Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

         Улсын яллагч Б.Оюунцэцэг

         Шүүгдэгч Б.Ё, Г.Н, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан

         Шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  шүүгдэгч  Б.Ш, Б.Ё, Г.Н нарт холбогдох 20160000000003 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Ё: Монгол улсын иргэн, халх, ..., эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав ээж, ах дүү нарын хамт ... суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ... регистрийн дугаартай, Т овогт Б-н Ё гэв.

Шүүгдэгч Б.Ш: Монгол улсын иргэн, халх, ..., эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа тээвэрт явдаг ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт ... багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, .. регистрийн дугаартай, В овогт Б-ны Т гэв.

Шүүгдэгч Г.Н: Монгол улсын иргэн, халх, ...., боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт ... багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ... регистрийн дугаартай, Т овогт Г-н Н гэв.

Шүүгдэгч Б.Ш, Б.Ё, Г.Н нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 05-аас 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн Наран гэх газраас улсын дугааргүй, Даюун маркийн мотоциколь, 96-93 ГАА улсын дугаартай, ногоон өнгийн Истана маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч Ш.Дийн хар зүстэй, нуруу дагасан цагаантай, зөв талын чихний урд талаас ухам имтэй, зөв талын ташаан дээр улаан шар будагтай 1 тооны эр үхрийг хулгайлан Ш.Дд 1.100.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

        Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Ш, Б.Ё, Г.Н нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 05-аас 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн Наран гэх газраас улсын дугааргүй, Даюун маркийн мотоциколь, 96-93 ГАА улсын дугаартай, ногоон өнгийн Истана маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч Ш.Дийн хар зүстэй, нуруу дагасан цагаантай, зөв талын чихний урд талаас ухам имтэй, зөв талын ташаан дээр улаан шар будагтай 1 тооны эр үхрийг хулгайлан “Шинэ-Алтай” захын ченжид худалдан борлуулж Ш.Дд 1.100.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ш, Б.Ё, Г.Н нар гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Шгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “2019 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө бид 3 нийлж үхэр гаргасан. Аймагт авчирч Шинэ-Алтай зах дээр хүнд өгсөн. Ш.Дийн 1 тооны үхрийг Б.Ё, Г.Н нартай бүлэглэж хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гурвуулаа ярилцаж байгаад санааг гаргасан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Ийм хэрэг хийж болохгүй гэдгийг мэдэж авлаа. Дахиж ийм хэрэг хийхгүй...” гэсэн мэдүүлэг,  

Шүүгдэгч Б.Ёийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Хүлээн зөвшөөрч байна. Б.Ш манайд ногоон истана машинтай ирээд миний утсаар Санжаа руу хүрээд ирээч гэж ярьсан. Айлын хашаанд үхэр байсан. Үхэр гаргая гэсэн. Махаа тушаагаад мөнгөө Б.Ш тоолж авсан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Ийм хэрэг хийж болохгүй гэдгийг мэдэж авлаа. Дахиж ийм хэрэг хийхгүй...” гэсэн мэдүүлэг,  

 

Шүүгдэгч Г.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Би гэртээ байж байхад Б.Ёын утсаар Б.Ш дуудахаар нь хойшоо гарч энэ 2 дээр очсон. Б.Ш дагаад яв гэхээр нь дагаж явсан. Явж байгаад хашаан дээр очиход нэг үхэр байсан. Тэрийг туугаад яв гэсэн. Тэгээд хонхор газарт очсон. Намайг мотоциклиос буухад Ё унаж үхрийн цаагуур явж Б.Ш бугуйл аваад барьж авч нядалсан... Б.Ё, Б.Ш нартай нийлж үхэр хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Т үхрийг барьж аваад бид 2 хамжиж унагаасан. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Ийм хэрэг хийж болохгүй гэдгийг мэдэж авлаа. Дахиж ийм хэрэг хийхгүй” гэсэн мэдүүлэг,  

 

Хохирогч Ш.Дийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баян-Уул сумын Баянговь багийн Нарангийн усны урд дээр үхрээ харахад 21 тоо толгой үхэр бүрэн байсан. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр уг газраа очиж үзэхэд 20 тооны үхэр байсан бөгөөд 1 үхэр дутаж байсан. Уг үхэр нь хар мөртлөө нуруугаа дагасан цагаантай, зөв чихний урдаас ухам эмтэй, зөв ташаан дээрээ улаан шар будагтай бүдүүн 6 настай үхэр алга байсан. Би тэр өдрөө хайж сураглаагүй ба маргаашнаас хайж эхлээд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянговь багийн нутаг Бөөгийн гуу нэртэй хонхор газар үхрийн гэдэс гаргаад хаячихсан үнэг, хярс, шувуу идсэн байхтай нь очиж таарсан. Дээрх газар Истана маркийн машин, мотоциклийн мөр зэрэг гарсан байсан ба мөн үхэр бугуйлдаж чирсэн бололтой 2 хүний мөр байсан. Тэнд би зургийг нь аваад сураг тавьж байтал 2019 оны 12 дугаар сарын 06-ны өглөө аймгийн зах дээр өглөө үүрээр 5-н цагийн үед Баян-Уул сумын Б.Ё, Б.Ш нар ченжид бохир төхөөрсөн үхрийн мах авч ирж өөрсдийгөө Хөхморьт сумаас ирсэн гээд зарсан байсныг дам дамаа хүмүүсээс сонсож мэдсэн. Ингээд Б.Шг судлаад байсан чинь тухайн үед өөрийнхөө үхрийг алаагүй байсан, мөн 2019 оны 12 дугаар 05-ны өдрийн 15 цаг 30 минутын үед колонкоос бензин аваад орой 23 цаг дөхүүлээд гэрээсээ Истана маркийн машинтайгаа явж байгаа бичлэг сумын төвийн бичлэгт хадгалагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх35-37рт/,

Гэрч Б.А-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би цаг хугацааг нь сайн санахгүй байна. Нэг өглөө манай нөхөр “Шинэ-Алтай” зах дээр мах авах гээд түрүүлээд очсон тэгээд надруу залгаад үхрийн мах ирсэн байна. Авах уу гэхээр нь би хэд гэж байна гэсэн чинь 1 кг нь 5500 төгрөгөөр зарна гэж байна гэхээр нь авчих гэж хэлсэн. Тэгээд намайг яваад очиход нэг тооны нэлээд том биетэй бохир төхөөрсөн үхрийн махыг манай нөхөр зарж байгаа залуутай жинг нь үзээд дуусч байсан. Тухайн машины хажууд жижиг цагаан өнгийн машин байсан. Тэр нь Баян-Уул сумаас мах авч ирсэн гээд 7 хонины мах зарж байсан. Үхрийн мах зарж байсан хүмүүс нь ногоон өнгийн истана машинтай байсан бөгөөд өөрсдийгөө Хөхморьт сумаас ирсэн гэж хэлж байсан. Харин цагаан өнгийн жижиг машинтай хүмүүс нь Баян-Уул сумынх гэж байсан. Манайд зарсан үхэр нь 190-200 орчим кг жинтэй нэлээд том биетэй үхэр байсан. Мөнгө нь 1 сая гаруй төгрөг болж байсан санагдаж байна. Үүний талаар би дэвтэр дээр тэмдэглэж байсан санагдаж байна. Энэ 2 хүн мөнгөө надаас бэлнээр авсан би дансанд мөнгө хийх талаар ярихад бэлэн мөнгө авна гээд байсан учраас бэлэн мөнгө өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх47-48-рт/,

Гэрч Ц.С-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оны 12 дугаар сарын эхээр шиг санагдаж байна. Орой болсон байсан ба Т манай гэрт ирээд Б.Ёыг дагуулаад гарсан юм. Би араас нь “та хоёр хаачих гэж байгаа юм бэ” гэхэд Ё “Т-тэй айлд оччихоод ирье” гээд Тгийн истана маркийн машинд суугаад явсан юм. Тэгээд тэр шөнөө гэртээ ирж хоноогүй ба маргааш өглөө нь миний санаа зовоод  Б.Ёын 98399984 дугаар руу залгахад “би Ттэй явж байна, удахгүй очно” гэж байсан юм. Тэгээд тэр өдрийнхөө орой гэртээ ирсэн. Хаагуур юу хийж явсан талаар нь асууж сураглаагүй. Хэд хоногийн дараа шинэ гар утас авсан байхаар нь “юун утас юм бэ, хэн авч өгсөн юм” гэхэд Т авч өгсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх51-53-рт/,

Гэрч Т.Л мөрдөн байцаалтад өгсөн: “...Би яг өдрийг нь санахгүй байна. өглөө 06 цагт зах дээр очиж шинэ мах худалдан авдаг юм. Ингээд зах дээр зогсож байтал ногоон өнгийн истана маркийн микро автобус ирсэн ба уг машинаас 2 залуу бууж ирээд 1 тооны үхрийн мах зарна гэхээр нь очиж үзэхэд гялгар уутанд боосон цустай мах байсан ба их бохир хийсэн мах байсан. Тухайн 2 залуу өөрсдийгөө Хөхморьт сумынх гэж байсан. Мөн хажууд нь Баян-Уулын гэх пробокс маркийн машинтай 2 хүн ирж 6 тооны хонь зарсан юм. Хөхморьт сумынх гэх 2 залуу үхрийн махыг 1 кг нь 5500 төгрөгөөр зарна гэхээр нь эхнэр А рүү ярьж хямдхан мах ирчихлээ авах уу гэхэд эхнэр хүрээд ирсэн. Ирж үзээд авахаар болоод жинлэж үзэхэд 1.000.000 гаруй төгрөг болж байсан. Ингээд эхнэр мөнгийг нь өгнө гээд үлдсэн. Тэгээд эхнэрийн мөнгө хүрэхгүй байна өдөр банк онгойхоор мөнгөө ирээд авчих гэж хэлээд тэр 2 залууд тал мөнгийг өгөөд явуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх58-59-рт/ болон эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх22-25-рт/, эд зүйлийн үнэлгээний дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

     Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Ш, Б.Ё, Г.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

     Хохирогч Ш.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Миний ХААН банкны 5323159774 дугаарын дансанд 1.100.000 төгрөг шилжүүлсэн байсан. ...Би үхрээ хайж 2019 оны 12 дугаар сарын 10-аас 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 7 хоног машин мотоциколь ашиглан эрж хайсан. Энэ бензин шатахууны үнийг нэхэмжилмээр байна. Ойролцоогоор 160.000 төгрөгний бензин шатахуун зарцуулаад байна...” гэсэн мэдүүлгийг өгсөн байх бөгөөд шүүгдэгч нар нь үхэр эрж хайхад гарсан зардал болох 160.000 төгрөгийг төлсөн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн байх тул хохирогч Ш.Дд учирсан хохирлыг шүүгдэгч нар бүрэн төлсөн байна гэж шүүх үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх шүүгдэгч Б.Ш, Б.Ё, Г.Н нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, шүүгдэгч Б.Ш, Б.Ё, Г.Н нарт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж  заасан байх тул  шүүх шүүгдэгч Б.Ш, Б.Ё, Г.Н нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг машин, мотоциколь ашиглан, бүлэглэж үйлдсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч тус бүрд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 2 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл хаалттай хорих ангиас болон нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих ангид үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр шилжүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.Ш, Б.Ё, Г.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.      

 Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйл, 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Нийн эзэмшлийн даюун маркийн улсын дугааргүй, 740.000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль, шүүгдэгч Б.Шгийн эзэмшлийн 3.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 96-93 ГАА улсын дугаартай ногоон өнгийн истана маркийн автомашиныг хурааж улсын төсөвт олгох, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хохирогч Ш.Дд 1.260.000 төгрөгний хохирол төлөгдсөн, шүүгдэгч нарын хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Б-н Ё, В овгийн Б-ны Т, Т овгийн Г-н Н нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлд заасныг баримтлан  мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ё, Б.Ш, Г.Н нарыг тус бүрийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ё, Б.Ш, Г.Н нарт тус бүрд нь оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйл, 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Нийн эзэмшлийн даюун маркийн улсын дугааргүй, 740.000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль, шүүгдэгч Б.Шгийн эзэмшлийн 3.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 96-93 ГАА улсын дугаартай ногоон өнгийн истана маркийн автомашиныг хурааж улсын төсөвт олгох, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон бариутай хутгыг устгаж, даюун маркийн улсын дугааргүй мотоциколь, 96-93 ГАА улсын дугаартай ногоон өнгийн истана маркийн автомашин, 00766899 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ё, Б.Ш, Г.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хохирогч Ш.Дд 1.260.000 төгрөгний хохирол төлөгдсөн, шүүгдэгч нарын хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ё, Б.Ш, Г.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА