Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2024

 

“ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00761 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХХ” ХК-д холбогдох,

 

Даатгалын гэрээний үүрэгт 173 137 095.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХХ” ХК нь 2013 онд нислэг үйлдсэн агаарын хөлгийн иж бүрэн даатгалын хураамжид эхний гэрээний дагуу 2 154 584 594 төгрөг 40 мөнгө, нэмэлт гэрээний дагуу 384 878 685 төгрөг 41 мөнгө нийт 2 539 463 249 төгрөг 81 мөнгө төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний хугацаанд 2 017 505 729 төгрөг 78 мөнгө, /249 814 ам доллар 10 цент буюу ам.долларыг төгрөгт шилжүүлбэл/ 348 820 242 төгрөг 11 мөнгө буюу нийт 2 366 326 153 төгрөг 89 мөнгө төлсөн байна. Даатгалын хураамжид төлөхөөр гэрээ байгуулсан дээрх төлбөрөөс төлсөн төлбөрийг хасаж суутгавал үлдэгдэл 173 137 095 төгрөг 92 мөнгө төлөхөөр байна. “ХХХХ” ХК нь агаарын хөлгийн иж бүрэн даатгалд даатгуулах зорилгоор 30 хоногийн хугацаатай олон нийтэд нээлттэй тендэр зарласан. “ХХХХХ” ХК нь хамгийн бага үнийн санал гаргаж тендерт шалгарч 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 298/10.12 дугаартай гэрээг байгуулсан. 2012, 2013 оны 05 дугаар сард байгуулагдсан 2 гэрээгээр 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нийт 2 539 464 төгрөг төлөхөөр тохиролцсон. 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан нэмэлт гэрээний нийт үнийн дүн ам.доллараар тооцогдсон. Хариуцагч тал 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан гэрээ нь тендер зарласан өдрийн ханшаар тооцно гэж маргадаг. “ХХХХ” ХХК-ийн зүгээс тендер зарлахад уг гэрээ огт яригдаагүй байсан. Талууд даатгуулагч талын хүсэлтээр нэмэлт гэрээг байгуулсан учир 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Монголбанкны хаалтын ханшаар тооцож, нийт гэрээний хураамжийг төлөх ёстой. 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний дагуу даатгуулагч компани cap сараар хувааж төлөх ёстой байсан боловч хариуцагч өөрсдийн дураар төлбөрөө төгрөгөөр төлсөн баримтууд хавтаст хэрэгт хавсаргасан. 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гэрээний төлбөрт 249.810.10 центийг шилжүүлсэн. Даатгалын гэрээ нь давхар даатгалаар агаарын хөлгийг үндэсний даатгалын компаниар давхар даатгагддаг. 2013 онд долларын ханш нь огцом өссөн. Гэрээнд Монголбанкны ханшаар тооцож төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч нь ТӨХК учир төгрөгийг шалгаруулсан тул долларын ханшны эрсдэлийг өөрсдөө хүлээсэн. Талууд тохиролцоод тендер зарласан өдрийн ханшаар төлбөрөө гаргуулахаар тооцсон боловч 988 489 төгрөгөөр тооцоо нийлж гарын үсгийг зурж тамга дарсан. “ХХХХ” ХК-ийн тооцоогоор 53 000 000 төгрөгийг “ХХХХ” ХХК-д өгөхөөр байгаа. 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 249.810.10 центийг тендэр зарласан өдрийн ханшаар тооцож шилжүүлсэн. Иймд хариуцагчаас 173 137 095.92 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ХХХХ” ХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХХ” ХК нь Олон улсын стандартад заасны дагуу санхүүгийн тайлангаа холбогдох Сангийн яам болон татварын газарт тайлангаа тушааж, жил бүр аудитын шалгалт хийгддэг. Санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон санхүүгийн тайлангийн Олон улсын стандартад нийцсэн тасралтгүй үйл ажиллагааны зарчим дээр үндэслэдэг. Тасралтгүй үйл ажиллагаа гэдэг нь өмнөх оны үлдэгдэл дараа оны эхний үлдэгдэл буюу залгамж нь тасралтгүй хөвөрч тухайн жилийн үйл ажиллагаа буюу тухайн жилийг тасалж аваад үйл ажиллагаа явуулна гэсэн ойлголт биш өссөн дүнгээр хойш тооцогдоно гэсэн Олон Улсын стандартад заагдсаны дагуу санхүүгийн үйл ажиллагаа явагддаг. 2013 оны санхүүгийн тайланд аудит хийгдээд гарсан аудитын зөвлөмжийн дагуу “ХХХХ” ХХК-тай холбоотой даатгалын төлбөрийг тендер зарласан өдөр Монголбанкнаас зарласан ханш 1 379.05 төгрөгөөр тооцохоор заасан. Мөн Үндэсний аудитын газраас албан шаардлага өгсөн. 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Үндэсний аудитын газраас “ХХХХ” ХХК-д албан шаардлага хүргүүлсэн. “ХХХХ” ХК болон “ХХХХ” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 53 426 742 төгрөгийн авлага, өглөгийг баталгаажуулсан. Тооцоо нийлснээс хойш хуулийн дагуу төлбөр тооцоо бүрийг төгрөгөөр шилжүүлсэн. Дараа нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахин тулган баталгаажуулалт хийхэд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийт 53 426 742 төгрөгөөр “ХХХХ” ХК-иас төлбөрөө төлсөн. Тухайн үед ХХХ нь “ХХХХ” ХХК-ийн хуулийн зөвлөх гэж гарын үсэг зурж төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авсан. 2016 онд “ХХХХ” ХХК-д аудитын шалгалт орж харилцагч манай байгууллага руу тулган баталгаажуулалтын акт явуулсан. Тулган баталгаажуулалтын акт нь “ХХХХ” ХХК нь “ХХХХ” ХК-иас өглөг, авлагын ямар нэгэн тооцоо байгаа эсэх талаар тодруулдаг бөгөөд 2016 онд “ХХХХ” ХХК-тай ямар нэгэн өглөг авлагагүй учир тулган баталгаажуулалтад гарын үсэг зуруулсан. Өнөөдрийн байдлаар “ХХХХ” ХК нь “ХХХХ” ХХК-д ямар нэгэн өр төлбөргүй, гэрээний үүргийг бүрэн гүйцэт биелүүлчихсэн. Манай “ХХХХ” ХК-ийн санхүүгийн тайланд тусгагдаагүй байсан ч “ХХХХ” ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдах ёстой. Түүнчлэн, 2010 оноос хойш “ХХХХ” ХХК нь тендерт шалгарч гэрээ байгуулан ажиллаж байсан учир төлбөр тооцоо, өглөг авлага үргэлжилдэг байсан. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэгтгээд гаргахад нь “ХХХХ” ХК-иас даатгалын төлбөрийн баримт хураамжийн тооцоог шалгаж, хариу тайлбартаа тодорхой тусгасан. Дээрх 199 988 489.54 төгрөгийн өглөгийг зөвхөн 2013 оны дансны гүйлгээгээр тооцоо нийлсэн баримт бөгөөд 2012 оны 12 дугаар 19-ний өдрийн 3641 тоот төлбөрийн баримтаар 115 231 625.44 төгрөг шилжүүлсэн урьд оны төлбөрийг хасч тооцоогүй байснаас гарсан дүн юм. 2012 оны 3641 тоот төлбөрийн баримтаар “ХХХХ” ХК-иас шилжүүлсэн 156 240.00 ам.доллараас 73 592.25 ам.доллар нь 2011-2012 оны даатгалын гэрээний төлбөрт, 82 647.75 ам.доллар нь 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан 1 543 045 000 ам.долларын үнэ бүхий 2012-2013 оны Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээний эхний сарын төлбөрт шилжин тооцогдсон. Хэргийн материалд эдгээрийг үгүйсгэсэн нотлох баримт байдаггүй. Компанийн санхүү бүртгэлд төлбөр тооцооны асуудал яригдаагүй байхад хаанаас ийм төлбөр тооцоо гаргаж ямар үндэслэлээр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар “ХХХХ” ХК-иас агаарын хөлгийн даатгалын гэрээний үүрэг 173 137 095 төгрөг 92 мөнгө гаргуулах тухай “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 023 636 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын гэрээний төлбөрийг тооцохдоо зөрүүтэй байдлыг шүүх хариуцагчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. “ХХХХ” ХК нь 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр агаарын хөлгийн иж бүрэн даатгалын гэрээ байгуулах тендер зарлахдаа 30 хоногийн хугацаанд нээлтэйгээр зарласан. Энэ тендерт оролцох давхар даатгалын тусгай зөвшөөрөлтэй даатгалын компаниудын тендерийн бичиг баримтдаа 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Монголбанкны хаалтын ханш буюу 1 396.32 төгрөгийн ханшаар тендерийн баримт бичигт заасан даатгалын зүйлийг даатгах давхар даатгалын брокерын саналаа төгрөгөөр тооцож ирүүлсэн байдаг. Гэтэл “ХХХХ” ХК нь 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Монголбанкны хаалтын ханш буюу 1 379.05 төгрөгийн ханшаар тооцох ёстой гэсэн Үндэсний Аудитын газрын 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шаардлагыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэснийг шүүх үндэслэлтэй гэж шийдсэн. “ХХХХ” ХК-ний Үнэлгээний хорооны 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зөвлөмжөөр “ХХХХ” ХХК-ийн тендерт оролцож, хамгийн бага үнийн санал болох 2 154 584 594.40 төгрөгийн саналыг шалгаруулсан атлаа энэ төлбөрөө гүйцэд төлөөгүй байгааг гэрээний хугацаа хэрэгжээд дууссаны дараа, Үндэсний аудитын газрын 2 жилийн дараах шаардлагаар төлөхгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 268 427 ам.долларын гэрээ байгуулж, хэрэгжиж дууссаны дараа ам.долларын ханшийг гэрээ байгуулсан өдрийн Монголбанкны албан ёсны ханшаар бус 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ханшаар тооцож, бидний эрх ашгийг хохироож, гэрээний үүгээ зохих ёсоор биелүүлсэнгүй. “ХХХХ” ХК нь 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд 11 удаагийн төгрөгийн гүйлгээгээр 1 964 032 987.12 төгрөгийг шилжүүлсэн ба 1 удаа 249 814 10 ам.долларыг шилжүүлсэн байна. 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “203.0716-.8.15 АХ даатгал” гэсэн гүйлгээний утгатай 249 814.10 ам.долларыг энэ өдрийн Монголбанкны албан ёсны ханш 1 462.58 төгрөгөөр тооцвол буюу 365 373 106.38 төгрөг, нийт 2 329 406 093.50 төгрөгийг шилжүүлсэн байна. Дээрх тооцооллоор “ХХХХ” ХК нь гэрээний дагуу анхны гэрээний даатгалын хураамж 1 543 045 ам.долларыг даатгагчийн санал болгосон 1 396.32 төгрөг буюу нийт 2 154 584 594,40 төгрөгийг даатгалын хураамжид төлөх ба үүн дээр 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлт гэрээ байгуулсан 268 427 ам.долларыг энэ өдрийн Монголбанкны албан ёсны ханш 1 433.83 төгрөгийн ханшаар тооцоход 384 878 685.41 төгрөгийг нэмээд нийт 2 539 463 279.81 төгрөгийг төлөх ёстой. Гэтэл даатгуулагч буюу хариуцагч нь 13 удаагийн гүйлгээгээр нийт 2 382 878 836 16 төгрөгийг төлсөн байна. Нэхэмжлэгч талаас 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 298/012 дугаартай гэрээ болон 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 158/013 дугаартай гэрээний дагуу нийт 2 539 463 279 81 төгрөгийн даатгалын үйлчилгээ үзүүлсний төлбөрт 2 382 878 836 16 төгрөг авсан байх тул 156 584 443.65 төгрөгийг “ХХХХ” ХК-иас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шаардлагыг шийдвэрлэхдээ шүүх ҮАГ-ын 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн албан шаардлагыг үндэслэж, гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “тендер зарласан өдрийн ханш” 1 379.05 төгрөг байсан ч тендер шалгаруулах өдрийн дуусах буюу эцсийн өдрийн ханш нь 1 396,32 төгрөг байсан тул тендерт оролцогчид бүгд энэ ханшаар тооцож, даатгалын төлбөрийг санал болгосон. “ХХХХ” ХК нь тендерт оролцогчдоос ирүүлсэн баримт бичигт заасан хамгийн бага үнийн санал ирүүлсэн “ХХХХ” ХХК шалгарсан. Энэ шалгаруулсан төгрөгийн үнэд нэмэлт гэрээний төлбөр 268 427 ам.долларыг “ХХХХ” ХК 1 396.32 төгрөгөөр тооцож байгаа бол “ХХХХ” ХХК нэмэлт гэрээ байгуулсан өдрийн ханш 1 433.83 төгрөгөөр тооцсоноос 10 068 696.77 төгрөгийн зөрүү гарч байна. Ингээд 2 гэрээний дагуу даатгалын хураамжийг төгрөгөөр хэрэгт авагдсан санхүүгийн анхан шатны баримтаар тооцоод, нэхэмжлэлийн шаардлагаа багасган 156 584 443.65 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангасангүй. Мөн шүүх “ХХХХ” ХК-ийн 2011-2012 онд даатгалын гэрээний төлбөрт 82 647 75 ам.долларыг 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1 543 045 000 ам.долларын эхний сарын төлбөрт шилжин тооцогдсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, хоорондын тооцоо дууссан гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч тал нь 2012-2013 онд хэрэгжихээр шалгарсан даатгалын гэрээний төлбөрийг гаргуулахыг шаардсан байх ба хариуцагчийн “2011-2012 оны даатгалын гэрээний төлбөрийг шилжин тооцогдсон” гэх тайлбар үндэслэлгүй юм. Хариуцагч нь 2011-2012 оны гэрээний төлбөртэй холбоотой баримт нь энэ гэрээтэй хамааралгүй асуудал бөгөөд өөр гэрээний төлбөрийн асуудлыг энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан шийдсэн нь үндэслэлгүй юм. “ХХХХ” ХК-иас гаргасан санхүүгийн тооцооны баримтыг харвал, “...356/011 тоот гэрээний илүү төлөлт 26 497 75 ам.доллар, 2012 оны илүү төлөлт 56 150 ам.доллар, нийт 82 647 75 ам.доллар буюу 1 394.25 ханшаар 115 231 625 44 төгрөг”-ийг суутгасан нь үндэслэлтэй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ төлбөр нь өөр гэрээний харилцаатай хамааралтай байна. “ХХХХ” ХК нь 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн талуудын Ерөнхий нягтлан бодогч нарын гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан 2013 оны тооцоо нийлсэн актаар 199 988 489.54 төгрөгийн өглөгтэй болохыг хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт авагдсан. 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “ХХХХ” ХК 53 472 742.66 төгрөгийг төлсөн бөгөөд дээрх төлбөрийг хасч, ханшны зөрүүг нэмж нэгтгээд нийт 173 137 143.92 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнийн дүнгээ багасгаж 156 584 443.65 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Гэтэл шүүх даатгалын гэрээний үүрэг 173 137 095.92 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 023 636 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ өөр гэрээний үүргийг шилжүүлэн тооцож, санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэл болголгүй, Үндэсний аудитын газрын шаардлага нь үндэслэлтэй эсэхийг нягтлаагүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх, цуглуулах журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч “ХХХХ” ХК-д холбогдуулан даатгалын хураамж 173 137 095.92 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргийг бүрэн гүйцэт биелүүлсэн, төлөх өр төлбөргүй гэж маргажээ.

 

Хариуцагч “ХХХХ” ХК нь гэрээгээр хүлээсэн даатгалын хураамж төлөх үүргээ гүйцэтгэсэн эсэх үйл баримтыг тогтоох шаардлагатай бөгөөд энэхүү үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байж болох хэргийн 13 дахь талд авагдсан тооцоо нийлсэн баримтад хэдэн онд үйлдэгдсэн нь тодорхойгүй, 61-63 дахь талд авагдсан хуулбар баримтууд нь уншигдах боломжгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, 64-67 дахь талд авагдсан баримтуудад хариуцагч байгууллагын “хуулбар үнэн” тэмдэг дарсан байгаа нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Иймд шүүх хуульд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, талуудын маргааны зүйл болох төлбөр төлөгдсөн эсэх үйл баримтыг тогтоох боломжтой өөр баримт хэрэгт байхгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2016/00761 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 941 173 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                                                                     ШҮҮГЧ                         С.ЭНХТӨР

                                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ