Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 00761

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж Бодь цамхаг-306 тоотод байрлах, “Бодь даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 45 “МИАТ” ХК-д холбогдох,

           даатгалын гэрээний үүрэгт 173.137.095.92 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Туул,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансайхан, Л.Ганчимэг,  нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов.

 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...МИАТ ХК нь 2013 онд нислэг үйлдсэн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын хураамжид  эхний гэрээний дагуу 2 154 584 594 төгрөг 40 мөнгө, нэмэлт гэрээний дагуу 384 878 685 төгрөг 41 мөнгө нийт 2 539 463 249 төгрөг 81 мөнгө төлөхөөр үүрэг хүлээсэн. Гэрээний хугацаанд 2 017 505 729 төгрөг 78 мөнгө, /249 814 ам доллар 10 цент буюу ам долларыг  төгрөгт шилжүүлвэл/ 348 820 242 төгрөг 11 мөнгө буюу нийт 2 366 326 153 төгрөг 89 мөнгө төлсөн байна. Даатгалын хураамжид төлөхөөр гэрээ байгулсан дээрх төлбөрөөс төлсөн төлбөрийг хасч суутгавал үлдэгдэл 173 137 095 төгрөг 92 мөнгө төлөхөөр үлдсэн байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Туул шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “МИАТ” ХК нь агаарын хөлгийн иж бүрэн даатгалд даатгуулах зорилгоор 30 хоногийн хугацаатай олон нийтэд нээлттэй тендэр зарласан.”Бодь даатгал” ХК нь хамгийн бага үнийн санал гаргаж тендэрт шалгарч 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 298/10.12 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсан эсэх талаар талууд маргадаггүй боловч гэрээний үүргээ дутуу гүйцэтгэсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээ байгуулагдсанаас хойш 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “МИАТ” ХК-иас дахин гэрээ байгуулах санал ирүүлснийг “Бодь даатгал” ХХК нь хүлээн зөвшөөрч нэмэлт гэрээ байгуулсан. 2012 , 2013 оны 05 дугаар сард байгуулагдсан хоёр гэрээгээр 2013 оны  05 дугаар сарын 22-ны өдөр нийт 2.539.464. төгрөг төлөхөөр тохиролцсон. 2013 оны  05 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан нэмэлт гэрээний нийт үнийн дүн  америк доллароор тооцогдсон. Нэмэлт гэрээний дагуу хоёр тал тухайн өдрийн Монгол банкнаас зарласан долларын ханшаар тооцсон. Хариуцагч тал 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан гэрээ нь 268.427 ам.долларыг тендэр зарласан өдрийн ханшаар тооцно гэж маргадаг. “Бодь даатгал” ХХК-ийн зүгээс тендэр зарлахад уг гэрээ огт яригдаагүй байсан. Талууд даатгуулагч талын хүсэлтээр нэмэлт гэрээг байгуулсан учир 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Монгол банкны хаалтын ханшаар долларыг тооцож, нийт гэрээний хураамжийг төлөх ёстой. 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний дагуу даатгуулагч компани сар сараар хувааж төлөх ёстой байсан боловч хариуцагч өөрсдийн дураар төлбөрөө төгрөгөөр  төлсөн баримтууд хавтаст хэрэгт хавсаргасан. Ийнхүү төгрөгөөр төлж явж байгаад 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1 удаа 249.810.10 центийг доллароор шилжүүлсэн. Даатгалын гэрээ нь давхар даатгалаар агаарын хөлгийг үндэсний даатгалын компаниар давхар даатгагддаг. 2013 онд долларын ханш нь огцом өссөн. Гэрээн дээр Монгол банкны ханшаар тооцож төлөхөөр тохиролцсон боловч “МИАТ” ХК нь төрийн өмчит хувьцаат компани учир төгрөгийг шалгаруулсан учир өөрсдөө долларын ханшны эрсдэлийг өөрсдөө хүлээсэн. Талууд тохиролцоод тооцож тендэр зарласан өдрийн ханшаар төлбөрөө гаргуулахаар тооцсон боловч 988.489 төгрөгөөр тооцоо нийлж гарын үсгийг зурж тамга дарсан. ”МИАТ” ХК-ийн тооцоогоор 53.000.000 төгрөгийг “Бодь даатгал”ХХК-д өгөхөөр тохиролцсон. Ингээд 199.000.000 төгрөгөөс 53.000.000 төгрөг болон 249.810.10 долларыг хасаад долларын ханшны зөрүүг 173.137.095.92 төгрөгийг  нэхэмжилж байна. 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1 удаа 249.810.10 центийг долларыг тендэр зарласан өдрийн ханшаар тооцож шилжүүлсэн. Иймд хариуцагчаас 173.137.095.92 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “МИАТ” ХК нь Олон улсын стандартад заасны дагуу санхүүгийн тайлангаа  холбогдох Сангийн яам болон Татварын газарт  холбогдуулж тайлангаа тушаадаг. “МИАТ” ХК-д  жил бүр аудитын шалгалт хийгддэг. Санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон санхүүгийн тайлангийн Олон улсын стандартад  нийцсэн тасралтгүй үйл ажиллагааны зарчим дээр үндэслэдэг. Тасралтгүй үйл ажиллагаа гэдэг нь өмнөх оны үлдэгдэл дараа оны эхний  үлдэгдэл буюу залгамж нь тасралтгүй хөвөрч тухайн жилийн үйл ажиллагаа буюу тухайн жилийг  тасалж аваад үйл ажиллагаа явуулна гэсэн ойлголт биш өссөн дүнгээр хойш тооцогдоно гэсэн Олон Улсын стандартад заагдсаны дагуу санхүүгийн үйл ажиллагаа явагддаг. 2013 оны санхүүгийн тайланд аудит хийгдээд аудитын зөвлөмж гарсан. Энэхүү зөвлөмжийн дагуу “Бодь даатгал”ХХК-тай холбоотой даатгалын төлбөрийг  тендэр зарласан өдөр Монгол банкнаас зарласан  ханш 1 379.05 төгрөгөөр тооцох ёстой гэсэн зөвлөмж өгсөн. Зөвлөмжийн дагуу Үндэсний аудитын газраас албан шаардлага мөн өгсөн. 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Үндэсний аудитын газраас “Бодь даатгал” ХХК-д албан шаардлага хүргүүлсэн. “МИАТ”  ХК болон “Бодь даатгал” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 53.426.742 төгрөгний авлага өглөгийг баталгаажуулсан. Тооцоо нийлснээс хойш Монгол Улсад төлбөрөөр гүйцэтгэх ёстой гэсэн хуулийн дагуу төлбөр тооцоо бүрийг төгрөгөөр шилжүүлсэн. Дараа нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахин тулган баталгаажуулалт хийхэд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийт 53.426.742 төгрөгөөр “МИАТ” ХК-иас төлбөрөө төлсөн. Тухайн үед Э.Туул нь “Бодь даатгал” ХХК-ийн хуулийн зөвлөх гэж гарын үсэг зурж төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авсан. 2016 онд “Бодь даатгал” ХХК-д аудитын шалгалт ороод харилцагч манай байгууллага руу тулган баталгаажуулалтын акт явуулсан. Тулган баталгаажуулалтын акт нь “Бодь даатгал” ХХК нь “МИАТ” ХК-иас өглөг, авлагын ямар нэгэн тооцоо байгаа эсэх талаар тодруулдаг учир 2016 онд “Бодь даатгал” ХХК-тай ямар нэгэн өглөг авлагагүй учир тулган баталгаажуултанд гарын үсэг  зуруулсан. Өнөөдрийн байдлаар “МИАТ” ХК нь “Бодь даатгал” ХХК-д ямар  нэгэн өр төлбөргүй, гэрээний үүргийг бүрэн гүйцэт биелүүлчихсэн. “Бодь даатгал” ХХК нь санхүүгийн тайлан дээр огт байхгүй төлбөр тооцоог  нэхэмжилж байна.  Манай “МИАТ” ХК-ийн санхүүгийн тайланд тусгагдаагүй байсан ч “Бодь даатгал” ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдах ёстой. “Бодь даатгал” ХХК-иас ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй гэж хүлээн зөвшөөрч гарын үсэг зуруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “МИАТ” ХК болон “Бодь даатгал” ХХК-ийн хооронд хийгдсэн 199.000.000 төгрөгний төлбөр тооцооны актай холбоотой тайлбар хийгээд байх шиг байна. 2010 оноос хойш “Бодь даатгал” ХХК нь тендэрт шалгарч гэрээ байгуулан ажиллаж байсан учир төлбөр тооцоо, өглөг авлага үргэлжилдэг байсан. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага  нэгтгээд гаргахад нь  “МИАТ” ХК-иас даатгалын төлбөрийн баримт хураамжийн тооцоог шалгаж, хариу тайлбартаа  тодорхой тусгасан. Дээрх 199 988 489.54 төгрөгийн өглөгийг зөвхөн 2013 оны дансны гүйлгээгээр тооцоо нийлсэн баримт бөгөөд 2012.12.19-ний өдрийн 3641 тоот төлбөрийн баримтаар 115 231 625.44 төгрөг  шилжүүлсэн урьд оны төлбөрийг хасч тооцоогүй байсанаас гарсан дүн юм. 2012 оны 3641 тоот төлбөрийн баримтаар “МИАТ” ХК-иас шилжүүлсэн 156,240. 00 ам доллараас 73,592.25 ам доллар нь 2011-2012 оны даатгалын гэрээний төлбөрт, 82,647.75 ам доллар нь 2012-11-29 нд байгуулагдсан 1.543.045.000 ам долларын үнэ бүхий 2012-2013 оны Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээний эхний сарын төлбөрт шилжин тооцогдсон. Хэргийн материалд эдгээрийг үгүйсгэсэн нотлох баримт байдаггүй. Компанийн санхүү бүртгэлд төлбөр тооцооны асуудал яригдаагүй байхад хаанаас ийм төлбөр тооцоо гаргаж ямар үндэслэлээр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хариуцагч “МИАТ” ХК-иас агаарын хөлгийн даатгалын гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 173 137 095.92  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

             

            Талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэсэн   үндэслэлээр хариуцагч тал маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй байна.

           

              Хэргийн баримтаас үзэхэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.28-ны өдрийн 29115 дугаар шүүгчийн захирамжаар “Бодь даатгал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Болдхуягийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.

 

           Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Туулын гаргасан  нэхэмжлэгчийг солих хүсэлтийг шүүх хангаж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.25-ны өдрийн 18511 дүгээр шүүгчийн захирамжаар “МИАТ” ХК-д холбогдох иргэний хэргийн жинхэнэ нэхэмжлэгчээр Б.Мөнххишигийг сольсон байна.

 

Хэргийн жинхэнэ нэхэмжлэгч нь иргэн Б.Мөнххишиг бус “Бодь даатгал” ХХК болгож захирамжид өөрчлөлт оруулахыг хүссэн Э.Туулын хүсэлтийг шүүх хангаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.25-ны өдрийн 18511 дүгээр “Нэхэмжлэгчийг солих тухай” шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад “Б.Мөнххишигийг” гэснийг “Бодь даатгал” ХХК-ийг”болгон өөрчилсөн байна.

 

              Нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК нь  2016.06.27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэгтгэн гаргаж, даатгалын хураамжийн төлбөрийн үлдэгдэл 173 137 095 төгрөг 92 мөнгийг хариуцагч “МИАТ” ХК-иар төлүүлэхээр шаарджээ.

  Нэхэмжлэгч “Бодь даатгал” ХХК-нь “МИАТ” ХК-ийн зарласан агаарын хөлгийн иж бүрэн даатгагчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт 2010-2013 онуудад шалгарч “МИАТ” ХК-тай нийт 4,767,827.00 ам долларын үнэ бүхий Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ байгуулан хамтарч ажиллаж байсан, маргааны зүйл болох 2012.11.29-ний  өдөр  Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ, мөн 2013.05.02-ны өдрийн Агаарын хөлгийн даатгалын нэмэлт гэрээг байгуулсан талаар зохигчид маргаагүй байна.

 Харин гадаад валютыг төлбөр тооцоонд хэрэглэх, түүнийг хөрвүүлэх ханшийг хэрхэн тооцож төлбөрийг гүйцэтгэх талаар талууд маргажээ.

             Талуудын хооронд 1 543 045 000 ам долларын үнэ бүхий Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээг 2012.11.29-ний өдөр, 422 105 ам долларын үнэ бүхий нэмэлт гэрээг 2013.05.02-нд тус тус байгуулан  хамтран ажилласан байх бөгөөд нэмэлт гэрээний 8-д энэхүү гэрээ нь өмнөх 2012.11.29-ний өдрийн гэрээний салшгүй хэсэг болохыг заасан байна.

 

             Дээрх гэрээний дагуу “МИАТ” ХК нь агаарын хөлгийн даатгалд 1 811 472 ам долларыг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлбөрийг төгрөгөөр гүйцэтгэх ба төлбөрийн тооцоонд тухайн өдрийн Монгол банкны валютын ханшийг баримтлахаар хавсралтыг баталгаажуулсан байна.

 

             “Бодь даатгал” ХХК-д шилжүүлсэн төлбөрийн жагсаалт, тооцооноос үзэхэд 2013 оны 1 сараас 2013 оны 9 сарын хооронд 2 498 110 461.60 төгрөгийг “МИАТ” ХК төлсөн байх бөгөөд дээрх хугацаанд хариуцагч талаас 2 017 505 729.78 мөнгө, 249 814 ам доллар 10 цент буюу нийтдээ 2 366 326 153.89 төгрөг төлөгдсөн болохыг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн байна.

 

              Гэтэл “МИАТ” ТӨХК-ийн 2013 оны санхүүгийн тайланд аудит хийх явцад “Бодь даатгал” ХХК-д 2013 онд төлбөр тооцоог шилжүүлэхдээ шилжүүлэг хийсэн тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцож нийтдээ 1 632 7 мянган ам доллар буюу 2 444 4 сая төгрөг шилжүүлсэн зөрчлийг илрүүлсэн МУ-ын Үндэсний аудитын газрын 2013.12.25-ны өдрийн албан шаардлага гарсан байна.

              

              Уг шаардлагад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.13 дахь хэсэгт  “тендерийн баримт бичигт зааснаас өөр гадаад валютыг төлбөр тооцоонд хэрэглэх бол түүнийг хөрвүүлэх ханшийг тендер зарласан өдөр Монгол банкнаас зарласан ханшаар тооцно” гэсэн заалтыг зөрчсөн гэж буруутгасан байна.

 

              Улмаар  2012.10.11-ний өдрийн тендер зарласан албан ханш  нь /1ам доллар/ 1,379, 05 төгрөг байсан бөгөөд энэ ханшаар тооцвол 2, 251, 6 сая төгрөг болж байгаа бөгөөд 192,8 сая төгрөгийг илүү шилжүүлсэн болохыг тогтоож, даатгалын үйлчилгээний төлбөрийн гүйцэтгэлийг 2013.12.31-ний байдлаар тооцоо нийлж, тооцоо нийлсэн актыг 2014.03.01-ний дотор Үндэсний аудитын газарт ирүүлэхийг “МИАТ” ХК-д  даалгасан байна.

 

                Дээрх шаардлагын дагуу “МИАТ” ХК нь гэрээг дүгнэж, тооцоо нийлэхийг хүссэн 2014.02.06-ны өдрийн 01/431 албан бичгийг “Бодь даатгал” ХХК-д хүргүүлсэн,  талууд хоорондоо тодорхой асуудлаар тохиролцсон 2014.02.11-ний өдрийн уулзалтын тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

 

                Талууд тооцоо нийлж 2 байгууллагын хоорондын нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзээд 2014.01.01-ний өдрөөс  2014.12.31-ний өдөр дуустал хугацаанд талуудын хоорондын тооцоогоор “МИАТ” ХК нь 53,472,742 төгрөгийн даатгалын хураамжийн өртэй, 204,109.4 төгрөгийн авлагатай болохыг 2015.01.09-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталсан байна.

 

              “Бодь даатгал” ХХК-ийн 2015.01.23-ны өдрийн №150123005 тоот нэхэмжлэхийн  дагуу тухайн өдөр буюу 2015.01.23-нд “МИАТ” ХК нь №11421 тоот төлбөрийн баримтаар 204,109.4 төгрөгийн авлага суутган 53,268,633.62 төгрөгийг “Бодь даатгал” ХХК-д шилжүүлсэн байдлаас үзэхэд хариуцагч тал гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, талуудын хоорондын тооцоо дууссан байна.

            

              Мөн “Бодь даатгал” ХХК нь өөрийн бүртгэлээр 2015.12.31-ний байдлаар “МИАТ” ХК-тай ямар нэгэн өр авлагагүй талаарх мэдээллийг 2016.02.01-ний өдөр авлага, өглөгийн тулган баталгаажуулалтаар “МИАТ” ХК-д хүргүүлсэн байна.

 

             “МИАТ” ХК-иас зарласан агаарын хөлгүүдийн иж бүрэн даатгалын тендерт “Бодь даатгал” ХХК- нь 2010, 2011, 2012 онуудад удаа дараа шалгарч, холбогдох гэрээ хэлцлүүдийг байгуулан ажиллаж байсан болох нь талуудын тайлбар, хоорондын албан бичгээр тогтоогдсон бөгөөд   2012.12.19-ний өдөр №3641 тоот төлбөрийн баримтаар “МИАТ” ХК-иас шилжүүлсэн 156,240. 00 ам доллараас 73,592.25 ам доллар нь 2011-2012 оны даатгалын гэрээний төлбөрт, 82,647.75 ам доллар нь 2012-11-29 нд байгуулагдсан 1.543.045.000 ам долларын үнэ бүхий 2012-2013 оны Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээний эхний сарын төлбөрт шилжин тооцогдсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

              Талуудын хооронд байгуулсан 2012.11.29-ний өдрийн 1.543.045.000 ам долларын үнэ бүхий Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээний 1.2, 1.3, 1.4-д “энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжийг дагаж мөрдөнө” 10.2-т “талууд энэхүү гэрээгээр даатгагдсан даатгалын зүйлд хамаарах нэмэлт даатгалуудыг харилцан тохиролцож нэмж даатгаж болно”, 10.3-т “хавсралт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг” гэж заасан байна.

 

             Гэрээний дээрх заалтууд нь ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.13, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “гадаад валютаар орсон орлого гарсан зардлыг төгрөгт шилжүүлэхдээ Монгол банкнаас тогтоосон тухайн өдрийн ханш үндэслэнэ” гэсэн хуулийн зарчимтай зөрчилдөөгүй байна.

 

           Иймд “Бодь даатгал” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн  үндэслэл, шаардлагыг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болох нь баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.

  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар “МИАТ” ХК-иас агаарын хөлгийн даатгалын гэрээний үүрэг 173 137 095 төгрөг 92 мөнгө  гаргуулахыг хүссэн “Бодь даатгал” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 023 636 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж залдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  

                            ДАРГАЛАГЧ                                            Д.ЭНХЦЭЦЭГ