Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 00773

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Голомт хотхон, А байрны 38 тоотод байрлах “Стандарт машин” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ганчулууны Батсүх /РД:ЧП71121993/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 75 дугаар байр, 43 тоотод оршин суух,  Дэнж 10 гудамж, 387а тоотод оршин суух, Тайж овогт Баасанжавын Болдбаатар /РД:ХМ75110778/-т холбогдох,

 10 526 142 төгрөг гаргуулж, cara.mn сайтын үйл ажиллагааг зогсоож, cara.mn сайт руу шилжүүлсэн mashin.mn сайтын программ хангамж, харилцагчийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 хамтран ажиллах гэрээний үүрэг 13 066 000 төгрөгийг Г.Батсүхээс гаргуулж, гүйцэтгэх захирлаар ажиллах тухай Г-2015/01 тоот гэрээг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төмөрсүх, Х.Идэрбулган, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагч Б.Болдбаатар, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Г.Хишигсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад М.Тайванжаргал нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Төмөрсүх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хариуцагч Б.Болдбаатараас 10.526.142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хоёр дахь шаардлага Саrа.mn сайтын үйл ажиллагааг зогсоож, Саrа.mn сайтад шилжүүлсэн mashin.mn сайтын программ хангамж, харилцагчийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч Б.Болдбаатар нь Стандарт машин ХХК-д ажиллаж байх үедээ бичиг баримт хуурамчаар үйлдэж, ашигласны улмаас тус компанид 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байна. Анх гүйцэтгэх захирлаар ажиллах гэрээгээр талууд харилцан тохиролцож Болдбаатар нь сарын 500.000 төгрөгийн үндсэн цалинтайгаар ажиллахаар болсон. Батсүх нь Болдбаатарыг сар бүр 500.000 төгрөгийн цалин авч байгаа гэж ойлголттой явж байгаад сүүлд сарын 1.500.000 төгрөгийн  цалинтай ажиллаж байгааг нь мэдсэн. Тухайн үедээ Батсүх нь Болдбаатарыг хамтран ажиллах гэрээний дагуу сарын 500.000 төгрөгийн цалинтай ажиллах үүрэгтэй гэдгийг нь амаар сануулсан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст Болдбаатар нь гэрээг засварлаж өөртөө илүү цалин авсан байна гэх гомдол мэдээллийг шалгуулахад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэрээнд тусгагдсан сарын цалин 1.500.000 төгрөг гэдгийг сүүлд нэмж засварлан оруулсан байна гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хоёрдугаарт: 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Стандарт машин ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас татгалзаж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд  2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөх үед компаний кассанд 11.000.000 төгрөг байх ёстой гэж Болдбаатар, Батсүх нар нь харилцан ярилцсан байдаг. Тухайн үед Стандарт машин ХХК-иар дамжуулан Япон улсаас Простер маркийн машиныг оруулж ирээд худалдан авагч  нь машиныг биет байдлын доголдолтой байна гэсэн шалтгаанаар худалдаж аваагүй. Иймд Болдбаатар нь ажлаа хүлээлгэн өгөхдөө кассын орлогод байх ёстой мөнгөний оронд уг машиныг барьцаанд өгөхөөр тохиролцсон баримт хэргийн материалд хавсаргасан. Иймд Болдбаатараас 10.526.142 төгрөг гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Болдбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Батсүх бид хоёр автомашины төрөлжсөн тэргүүлэх сайт нээхээр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Батсүх нь сайтын үйл ажиллагаа нээх үеийн зар сурталчилгааны 20.000.000 төгрөг гаргахаар, миний бие программ, кодтой холбоотой зардлыг гаргаж компанийн ашгийг хувааж авахаар хоорондоо  харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн үед Стандарт машин ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хүн байхгүй учраас сарын 1.500.000 төгрөгийн цалинтай намайг тус компаний гүйцэтгэх захирлаар ажиллахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Эхлээд Батсүх нь намайг тус компанийн гүйцэтгэх захирлаар сарын 500.000 төгрөгөөр ажилуулахаар гэрээний төслийг надад үзүүлэхэд би хүлээн зөвшөөрөөгүй. Учир менежерүүдийн цалин 1 сарын 800.000-900.000 төгрөгөөр тогтоосон байсан болохоор гүйцэтгэх захирал сарын 500.000 төгрөгийн цалин авахыг хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг зөрчиж байна гээд сарын 500.000 төгрөг гэж бичсэний урд 1-ийн тоо бичээд сарын 1.500.000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон. Стандарт машин ХХК-ийн нягтлангаас би сарын 1.500.000 төгрөгийн цалин аваад авлага гэж бичээд эхний 1, 2 дугаар сарын цалингууд бүгд авлага хэлбэрээр бичигдсэн. Ингээд 3 болон 4 дэх саруудад компани орлогогүй зарлагатай үйл ажиллагаагаа явуулж байсан учраас өөрөө цалин авах биш өөрөөсөө илүү 5.500.000 төгрөг гаргаж үйл ажиллагааг явуулж байсан тухай баримтуудыг хэргийн материалд хавсаргасан. Тухайн үед 11.000.000 төгрөгийн ашигтай ажилласан талаарх тайланг би гаргаагүй Батсүх өөрөө тайлан гаргасан компани алдагдалтай ажилласан учраас би тайланг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тайлбартаа:  Хамтран ажиллах гэрээний 1.1.1 болон 3.1.1 дэх хэсэгт зааснаар Батсүх нь маркентинг, зар сурталчилгаатай холбоотой үүргээ огт биелүүлээгүй.  Би энэхүү компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд өөрөө 7.066.000 төгрөг зарцуулсан баримтууд хэргийн материалд хавсаргасан. Нэхэмжлэгч компаниас 7.066.000 төгрөг нэхэмжилж байна. Стандарт  машин ХХК–нь 5 сар ажиллахдаа алдалтай ажилласан. Компанийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу ямар ч ашиггүй ажилласан учраас өөрөөсөө гаргасан 6.000,000 төгрөгийг, нийт нэхэмжлэгч Стандарт ХХК-иас нийт 13.066.000 төгрөг нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох Стандарт машин ХХК–ийн гүйцэтгэх захирлаар ажиллах тухай гэрээг хүчингүй болгуулах шаардлагаас татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбараа засаад сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг сайн ойлгосонгүй.  Уг хэрэг маргааны нэхэмжлэгч нь Стандарт машин ХХК гэтэл сөрөг нэхэмжлэлийг Батсүхэд холбогдуулан гаргаж байна. Болдбаатар, Батсүх нар нь хамтран ажиллах гэрээ байгуулах үедээ компанийн менежмент болон маркатенгийн үйл ажиллагаанд гаргах зардлыг Батсүх хариуцна гэж тодорхой зааж өгсний дагуу Батсүх нь Стандарт машин ХХК-ийн менежент болон марктенгийн үйл ажиллагаа буюу сайтын рекламын аннос, дребт шоуны зардал, мэдээний зардал, facebook болон twitter хаягийн зардлууд  гэх нийтдээ 21.000.200 төгрөгийг гаргасан баримтыг хэргийн материалд хавсаргасан. Хариуцагч тайлбарлахдаа Батсүх нь бэлнээр өгсөн 9.000.000 төгрөгийг зар сурталчилгаанд өгсөн гэж тайлбарлаад байх шиг байна. Гэтэл Батсүх нь Стандарт машин ХХК-ний хэвийн үйл ажиллагааг явуулахад зориулан ширээ сандал, компьютер зэрэг техник хэрэгсэлд шаардагдах 16.000.000 төгрөгийг бэлнээр гаргасан бөгөөд бэлэн бус хэлбэрээр хийгдсэн реклам зар сурталчилгаанд зориулагдан хийгдсэн зардлуудыг огт дурсахгүй байна. Иймд Болдбаатар, Батсүх нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргийг хангалттай буюу давуулан биелүүлсэн. Одоогоороо Стандарт машин ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Болдбаатар хэвээрээ, харин компанийн хувьцаа эзэмшигчээр Батсүх Болдбаатар нар нь хоёулаа хувьцаа эзэмшигч юм. Стандарт машин ХХК-ийн  хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь өнөөдрийг хүртэл үргэлжлээд явах ёстой. Хариуцагч Болдбаатар нь өөрийн хэмжээнд мөнгө олчихоод Стандарт машин ХХК-ийн үйл ажиллагааг зориудаар доголдуулж, Кара.mn сайтыг өөрийн эзэмшилд шилжүүлээд авчихсан. Сөрөг нэхэмжлэлд компани ашиггүй байсан учраас ноогдол ашиг гэж өгсөн 6.000.000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна гэж тайлбарлаад байна. Хариуцагчийг хувиасаа өгсөн учраас уг мөнгийг нэхэмжлээд байгаа юм уу эсвэл ашиггүй байсан учраас оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Цагдаагийн газарт гаргасан байцаалтын тэмдэглэл зэргээс харахад Болдбаатар нь 6.000.000 төгрөгийг Батсүхэд өгөхдөө компанийн бэлэн мөнгөний кассын баримтаас авсан мөнгийг өгсөн. Гэтэл Батсүхэд 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч уг мөнгө компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. Хариуцагчийн тайлбар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолж байна. Өөрөөр хэлбэл Стандарт машин ХХК-ийн кассын орлогод байсан 11.000.000 төгрөгийн 6.000.000 төгрөгийг буцаагаад өгчихсөн юм бол үлдэгдэл 5.026.142 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үлдсэн нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч Болдбаатар нь компаниас 5 удаагийн үйлдлээр сарын 1.500.000 төгрөгөөр тооцож, 6.500.000 төгрөгийг гаргуулж авсан, сөрөг нэхэмжлэл хуулийн шаардлага хангахгүй байгаа учраас хангахаас татгалзах нь зүйтэй юм гэв.

 

 Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Стандарт машин” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Батсүх нь илүү авсан цалин, кассын орлого нийтдээ 10 526 142 төгрөг гаргуулж, cara.mn сайтын үйл ажиллагааг зогсоож, cara.mn сайт руу шилжүүлсэн mashin.mn сайтын программ хангамж, харилцагчийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Болдбаатарт даалгахыг шаарджээ.

 

Хариуцагч Б.Болдбаатар нь хамтран ажиллах гэрээний үүрэг 13 066 000 төгрөгийг Г.Батсүхээс гаргуулж, гүйцэтгэх захирлаар ажиллах тухай Г-2015/01 тоот гэрээг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн нэхэмжлэлийн “Саrа.mn сайтын үйл ажиллагааг зогсоож, Саrа.mn сайтад шилжүүлсэн mashin.mn сайтын программ хангамж, харилцагчийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах” шаардлагаасаа татгалзсан, мөн хариуцагч тал нь  сөрөг нэхэмжлэлийн  “гүйцэтгэх захирлаар ажиллах тухай Г-2015/01 тоот гэрээг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагаасаа татгалзсан байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2015.03.06-ны өдрийн Г-150306 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний E-д зааснаар талууд автомашины худалдаа үйлчилгээний чиглэлийн вэб сайтад суурилсан тэргүүлэх чиглэлийн бизнесийг хамтран эрхлэхээр харилцан тохиролцсон байна.

 

            Хамтран ажиллах гэрээгээр А тал /Г.Батсүх/ нь автомашины худалдаа үйлчилгээний чиглэлийн вэб сайтад суурилсан бизнесийн менежмент, маркетингтай холбоотой зардлыг бүрэн хариуцаж, бизнес эхлэлийн зардал болох 20 000 000 төгрөгийг гаргахаар, харин Б тал /Б.Болдбаатар/ нь автомашины худалдаа үйлчилгээний чиглэлийн вэб сайттай холбоотой бүх төрлийн кодчилол, төлбөр, хураамж, хост болон вэб сайтыг хэвийн ажиллуулахтай холбоотой зардлыг бүрэн хариуцахаар тохирсон байна.

              

Хамтран ажиллах гэрээний 5.2-т талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол нөгөө талдаа торгууль төлөхөөр, торгуулийн хувь хэмжээ нь талын оруулсан хөрөнгийн 50 хувьтай тэнцүү байхаар, мөн гэрээг 1 жил бүр дүгнэн сунгаж байхаар заажээ.

 

Мөн гүйцэтгэх захирлаар ажиллах тухай 2015.04.15-ны өдрийн Г-2015/01 тоот гэрээний дагуу Б.Болдбаатар нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахаар  болж, гэрээний үргэлжлэх хугацааг 2015.12.31-ний өдрийг хүртэл хугацаанд хүчинтэй байх, компани нь гүйцэтгэх захиралд 500 000 төгрөгийн үндсэн цалинг сар бүр олгохоор тохирсон байна.

 

Б.Болдбаатар нь “гүйцэтгэх захирлаар ажиллах тухай 2015.04.15-ны өдрийн Г-2015/01 тоот гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан 500 000 төгрөгийн үндсэн цалинг сар бүр олгоно” гэсэн хэсгийн 500 000 төгрөгийг 1 500 000 төгрөг болгон өөрчилж, хуурамч бичиг баримт үйлдэн 2015 оны 4 сараас 8 сарын цалинд нийтдээ 7 500 000 төгрөгийн цалин авсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2015.12.14-ний өдрийн 943 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015.11.16-ны өдрийн 5462 дугаар шинжээчийн дүгнэлт, Б.Болдбаатарын цалингийн карт зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан захиалгын хуудас, захиалагч нартай байгуулсан гэрээ, орлогын баримтуудаас үзэхэд “Стандарт машин” ХХК нь үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Япон улсын “TGM Mende” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж Mashin.mn сайтаар дамжуулан харилцагчийн захиалгын дагуу автомашин импортоор оруулж ирдэг байсан, тодорхой хэмжээний орлоготой ажилладаг байсан байна.

 

        Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өгсөн  Б.Болдбаатарын  “...зах зээлийн үнэлгээ нь 11 500 000 төгрөгөөр орж ирсэн автомашин зарагдаагүй буцаагдсаныг өөр машинтай сольсон” гэх тайлбар, “.....машин 2005 оны мөнгөлөг саарал өнгөтэй 2015 оны 5 сард орж ирсэн машин байгаа, зарах үнэ 12.5 сая төгрөг” гэх түүний гарын үсэг бүхий 2015.10.02-ны өдрийн баримтад кассын үлдэгдэл бэлэн мөнгөний барьцаанд өгнө гэсэн бичилт, талуудын тайлбар зэргээс үзэхэд зарагдаагүй 1 автомашиныг Б.Болдбаатар өөрөө зарж, авсан үнийн дүнгийн 40 хувийг авсанаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

Улмаар 2015.10.28-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015.10.29-ний өдөр 4 000 000 төгрөгийг тус тус Г.Батсүхийн дансанд шилжүүлж, хамтран ажиллах гэрээний заалтаар олсон ашгийн 60 хувийг өгч тооцоо дууссан гэж тайлбарлажээ.

 

Хамтран ажиллах гэрээний 2.2-т зааснаар бизнесийн үйл ажиллагаанаас олсон ашгаас А тал 60 хувь, Б тал 40 хувь гэж хуваарилахаар талууд харилцан тохиролцосн байх боловч “зарагдаагүй буцаагдсан байсан 1 машины зарагдсан үнэ”-ийг хамтран ажиллах гэрээнд заасан үйл ажиллагаанаас олсон ашиг гэж үзэхгүй болно.

 

Иймд  илүү авсан цалин 5 000 000 төгрөг, кассын орлого болох 5 526 142 төгрөг нийт дээ 10 526 142 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн  шаардлага нь хамтран ажиллах гэрээний үүрэг зөрчсөнөөс өөрт учирсан хохирол 7 066 000 төгрөг, ногдол ашигт хувиасаа өгсөн гэх 6 000 000 төгрөг нийтдээ 13 066 000 төгрөгийг Г.Батсүхээс гаргуулахыг хүссэн байх бөгөөд дээрх мөнгөнүүдийг хувиасаа шилжүүлсэнийг нотолсон баримтгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаас тус тус талууд татгалзсан тул тэдний татгалзалыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.3 дахь хэсэгт зааснаар Б.Болдбаатараас 10 526 142 төгрөгийг гаргуулж Стандарт машин ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Батсүхэд олгож, нэхэмжлэгчээс 13 066 000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Болдбаатарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн “Саrа.mn сайтын үйл ажиллагааг зогсоож, Саrа.mn сайтад шилжүүлсэн mashin.mn сайтын программ хангамж, харилцагчийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгах” шаардлагаасаа нэхэмжлэгч Г.Батсүх татгалзсан, сөрөг нэхэмжлэлийн  “гүйцэтгэх захирлаар ажиллах тухай Г-2015/01 тоот гэрээг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагаас хариуцагч Б.Болдбаатар татгалзсан тул талуудын татгалзалыг баталж, дээрх шаардлагуудад холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Болдбаатараас 183 368 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Батсүхэд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 200 төгрөг,  хариуцагчийн төлсөн 223 280 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ