Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 00069

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн  15 дугаар хороо стадион, Оргил Махатма ганди 17 дугаар байрны 40 тоотод оршин суух /РД:ЧЗ74081009/  Боржигон овгийн Алтайн Шижирмаа,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 хороолол Замчид гудамж 46 дугаар байрны 99 тоотод оршин суух, /РД:ЧЗ43090602/, Боржигон овогт Намжилдоржийн Булган,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 40 дүгээр байрны 10 тоотод оршин суух, /РД:ЧЗ71051604/, Боржигон овгийн Алтайн Зулгэрэл нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хорооллын 32 дугаар байрны 22 тоотод оршин суух, /РД:СБ79022706/, Маанштан овогт Оюунхүүгийн Шинэцэцэгт холбогдох,

         зээлийн гэрээний үүрэг 66 555 405.6 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Шижирмаа, Н.Булган, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ, хариуцагч О.Шинэцэцэг, өмгөөлөгч Н.Баттогтох, гэрч Н.Оюунтуяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Шижирмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч О.Шинэцэцэг нь манай ээжтэй найзын холбоотой байсан. Би ээжээрээ дамжуулж танилцсан. Анх О.Шинэцэцэгт би Голомт банкны хадгаламжийн данснаасаа 15 сая төгрөгийг аваад хажууд нь байдаг нотариатаар 15 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 7%-ын хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Хэрвээ алданги тооцох юм бол 05%-6%-ын хувийн хүүтэйгээр анхны гэрээ байгуулсан. Тухайн зээлийн гэрээний барьцаанд тухайн үед Хас банкны барьцаанд байсан О.Шинэцэцэгийн одоо амьдарч байгаа орон сууцыг зээлээс чөлөөлсний дараа надтай хийсэн гэрээний барьцаа хөрөнгө болгоно гэж зээлийн гэрээн дээр заасан. Энэ бүхэнд нь би итгээд зээлийн гэрээ байгуулаад өөрийн хадгалж байсан мөнгөө зээлүүлсэн. 2014 оны 05 дугаар сараас хойш 2015 оны 05 сар хүртэл жил бүрийн хүүг би авч байсан. Хүүг би бэлнээр авч байгаагүй. Би өөрөө орон сууцны зээлтэй. Орон сууцныхаа зээлийн төлбөрт О.Шинэцэцэгээр төлүүлж байсан Төрийн банкны дансны баримтыг хэрэгт өгсөн. 2015 оны 04 дүгээр сард О.Шинэцэцэг гэрээгээ сунгах санал тавьсан. Боломжтой болонгуут би зээлээ хугацаанаас нь өмнө хаана гэсэн. Тэгээд 1 жилийн хугацаагаар 2 дахь гэрээг сунгасан тэр гэрээг хийгдсэн өдрөөс хойш нэг ч төлбөр хийгдээгүй. Иймд үндсэн зээл 15.000.000                         төгрөг, зээлийн хүү  9.450.000, алданги 7.100.000 төгрөг нийтдээ 31.537.500 төгрөг юм. О.Шинэцэцэг одоо өдөрт 2 сая гаруй төгрөгний гүйлгээ хийж чаддаг гэв.

Нэхэмжлэгч Н.Булган шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би энэ хүүхдэд маш итгэдэг байсан. Нарийн боовны үйлдвэртэй, талх зардаг, өөрсдөө боов үйлдвэрлэдэг. Ажил их сайн явдаг болохоор би дэмждэг байсан. 2014.06.18-ны өдөр надаас 4858 ам доллар зээлсэн. Би өөрийн хадгаламжийн мөнгийг Худалдаа хөгжлийн банкнаас авч, монгол мөнгөөр 9 857 106 төгрөг  өгөөд 6 сарын хугацаагаар 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Энэ мөнгөнөөс надад нэг ч төгрөг төлөөгүй, дараа нь дахиад 1 000 000 төгрөгийг яаралтай хэрэг болоод байна гээд ирэхээр нь бас өгсөн. Одоо би өөрийн охидуудаас санаа зовж байна. Энэ зээлсэн мөнгөнүүдийг яаралтай төлүүлмээр байна гэв.

Нэхэмжлэгч А.Зулгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булган шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний охин А.Зулгэрэлээс дахиад  12 сая төгрөгний зээлийг О.Шинэцэцэг авсан. Би охиндоо зээл өгөхдөө сайн судлаарай гэж хэлсэн. Зулгэрэлийн тооцоогоор үндсэн зээл 12 000 000 төгрөг, зээлийн хүү, алданги нэхсэн байгаа гэв.

 Хариуцагч О.Шинэцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Н.Булган эгчээс 4858 ам.долларыг авсан нь үнэн. Тухайн үед Худалдаа хөгжлийн банкнаас авч байсан. Хэд хоногийн дараа Н.Булган эгчийн тэмдэглэлийн дэвтэр дээр авсан нь үнэн гэж гарын үсэг зурсан. Тэгээд 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр А.Шижирмаатай 15 сая төгрөгийг жилийн 7%-ын хүүтэй гэрээ хийж авсан нь үнэн. 2015 оны 05 дугаар сар буюу 1 жил 6 сарын хугацаанд 16.650.000  төгрөгийг Төрийн банкинд шилжүүлж байсан. А.Зулгэрэлтэй 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 471001632 дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансанд 12 сая төгрөгний гэрээ хийгээд тухайн үед 10 сая төгрөгийг надад шилжүүлсэн байдаг. 5 сарын хугацаанд сар бүр 720.000 төгрөгийг нийт 3.600.000 төгрөг төлсөн байдаг. Анх А.Шижирмаагаас 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зээлэхдээ Худалдаа хөгжлийн банканд бизнесийн зээлтэй миний төлөлт хэвийн бус болчихсон байсан. Борлуулагч нартаа итгэж их хэмжээний алдагдалд орсон байсан. Хэвийн биш төлөлттэй байсныг А.Шижирмаа банкнаас лавлагаа гаргуулж авч байсан юм. Би зээлээ санаатайгаар  өгөхгүй биш үнэхээр эдийн засгийн хувьд чадамжгүй болчихоод л өгч чадаагүй. Шүүхээс хэрхэн шийдэхийг  харъя гэж бодож байна гэв.

 

          Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 66 555 405 төгрөгийг хариуцагч О.Шинэцэцэгээс гаргуулахаар шаарджээ.

  Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, шүүхээс гарах шийдвэрийг хүлээнэ гэж тайлбарласан байна.

  Хэргээс үзэхэд нэхэмжлэгч А.Шижирмаа нь үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүү 9 450 000 төгрөг, алданги 7 087 500 төгрөг нийтдээ 31 537 500 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр нэхэмжилсэн байна.

  А.Шижирмаа, О.Шинэцэцэг нарын хооронд байгуулсан 2014.04.07-ны өдрийн зээлийн гэрээнээс үзэхэд 2014.04.07-ноос 2015.04.07-ны өдрийг хүртэл 7 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохирч, 15 000 000 төгрөгийг О.Шинэцэцэг зээлж авсан, 1 жилийн хугацаанд зээлийн хүүд 13 162 000 төгрөгийг төлсөн, үндсэн зээлийг төлөөгүй бөгөөд 2015.04.08-нд зээлийн гэрээний хугацааг дахин 1 жилийн хугацаагаар сунгасан байна.

Талууд “зээлийн хүүг 1 жилийн хугацаанд 8 хувиар төлөхөөр тохирсон” гэж хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттогтох тайлбарладаг боловч хариуцагч О.Шинэцэцэг нь А.Шижирмаатай тохирсоны дагуу түүний орон сууцны зээлийн төлбөрт сар бүр 1 050

 

000 төгрөгөөр төлж байсан болох нь Төрийн банкны депозит дансны хуулгаар тогтоогдсон байна.

   Хариуцагч сар бүр зээлийн хүү төлж байсан, 2015.04.08-ны өдөр зээлийн гэрээний хугацааг сунгасан,  сунгалт үйлдсэнээс хойш төлөлт хийгдээгүй болохыг үгүйсгэсэн нотлох баримт ирүүлээгүй тул талуудын хооронд сарын 8 хувиар хүү тооцохоор тохирсон байна гэж дүгнэлээ.

  Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байна.

  Иймд нэхэмжлэгч А.Шижирмаа гэрээний хугацаанаас өмнө 2016.01.25-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь буруугүй бөгөөд 9 сарын зээлийн хүүд 9 450 000 төгрөг нэхэмжлэх эрхтэй боловч О.Шинэцэцэг нь 2014.04.07-ноос 2015.04.07-ны өдрийг хүртэл зээлийн хүүд 12 600 000 төгрөг төлөхөөс илүү төлсөн 562 000 төгрөгийг 9 сарын хүүгийн тооцооноос хасч, үндсэн зээл 15 000 000 төгрөг,  9 сарын зээлийн хүүд  8 888 000 төгрөгийг нэмж нийтдээ 23 888 000 төгрөгийг гаргуулж А.Шижирмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 649 500 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

Нэхэмжлэгч Н.Булган 4 858 доллар буюу 9 857 106 төгрөг, мөн 1 000 000 төгрөг, эдгээр зээлийн хүүд 6 400 000 төгрөг, нийтдээ 16 257 105.6 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр шаардсан байна.

Хэрэгт Н.Булган, О.Шинэцэцэг нарын хооронд 2014.06.18-нд   4 858 долларыг 8 хувийн хүүтэй 6 сарын хугацаагаар зээлсэн талаар бичгээр баримтжуулсан бичгийн баримт авагдсан, мөн хариуцагч О.Шинэцэцэгийн  “...10 хувь гэхээр нь арай өндөр байна гээд 8 хувиар тохирсон” гэх тайлбараас үзэхэд зээлийн гэрээний хэлбэр, загвараар үйлдээгүй хэдий ч талуудын хооронд бичгээр хэлцэл хийгдсэн, хүү тооцсон гэж үзлээ.

Мөн 1 000 000 төгрөгийг нэмж авсанаа хариуцагч тал зөвшөөрсөн тул үндсэн зээл 4858 доллар буюу 9857 106 төгрөг, зээлийн хүү 4 731 408 төгрөг дээр 1 000 000 төгрөгийг нэмж нийтдээ 15 588 514 төгрөгийг гаргуулж Н.Булганд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 668 592 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

Хариуцагч тал 8 000 000 гаруй төгрөгийг Н.Булганд  бэлнээр төлсөн гэдэг боловч мөнгө хүлээлгэн өгсөн талаар нотолсон баримтгүй байна.

Нэхэмжлэгч А.Зулгэрэл нь үндсэн зээл 12 000 000 төгрөг, зээлийн хүү 5 040 000 төгрөг, алданги 1 360 800 төгрөг нийтдээ 18 760 800 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хариуцагчаас 15 600 000 төгрөгийг гаргуулж А.Зулгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 160 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь 2014.12.11-ний өдрийн зээлийн гэрээгээр 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 12 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэх боловч бодит байдалд 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь түүний депозит дансны хуулгаар тогтоогдсон байна.

   Хариуцагч О.Шинэцэцэг нь 2015 оны 1 сараас 2016 оны 6 сар хүртэл хугацаанд 3 600 000 төгрөгийг төлсөн байх тул үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 7 200 000 төгрөг нийтдээ 19 200 000 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 3 600 000 төгрөгийг хассан болно.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон, энэ нь зээлдэгчид хохиролтой тогтоогдсон хэдий ч тухайн үедээ зээлдэгч хүлээн зөвшөөрч  тохирсон хэмжээгээр хүү төлж байсан байна.

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан  анзын гэрээг бичгээр хийх заалтад нийцсэн байх тул зээлдэгч О.Шинэцэцэг нь  үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт төлөх үүргийг хүлээнэ. 

Гэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болохоор заасан боловч хариуцагч тал энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор заасан байна.

Шүүх хариуцагч О.Шинэцэцэгийн төлбөрийн чадвар, төлөх боломжийн байдлыг харгалзан нэхэмжлэгч нарын гэрээний дагуу тооцсон гэх алданги /7 087 500+1 360 800/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэлийн нийт шаардлага 66 555 405.6 төгрөгнөөс илүү нэхэмжилсэн болон алдангийн тооцоог хасаад хариуцагчаас нийтдээ 55 076 514 төгрөгийг гаргуулж, үлдэх 11 478 892 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн нийт 493 180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 433 333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                       ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар О.Шинэцэцэгээс нийтдээ 55 076 514 төгрөг гаргуулж, үүнээс 23 888 000 төгрөгийг А.Шижирмаад, 15 588 514 төгрөгийг Н.Булганд, 15 600 000 төгрөгийг А.Зулгэрэлд тус тус олгож, нэхэмжлэлийн нийт шаардлагаас 11 478 892 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 433 333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493 180 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ                                               Д.ЭНХЦЭЦЭГ