Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00660

 

Т аймгийн А сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03463 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 118 дугаар магадлалтай,

Т аймгийн А сумын ЗДТГ-нэхэмжлэлтэй,

Б.С-д холбогдох,

Гэм хорын хохирол 5.850.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч Т аймгийн А сумын ЗДТГ-шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Манай сум 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулахаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас өвс бэлтгүүлж 900 боодол өвс авсан. Ингээд хотод ирж жолооч Б.С-тэй уулзаж өвсөө тээвэрлүүлэхээр тохиролцож авч яваад 900 боодол өвсийг машинтайгаа шатаж байгууллагад 5.850.000 төгрөгийн хохирол учруулсан. Жолооч машины янданд оч баригч хийгээгүй явснаас болж гал гарсан. Иймд 5.850.000 төгрөгийг Б.С-ээс гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т-ийн шүүхэд гаргасан тайлбарт: 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаар Төв аймгийн Архуст сум хүртэл Б.С- өөрийн эзэмшлийн Диво маркийн 92-62 дугаарын ачааны автомашинд 900 боодол фондны өвс ачаад явах замд нь гал авалцсанаас автомашин болон өвс шатаж тухайн хэргийг Жаргалантхаан сумын цагдаагийн газар шалгасан боловч гал гарсан шалтгаан, хохирлын хэмжээг тогтоож чадаагүй. Галын дүгнэлт нь яндангаас оч үсэрч гарсан байх боломжгүй, мөн Сүхбаатар аймгаас ачсан өвс нь өөрөө нойтон өвс байсан зэргээс шалтгаалаад гал гарсан шалтгааныг тогтоох боломжгүй. Хариуцагч Б.С- нь тухайн үед ачсан өвснийхөө тээврийн зардал гэж нэг ч төгрөгийг нэхэмжлэгч н.Амарбаясгалангаас аваагүй, өөрийн зардлаар тээвэрлэсэн. Тухайн эрүүгийн хэрэг нь хариуцагч Б.С-ийн буруутай үйлдлээс хохирол учирсан гэдэг нь нотлогдоогүй байхад хохирол учруулсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй хэмээн үзэж байна. Эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, хариуцагчийг гэм буруутайг нотлоогүй байхад иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэм хорын хохирлыг шаардах эрхтэй этгээд нь Т аймгийн А сумын ЗДТГ-болох нь тогтоогдохгүй байна. 5.850.000 төгрөгийн үнэлгээ тогтоогдохгүй, Т аймгийн А сумын ЗДТГ-аас тийм хэмжээний зардал гарсан гэдэг нь ямар нэг байдлаар тогтоогдоогүй. Б.С- өөрөө мөн хохирогч, машин нь бас шатсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03463 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.С-ээс 5.850.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Т аймгийн А сумын ЗДТГ-нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 118 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж  шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулахаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд өвс бэлтгүүлж 950 боодол өвс авсан. Туслах ажилтан А.Амарсанааг хот явуулж том оврын машин Б.С-ийг олуулж утсаар ярьж өвсөө ачуулахаар тохирч, ирсний дараа тээврийн хөлсийг өгөхөөр тохирсон. Б.С- нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн 92-62 дугаартай машинд өвс ачиж яваад шатсан. Галын шалтгаан нь жолооч машиндаа яндангийн оч баригч хийгээгүйн улмаас гал гарсан гэж үзэх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын галын улсын байцаагчийн гаргасан дүгнэлт. Үүний улмаас манай байгууллагад 5.850.000 төгрөгийн хохирол учирсан байхад шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, Б.С-ээс 950 боодол өвсний үнэ 5.850.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

            Б.С-ээс гэм хорд 5.850.000 төгрөг гаргуулахыг хүссэн Т аймгийн А сумын ЗДТГ-нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ  хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хууль хэрэглэх асуудлаар алдаа гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 497.2-т “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэжээ.

           Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтаар Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгын дагуу тээвэрлэж явсан өвс хариуцагч Б.С-ийн эс үйлдэхүйгээс буюу өөрийн тээврийн хэрэгсэлд оч баригч хийгээгүйгээс шатаж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан гэм буруу, шалтгаант холбоо тогтоогдоогүй байна.

            Тээврийн замд гарсан гал түймэртэй холбоотой үйлдэлд Б.С-ийг холбогдуулан шалгасан боловч түүний үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдоогүй учир эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Онцгой байдлын Ерөнхий газар гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01/29 тоот актад гал түймэр машины яндангаас галтай цог хаясны улмаас оч өвсөн дээр унаж гарсан байх магадлалтайг дурдсан нь хариуцагч Б.С-ийн гэм буруугаас гал гарсан гэж үзэх эргэлзээгүй нотлох баримт болохгүй байна. Энэ талаархи шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн байна.

          Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2017/03463 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 118 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х-ын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

                                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ