Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2020/ДШМ/15

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Т, Б.Ё, Г.Н

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд

Прокурор Б.О,

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ж.Д

Шүүгдэгч Б.Ё, Г.Н, тэдгээрийн өмгөөлөгч Ж.М

Нарийн бичгийн дарга Ц.Н нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т өмгөөлөгч Ж.Д, шүүгдэгч Б.Ё, Г.Н нарын өмгөөлөгч Ж.М нарын давж заалдах гомдлоор Б.Т, Б.Ё, Г.Н нарт холбогдох эрүүгийн 2016000000003 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, халх, 1996 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, ах дүү нарын хамт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ДД96102710 регистрийн дугаартай, Т овогт Б.Ё.

 

Монгол улсын иргэн, халх, 1994 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа тээвэрт явдаг ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ДП94040211 регистрийн дугаартай, В овогт Б.Т.

 

Монгол улсын иргэн, халх, 1992 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 28 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Хүйсийн говь багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ДБ92042010 регистрийн дугаартай, Т овогт Г. Н.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Т, Б.Ё, Г.Н нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 05-аас 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн Наран гэх газраас улсын дугааргүй, Даюун маркийн мотоциколь, 96-93 ГАА улсын дугаартай, ногоон өнгийн Истана маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч Ш.Д хар зүстэй, нуруу дагасан цагаантай, зөв талын чихний урд талаас ухам имтэй, зөв талын ташаан дээр улаан шар будагтай 1 тооны эр үхрийг хулгайлан Ш.Д 1.100.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овгийн Б. Ё, В овгийн Б. Т, Т овгийн Г. Н нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ё, Б.Т, Г.Н нарыг тус бүрийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ё, Б.Т, Г.Н нарт тус бүрд нь оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйл, 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Г.Н эзэмшлийн даюун маркийн улсын дугааргүй, 740.000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль, шүүгдэгч Б.Т эзэмшлийн 3.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 96-93 ГАА улсын дугаартай ногоон өнгийн истана маркийн автомашиныг хурааж улсын төсөвт олгох, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон бариултай хутгыг устгаж, даюун маркийн улсын дугааргүй мотоциколь, 96-93 ГАА улсын дугаартай ногоон өнгийн истана маркийн автомашин, 00766899 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ё, Б.Т, Г.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хохирогч Ш.Д 1.260.000 төгрөгний хохирол төлөгдсөн, шүүгдэгч нарын хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т өмгөөлөгч Ж.Д шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: Б.Т өмгөөлөгч Ж.Д миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Миний үйлчлүүлэгч Б.Т хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлан ойлгож байгаагаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийг арилгаж хохирогч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн.

Б.Т хувийн байдал, эрүүл мэндийн хувьд 2014 онд осолд орж нурууны хүнд гэмтэл авч групт орж байсан. Одоо нурууны 2 талдаа хадаас шрүпээр бэхлэгдсэн нурууны бяцралттай байнга эмчийн хяналтанд байж, хүнд хүчир ажил хийж чаддаггүй, өдөр бүр нуруу хөлөндөө массаж, физик эмчилгээ хийлгэдэг. Анхан шатны шүүх хурал болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хоригдсоноос хойш эрүүл мэндийн байдал доройтож, шалтгаангүйгээр зүрхний хэм алдагдаж, ратерийн даралт ихсэж амин үзүүлэлтүүд нь байнга хэвийн бус байж, нарийн мэргэжлийн эмч нарт хандаж үзүүлсэний үндсэн дээр Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа болно.

Иймд Б.Т анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршиг хохирол төлөгдсөн байдал, түүний эрүүл мэнд хувийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.      

 

 Шүүгдэгч Б.Ё, Г.Н нарын өмгөөлөгч Ж.М шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгч Ж.М миний бие шүүгдэгч Б.Ё, Г.Н нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн ял оногдуулсан хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Миний үйлчлүүлэгч Б.Ё, Г.Н нар нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн байгаа. Шүүгдэгч Б.Ё, Г.Н нар нь хийсэн үйлдлээ хэрэг бүртгэлтийн шатнаас үнэн зөвөөр мэдүүлж, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа, анх удаагаа гэмт хэрэгт холбогдож байгаа мөн ар гэрийн ахуй амьдрал, биеийн байдлуудыг нь харгалзан тус бүрийн ялуудыг нь тэнсэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Ё, Г.Н нарын өмгөөлөгч Ж.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ё, Г.Н нар нь хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчийн хохирлыг барагдуулсан. Хохирогчийн зүгээс гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбараа албан ёсоор ирүүлсэн. Үүнийг хувийн байдлуудыг тодорхойлох баримтуудад хавсарган өгсөн. Б.Ё нь аав, ээжтэйгээ хамт амьдардаг бөгөөд аав нь нурууны суулт буюу хүнд өвчтэй болсны улмаас хүнд ажил хийж болдоггүй, даарч болдоггүй. Б.Ё нь малаа хариулж, ар гэрээ авч явдаг. Г.Н тухайд өндөр настай эмээ болон ээжийн хамт амьдардаг. Эмээ нь байнгын асаргаанд байдаг учраас ээж нь асардаг. Г.Н хар багаасаа сургуульд сураагүй бөгөөд нагац ахынхаа малыг маллаж өдий хүртэл амьдарч ирсэн. Айлын мал хариулсныхаа хөлсөнд мал аваад эмээгээ болон ээжийгээ тэжээдэг. Мэдээ орох цагаасаа нагац ахынхаа малыг маллаж, ар гэрээ авч явдаг. Иймд эдгээр хүмүүсийн ар гэрийн байдал, хувийн байдлуудыг нь харгалзан үзэж 6 сарын хорих ялыг нь тэнсэж өгнө үү. Б.Ё, Г.Н нар хийсэн хэргээ ухамсарлан ойлгож, маш их гэмшиж байгаа. Заавал нийгмээс тусгаарлахгүйгээр төрийн уучлал, энэрэнгүй хайр ивээлийг үзүүлж өгнө үү хэмээн өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Г.Н нь бөөрний архаг хууч өвчтэй, ууц нурууны өвчтэй, зүрх нь өвддөг бөгөөд байнгын эмнэлгээр явдаг. Энэ талаарх нотлох баримтыг өгсөн. Эдгээр хувийн байдлыг нь харгалзан үзнэ үү гэжээ.

Шүүгдэгч Б.Т өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа талаар илэрхийлж ирсэн. Мөн хохирогчид хохирлыг төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд үг, дуу цөөтэй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд хувийн байдлыг нь тодруулахад тодорхой зүйл хэлээгүй байсан. Анхан шатны шүүхээс ял аваад хоригдож байх хугацаанд нь биеийн байдал нь дордож эхэлсэн. Шалтгаангүйгээр артерийн даралт нь ихсэх, пульс өндөр болох зэрэг шинж тэмдэг илэрсэн. Ямар шалтгаантай байгаа болох нь тогтоогдохгүй байсан бөгөөд удаа дараа хорих байрны эмчид үзүүлж, улмаар Нэгдсэн эмнэлэгт үзүүлж, 7 хоног эмчилгээ авсан байдаг. Б.Т эрүүл мэндийн байдлын хувьд 2014 онд осолд орж, нуруу, нугасандаа гэмтэл авч байсан. Нуруу, нугасандаа 8 шруптэй, сээр нурууны 6 дугаар нугаламд бэхэлгээтэй. 6 дугаар нугалам нь дотор эрхтэнтэй ойрхон бөгөөд зүрхний нарийн судсууд нь сээр нуруутай холбогддог. Зүрхний хэм алдах, артерийн даралт ихсэх шинж тэмдэг осолтой холбоотойгоор үүссэн байх боломжтой гэж мэргэжлийн эмчээс зөвлөгөө өгсөн. Хоригдож байх хугацаандаа эрүүл мэндийн байдал тогтворгүй байж хүндэвтэр хоригдогчдийн тоонд багтаж, байнга хяналтад байгаа гэж хорих байрны эмч тодорхойлолт бичиж өгсөн. Мөн Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн комиссын дүгнэлтээр Б.Т хүнд ажил хийх боломжгүй. Байнга эмчийн хяналтад байдаг гэж тодорхойлогдсон. Шинээр гаргаж өгсөн рентген зургаар нуруундаа шруптэй болох нь тодорхой харагдаж байгаа. 2014 онд осолд ороод түүнээс хойш 2018 оны 09 дүгээр сар хүртэл групптэй байсан бөгөөд Эрүүл мэндийн яамнаас сээр, нурууны өвчний заалт хасагдсан байдаг. 1 жилийн дараа нь өөрчлөлт орсон бөгөөд тухайн өвчин нь группд орох боломжтой хүнд өвчинд ордог гэж нарийн мэргэжлийн эмчийн зүгээс хэлж байсан. Б.Т хувьд нийт 45 хоног хоригдсон. Уг хугацаанд эрүүл мэндийн байдал тогтворгүйн улмаас байнга хорих байрны эмчид үзүүлж, эм тариа хэрэглэж ирсэн, эмнэлэгт хэвтсэн. Ийнхүү биеийн байдал нь тогтворгүй, амин үзүүлэлт болох зүрхний хэм алдагдах шинж тэмдэг байнга тохиолдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд ордог. Иймд эрүүл мэндийн болон хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Шүүгдэгч Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ийм хэрэг хийсэндээ үнэхээр их гэмшиж, харамсаж байна. Цагдан хоригдож байх хугацаанд эрүүл мэндийн байдал илт доройтож, артерийн даралт хэлбэлзэж, зүрхний хэм алдагдаж, эмнэлэгт 7 хоног эмчилгээ хийлгэсэн. Мөн нуруу өвдөж нурууны рентген зураг авахуулах хүсэлт гаргахад манай заалтад нурууны заалт байхгүй гээд зураг авч өгөөгүй. Ийм хэрэг хийсэндээ үнэхээр их гэмшиж байна гэжээ.

Шүүгдэгч Б.Ё давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахин хэрэгт холбогдохгүй гэжээ.

Шүүгдэгч Г.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахиж хэрэг хийхгүй гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлт: Анхан шатны шүүхээс Б.Т, Б.Ё, Г.Н нарт тус бүр 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Машин, мотоциклийг улсын орлого болгохоор эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгаж, тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын хорих ялыг тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг 6 сараас 5 жилийн хорих ялтай бөгөөд анхан шатны шүүхээс 6 сарын хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ялын доод хэмжээг оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байх тул 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Т, Б.Ё, Г.Н нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 05-наас 12 дугаар сарын 06-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянговь багийн Наран гэдэг газраас Б.Т эзэмшлийн 96-93 ГАА улсын дугаартай Истана маркийн авто машин, Г.Н эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл ашиглан хохирогч Ш.Д хар зүстэй, нуруу дагасан цагаантай, зөв талын чихэндээ ухам имтэй, ташаан дээрээ улаан шар будаган тэмдэгтэй эр үхрийг хулгайлж Шинэ-Алтай захын  махны худалдаачинд худалдан хохирогчид 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Энэ үйл баримт нь хохирогч Ш.Д: “2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баян-Уул сумын Баянговь багийн Нарангийн усны урд байхад нь харахад үхэр нь бүрэн байсан боловч 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үхэрээ бүртгэхэд нь нуруугаа дагасан цагаантай, зөв чихний урдаас ухам эмтэй, зөв ташаан дээрээ улаан шар будагтай, 6 настай, хар үхэр нь алга болсон байсан бөгөөд Баянговь багийн нутаг Бөөгийн гуу нэртэй хонхор газар үхрийн гэдэс гаргаад хаячихсан үнэг, хярс, шувуу идсэн, Истана маркийн машин, мотоциклийн мөр, үхэр бугуйлдаж чирсэн бололтой 2 хүний мөр гарсан байсны зургийг авч сураг тавьж байтал 2019 оны 12 дугаар сарын 06-ны өглөө 5 цагийн үед Говь-Алтай аймгийн зах дээр Баян-Уул сумын Б.Ё, Б.Т нар өөрсдийгөө Хөх морьт сумаас ирсэн гээд бохир төхөөрсөн үхрийн мах авч ирж ченжид зарсан байсныг хүмүүсээс сонсож мэдээд Б.Т талаар судалхад тухайн үед өөрийнхөө үхрийг алаагүй төдийгүй Баян-Уул сумын төвийн бичлэгт 2019 оны 12 дугаар 05-ны өдрийн 15 цаг 30 минутын үед колонкоос бензин аваад орой 23 цаг дөхүүлээд гэрээсээ Истана маркийн машинтайгаа явж байгаа бичлэг нь хадгалагдсан байсан” тухай мэдүүлэг,

Гэрч Б.А: “Нөхөр Л хамт Хөх морьт сумаас ирсэн гэж өөрсдийгөө танилцуулсан ногоон өнгийн Истана машинтай хүмүүсээс бохир төхөөрсөн 190-200 килограмм орчим үхрийн махыг нэг сая гаруй төгрөгөөр худалдан авч мөнгийг нь бэлнээр өгсөн. Тухайн үед Баян-Уул сумаас  ирсэн жижиг цагаан өнгийн машинтай хүмүүс хонины мах зарж байсан.” тухай мэдүүлэг,

Гэрч Ц.С: “2019 оны 12 дугаар сарын эхээр Т Истана маркийн машинтай ирээд хамт айлд очъё гээд Б.Ё дагуулаад явсан ба тэр шөнөө гэртээ ирж хоноогүй тул маргааш өглөө нь Б.Ё 98399984 дугаарын утас руу залгахад “Би Т явж байна, удахгүй очно” гэж хэлээд тэр өдрийнхөө орой гэртээ ирсэн. Хэд хоногийн дараа шинэ гар утас авсан байхаар нь “Юун утас вэ? Хэн авч өгсөн юм бэ?” гэхэд Т авч өгсөн гэж хариулж байсан” тухай мэдүүлэг,

Гэрч Т.Л: “Нэг өглөө шинэ мах худалдан авахаар 06 цагт зах дээр очоод зогсож байхад нь ногоон өнгийн истана маркийн микро автобустай, 2 залуу ирээд  өөрсдийгөө Хөх морьт сумынх гэж танилцуулаад бохир төхөөрсөн эр үхрийн махыг 1 килограммыг нь 5500 төгрөгөөр зарна гэхээр эхнэр А зөвшилцөөд нийт нэг сая гаруй төгрөгөөр худалдаж авсан” тухай мэдүүлэг,

Б.Т эзэмшлийн 96-93 ГАА улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл, 11 сантиметр модон бариултай, ажлын хэсэг нь 11 сантиметр, нийт урт нь 24.5 сантиметр урттай гал тогооны хутга, Г.Н БНХАУ-д үйлдвэрлэсэн даюун маркийн мотоцикл зэргийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэлүүд,

“Б.А нь таньж олуулах ажиллагааны явцад Б.Т нь түүнд үхрийн мах зарсан хүн мөн болохыг  таньсан” тухай таньж олсуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, нас гүйцсэн эр үхрийг 1 100 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн эд зүйлийн үнэлгээний дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нар уг гэмт хэргийг үйлдсэн болохыг давхар нотлож байна.  

Шүүгдэгч нарын үйлдэл нь хохирогчийн өмчлөлийн нэг тооны үхрийг нууцаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулснаараа бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.  

Шүүгдэгч Б.Т, Б.Ё, Г.Н нар нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь хохирогч Ш.Д ХААН банкны 5323159774 дугаарын дансанд үхрийн үнэ 1.100.000 төгрөг, үхрээ эрж хайхад гарсан бензин шатахууны зардал болох 160.000 төгрөгийг төлж хохирогч Ш.Д гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол, хор уршгийг барагдуулсан байна.

Энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдөөгүй байна.

Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020.01.10-ны өдөр баталсан бөгөөд уг хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020.02.13-ны өдрийн 7 дугаарт нийтлэгдэж, 2020.02.23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.

Эрүүгийн хуульд оруулсан энэ нэмэлт өөрчлөлтөөр бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан ба уг гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр өөрчлөлт оруулсан байна.

Гэвч эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ”Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан байх тул шүүгдэгч нарын үйлдэлд шинэ хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар заасан байна. 

Тиймээс хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжтой хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан давж заалдах шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч нарт эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр ялгамжтай хугацаагаар тэнсэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дах заалтад: “Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлд заасныг баримтлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ё, Б.Т, Г.Н нарыг тус бүрийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр В овгийн Б.Т 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Т овгийн Б.Ё 1 жил 8 сарын /нэг жил найман сар/ хугацаагаар, Т овгийн Г.Н 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтад: “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ё, Б.Т, Г.Н нарт тус бүрд нь оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Ё, Г.Н нарт авсан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Т, Б.Ё, Г.Н нарын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Ё, Г.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нарыг сулласугай.

 

 5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.Ж

                                ШҮҮГЧИД                             Ш.Б

                                                                              Ч.Э