Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2017/03463

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 01 өдөр          Дугаар 101/ШШ2017/03463           Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Төв аймгийн 0 сумын ЗГрын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0-ийн, 0 тоотод оршин суух, 37 настай, эрэгтэй, А овогт Бгийн Сд /**********/ холбогдох,

Гэм хорын хохиролд 5 850 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, иргэдийн төлөөлөгч Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.НаранТ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Манай сум 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулахаар Сүхбаатар аймгийн 0 сумаас өвс бэлтгүүлж 900 боодол өвс авсан юм. Ингээд хотод ирж жолооч Б.Соёнсүрэнтэй уулзаж өвсөө тээвэрлүүлэхээр тохиролцож авч яваад 900 боодол өвсийг машинтайгаа шатаж байгууллагад 5 850 000 төгрөгийн хохирол учруулсан юм. Жолооч машины янданд оч баригч хийгээгүй явснаас болж гал гарсан байсан. Иймд 5 850 000 төгрөгийг Б.Сээс гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан тайлбартаа:  

Хариуцагч Б.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т би тус шүүхэд нэхэмжлэгч А.Агийн Тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэл 5 850 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Учир нь:

2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн 0 сумаар Төв аймгийн 0 сум хүртэл Б.С өөрийг эзэмшлийн Диво маркийн ***** дугаарын ачааны автомашинд 900 боодол фондны өвс ачаад явах замд нь гал авалцсанаас автомашин болон өвс шатаж тухайн хэргийг Жаргалантхаан сумын цагдаагийн газар шалгасан боловч гал гарсан шалтгаан, хохирлын хэмжээг тогтоож чадаагүй болно.

Галын дүгнэлт нь яндангаас оч үсэрч гарсан байх боломжгүй, мөн Сүхбаатар аймгаас ачсан өвс нь өөрөө нойтон өвс байсан зэргээс шалтгаалаад гал гарсан шалтгааныг тогтоох боломжгүй юм. Хариуцагч Б.С нь тухайн үед ачсан өвснийхөө тээврийн зардал гэж нэг ч төгрөгийг нэхэмжлэгч Агаас аваагүй, өөрийн зардлаар тээвэрлэсэн байдаг. Тухайн Эрүүгийн хэрэг нь хариуцагч Б.Сийн буруутай үйлдлээс хохирол учирсан гэдэг нь нотлогдоогүй байхад хохирол учруулсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй хэмээн үзэж байна. Одоогийн байдлаар хариуцагч Б.Сд Жаргалантхаан сумын цагдаагийн газар, прокурорын газар болон сум дундын шүүхээс ямар нэгэн тогтоол, шийдвэр ирээгүй болно. Тиймээс тухайн Эрүүгийн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй хэмээн үзэж байна. Эрүүгийн хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, хариуцагчийг гэм буруутайг нотлоогүй байхад иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 497-р зүйлд зааснаар нэхэмжлэгч гэм хорын хохирол 5 850 000 төгрөг нэхэж байна гэж ойлгосон. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.С нь надад хэлэхдээ н.А надтай ярьж тохиролцоод намайг машинаараа дагаад өөрөө ачигчаа авч яваад ачигч нь өвсийг ачсан. Ачаад явж байхад н.А машинаараа дагаж байсан гэж ярьсан. Нэхэмжлэлийг уншиж үзэхэд н.А гэх нэр байсан учир н.Атай ярьж тохирсон юм байх гэж үзээд хариу тайлбарыг гаргасан. Гэтэл прокурорын тогтоолд н.А биш н.Амарсанаа гэх хүн Б.Стэй эрх зүйн харилцаа үүсгэн ярьж тохиролцсон болох нь тогтоогддог. Б.С нь ямар нэг байдлаар Төв аймгийн 0 сумын ЗГартай болон н.А гэх хүнтэй тээвэрлэлтийн гэрээ байгуулсан, эрх зүйн харилцаа үүссэн зүйл байхгүй. н.Амарсанаа анх Б.Стэй ирж уулзахдаа ямар нэг байдлаар Төв аймгийн 0 сумын ЗГар өвс ачуулах гэж байгаа талаар хэлээгүй, хувь хүн өөрөө Сүхбаатар аймгаас өвс ачуулах гэсэн байдлаар хэлсэн. байдаг Үүний дагуу өөрөө н.Амарсанаа ачигчаа дагуулаад жижиг машинтай дагаж яваад Сүхбаатар аймгаас өвс ачсан. Ачихдаа задгай тэвшин дээр задгайгаар өвс ачсан. Энэ нь хэрэгт авагдсан фото зургаас харагддаг. “Ачиж дуусаад тээврийн зардлыг өгнө” гэсэн боловч тээврийн зардлын мөнгийг өгөөгүй. Учир нь “бүтэн сайн өдөр байна, явж бай, очихоор мөнгийг өгнө” гэж хэлсний дагуу бүтэн сайн өдөр тэндээс хөдлөөд Даваа гарагийн өглөө “Дуутын даваа” гэх газарт явж байхад гал гарч өвс, машин шатсан. Энэ хугацаанд Б.С 1,179,000 төгрөгийн түлшийг хийж явсан. Нэхэмжлэгч талаас тээврийн зардал түлшний мөнгөнд нэг ч төгрөг гаргаж өгөөгүй. Төв аймгийн 0 сумын ЗГар Б.Сийг гэрээний бус үүргийн харилцаа буюу гэм хор учруулсан гэж үзээд байгаа. Гэтэл н.Амарсанаа, Б.С нарын хооронд Иргэний хуулийн 389-р зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан. Б.Сээс шалтгаалахгүйгээр гал гарсан.

Энд Б.Сийн буруутай үйлдэл тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл нэхэмжлэгч нь галын дүгнэлтийг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байдаг. Түүнд яндан оч баригчгүй байсан гэх үг байдаггүй, яндангаас оч үсэрч гал гарсан гэсэн үг байдаг. Гэтэл энэ бол задгай тэвш. Мөн дээр нь задгайгаар өвс ачсан учир явдал дунд яндан дээр өвс унаж, яндангийн халалтад задгай өвс дээр оч үсрээд гал гарсан байх магадлалтай байсан. н.Амарсанаа үүнийг тооцоолж байх ёстой. Задгай тээврийн хэрэгсэл дээр задгайгаар өвс ачихад ямар үр дагавар үүсгэхийг н.Амарсанаа өөрөө сайн мэдэж байсан байх. Уг галын дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн учир тухайн дүгнэлтийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна. Учир нь тогтоолоос харахад шинжээчид эрх, үүргийг танилцуулаагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27-р зүйлийн 27.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоолыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, шинжээчийг татгалзан гаргах эрхийг эдлүүлээгүй, шинжилгээ хийх явцад хэргийг оролцогч нарыг байлцуулж асуулт асуух эрхийг эдлүүлээгүй нь хуулийг зөрчсөн  тул тухайн дүгнэлтийг хүчингүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан учир үүргийн харилцаа үүссэн. Иргэний хуулийн 384-р зүйлийн 384.2 дахь хэсэгт заасан гэнэтийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон гэж үзэж байна. Энд Б.Сийн буруутай үйлдэл, эс үйлдэхгүй харагдахгүй, болгоомжгүй үйлдэл байхгүй учир Б.С хариуцахгүй, н.Амарсанаа өөрөө тооцоолж байх ёстой. Төв аймгийн 0 сумын ЗГартай ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй. Төв аймгийн 0 сумын ЗГар шаардах эрхгүй. Гэм хорын хохирлыг шаардах эрхтэй этгээд нь Төв аймгийн 0 сумын ЗГар болох нь тогтоогдохгүй байна. 5,850,000 төгрөгийн үнэлгээ тогтоогдохгүй, Төв аймгийн 0 сумын ЗГраас тийм хэмжээний зардал гарсан гэдэг нь ямар нэг байдлаар тогтоогдохгүй байна. Б.С өөрөө мөн хохирогч, машин нь бас шатсан. Бид төлөхгүй, хариуцахгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

Нэхэмжлэгч Төв аймгийн 0 сумын ЗГар нь хариуцагч Б.Сд холбогдуулан хохиролд 5 850 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч тодорхойлох зохицуулалттай.

Нэхэмжлэлийн шаардлага болох хохиролд 5 850 000 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлийг тодруулахад, хариуцагч Б.Стэй байгуулсан гэрээний үүргийн хувьд дүгнэлт хийхгүй, хариуцагч Б.Сийн тээврийн хэрэгсэлдээ оч баригч хийгээгүй гэм буруутай эс үйлдлээс учирсан хохирлыг арилгуулах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийлгүүлэх талаар тайлбарыг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны үед болон 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагын хангуулах үндэслэлийг тодруулах үед тайлбарласан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн тодорхойлсон үндэслэлээр ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй.

Хохиролд 5 850 000 төгрөг гаргуулах шаардлага нь зөрчигдсөн эрхийг сэргээлгэх хамгаалалтын аргынхаа хувьд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т “учруулсан хохирлыг арилгуулах” гэж зааснаар зохицуулагдаж байна.

Иргэний хуулиар зохицуулагдаж буй зарим төрлийн шаардах эрх болон зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хамгаалалтын аргууд нь үүрэг үүссэн харилцааны онцлогоос хамаарч нэг төрлийн үүргийн хувьд хамтатган шийдвэрлэх, хэд хэдэн шаардлагад зэрэгцүүлэн дүгнэлт өгөх боломжтой байдаг.

Харин Иргэний хуулийн бүтэц, зохицуулалт болон үүрэг зөрчлийн агуулгаар өөр үүргийн харилцааны тодруулбал, гэрээний үүргийн болон гэрээний бус үүрэг нэгэн зэрэг зөрчигдсөн байх болон тус тус үндэслэлүүдэд нэгэн зэрэг дүгнэлт өгч хохирол, гэм хорын үр дагаврыг хамтатган шийдвэрлэх боломжгүй байна.   

Иймд “учруулсан хохирлыг арилгуулахаар шаардах эрх” нь нэг үүргийн зөрчлийн хэд хэдэн үр дагавар уу эсвэл өөр өөр үүргийн зөрчлийн нэг үр дагавар уу гэдгээр тухайн шаардлагыг хангах үндэслэлийг ялган зааглах шаардлагатай байна.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэл болох үйл баримтыг дүгнэхдээ, хариуцагч Б.С нь тээврийн хэрэгсэлдээ оч баригч хийх ёстой боловч хийгээгүй эс үйлдлээс тээврийн хэрэгсэл шатсан, тээврийн хэрэгсэл шатсанаас өвч шатаж хохирол учирсан гэж тайлбарлаж байна.

Эрх зүйн үндэслэлийн хувьд Б.Сийн дурдсан үйлдэлд гэрээний бус үүргийн үндэслэлээр буюу гэм хор учруулснаас үүсэх үүргийн үндэслэлээр дүгнэлт хийлгүүлэхээр шаардах эрхээ тодорхойлсон байна.

Зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулснаас үүсэх үүргийг Иргэний хуулийн 52 дугаар бүлгээр зохицуулсан бөгөөд гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар зохицуулсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зохицуулжээ.

Хуулийн энэ агуулгаар Б.С өвс шатаасан үйлдлээс /зөрчлөөс/ өвс шатсан гэм хорыг хариуцах үндэслэл, нөгөө талаар Б.Сийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл шатсаны улмаас өмчлөгчийн хувьд бусдад учирсан гэм хорыг хариуцах үндэслэл аль аль нь зохицуулагдахаар байна.

Нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд хариуцагч өөрөө өвс шатаасан зөрчил гаргасан гэж үзээгүй байна. Харин тээврийн хэрэгсэлдээ оч баригч хийгээгүй эс үйлдэхүйгээс болж тээврийн хэрэгсэл шатсан, өвс шатсан гэм бурууг дурджээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримт буюу Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5/19 дугаар бүхий тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байгааг дурдах нь зүйтэй. /х.х-ийн 64 дэх талд/

Тээврийн хэрэгсэлдээ оч баригч хийгээгүй эс үйлдэхүйгээс болж тээврийн хэрэгсэл шатсан, өвс шатсан гэм бурууг дүгнэхдээ хоёр өөр үүргээс үүдэх шаардах эрхийн үндэслэл байгааг ялгаж тодорхойлох шаардлагатай.

Нэгдүгээрт. Тодорхой хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь бусдын өмнө хуульд заасан үүргийг өмчлөгчийн хувиар хүлээж байдаг.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт өмчлөлийн зүйлээ нийтийн ашиг сонирхолд харшлахгүйгээр зохих ёсоор ашиглаж, арчлан хамгаалж, хадгалах үүргийн агуулга зохицуулагдсан байна.

Хэдийгээр өмчлөгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлийн зүйлийн хувьд хуульд заасан эрх эдлэх боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулж болохгүй бөгөөд ийнхүү учруулсан бол хуульд заасан хариуцлага хүлээх зохицуулалт, эрхийн хязгаарлалтыг мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан зарчмын зохицуулалтаар тусгажээ.

Энэ үндэслэлээр тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах өмчлөгчийн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй байгаа эсэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл байгаа эсэхэд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дүгнэлт өгөх боломжтой.

Өмчлөгчийн хуульд заасан үүргийн хувьд зөрчил гарсан эсэхэд дүгнэлт өгөхөд түүнтэй адилтгах үүргийн зөрчлийг харьцуулах шаардлагатай.

Хоёрдугаарт. Тээврийн хэрэгслийг өмчлөгчийн хувиар бус тээврийн хэрэгслээр тээвэрлэх үүргийг гэрээний дагуу гүйцэтгэж байсан үүрэг гүйцэтгэгчийн хувиар бүрэн бүтэн хүргэх үүргийн зөрчилд дүгнэлт хийж болно.

Зохигчдын төлөөлөгчид аль аль нь хариуцагч Б.С нь өвс тээвэрлэх үүргийг гүйцэтгэх, тээвэрлэлтийн хөлсийг нэхэмжлэгч тал төлөх, үүргийг гүйцэтгэхэд гуравдагч этгээдийн оролцоотойгоор хүсэл зоригууд илэрхийлэгдэж, тодорхой тохиролцоонд хүрч байсан талаар тайлбарлаж байна.

Гэхдээ нэхэмжлэгч нь зохигч талуудын болон гуравдагч этгээдийн хооронд үүссэн байж болох гэрээний үүрэг, үүргийн зөрчилд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй, гэрээг цуцалсан болон гэрээнээс татгалзан эсхүл гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор хохирол, үр дагавар шаардаагүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг гэрээний үүргийн зөрчлийн агуулгаар бус гэм хор учруулсан үүргийн агуулгаар дүгнүүлэхээр тайлбарлаж байх тул зохигчдын тайлбарт тусгагдсан хүсэл зоригийн илэрхийлэл нь тодорхой ямар төрлийн гэрээний үүрэг болох, тус гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний аль тал гэрээний үүргийг хэрхэн зөрчсөн, ийнхүү зөрчсөнөөс ямар үр дагавар, хохирол үүссэн эсэхэд дүгнэлт хийх, энэ талаар талуудаас нотлох үүргийг шаардах боломжгүй, зохигч талууд мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахаар шаардах эрх нь гэрээний бус үүргийн дагуу өмчлөгчийн эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол шаардах эрх үү эсхүл тээвэрлэлтийн болон талуудын байгуулсан гэрээний үүргийн дагуу тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах тээвэрлэгчийн үүргийн зөрчлийн хохирол шаардах эрх үү гэдгийг харьцуулан авч үзэх нь зүйтэй.

Гэрээний болон гэрээний бус үүргийн шаардах эрхийг дараах байдлаар харьцуулан дүгнэлт хийв.

1. Тодорхой нэг харилцааны хувьд дурдсан хоёр шаардах эрх давхцаж болох эсэх. Иргэний эрх зүйн зарим төрлийн харилцаа нь өөр төрлийн харилцаатай давхцах тохиолдол байж болно. Харин Иргэний хуулийн системчлэл болон нэг үүргийг нөгөө үүргээр журамлах хуулийн хэрэглээний арга зүй, зохицуулалтын онцлогоос /Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэг/ хамааран үүргийн нэг харилцааны зөрчил нэгэн зэрэг гэрээний болон гэрээний бус үүргийн зөрчил байх боломжгүй гэж үзэв.

2. Гэрээний үүрэг болон гэрээний бус үүргийн зөрчил давхцах боломжгүй бол аль үүргийн зохицуулалтыг ямар шалгуураар тогтоох талаар. Гэрээний үүрэг нь талуудын хүлээх үүргийг урьдчилан тодорхойлсон хүсэл зориг, тохиролцоо бөгөөд түүнийг хэний өмнө хүлээх, зөрчвөл хэн шаардах эрхийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлно. Тухай харилцааны агуулга, маргаан шийдвэрлэх журам болон нотлох үүргийн хуваарилалт, нотолгооны хэрэгслийг эрэмбэлэх асуудал нь тусгайлсан зохицуулалттай байна.  Харин гэрээний бус үүргийн хувьд журамлан зохицуулах материаллаг хууль болон процессын ажиллагаан дахь нотлох үүрэг, нотлох баримтыг үнэлэх эрэмбэллийн  хувьд өөр байх тул гэрээний болон гэрээний бус үүргийг тусгаарлан авч үзэх шаардлагатай.

3. Үүрэг тусгаарлагдаж байгаа үед үүргийн шаардах эрхийг гагцхүү нэхэмжлэгч сонгох нь диспозитив зарчимд нийцэх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг солих, үүргийн үндэслэлийг нэхэмжлэлийн үндэслэлээр өөрчлөн дүгнэх эрх процессын ажиллагаанд хязгаарлагдана гэж үзэв.  

Иймд дурдсан үндэслэлээр нэгэнт тодорхой харилцаанд эрх эдлэх, үүрэг хүлээх агуулгыг тухайн харилцаанд оролцогч өөрийн хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр бий болгосон байхад тухайн харилцаанд хүсэл зоригийн илэрхийллийг үл харгалзах өмчлөгчийн эс үйлдэхүйн харилцаанд хамаатуулан авч үзэх үндэслэлгүй гэж үзэв.

Иймд дурдсан үндэслэлээр зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгчийн эс үйлдэхүйн гэм буруугаас бусдад хохирол учруулсан болон тухайн хохирол шаардах эрх бүхий харилцаа мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар үүссэн гэж үзээгүй тул нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.               

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Сээс 5 850 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Төв аймгийн 0 сумын ЗГрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.АМАРЖАРГАЛАН