д залруулга, буцаалт хийхгүйгээр “0” хувьтай борлуулалтаар тооцсоноор нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг 5,616,865,753.00 төгрөгөөр бууруулсан зөрчилд 561,686,575.30 төгрөгийн нөхөн татвар, 168,505,972,70 төгрөгийн торгууль, 112,337,315,00 төгрөгийн алданги ногдуулах”-аар шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан “Комацу Лимитэд корпораци” болон “Т м” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Дистрибьюторын гэрээ”-нд “Комацугийн дистрибьютороор гурав /3/-аас дээш жил болсон дистрибьютор нь буцаах хүсэлт гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хамгийн сүүлд гаргасан Эд ангийн талаарх бодлого, үйл ажиллагааны гарын авлагад заасны дагуу эд ангийг буцааж болно. Дистрибьютор нь эд ангийг буцаах талаар хүсэлт гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй жил бүр эд ангийг буцаах гарын авлагын заалт бүрийг мөрдөх үүрэгтэй” гэж заасан.
Нэхэмжлэгчийн Комацу компанитай байгуулсан “Сэлбэг буцаалтын гэрээ”-нээс үзвэл нэхэмжлэгч нь нөөцөд байгаа сэлбэгийн зарим хэсгийг Комацу-д худалдах хүсэлт гаргасан, Комацу нь буцаан худалдан авахыг зөвшөөрсөн, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг анх худалдан авсан үнээрээ болон тухайн үеийн ханшаар тооцож худалдсан үйл баримт тогтоогдсон.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.3. “Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна”: 12.1.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан, гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Т м” ХХК нь “Комацу Лимитэд корпораци”-аас худалдаж авсан ашиглагдаагүй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2016, 2017, 2018 онуудад буцааж худалдахдаа дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасанд хамааруулан нэмэгдсэн өртгийн албан татварын тэг /"0"/ хувь ногдуулахаар тайлагнасан нь хууль зүйн үндэслэлгүй, барааг экспортолж байгаа хэрэг биш, тухайн барааг буцаалт гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна. Тодруулбал,
Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргаж буй бараанд албан татварын тэг /"0"/ хувь ногдуулахаар зохицуулсан хуулийн үзэл баримтлал нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж гадаад худалдааг сайжруулах, гадаад валютын дотоодод орж ирэх урсгалыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны алдагдлыг бууруулах томоохон хөшүүрэг болдогт чиглэгдэж байх бөгөөд импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулалгүй, анх худалдсан худалдагч талд буцаан худалдаж байгааг дээрх зарчимтай уялдуулан тайлбарлавал хуулийн утга санаатай зөрчилдсөн, Монгол Улсын нутаг дэвсгэрээс бараа бүтээгдэхүүн экспортолж байгаа гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортоор оруулж ирэхдээ төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуульд заасан журмаар хасалт хийж буцаан олж авсан атлаа, тэр бараагаа буцааж гаргахдаа экспортод гаргаж буй бараатай адилтгаж албан татварын тэг /"0"/ хувьтай борлуулалтаар тооцож нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”: 14.1.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэж заасантай нийцээгүй байна.
Харин маргаан бүхий энэ тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.4 дэх хэсэгт заасан зохицуулалт хамааралгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...экспортод гаргасан барааг буцаалт гэж үзсэн нь буруу, шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
3. “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл” хэсгийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг шийдвэрлэсэн хэсэгт гаргасан гомдлын тухайд:
“Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл” хэсгийн 4 дэх заалтаар “Т м” ХХК-ийг “хувийн хэрэглээний худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогоос хасч, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг 69,718,361.20 төгрөгөөр бууруулсан зөрчилд 6,971,836 төгрөгийн нөхөн татвар, 1,980,280.30 төгрөгийн торгууль, 1,189,015.70 төгрөгийн алданги ногдуулахаар шийдвэрлэжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”: 14.6.2 “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн ажиллагсдын албан томилолт болон хоол, унаа, зочид буудлын зардал, байгууллагын номын санд худалдан авсан ном, сэтгүүл, бизнесийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилгоор хэвлүүлсэн зар сурталчилгааны хэвлэмэл материал худалдан авалтуудад төлсөн гэх 2014 оны 3,709,016.20 төгрөг, 2015 оны 31,875,774,40 төгрөг, 2016 оны 11,271,456,40 төгрөг, 2017 оны 8,222,467.90 төгрөг, 2018 оны 14,639,646.30 төгрөг, нийт 69,718,361.20 төгрөгийн худалдан авалт нь дээрх хуулийн 14.6.2-т заасан бараа, үйлчилгээнд хамаарч байна гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Учир нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагч улсын байцаагч нар нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудад тулгуурлаж тооцоо хийхдээ талууд нэг бүрчлэн тулгалт хийж баталгаажуулсан, анхан шатны баримтуудаар нотлогдохгүй байгаа гэх ажилтнуудын хоол, унаа, албан томилолтын зардлууд, байгууллагын номын санд худалдан авсан ном, сэтгүүл, бизнесийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилгоор гаргасан зар сурталчилгааны хэвлэмэл материал зэрэгт зарцуулсан гэх худалдан авалт нь татвар төлөгчийн эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээтэй шууд холбоогүй, үндсэн хөрөнгө бий болгох үйл ажиллагааны хүрээнд ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...ажиллагсдын өөрсдийн нь хэрэгцээнд зориулсан зардал огт биш, харин “Т м” ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай ажиллагсдаар дамжин гарсан зардлууд, шүүхийн шийдвэр бодит байдал нийцээгүй, хуулийн үндэслэлгүй” гэх гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
4. “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл” хэсгийн 6 дахь хэсэгт заасан зөрчлийг шийдвэрлэсэн хэсэгт гаргасан гомдлын тухайд:
“Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл” хэсгийн 6 дахь заалтаар нэхэмжлэгчийг “Комацу Лтд” болон “Эс Эм Эс Экъюпмент Инк” компаниудын хооронд 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан “Рио Тинто ХММ 2009” гэрээ, “Рио Тинто ХММ 2009” гэрээний дотоод диллерийн нэмэлт гэрээний хавсралт 1-д заасны дагуу “Оюу толгой” ХХК-д нийлүүлсэн хүнд механизм, эд ангийг хямд үнээр нийлүүлсэн, зах зээлийн үнийн зөрүүгээр тооцон Комацу компаниас олгосон нийт 32,101,810,050.71 төгрөгийн зах зээлийн үнийн зөрүү орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд 3,210,181,005.10 төгрөгийн нөхөн татвар, 963,054,301.60 төгрөгийн торгууль, 560,859,988.30 төгрөгийн алданги ногдуулахаар шийдвэрлэжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”: 7.1.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Албан татвар тооцох үнэлгээг доор дурдсан журмаар тодорхойлно”: 9.1.2. “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээг тэдгээрийн тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн” гэж заасан бөгөөд “Комацу Лимитэд корпораци”-аас барааг нь Монгол Улс дахь зах зээлийн үнээс доогуур худалдан борлуулсаны зөрүүгээр авсан нөхөн олговрыг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “борлуулалт” гэж үзэх ба энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь “Комацу Лтд” болон “Эс Эм Эс Экъюпмент Инк” компаниудын хооронд 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээгээр тогтоосон үнийг баримталж, “Рио Тинто” компанийн харилцан хамаарал бүхий этгээд болох “О” ХХК-тай байгуулсан гэрээнд заагдсан дүнгээр уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг худалдсан, зөрүү нөхөн олговор нь “Комацу Лимитэд корпораци”-аас орж ирсэн, “О” ХХК-тай байгуулсан гэрээний үнийн бүрэлдэхүүнд зөрүү нөхөн олговор багтаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа ч уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд албан татвар тооцох үнэлгээг гаргахдаа тухайн нөхөн олговрыг “О” ХХК-нд худалдсан бодит үнэ дээр нэмж тооцсон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан “тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн” гэснийг зөрчөөгүй.
Хэрэв нэхэмжлэгчийн тайлбарласнаар татвар төлөгч нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, Монгол Улс дахь зах зээлийн үнэ ханшаас илтэд доогуур бараа бүтээгдэхүүнээ худалдаад, зах зээлийн үнийн зөрүүгээр дистрибьютор олгогч этгээдээс нөхөн олговор авч, уг үнийн зөрүүг бараа бүтээгдэхүүний үнийн бүрэлдэхүүнд хамааруулахгүйгээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй гэж үзвэл татвараас зайлсхийх, татвар ногдох орлогоо гэрээгээр халхавчлан санаатайгаар бууруулах үр дагавар үүсэхээр байх бөгөөд энэ нь татвар төлөгчдөд татварыг тэгш ногдуулах зарчим, татварын үйл ажиллагаанд баримтлах шударга байх зарчимтай нийцэхгүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...бараагаа бусдын өмчлөлд шилжүүлээгүй тул Комацугаас авсан нөхөн олговорыг борлуулалт гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй, уг гүйлгээ нь борлуулалт биш тул нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй” гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.
Харин хариуцагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар зах зээлийн үнэ, тарифыг жишиг үнээр тодорхойлоогүй, 9.1.2-т зааснаар тодорхойлсон талаар тайлбар гаргасан байхад шүүх дээрх хуулийн 9.2-т заасныг шийдвэртээ үндэслэл болгон тайлбарласан нь буруу, энэ талаар гаргасан гомдол үндэстэй ч бусад үндэслэл болон хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасныг хэрэглэсэн нь зөв тул уг гомдол хангагдах боломжгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 100 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.Мөнхжаргал
ШҮҮГЧ Б.Тунгалагсайхан
ШҮҮГЧ О.НОМУУЛИН